| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1358/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1384 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч У.АнхЖ............л,
шүүгдэгч Ж.Ц.............ш нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01613 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шарнууд овогт Ж............лын Ц.............ш, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........................................................түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 01-ий өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин Онцгой байдлын 115 дугаар ангийн хажууд тухай үед болсон маргааны улмаас хамтран амьдрагч хохирогч Б.Ц..............үүгийн биед дух, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод ирсэн байна. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найз Б.Ө...........айн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ..................оотод очин түүгээр тээврийн хэрэгслээ 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бариулан Орхон аймаг явахаар тохиролцон хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний маргааш өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Ц.............ш нь хамтран амьдрагч Б.Ц..............үүгээс согтууруулах ундааны зүйл нэхэн маргалдаж, хамтран амьдрагч Б.Ц..............үүг түүний найз Б.Ө...........айн гэрээс гаран алхаж явахад тэрээр араас нь ирж дахин маргаан үүсгэж улмаар Сонгинохайрхан дүүргийн .................. цагийн орчим биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNI12811813 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн утас: 80466658, Дуудлага өгсөн огноо: 2022.09.01, 08:56:26 минут...Дуудлагын утга...Эхнэрээ аймаар зодсон хүнийг саатуулаад байж байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)
- Хохирогч Б.Ц..............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгаас Улаанбаатар хотод 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр ирсэн. 2022 оны 8 дугаар сарын 31-ны орой найз Б.Ө...........айн гэрт... очсон юм. Бид хоёр ...Ө...........айгаар машинаа бариулж Орхон аймаг руу явах зорилготой очтол тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд тухайн өдрийн орой ...бид гурав тэдний гэрт архи ууцгаасан юм. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 10 цаг орчим манай нөхөр Ц.............ш...нэг шил архи аваад өгчих гэж хэлээд надтай маргалдаад байхаар нь би гэрээс нь гараад ганцаараа алхаж байтал гудамжинд араас ирээд намайг шууд түлхэж унагаагаад дээрээс толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед цагдаа нар ирж авч явсан. Би түлхэхэд нь газар чулуун дээр нүүрээрээ уначихсан юм. Бид шөнө нь архи ууж хоноод хэн хэнийх нь архи гараагүй бага зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Гэрч Б.Ө...........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Ц.............ш, Ц..............үү нар манай гэрт ирсэн юм. Тухайн үед надаар машин бариулж Орхон аймаг руу явахаар хоорондоо тохиролцож байсан бөгөөд бид гурав манай гэрт 2 шил архи ууж ...хоносон. ...Өглөө манай гэрт Ц..............үүгийн бага хүүхэд нь уйлаад байхаар нь босоод хартал тэр хоёр хоёулаа байхгүй байсан. Ингээд хүүхдийг нь тэврээд гэрээс гараад дэлгүүр алхаж байтал Ц..............үү, Ц.............ш нар автобусны буудал дээр зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12238 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: ...Духны баруун хэсэг баруун талын шанаа, баруун хацрын төвгөр хүрсэн 12х6см, баруун хацарт 2х2см, 2х0.3см хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай, баруун нүдний дээд зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралттай, овойж хавдсан...ДҮГНЭЛТ
1. Б.Ц..............үүгийн биед дух, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Ж.Ц.............шийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирсэн байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 31-ний орой найз Ө...........айн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин Онцгой байдлын 115 дугаар ангийн ойролцоо гэрт нь очсон. Ө...........ай манай эхнэр бид гурав нэг шил архи ууж суусан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 7 цаг орчим манай энэр Ц..............үү надад “Би дуудлагын архи пиво дуудна” гэж хэлэхээр нь би уурласан. Үүнээс болж маргаад эхнэр Ц..............үү гараад явчихаар нь би араас нь очсон. Ингээд гудамжинд явж байхад нь араас нь очоод дэгээдэж түлхэж унагаахад нүүрээрээ газарт шургаж унахаар нь би хөлөөрөө нэг удаа дэвчихсэн юм...” гэж (хавтаст хэргийн 57-58 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12238 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Ц.............ш нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Ц..............үүгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь хохирогч Б.Ц..............үүд биед халдаж дух, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Ц.............ш “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Ц..............үү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Ц.............шийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Ж.Ц.............шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ж.Ц.............ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 49 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 51 дэх тал),
Аюулын эрсдэлийн зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 23 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Ц.............ш, хохирогч Б.Ц..............үү нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц.............шийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Ц.............шид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01613 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Ж............лын Ц.............шийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц.............шийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц.............шид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц.............ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ