Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/1491/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1503 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1503
2022 12 07 2022/ШЦТ/1503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
хохирогч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Чулуунбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох 228 00000 1720 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягтай, урьд
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шангууд овогт Х-гийн Б (регистрийн дугаар:чд7105..............).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Х.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаягдал түүхий эд авах цэгийн гадна талбайд Х.Б-ыг ачаа буулгаж байхад хохирогч С.Б- нь автомашинаар “хашаа руу орох гэж хажуугаар нь зүтгэсэн” асуудлаас болж маргалдан улмаар түүний зүүн гар руу төмрөөр 2 удаа цохиж, зүүн богтос ясны ил хугарал, баруун шуунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1288 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Хохирогч, түүний өмгөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн хохиролтой холбоотой гарсан зардлаа нэхэмжилж оролцсон.
6. Шүүгдэгч Х.Б- нь С.Б-ын зүүн гар руу 2 удаа төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
6.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 9 сарын 30-ны өдөр бусдад зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),
6.2. Хохирогч С.Б-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил найзынхаа аж ахуйн хашаанд хаягдал төмөр авдаг ажил хийдэг юм. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найзынхаа аж ахуй хашаанд хаягдал төмөр авчхаад машинд ачаад хашаа руу нь орох гээд үүдэнд нь машинтайгаа зогсож байсан чинь хашааны хаалгыг Х.Б- машинтайгаа хаагаад зогссон байхаар нь хажуу зайгаар нь хашаа руу орох гэтэл Х.Б- нь над дээр ирээд миний машины хаалгыг тогшихоор нь машины хаалгаа онгойлгосон чинь чи хүн гарахын хооронд хажуугаар чихээд гэхээр нь би хариуд нь би хашаандаа ормоор байна. Хэр удах юм бэ? гэсэн чинь Х.Б- чи ямар сүртэй пизда вэ? Хэн бэ ? гэхээр нь би Х.Б-т: - битгий хуц гэж хэлсэн чинь манайг машинаасаа буугаад ир гэхээр нь би машинаасаа буугаагүй ингээд Х.Б- нь миний машины жолооч талын хаалгаар ирээд намайг цохих гээд далайхаар би өөдөөс нь Х.Б-ыг цааш түлхсэн чинь газраас Х.Б- жижиг арматурын төмөр аваад намайг цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хамгаалаад баруун гар луугаа 3-4 удаа цохиулсан. Тэгэхээр нь би Х.Б-ыг хөлөөрөө машины кабинд байхдаа нүүр рүү нь жийгээд өөрөөсөө холдуулсан. Тэгсэн чинь Х.Б-ыг манай ажлын залуу С гарч ирээд Х.Б-ыг татаад машины хаалга хаасан. Тэгэхээр нь би машинаас буугаад чи муу ямар овоо новш вэ? Хүний гар луу яагаад төмрөөр цохиж байгаа юм бэ? гэсэн чинь ямар нэгэн үг хэлэхгүйгээр өмнө цохисон төмрөөс арай бүдүүн урт төмөр аваад намайг цохих гэхээр нь би өөрийн зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу руу 2 удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би Х.Б-т миний гар эвгүй болсон гэж хэлсэн чинь Х.Б- чамайг би амьд үлдээлээ шүү? Энийг гүйцээчих үү? гээд орилоод байсан. Тэгээд манай ажлын Т, С нар ирээд гар чинь гайгүй юу? гээд Х.Б-ыг аваад намайг гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан юм. Тухайн үед би Х.Б-ыг надад эмчилгээний зардал өгчих байх гэж бодоод цагдаад хэлээгүй юм. Ингээд гэмтлийн эмч нар хэвтэн эмчлүүлээд хагалгаанд орно гэж хэлээд намайг хэвтүүлэн эмчлүүлсэн юм. Тэгсэн чинь Х.Б- ирээд би чамд 1.000.000 төгрөг өгье гээд 1 сая болно биз дээ гээд 1.000.000 төгрөг өгсөн юм. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Гэрэлмаа намайг Х.Б-т зодуулсныг мэдээд 102 дугаарт дуудлага өгсөн юм. ...хохирол гэж 1 мая төгрөг өгсөн, 3 сар ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн хохиролтой холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
6.3. Гэрч Б.Г-ийн “...Манай нөхөр С.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил найзынхаа төмөр авдаг цэг дээр ажилладаг юм. Манай нөхөр ажлаа тараад манай ажлаас ирж авдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн оройн 19 цаг өнгөрч байхад нөхөр С.Б- нь залгаад чи гэр лүүгээ түрүүлээд харж бай гэхээр нь би нөхөр С.Б- рүү залгахад гэмтлийн эмнэлэг дээр байна гараа төмөрт цохисон талаар хэлэхээр нь би өө гайгүй яаж байгаад цохисон талаар асуусан чинь надад манай нөхөр ямар нэгэн зүйл хэлээгүй гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар хэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр С.Б- над руу залгаад би хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад сэжигтэй санагдахаар нь би гэмтлийн эмнэлэг дээр нөхөр дээрээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр очиж яг юу болсон талаар асуусан чинь ажил дээрээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Х.Б- гэдэг хүнд зодуулсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн цагдаад хүнд зодуулсан талаараа мэдүүлсэн юм. Манай нөхөр өдрийн 80,000 төгрөгийн цалин авдаг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
6.4. Гэрч Б.С-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хаягдал төмөр авах цэгт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний танил Х.Б- ах төмөр буулгах хашааны үүдэн дээр машинтайгаа зогсож байсан чинь хажуугаар төмөр буулгах гэж байсан хашаанд ажилладаг Х.Б- ахын машины хажуугаар машинтайгаа машиныг нь шүргэх гээд шахаж байсан чинь Х.Б- тухайн жолоочийг чи түр байж байлдаа гээд хоорондоо маргалдаад Х.Б- ахыг машин дотроосоо нүүр лүү нь гараа цохисон. Тэгсэн чинь Х.Б- ах жижиг арматурын төмөр аваад тухайн машины жолоочийг гар луу нь 2-3 удаа цохисон чинь Х.Б- ахын нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд хашаанд байсан хоёр залуу тэр хоёрыг салгаад холдуулсан чинь Х.Б- ахад төмрөөр гар луугаа цохиулсан залуу машинаасаа гартаа дугуйны төмөр торцов бариад бууж ирээд хоорондоо зодолдохоор болсон юм. Тэгсэн чинь Х.Б- газраас арматурын төмрөөрөө зүүн гар луу 2 удаа цохисон чинь тухайн залуу ёо гээд дуугарсан. Тэгээд тухайн үед хамт байсан хүмүүс тэр хоёрыг салгасан юм. Тэгээд дараа нь Х.Б- зодолдсон залуутайгаа хоорондоо яриад үлдсэн юм. Тэгээд би дахиж тэр хоёртой уулзаагүй. Тухайн үед Х.Б-ын хамраас цус гарч байсан өөр зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас)
6.5. Гэрч Ж.Н-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жолооч С.Б-ын хамт хаягдал төмөр авдаг цэгт машин дээр байсан төмөр буулгасан юм. Ингээд жолооч С.Б- машинаа унаад өөрийнхөө ажлын хашаа руу орохоор надаас түрүүлээд машинтайгаа явсан. Би хойноос нь явган алхаад очсон чинь манай ажлын үүдийг нэг ачааны машин хаагаад зогссон байдалтай тухайн машины жолоочтой С.Б- маргалдсан байдалтай харагдсан. Тэгээд жолооч С.Б-ын талаар тухайн залуу гартаа төмөр бариад ирсэн гар луу нь 2, 3 удаа цохисон. Тэгсэн чинь С.Б- кабин дотроосоо тухайн маргалдсан залуугийн нүүр лүү нь жийгээд хамраас нь цус гаргасан. Тэгээд С.Б- машинаасаа буугаад ирсэн чинь маргалдсан жолооч /Х.Б-/ нь эхэлж цохисон төмрөөс арай урт төмрөөр С.Б-ын зүүн гар луу нь 2 удаа цохисон чинь С.Б- тухайн залуутай зууралдаад дээр, доороо ороод ноцолдоод хоорондоо хэрэлдээд байхаар нь би С-ийн хамт очиж салгасан юм. Тэгээд С.Б-ыг салгасны гараа С.Б- зүүн гараа бариад миний гар нэг эвгүй болсон байна гэсэн чинь удаагүй Х.Б- нь буцаж ирээд гайгүй юу? гэж хэлээд С.Б-ыг гэмтлийн эмнэлэг руу дагуулан явсан юм. ... цохиж гэмтээсэн төмөр одоо манай хашаанд байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 хуудас),
6.6. Гэрч Б.С-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төмөр ачдаг цэгт байж байсан чинь манай ажлын жолооч С.Б- хашааны хаалганы гадна талд үл таних залуутай маргалдаад байгаа харагдсан. Тэгээд С.Б-той маргалдсан залуу нь С.Б-ын жолооч талын машины хаалгыг онгойлгон арматурын төмрөөр С.Б-ыг гар луу 2, 3 удаа цохисон. Тэгсэн чинь С.Б- тухайн залуугийн нүүр лүү нь жийгээд өөрөөсөө холдуулаад машинаас буугаад ирсэн. С.Б-той маргалдсан залуу газраас арматурын төмөр аваад С.Б-ын зүүн гар луу нь цохисон чинь С.Б- тухайн залуутай зууралдаад авсан. Тэгэхээр нь би Нямтуул нарын хамт С.Б-ыг салгасан юм. Тэгээд байж байсан чинь С.Б- миний гар эвгүй болсон гээд өөрийнхөө зүүн гарыг бариад байсан. Эвгүй болсон талаар хэлсэн. Тэгээд цохисон залуу ирээд С.Б-ыг гэмтлийн эмнэлэг руу аваад явсан юм. цохиж гэмтээсэн төмөр одоо манай ажлын хашаанд байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),
6.7. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13670 дугаартай “...С.Б-ын биед зүүн богтос ясны ил хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
6.8. Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төмөр авдаг цэгт ачааны машинтай төмөр буулгах хашааны хаалганы гадна талд зогсож байсан чинь миний машины хажуугаар ачааны том машинтай төмөр ачсан машин хаалга руу орох гээд миний машиныг шүргэчих гээд байхаар нь чи хүлээж би хаалга чөлөөлөөд өгье гэсэн чинь тухайн машины жолооч машин дотроосоо намайг амаар доромжлоод хаалганаас машинаа холдуул гэхээр нь би жолооч талыг хаалганы хажууд очоод хаалгыг нь онгойлгоод хүлээж одоо төмрөө буулгаад дууслаа хэдэн юм үлдсэн гэж хэлсэн чинь миний урдаас хэрэлдээд салахгүй байснаа машин дотроосоо миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би газраас төмөр аваад айлгахаар далайсан чинь миний нүүр лүү гараа цохисон. Тэгээд төмрөөрөө 2,3 удаа гар луу нь цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад байсан болохоор цус арчаад зогсож байсан чинь тухайн залуу машинаасаа торцов бариад бууж ирээд над руу шидсэн. Тэгээд шидсэн торцов нь намайг оноогүй тэгэхээр нь би газарт байсан арматурын төмөр аваад тухайн залуугийн зүүн гар луу нь арматурын төмрөөр 2 удаа цохиод бид хоёр зууралдсан чинь хажууд нь байгаа хүмүүс ирж салгасан юм Тэгээд дараа нь миний гар эвгүй байна гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн чинь зүүн гарын шууны хэсэг хугарсан байна гэж хэлсэн юм. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуул гэж өгсөн юм. Ингээд өнөөдөр цагдаагаас дуудахаар нь ирээд мэдүүлэг өгч байна. Тухайн үед Т.Б-намайг гараараа нүүр рүү цохисон, хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
7. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
8. Шүүгдэгч Х.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогч С.Б-т 1,000,000 төгрөг өгсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.
9. Харин хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт 799,100 төгрөгийн төлбөрийн баримт бүрдүүлж нэхэмжилсэн. Үүнээс 503,149 төгрөг нь авто газ худалдан авсан, 295,992 төгрөг нь эмчилгээ, сувилгаа, бусад зардлын баримт байгаа болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүгдэгч Х.Б-ын зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг ямар нэгэн эмчилгээний зардлын баримт, нэхэмжлэхгүйгээр төлсөн, хохирогчийн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 7,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт дутуу байгаа учраас ажилд томилогдсон тушаал, эсхүл гэрээгээр ажилладаг бол ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээ, цалин хөлсний болон цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
11. Хохирогч С.Б-ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,554,500 төгрөг зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/4949 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 80-81 хуудас), Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх (хавтаст хэргийн 69-78 хуудас) зэрэг баримттай.
12. Шүүгдэгч Х.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын 1,554,500 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт хавсаргасан баримт (шүүх хуралдаанд гаргаж өгсөн )-аар тогтоогдсон.
13. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ыг хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
14. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хөнгөрүүлж өгнө үү гэх санал гаргасан.
15. Хохирогч, түүний өмгөөлөгч нар: Нэхэмжилсэн хохирлыг гаргуулж, ялын хувьд торгуулийн ялын дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан.
16. Шүүгдэгч Х.Б- нь хохирогчийн эмчилгээний зардалд өөрийн санаачилгаар 1,000,000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдан хүний биед халдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 1,200 нэгжээр торгох ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
17. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг арматурын төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шангууд овогт Х- Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х.Б-т үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Б-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Х.Б- нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,554,500 төгрөг, хохирогч С.Б-т эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан цаашид гарах хохирлын болон ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ