Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1520

 

 

 

 

 

 

 

 

      2022       12          12                                        2022/ШЗ/1520

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-холбогдох 2208034321911 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны ............. тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Т-гийн М (регистрийн дугаар:та9209..............);

Шүүгдэгч Т.М-нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золт” худалдааны төвд байрлах үсчний газар “хүүхдийн үс муухай заслаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар М.Ц-баруун ядам хурууны хумс унасан шарх, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Т.М-нь “хүүхдийн үс муухай заслаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан М.Ц-эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.М-тэйүс засах шалтгаанаас болж маргалдсан...” гэсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),

4.2. Хохирогч С.Ц-ийн“...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “З...” худалдааны төвийн үсчин дотор хүний үс засаад байж байсан чинь манай үсчинд үйлчлүүлэхээр эрэгтэй хүн хүүхэд дагуулчихсан орж ирээд эхлээд хүүхдийн үсийг засуулсан. Гэтэл гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд “манай хүүхдийн үсийг хэн ингэж муухай зассан юм бэ” гээд орилоод “би үсийг зассан” гээд хэлсэн чинь тэр эмэгтэй хэл амаар доромжлоод байн байн гараараа чичлээд орилоод байсан. Би “үс засахад алдаа гаргасан бол нөхрийн чинь үсийг засаад өгье” гэж хэлсэн чинь нөхөр нь надад ямар нэгэн үг хэлээгүй. Тэгсэн чинь тэр эмэгтэй “чи миний нөхрийн толгойд хүрлээ, чи хэн юм бэ чадахгүй байж үс засаад” гэх мэтээр доромжлоод байхаар нь “таниас мөнгө авахгүй нөхрийн чинь үсийг угаагаад өгье” гэж хэлсэн чинь, “өө муусайн үсчид ийм болчихсон юм уу, муу гичий минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “уучлаарай танд үйлчлэхгүй ээ, та одоо гар” гэсэн чинь ... хараагаад болохгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй долоовор хуруугаараа миний толгой, нүд рүү чичилж хатгаад миний цээж хэсэг рүү түлхэж унагасан ба “та яасан даварсан хүн бэ энд үйлчлүүлэгчид байхад санаа зовж байна би” гээд хэлсэн чинь миний үснээс зулгаахаар нь би ч адил зулгаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ба тэр үе миний баруун гарын ядам хурууны хумсыг угаар нь унагасан. Миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохичхоод манай үсчний багаж хэрэгслүүдийг над руу шидэж байх үед манай үсчний газрын вакум цонхийг хагалсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 хуудас),

4.3. Гэрч Н.М “...15 цагийн үед нэг ах хүүгээ дагуулж орж ирээд хүүгийнхээ үсийг түрүүлж засуулсан юм. Засаж дуусаад тухайн ахаас “танай хүүхдийн үс хэр болсон байна” гэж асуусан чинь “сайхан болсон байна, одоо ах нь үсээ засуулна” гэж хэлээд сандал дээр суусан. Үсийг нь засаад байж байтал гаднаас эхнэр нь орж ирээд “чи яаж уусгаж аваад байгаа юм, чи үс засаж чаддаг юм уу п... минь” гээд түүнийг хэл амаар доромжлоод байсан. ... нөгөө эгч “чи зүгээр амаа тат чамтай ярьсан хүн алга байна” гээд баруун гарынхаа долоовор хуруугаараа нүүр тус газар нь 3 удаа цохиод байсан. Тэгсэн манай үсчин эгч “та одоо боль” гэсэн чинь тухай эмэгтэй манай эгчийг түлхээд авсан. Дахиад “боль” гэсэн чинь “гичий минь би танай газрыг хаалгах болно, муусайн үсчид ийм болцон юм уу” гээд дахиад түлхсэн чинь эгч хойшоо унаад өгсөн. Тэгээд эгч босож ирээд тухайн эмэгтэйг үсдээд авсан чинь бас манай эгчийг үсдэж аваад зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 хуудас),

4.4. Гэрч Ц.М-ын “...”....” худалдааны төвийн гар утасны лангуун дээрээ сууж байсан чинь үсчин дотор хэрүүл маргаан болоод байхаар нь яваад очсон. Тухайн үсчний газрын хүүхэн нэг эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь тухайн хэрүүл маргаан хийж байсан эхнэр нөхөр хоёрыг гаргаад “та хоёр боль, энэ бол үйлчилгээний газар та хоёр боловсон бай” гэсэн чинь, намайг “чи юу юм гичий минь” гээд тухайн эрэгтэй асуухаар нь “би энэ газрын захирал нь байна” гэсэн чинь, “би энэ газрыг хаалгах болно” гээд орилоод байсан. Тэгсэн чинь эхнэр нь үсчний газар ороод доторх эд зүйлийг авч шидээд орилоод байсан. ...тухайн эмэгтэй нь том савтай шампунь авч шидээд бас өөр нэг зүйл авч шидсэн гэхдээ би сайн олж хараагүй. Тухайн хэрүүл маргаан гарахаас өмнө цонх бүтэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 хуудас),

4.5. Шүүх шинжилгээний үндэсний төвийн “...С.Ц-ийн биед баруун ядам хурууны хумс унасан шарх, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 5, 6 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 14052 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дүгээр тал),

4.6. Шүүгдэгч Т.М-ийн“...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирогч М.Ц-нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 хуудас), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 115)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

8. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч хохирлын мөнгөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журм аар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Улсын яллагчаас шүүгдэгч Т.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            11. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Т-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.М-үүрэг болгосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.М-мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ