Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/766

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч Э.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ********* ************т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

**************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.************ нь 2022 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04-05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ************ хотхоны урд баригдаж буй барилга дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.************тай маргалдаж, улмаар цохиж биед нь “тархи доргилт, зүүн дал, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Э.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажлаа тараад ************, ************ хоёртой бааранд сууж 1 шил архи уусан. Бид байрандаа ирээд амрах гэж байтал тэр хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл гаднаас хохирогч орж ирээд “амармаар байна пиздануудаа” гэж хэлсэн. Би хохирогчийг орж ирэхэд нь “та гарч бай, бид нар өөрсдөө учраа олъё” гээд гаргасан. Гэтэл хохирогч буцаж орж ирээд миний хамар руу цохисон. Гэтэл гаднаас хоёр ах орж ирээд намайг цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Н.************ намайг гаргаж байхад хаалга тулаагүй. Хаалганд хөлөө хавчуулсныг ойлгохгүй байгаа. Хөлөө хавчих боломж байгаагүй...” гэв.   

 

Хоёр. Эрүүгийн ******** дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Н.************ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, 

-Гэрч А.************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

-Гэрч Э.************ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 11254 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

-Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Яллагдагч Э.************ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/,

-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн  40 дэх тал/,

-Э.************ийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.************ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.************ нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04-05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ************ хотхоны урд баригдаж буй барилгын ажилчдын амрах байранд хохирогч Н.************ын “шөнийн цагаар дуу чимээ гаргалаа, амармаар  байна” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар хохирогчийн хөлийг хаалгаар хавчиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн дал, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Хохирогч Н.************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” ХХК-ний баригдаж байгаа барилгын хажуу барилга дотор амарч байтал үүрээр 04 цагийн орчимд чанга дуу чимээ гараад байхаар нь би хана цохиод “одоо наад дуу чимээгээ больчих" гэтэл дуугүй болохгүй байсан. Тэгээд бараг цаг гаран шахуу болсон санагдаж байна. Би “боль” гээд ортол “чамд ямар хамаатай юм бэ” гээд нэг залуу хаалгаа татаад намайг түлхэхээр нь хөлөөрөө хаалгыг нь хаалгахгүй гээд хөлөөрөө тээглүүлтэл миний хөлийг хавчсан. Тэгээд л дотогшоо орсон чинь нэг залуу намайг газар түлхэж унагаасан, тэгтэл хажуугаас “хөөрсөн залуус ямар байдгийг хар” гээд байсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад газар хэвтсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан нэг өшиглөж байсныг санаж байна. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь цагдаа дээр очсон юм... Би намайг зодсон залуутай маргалдаад байсан зүйлгүй, намайг амрах гэхээр шуугилдаад унтахгүй байхаар нь болиулах санаатай орсон юм. Барилга дотор манай бригад болон үндсэн ажилчид байсан. Яг хэн хэн гэж хүн байсныг нэрийг мэдэхгүй, ойролцоогоор 4-5 залуу байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, 

Гэрч А.************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Би найз Э.************, Э.************ нарын хамтаар Хан-Уул дүүргийн 4-р хороо Англи сургуулийн ард баригдаж байгаа барилга дээр байрлаж тухайн барилга дээр барилгын туслахын ажил хийдэг юм. 2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04-05 цагийн үед хашааны гадаа 0.5 литрийн савлагаатай Соёрхол нэртэй архи хэрэглээд байрлаж байгаа газартаа ороод бид гурав хоорондоо бага зэрэг маргалдаад хэрүүл гарсан. Тухайн үед хаалга гадна талаас нь тогшиход Э.************ хаалга онгойлгосон бөгөөд болсон асуудлаа хэлтэл тухайн хажуу талд байсан ах Э.************ийн толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэр хоёр хоорондоо заамдалцаад гадаа гарчихсан юм. Э.************ бид хоёр Э.************ийн араас нь гараад харахад Э.************ийн хойд талд нь намхан ах ирээд толгой руу нь 2,3 удаа цохиод байхаар нь бид хоёр тэд нарыг салгаад байж байтал Н.************ гэх ах нь миний зүүн талын нүд рүү 1 удаа цохихоор нь нүдээ дараад доошоо тонгойж байтал Э.************, Э.************ нар нь тухайн ахыг бариад өрөөндөө аваад орсон юм. Би тэр үед нь бөгс хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөөд харин Э.************ нь баруун талын гуя хэсэг рүү нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөж, Э.************ нь хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөх гэтэл гараараа хаагаад баруун гарын шуу, бугалга зэрэг рүү өшиглөж байсан санагдаж байна. Н.************ын толгой хэсэг рүү нь Э.************ 1 удаа өшиглөсөн санагдаж байна. Би тэндээс гараад 20-25 секунд болоод ороод ирэхэд тэр ах байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч Э.************ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гүншиг Вилла хотхоны барилгын урд талд баригдаж байгаа барилга дээр барилгын туслах ажил хийгээд 1 сар гаран болж байна. 2022 оны 08 дугаар сарын 12-ны орой манай найз А.************, Э.************ нарын хамтаар архи уугаад байрлаж байгаа газартаа ирээд бид нар хоорондоо маргалдаж орилолдож байтал хаалга цохиход Э.************ онгойлгоод хартал манай хажуу бригадын ах Н.************ нь бид нарыг хэл амаар доромжлоод Э.************ийн толгой хэсэг рүү 1-2 удаа цохихоор нь Э.************ уурлаад тэр хоёр нэг нэгнийхээ энгэрээс заамдаж хэрүүл хийгээд гараад явсан юм. 1-2 минутын дараа би найз А.************той гараад юу болж байгаа талаар харахад ************ийн ардаас нь нэг танихгүй ах цохиод байхаар нь өмөөрөх гэж очтол Э.************ Н.************ ахыг чирээд өрөөндөө оруулаад толгой дээрээс нь дэвсээд гар хөл рүү нь өшиглөөд байсан юм. Тухайн үед би юу болж байгааг мэдэхгүй гуя хэсэг нь өшиглөсөн бөгөөд А.************ нь бөгс хэсэг рүү 1-2 удаа өшиглөөд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Н.************ ах гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн ******* дугаартай дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэг: Зүүн далны дор 10x2 см, баруун шууны гадна дээд хэсэгт 2x1,3 см, баруун шилбэний гадна дээд урд хэсэгт 2x1,2 см, баруун тавхайн гадна чигчий хуруу талд 1x1 см хэмжээтэй, хүрэн өнгийн зулгаралттай, баруун бугалгын урд хэсэгт 3x2 см хэмжээтэй, хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт:

1.Н.************ын биед тархи доргилт, зүүн дал, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

4.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.************ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны үүрээр 04-05 цагийн орчим А.************, Э.************ нарын хамтаар архи уучхаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” ХХК-ний барьж байгаа барилга дээр очоод амрах гэж байж байтал А.************, Э.************ 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би салгах гэж байтал гаднаас Н.************ гэх хүн “амармаар байна, пиздануудаа” гээд орж ирэхээр нь би "та гарч бай, бид нар өөрсдөө асуудлаа шийднэ” гээд гаргаад хаалгаа хаатал Н.************ гэх хүн буцаж орж ирээд миний хамар руу гараараа цохихоор нь би “яаж байгаа юм” гээд барилцалдаж авсан. Тэгтэл хамт ажилладаг гэх ах нь миний араас нэг цохисон. Тэгээд нэг мэдсэн би Н ************ыг толгой, нуруу хавьцаа өшиглөж байснаа санаж байна... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт алга байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би Н.************ гэх хүнийг толгой руу нь өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Э.************ нь А.************, Э.************ нийлж согтуурсан үедээ шөнийн цагаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ************ хотхоны урд баригдаж буй барилга дээр ажилчдын амрах байранд хоорондоо маргалдан дуу чимээ гаргасан байх бөгөөд тэдний энэ байдлыг эсэргүүцэн шаардлага тавьсан Н.************ыг нийлж зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн дал, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Гэвч хохирогч Н.************ын биед учирсан дээрх гэмтлүүдээс “тархи доргилт” нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ. Хохирогч Н.************ын биед учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Э.************ хохирогчийн толгой руу өшиглөж учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Э.************ нь хохирогч Н.************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар нотлогдсон тул Н.************ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.************ нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.************ эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 37 дахь тал/

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.  

 

           Шүүгдэгч Э.************т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа жонш ялгах ажил эрхэлдэг гэх боловч тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.************ын эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн дал, баруун шуу, шилбэ, тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий  хөнгөн гэмтэл учирсан байна.

 Хохирогч Н.************ нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гэм хорын зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Э.************ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.    

 

Хохирогч Н.************ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.************оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ************ овогт ******** ************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************т мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.************ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.************оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР