Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2019/00204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын Б багт оршин суух, Ө овогт Э.Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Бсумын Б багт оршин суух, Х овогт О.Н -д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Э.Ү, хариуцагч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Үнь О.Н-тай 2000 онд танилцаж байгаад 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн бид хоёрын хамтран амьдрах хугацаанд хүү Б 2006 оны 02 дугаар сарын 23-нд, хүү Б2007 оны 12 дугаар сарын 31-нд, охин У 2010 оны 04 дүгээр сарын 07-нд тус тус төрсөн. О.Н нь анх амьдарч эхлэснээс хойш зан ааш нь хувирч, архи тамхи хэрэглэдэг болж, надтай маргалдан улмаар архи уухаараа зоддог, үргэлж маргалдаж, хэрэлдэх болсон. 2009 оноос хойш Н нь согтуугаар гэр орондоо байнга агсам тавьж үр хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлөх боллоо. Бид 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс танай шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2018 оны 11 дүгээр сарын 02-нд хандсан юм. Би 2005 онд олгосон 0028930 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцлуулах хүсэлтэй байна. Би хүү Б, Б, охин У нарыг өөрийнхөө асрамжид авна, хуульд заасны дагуу эцэг Нямдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Дундын хөрөнгөөс өөрийн болон гурван хүүхэддээ ноогдох дараах мал, хөрөнгийг тооцуулж авна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар хонь 200, ямаа 180, адуу 4, бүгд 184 толгой мал байгаагаас өөрт болон хүүхдүүддээ 1. Гүү 1 толгой -800.000 төгрөг, хязаалан үрээ 1 толгой- 600.000 төгрөг, бүдүүн эр ямаа 40 толгой - нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг, хязаалан эр ямаа 20 толгой- нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг, шүдлэн эр ямаа 20 толгой - нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, бүдүүн эм ямаа 40 толгой - нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, зусаг эм ямаа 40 толгой- нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, ишиг 20 толгой- нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, бүдүүн эр хонь 5 толгой- нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 500.000 төгрөг, эр төлөг 10 толгой- нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, бүдүүн эм хонь 35 толгой- нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг, зусаг хонь 15 толгой- нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 900.000 төгрөг, хурга 35 толгой- нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөг, дан бүрээстэй 5 ханатай гэр 2.000.000 төгрөг, телевизор ком, антений хамт 1.000.000 төгрөг, бүгд 20.650.000 төгрөгийн эд хөрөнгийг Нямдаваагаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Э.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн бол хэзээ ч засрахгүй би салмаар байна. Хүүхдүүдтэйгээ энэ хугацаанд нэг ч удаа уулзая гэж ирээгүй. Сая идэш хоолны үед өнчин ишигний ч мах өгөөгүй. Хүүхдүүдээ бас бодох хэрэгтэй ш дээ. Одоо тэгэхгүй л гэдэг. Өөрийнхөө бурууг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Би тэгээгүй гэж дандаа хэлдэг Би салмаар байна. Малын тоогоо бууруулж худлаа хэлж байна... гэв.

Хариуцагч О.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Ү- ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Үүрийнцолмон бид хоёр 2005 онд гэр бүл болж гурван хүүхдийн эцэг, эх болцгоосон, би хааяа архи уудаг хэдий ч архи уусан үедээ гэртээ агсам тавьж эхнэр, хүүхдүүдээ зодож зовоосон асуудал гаргаж байгаагүй. Хамт амьдарч байх хугацаанд ам мурийх асуудал гардаг байсан хэдий ч бид хоёр учир зүйгээ тухай бүр олоод л амьдарч ирсэн. Би 2005 оноос хойш өдийг хүртэл хамтдаа босгосон энэ амьдралаа нураахыг хүсэхгүй байна. Мөн гурван хүүхдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж байна. Иймд эхнэр Э.Ү-оос гаргасан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр Үүрийнцолмонгоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, цаашид эхнэртэйгээ эвлэрч, эхнэр хүүхдүүтэйгээ хамтдаа сайхан амьдармаар байна.

Иймд шүүхээс эхнэр бид хоёрын гэрлэлтийг цуцлахгүйгээр эвлэрэх хугацаа өгөхийг хүсч байна. Би эхнэрээ ахиж гомдоохгүй, ийм алдааг дахин гаргахгүй гэдгээ амлаж байна. Би эхнэр хүүхдүүдтэйгээ урьдын адил сайхан амьдрахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэрээсээ салмааргүй байна. Надад эвлэрэх хугацаа өгөөч гэж шүүхээс хүсч байна ... гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э.Ү нь хариуцагч О.Н  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Ү, хариуцагч О.Н нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Н.Б, хүү Н.Б, охин Н.У нар нь төрсөн болох нь. Тухайлбал;

 Монгол улсын иргэн 1983 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн, Х  овогт О.Н,  Монгол улсын иргэн 1986 оны 06 дугаар сарын 13-нд төрсөн, Ө овогт Э.Ү нар 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 06-рт бүртгэж олгосон 0028930/6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Х овогт О.Н, Ө овогт Э.Үнарын гэр бүлд 2006 оны 02 дугаар сарын 23-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б -г 2006 оны 03 дугаар сарын 20-нд бүртгэж Х аймгийн Б сумаас олгосон 0116877/21 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х овогт О.Н , Өндөр нөр овогт Э.Ү нарын гэр бүлд 2007 оны 12 дугаар сарын 31-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б  -г 2008 оны 01 дугаар сарын 17-нд бүртгэж Х аймгийн Б сумаас олгосон 0045580/10 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 Х овогт О.Н , Ө овогт Э.Ү  нарын гэр бүлд 2010 оны 4 дүгээр сарын 07-нд төрүүлсэн охин Х овогт Н.У -г 2010 оны 05 дугаар сарын 35-д бүртгэсэн тухай Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр олгосон “Төрсний бүртгэлийн лавлагаа”  эх хувиар 1 хуудас зэрэг

Харин хүүхдүүд нь эх Э.Ү-ийн асрамжинд байж сургуульд сурч байгаа болох нь гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон Х аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Б-ын “ 3а ангийн сурагч Н.У, 6а ангийн сурагч Н.Б,   7б ангийн сурагч Н.Б нар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-д суралцдаг нь үнэн болно.” гэх тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох малын  тооны талаар  Б сумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Энхбаярын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “ Б багийн иргэн   О овогтой Н, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны хуулбар үнэн болохыг тодорхойлов. Адуу 4, энэ жилийн төл эр 1, өнгөрсөн жилийн төл эм 1, 4 настай эм 2,  хонь 200, хээлтүүлэгч 1, энэ жилийн төл эр 30, эм 25, өнгөрсөн жилийн төл эр 19, эм 25, 2 настай эр 40, эм 60, Ямаа 180, хээлтүүлэгч 1, энэ жилийн төл эр 30, эм 20, 2 настай эр 49, эм 80, Бүгд 384, хээлтүүлэгч 2, энэ жилийн төл эр 61, эм 45, өнгөрсөн жилийн төл эр 19, эм 26, 2 настай эр 89, эм 140, 4 настай эм 2” гэж бичигдсэн тодорхойлолт хэрэгт авагдсан хэдий ч  шүүх хуралдаанд талууд энэ тоо бодит биш болох талаар мэтгэлцэж 2 адуу, 160 ямаа /ишиг нийлсэн/, 82 /хурга нийлсэн/ хонь нийт 244 толгой малыг хуваахаар тохиролсон ба малын үнэлгээ, насны талаар талууд тайлбарлаж мэдэхгүй байсан  учир шүүх хамтран өмчлөх хөрөнгийг малын тоогоор хувааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Ү нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болж, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ... Н нь архи уухаараа зоддог болсон... гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.. Энэ хүнтэй амьдрахад дандаа дарамттай байдаг байсан. Энэ хүн дараа нь тэгнэ ингэнэ гэсэн амлалт өгдөг болохоос засарсан зүйл байдаггүй. Өнгөрсөн намраас хойш архинаас гарах боломж зөндөө байсан боловч архинаас гараагүй. Хүүхдүүдээ осгоох дөхсөн.Архи уухаараа агсам тавьдаг. Би ёстой таарахгүй одоо больё...гэсэн байх ба хэрэгт  Э.Н-ийн  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “...Ү-ийн нөхөр Н хоёр архи уусан бөгөөд шөнө Н эхнэр Үүрийнцолмондоо шөнөжингөө агсам тавьж хоносон. Өглөө нь манай дүү Ү нь Н хутга тулгаж чамайг ална чамтай хамт үхнэ гэж айлгаж сүрдүүлж хонолоо...Тэр өдөр Э.Ү-г хонинд явсан байхад нь Н араас согтуу очоод бас агсам тавьж хутга тулгасан байсан бөгөөд манай дүү Н-аас айгаад гэртээ очилгүй хонио гэр рүүгээ залаад...Э.Ү гэрийнхээ ойролцоо жалганд даарчихсан уйлчихсан...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Э.Дүүрэнбаярын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “...Дүү Э.Ү над руу ярихдаа нөхөр архи ууж агсам согтуу тавиад тэсэхийн арга алга та хүрээд ирээч гэхээр нь ...наад дүүгээ аваад яв гэхээр нь би дүүгээ гурван хүүхдийн нь хамт гэр рүүгээ аваад явсан...2018 оны 11 дүгээр сарын 01-02-нд шлжих шөнө ...хүүхдүүд нь алга болсон байна гэрээсээ гараад явсан юм шиг байна гэхээр нь бид зургаа хүүхдүүдийг хайсан... манай 8 дугаар ангийн эрэгтэй Эрдэнэбаяр хамт явсан тулдаа хүүхдүүд эсэн мэнд явган явсаар байгаад өглөө үүрээр 06 цагийн үед хүргэн Бүрэнмэндийнд очсон байсан...” гэх мэдүүлэг авагдсан байна.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 266 дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч 1 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлсэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд гэрлэгчид 1 сарын хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хүү Н.Б, хүү Н.Б, охин Н.У нар нь эх Э.Ү-ийн асрамжинд одоог хүртэл байгаа бөгөөд тэдний дассан орчин, мөн эхийн халамж, эцэг эхийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан  хүү Н.Баяржавхлан, хүү Н.Баярдалай, охин Н.Ундармаа нарыг  эх Э.Үүрийнцолмонгийн  асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нахцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд нь шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж тус тус заасан байна.

 Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1 адуу, 16 хонь, 27 ямаа, 5 ишгийг хариуцагч О.Н-д, үлдэх 1 адуу, 66 хонь, 108 ямаа, 20 ишиг, 2 сая төгрөгийн үнэлгээтэй дан бүрээстэй таван ханатай монгол гэр 1 ш, 1 сая төгрөгийн үнэлгээтэй зурагт,  антень зэргийг нэхэмжлэгч Э.Ү-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Ү нь улсын тэмдэгтийн хураамжид 447.312 төгрөгийг төлсөн байх бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447.312 /дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун арван хоёр/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч О.Н-аас 447.312 /дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун арван хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ү-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт     О.Н, Ө овогт Э.Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 23-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б, 2007 оны 12 дугаар сарын 31-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б, 2010 оны 04 дүгээр сарын 07-нд төрүүлсэн охин Х овогт Н.У нарыг эх Э.Ү- ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 07-нд төрүүлсэн охин Х овогт Н.У-д 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр, 2006 оны 02 дугаар сарын 23-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б, 2007 оны 12 дугаар сарын 31-нд төрүүлсэн хүү Х овогт Н.Б нар 16 нас / нарт 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт хариуцагч Х овогт О.Н -аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар  Гэрлэгчидийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1 адуу, 16 хонь, 27 ямаа, 5 ишгийг хариуцагч О.Н-д, үлдэх 1 адуу, 66 хонь, 108 ямаа, 20 ишиг, 2 сая төгрөгийн үнэлгээтэй дан бүрээстэй таван ханатай монгол гэр 1 ш, 1 сая төгрөгийн үнэлгээтэй зурагт,  антень зэргийг нэхэмжлэгч Э.Ү-д тус тус шилжүүлсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447.312 /дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун арван хоёр/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч О.Н-аас 447.312 /дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун арван хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ү-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Б-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчанхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА