| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1455/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1477 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Э.Ц...............рж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01702 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 11 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Э...........нгийн Ц...............рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан ............................... ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт ................................ суух бүртгэлтэй, регистрийн дугаар ........................, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Ц...............рж нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ................................... тоотод иргэн Н.Г..................................ржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан, хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Ц...............рж нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................................... тоотод иргэн Н.Г..................................ржтой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үед Н.Г..................................рж нь эхнэр Х.Э.....................гийг Э.Ц...............ржтой хардан маргалдахад тэрээр ширээн дээрээс хутга аван түүний хүзүүн тус газар зүсэж биед нь шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод гэх ба ертөнцийн зүгээр зүүн талдаа хаалгагүй банзан хашаатай байх ба дотогш ороход ертөнцийн зүгээр баруун талд монгол гэр, урдаа улаан өнгийн амбаартай...байв...гэрт зуухны амны чанх урд 17х5 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
- Хохирогч Н.Г..................................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн үед намайг гэртээ байж байтал Э.Ц...............рж хүрээд ирээч архи ууя гээд байхаар нь Э.....................ээ ахын гэрт яваад очтол Э.Ц...............рж 0.75 литрийн архи 4 ширхгийг хувааж уусан ба Э.Ц...............рж бид хоёрыг Э.....................ээ ахын гэрт архи ууж байхад манай эхнэр Э.....................г орж ирээд хамт архи уусан. Тэгээд бид хоёр Э.....................ээ ахын гэрт архи уугаад сууж байхдаа мах чанаад юм яриад байж байтал манай найз Э.Ц...............рж манай эхнэр Э.....................гийг яриад байхаар нь би жоохон эхнэртэйгээ Э.Ц...............ржийг хардаад бага зэрэг маргалдсан чинь манай найз Э.Ц...............рж гэнэт босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй жижиг хутгыг аваад миний хүзүү хэсгийг хутгаар хутгалчхаад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Гэрч Х.Э.....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны 16 цагийн үед манай нөхөр Н.Г..................................рж гэртээ байхгүй болохоор нь хажуу ойролцоо байдаг Э.....................ээ ахын гэрт яваад ортол Н.Г..................................рж, Э.Ц...............рж нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан ба Э.....................ээ ах манай нөхөр Н.Г..................................ржийг гэр харж байгаарай гээд хөдөө явчихсан байсан юм. Тэгээд тухайн өдөр Н.Г..................................рж, Э.Ц...............рж бид нар мах чанаж идчихээд би архинаас нь огт уугаагүй, Н.Г..................................рж, Э.Ц...............рж нар архи уугаад байсан. Тэгээд байж байтал манай нөхөр Н.Г..................................рж архиндаа согтчихоод намайг Э.Ц...............ржтой хардаад янз бүрийн юм яриад байсан чинь Э.Ц...............рж уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад Э.Ц...............рж босож ирээд ширээн дээр байсан хутгыг аваад Н.Г..................................ржийн хүзүү хэсгийг хутгаар зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13460 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Хүзүүнд цэвэр боолт хийгдсэн. Уг боолтыг авч шалгахад хүзүүний зүүн урд хэсэгт 5 см урт хөндлөн байрлалтай, 7 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай. Уг шархны харалдаа 18х3см хэмжээтэй хүрэн улаан өнгийн цус хуралттай, орчны эдэд хавдаж овойсон байв.
2022.09.28-ны ГССҮТ-н үзлэгийн хуудаст онош: Хүзүүний урд хэсгийн зүсэгдсэн шарх...ДҮГНЭЛТ
1. Н.Г..................................ржийн биед хүзүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.Ц...............рж нь мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 10 цагийн орчимд Н.Г..................................рж бид хоёр дэлгүүрээс хямд 4 ширхэг пиво савтай архи аваад Н.Г..................................ржийн ахынх нь гэрт очиж бид хоёр архиа хувааж уугаад байж байтал Н.Г..................................ржийн эхнэр Э.....................г орж ирээд хоол хийгээд хамт бас архи уугаад байж байтал манай найз Н.Г..................................рж архиндаа согтоод намайг эхнэртэйгээ хардаад байхаар нь Н.Г..................................рж бид хоёр хоорондоо маргалдаад би ширээн дээр байсан хүрэн өнгийн иштэй хутгаар Н.Г..................................ржийн хүзүү хэсгийг хутгаар зүссэн чинь Н.Г..................................ржийн хүзүүнээс нь цус гараад байхаар нь би айгаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ц...............рж нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13460 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Ц...............рж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны” улмаас хохирогч Н.Г..................................ржийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Ц...............рж нь хохирогч Н.Г..................................ржийн биед хүзүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ц...............ржийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Г..................................рж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Ц...............ржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Э.Ц...............рж нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Ц...............ржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 27-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Ц...............рж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хоёр дахь удаагаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Тодруулбал шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх хэдий ч тэрээр урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдон торгох эрүүгийн хариуцлага хүлээж байсан үйлдлээ ухамсарлалгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Нөгөө талаар гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хутга ашиглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ял дээр хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нэмж авах нь эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзсэн учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилсөн болно.
Түүнчлэн шүүгдэгч Э.Ц...............ржид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Э.Ц...............ржид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний түр оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ц...............ржид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах буюу түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Э.Ц...............ржид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01702 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э...........нгийн Ц...............ржийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц...............ржийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц...............ржид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ц...............ржид мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.
5. Шүүгдэгч Э.Ц...............рж нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Г..................................ржид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ