Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1354

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Б.Б..............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2208 0000 01646 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б..............аагийн Б..............р, Монгол улсын иргэн, Архангай аймгийн Өгийнуур суманд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ................................. суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б..............р нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр ................. дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.А.................гийг “дэлгүүрээс пиво авч өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түлхэж газарт унагаан, нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж, гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, түүний биед хамрын нуруунд зулгаралт, язарсан шарх, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б..............р нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ хүргэн Ган-Эрдэнийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор эхнэр Ц.А.................г, дүү А.................г нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, ................. дугаар гудамжинд байрлах хүнсний дэлгүүр орж нэг лааз шар айраг авхуулжээ. Ийнхүү шар айраг авхуулаад буцах замдаа эхнэр Ц.А.................гт “пиво авч өгөх гэж бөөн юм болох юм” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар Ц.А.................гийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний 00 цагийн орчим тээврийн хэрэгслээс буугаад алхахад нь түүний араас бууж очин түлхэж унагаан, нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж, гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, түүний биед хамрын нуруунд зулгаралт, язарсан шарх, духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Ц.А.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай бөгөөд хамт амьдраад 16 жил болж байна. 2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр ................. дугаар гудамжинд байдаг хүнсний дэлгүүрт нөхөр Б..............р дүү А.................г нарын хамт орчхоод буцаад гэр рүүгээ ...машинтай явж байхад замдаа нөхөд над руу уурлаад хэрүүл хийх гээд байхаар нь би машинаас буугаад алхаад явж байхад араас явган хүрч ирээд чи хаашаа явах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг түлхээд газар унагаасан. Би газарт унахдаа нүүрээрээ шургаж унасан. Тэгээд босох гэхэд нөхөр ирээд нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн гараараа толгой руу 2-3 удаа цохисон...надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13284 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт...Хамрын нурууны уг хэсэгт 2.5х2см улаан ягаан өнгийн зулгаралтын нөсөө бүхий төвдөө 1х1см хүрэн бор зузаан тав бүхий шархтай, духны баруун дээд хэсэгт 2.5х3см улаан ягаан нөсөө үүсгэн эдгэж буй зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Ц.А.................гийн биед хамрын нуруунд зулгаралт, язарсан шарх, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

- Шүүгдэгч Б.Б..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр...эхнэр А.................г дүү А.................гтэй хамт дэлгүүр явахаар нь би хамт пиво авхуулах санаатай дагж явсан ю. Тэгээд манай эхнэр дэлгүүр ороод хоол хүнсний юм авахад би нэг лаазтай пиво аваад өг гэхэд уурлаж байгаад дэлгүүрээс гарахдаа нэг лаазтай пиво авч өгсөн. Тэгээд А.................гийн машинд эхнэр бид гурав суугаад гэр рүүгээ явж байх замдаа би машин дотор эхнэр рүү уурлаад нэг пиво авч өгөх гэж бөөн юм болох юм аа гээд жоохон маргалдахад эхнэр машинаас буугаад явахад би араас нь бууж очоод хаашаа явах гээд байгаа юм бэ гээд араас түлэхэд нүүрээрээ шургаад унахаар нь хөлөөрөө нүүр хавьцаа 2 удаа өшиглөсөн. Мөн гараараа толгой руу нь 2 удаа цохисон. ...би хувиараа барилга дээр ажил хийдэг ба сардаа 1.500.000 төгрөг авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б..............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13284 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б..............р, хохирогч Ц.А.................г нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б..............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “пиво авч өгсөнгүй гэх, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Ц.А.................гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Б..............р нь хохирогч Ц.А.................гийн биед хамрын нуруунд зулгаралт, язарсан шарх, духны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б..............рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

- Хохирогч Ц.А.................г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон төлбөрийн баримт байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 15 дахь тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б..............рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б..............рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б..............р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б..............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 69, 70 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 71-72 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 73 дахь тал),

Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 3-9 дэх тал)

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51 49 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 55-57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б..............р, хохирогч Ц.А.................г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б..............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б..............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01646 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б..............аагийн Б..............рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..............рт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..............рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б..............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ