| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01554/и |
| Дугаар | 155/ШШ2019/00201 |
| Огноо | 2019-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2019/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Х аймгийн Р сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт А.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын .... дүгээр багийн ... тоотод оршин суух, М овогт Саруулдаваагийн Өнөржаргал / РЗ95041323/,
Хариуцагч: Х аймгийн М сумын ... дүгээр багийн ..... тоотод оршин суух, Х овогт Г.Э нарт холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 / гурван сая / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн Р суманд амьдардаг А.Г би өөрийн өмчлөлийн шар хээр зүстэй 7 настай, зөв талын гуян дээр давхар саран хээ гурвалжин тамгатай хурдан морийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Э-т шилжүүлэн өгсөн. Зээлээр мал худалдах худалдан авах гэрээ байгуулан уг хурдан адуугаа өгсөн, уг мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны дотор бүрэн өгөхөөо тохирсон. Гэтэл одоо надад нэг ч төгрөг өгөөгүй. Очиж уулзахаар өгнө, өгнө гэдэг. Одоо бол утсаа ч авахгүй өөр дугаараас залгасан ч дуу сонсонгуутаа шууд утсаа тасалж байна. Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Эдгээр хүмүүс нь гэр бүлийн эхнэр нөхөр байгаа юм.
Иймд С.Ө, Г.Э нараас 3.000.000 / гурван сая/ төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлээд байгаа 3.000.000 төгрөгийг С.Ө төлөхгүй, Г.Э нь төлөх юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрээний тухайд нотариатаар баталгаажуулахад нотариат эрх, үүргийг танилцуулаад гэрээг байгуулсан байдаг. Гэрээг байгуулахад Г.Э нь өөрөө байлцаж гарын үсэг зурсан байгаа. С.Ө нь тодорхой оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байсан болохоор гэрээг байгуулсан. Энэ 2 хүн эсрэг сонирхолгүй гэр бүлийн хүмүүс байгаа. Уг гэрээг хийхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамт байсан болохоор гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хөөрөг нь энэ хэрэгт хамааралгүй юм. Яагаад гэвэл худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнө хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч А.Г-т хөөргөө заруулах гээд өгсөн байгаа. Уг хөөргийг А.Г нь зарах гэсэн боловч зарагдаагүй байгаа болохоор өөр дээрээ байлгаж байгаа. Хөөргийн хувьд хариуцагч нар нь дахин нэхэмжлэл гаргаад тусдаа шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Өмнөх саналаа дэмжиж байна. ... гэв.
Хариуцагч С.Ө, Г.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г овогтой Э, С овогтой Ө нар нь А.Г-оос 3.000.000 / гурван сая/ төгрөгийн үнэтэй морь авсан нь үнэн болно. Гэхдээ морийг нь авахаас өмнө А.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний 2.000.000 төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, цагаан шүрэн хөөргийг хүнд үзүүлнэ, зарж өгнө гээд аваад явсан. Би морийг нь аваад удаагүй байхдаа Төмөрбулаг суманд байдаг найз Ариунболдод зарсан болно. А.Г хөөргөө авъя, мөнгийг чинь өгье гэж хэлэхэд ломбарданд тавьсан гээд өгөхгүй байсан. Тухайн үед би тэр хөөргийг хүнд бэлэн мөнгөнд үнээр нь зарах гэж байсан болно. Г-той би утсаар холбогдож байсан. Манай ээж миний утсыг аваад мөн адил хөөрөг өгчих, мөнгийг чинь өгье гэсэн чинь Би та нартай морио нотариатаар орж өгсөн, та нарын хөөргийг би зүгээр авчихсан. Тэр хөөргийг чинь өгөхгүй байсан ч яадаг юм гэх мэт сонин зүйл яриад байсан. Тийм ч учраас өнөөдөр надаас 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Би А.Г-т 3.000.000 төгрөг биш 1.000.000 төгрөгийн өгцөөтэй. Тэр мөнгөө би Ариунболдоос мөнгө авч байж төлнө гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч А.Г нь хөөргийг зарах гэж аваад зарагдаагүй юм бол яагаад эргүүлж өгөөгүй юм бэ. А.Г болон С.Ө нарын хооронд тохиролцсон асуудал байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-ыг тодорхой оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор гэрээ байгуулсан гэж ярьж байна. Гэхдээ Г.Э нь тодорхой оршин суух хаягтай, хувиараа ажилладаг байгаа. А.Г, С.Ө нарын зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байгаа. Уг гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ. А.Г, Г.Э 2 гэрээ байгуулсан боловч яг нотолсон зүйл байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Г.Э-ыг 3.000.000 төгрөгийг төлөх юм уу гэж асуугаад байна. Энэ нь А.Г, Г.Э нар нь 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгөөр тохиролцсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр хурдан удмын хээр морь, хөөргийг тус бүрт нь 3.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа.
Иймд гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч С.Ө, Г.Э нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 / гурван сая / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч С.Ө, Г.Э нар нь А.Г-оос 3.000.000 / гурван сая/ төгрөгийн үнэтэй морь авсан нь үнэн болно.... А.Г-т 3.000.000 төгрөг биш 1.000.000 төгрөгийн өгцөөтэй. ... гэж,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Ө, А.Г нарын хооронд байгуулсан мал зээлээр худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн эх хувийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрхи үүргээ биелүүлээгүй, хэрэгт ач холбогдолтой баримтыг ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч А.Г, хариуцагч Г.Э, С.Ө нар нь давхар саран дээр гурвалжин тамгатай хурдан морийг 3 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны дотор хийхээр хэлцэл байгуулж, морийг хариуцагч Г.Эрхэмбаярын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд энэхүү хэлцлээ 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Г.Эрхэмбаярын эхнэр С.Өнөржаргалтай Зээлээр мал худалдах, худалдан авах гэрээ-г бичгийн хэлбэрээр байгуулсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Зээлээр мал худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлаж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь энэ гэрээ бол өөр хэлцлийг халхавчилж хийсэн төөрөгдүүлсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн А.Г нь морины үнэнд алтан нуухтай цагаан шүрэн хөөргийг нь авсан. Үүгээр хэлцэл дуусгавар болсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцжээ.
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Г өөрийн өмч болох морио худалдах, Г.Э, С.Ө нь А. Г-ийн морийг худалдан авах өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж морины үнэнд 3 сая төгрөгөөр өгөхөөр тохиролцож амаар хэлцлийг хийсэн, үүнийгээ маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бичгийн хэлбэрээр А.Г, С.Ө нар Зээлээр мал худалдах-худалдан авах гэрээ гэсэн нэрээр хийсэн нь талууд хэлцлийн гол нөхцөл болох морийг Г.Э, С.Ө нарын өмчлөлд шилжүүлэх, А.Г өөрийн морины үнэнд 3 сая төгрөгийг Г.Э, С.Ө нар А.Г-т шилжүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэлээ.
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлээр мал худалдах-худалдан авах гэсэн нь гэрээнд морины үнийг төлөх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэж тохиролцсоноор тодорхойлогдсон байна.
Гэвч гэрээнд анхнаасаа морины үнийг 3.000.000 төгрөгөөр үнэлэн худалдаж байна гээд төлөх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр заагаад энэ төлөх хүртлэх хугацаанд хүү тогтоосныг заагаагүй, мөн хүүг багтааж үнэ заагаагүй учир зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин тухайн худалдах-худалдан авах гэрээнд төлөх хугацааг талууд тохиролцсон байна гэж үзэх нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ А.Г, Г.Э нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тодорхой хэлцэл хийгдсэн талаар маргаангүй гээд А.Г морио Г.Э-т шилжүүлж, Г.Э нь А.Г-т морины үнэнд алтан нуухтай цагаан шүрэн хөөргөө шилжүүлэн өгсөн гэж арилжааны гэрээ буюу Иргэний хуулийн 274 дүгээр зүйл заасан иргэний эрх зүйн харилцаа үүсч тухайн үедээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч энэ нь хариуцагч Г.Э, С.Ө нарын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн Миний бие Г овогтой Э , С овогтой Ө нар нь А.Г-оос 3 сая төгрөгний үнэ бүхий морь авсан нь үнэн болно. Гэхдээ морийг авахаас өмнө А.Ганзориг нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр миний 2.000.000 төгрөгний үнэ бүхий алтан нуухтай цагаан шүрэн хөөргийг хүнд үзүүлнэ, зарж өгнө гээд аваад явсан...Манай ээж миний утсыг аваад мөн адил хөөрөг өгчих, мөнгийг чинь өгье гэсэн чинь... Би А.Г-т 1.000.000 төгрөгийн өгцөөтэй. Тэр мөнгөө би Ариунболдоос мөнгөө авч байж төлнө гэсэн тайлбараар няцаагдаж байна.
Хариуцагч нарын өгсөн дээрхи тайлбараар талуудын хооронд морь худалдах-худалдан авах гэрээ хийсэн нь нотлогдож байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн гэрээнд маргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А.Г, С.Ө нарын хооронд байгуулсан Зээлээр мал худалдах-худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, мөн төөрөгдүүлсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 58 дугаар зүйлд Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл зэргийг хуульчилсан.
Нэхэмжлэгч А.Г, хариуцагч Г.Э, С.Ө нарын хооронд амаар тохиролцсон гэх хэлцэл, бичгээр байгуулсан гэрээн дэх талууд, тэдний хүсэл зориг гэрээний зүйл, нөхцөл ижил, хариуцагч нар үүнд маргаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд А.Г-ийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 төгрөг гаргуулах тухай Г.Э, С.Ө нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Морь, хөөрөгний үнэлгээг шинжээч Ш.Даваасүрэнгээр тогтоолгох хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангасан, хэрэгт үнэлгээчин Ш.Даваасүрэн нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба хөөрөг нь тухайн хэлцэлтэй холбоогүй, талууд худалдах-худалдан авах гэрээгээр гэрээний зүйлийн үнийг өөрсдөө тодорхойлсон үнийн талаар маргаагүй байх тул энэ нь хэрэгт ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э, С.Ө нараас 62.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Ө, Г.Э нараас 3.000.000 /гурван сая / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ө, Г.Э нараас 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчанхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА