Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 427

 

 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох  

 

Шатахуун тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, Э ХХК-д  тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг, ажилтан н.Урьханы авсан түлшний үнэ 2 614 400 төгрөг, нийт 312 119 789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Борхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Буянтогтох

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч байгууллага нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2011 онд М ХХК ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт 8 ширхэг тээврийн хэрэгсэл авсан. Үүнтэй холбоотой 2011 оны 6 дугаар сараас эхлэн М ХХК ХХК-ийн харъяа бүхий “Алтай хүдэр” ХХК-ийн ажлыг авч тээвэрлэлтийн ажиллагааг явуулсан байгаа. Анх уг тээврийн хэрэгслийг авахад 2 ширхэг нь 2010 оны машин байсан. Энэ 2010 оны машин нэг жил зогссон байсан. Ингэж зогссон учраас ачаа ачихад дугуй нь хагараад явахгүй байсан. Ингээд М ХХК ХХК-аас дугуйг нь сольж өгөхийг хүсэхэд хоёр машины 44 ширхэг дугуйг сольж өгсөн. Ингээд 44 ширхэг дугуйг аваад машинд тавьсан. Тухайн үед дугуйг хэдэн төгрөг болсон талаар ямар нэгэн баримт үйлдээгүй. Нэхэмжлэгч талаас ойлгохдоо 44 ширхэг дугуйг зүгээр сольж өгч байна гэж ойлгосон. Гэтэл 39 892 000 төгрөгийг 44 ширхэг дугуйны мөнгө хэмээн тооцоо нийлэхэд хассан байгаа. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг дугуйны үнийн дүнг тогтоохоор шинжээч томилуулсан байдаг. Мөн уг дугуйг худалдаж авсан талаар ямар нэгэн баримт, гэрээ үйлдээгүй учраас ингэж мөнгө суутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн тухайн “Алтайн хүдэр” ХХК-д ажил хийж байхад түлшний зардал гэж гарсан байгаа. Гэтэл тооцоо нийлээд бодоод үзэхээр 5 892 000 төгрөгийг буруу бодож суутгаж авсан байдаг. “Таван толгой” ХХК-д ажил хийсэн боловч санхүүжилт нь М ХХК-д шилждэг байсан учраас 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба энэ шаардлагаа дахин өөрчилсөн. Өөрчилсөн шаардлагаа өнөөдөр өгсөн байгаа. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгуулсан гэрээгээр автомашин худалдаж авсан. Ингэхэд тохиролцсон мөнгөн дүнгээс 1 686 223 юаныг шилжүүлэн 339 577 юань үлдсэн байсан. Энэ өглөгийн дагуу М ХХК нь нэхэмжлэгч талд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч талаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр гэх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байдаг. Эндээс бид хариуцагч талыг “Нью вояж” ХХК-ийн эзэмшлийн хоёр автомашиныг бусдад шилжүүлснийг мэдсэн. Ийм учраас энэ гэрээний 2 машинтай холбоотой хэсгээс татгалзан, гэрээнд урьдчилан төлсөн 243 289 494 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Тооцоо хэрхэн гарч байгаа вэ гэхээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс нийт 1 683 283 юаныг төлсөн ба энэ дүнг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн юанийн ханшаар бодоход  243 289 493 төгрөг болсон. Энэ бүх шаардлагын нийлүүлэн нийт 312 225 789 төгрөгийг хариуцагчаас талаас нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь М ХХК ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Авто машин зээлээр худалдах, худалдан авах” МЛ 11/03 тоот гэрээг байгуулан 4 ширхэг автомашиныг 4 ширхэг чиргүүлийн хамт 6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч 442 511 863 төгрөгөөс 360 222 015 төгрөгийг төлж үлдэгдэл 82 289 848 төгрөгийг төлөхгүй байсан тул алданги 41 444 924 төгрөгийг нэмж 123 434 722 төгрөг нэхэмжлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хандсан. Шүүх хуралдаан дээр М ХХК нь нэхэмжилж байсан 123 434 722 төгрөгөө хариуцагчийн хүсэлтээр 20 344 692 төгрөгөөр багасган ба шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны 2678/с дугаартай шийдвэрээр 103 091 080 төгрөгийг “Ньювояж” ХХК-аас гаргуулан М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хянан 2014 оны 8 дугаар сарын 27-ны 835 дугаартай магадлалаар “Нью Вояж” ХХК нь 103 091 080 төгрөгийг М ХХК-д төлсөн тохиолдолд машины өмчлөх эрхийг шилжүүлэхийг М ХХК-д үүрэг болгон шийдвэрлэсэн. Н ХХК нь шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан ба шүүх хүлээн аваагүй. Эдгээр шийдвэр, магадлал, гарсны дараа Н ХХК нь “Ордос Минкай” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 88 595 302  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар 25-ны 03511 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. М ХХК-д төлсөн гэх 360 222 015 төгрөгт “Ордос минкай” ХХК-ийн нэр дээр “Алтайн хүдэр” ХХК-д төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс болох 144 801 216 төгрөгөөс шатахууны зардал 54 983 249 төгрөг, хоолны зардал 1 222 665 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 43 341 970 төгрөгийг хасаж үлдсэн 45 253 331 төгрөгийг манай компанид төлөх зээлээр авсан машиныхаа төлбөрт шилжүүлэхээр “Нью Вояж” ХХК-иас хүсэлт гаргасан тул төлбөрт тооцсон.  М ХХК нь Н ХХК-д  шинэ машинуудыг чиргүүлийн хамт зээлээр худалдсан тул хуучин 2 ширхэг машиндаа 44 ширхэг дугуй авсны үнэд 39 292 000 төгрөг суутган авсан гэдэг нь огт худал үндэслэлгүй шаардлага байна. Манай компани “Эрдэнэс таван толгой” ХХК-тай гэрээ хийж ажил гүйцэтгэсэн асуудал байхгүй. Нэхэмжлэгч талын төлбөр манай дансанд орж ирсэн зүйл ч байхгүй. “Алтайн хүдэр” ХХК-тай хамтраад нэхэмжлэгчийн машинуудыг ажилд явуулсан. Ингэхдээ өөр байгууллагын машинуудтай хамт явуулсан байгаа. Н.Цэвгээгийн зүгээс нэг автомашиныг 100 000 000 төгрөгөөр өөр хүнд шилжүүлэн өгсөн байдаг. Манай байгууллагын нэр дээр байгаа машиныг бусдад яаж шилжүүлснийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 сая төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2 614 400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 946 710 төгрөгөөс 346 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 1 600 476 төгрөгийг улсын орлогоос гарган нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 заасан үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь буруу байна.

Шатахууны тооцооноос үндэслэлгүй суутган авсан 5 923 895 төгрөг, үнэгүй сольж өгөхөөр тохирсон боловч үнийг нь хэт өндөр үнээр бодож, суутган авсан 44 ширхэг дугуйн зах зээлийн бодит үнийн зөрүү 12 012 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх буруу шийдвэрлэсэн.

Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 д-заасан үндэслэл бий болсон гэж үзсэн байх ба уг үндэслэлээ тайлбарлахдаа Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй “Ордос Минкай” ХХК-тай холбогдох иргэний хэргийн шийдвэрт тусгагдсан, нэхэмжлэлд яригдаж байгаа тоонууд таарч байна гэх үндэслэлийг тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэтэл тус хэргийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хөлсний тооцоог нэхэмжилсэн бөгөөд уг хэрэгт дугуйн үнэ, шатахууны зөрүүг нэхээгүй, шүүх шийдвэрлээгүй, харин М ХХК XXК нь төлбөртөө суутган авсан гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэдэг агуулгыг шүүх илэрхийлсэн байтал буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Э ХХК-д  тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Н ХХК-ийн  худалдан авсан гэх автомашины өмчлөх эрх нь М ХХК-д байдаг бөгөөд ямар нэг компани, этгээдтэй тухайн автомашинаараа ажил хийх гэрээ хэлцэл байгуулахад М ХХК ХХК-иар дамжуулан хийдэг. 2012 онд М ХХК нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед Н ХХК-ийн  худалдаж авсан гэх 4 автомашин ажилд явсан. Уг ажлын мөнгийг тооцож өгөөгүй бөгөөд, тооцооноос хасна гэсэн тохиролцоотой байсан боловч хасаагүй, М ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ “Шанд Хурхай” гэдэг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг, ззэн нь хэн болох нь тодорхойгүй компанийн нэрийг ашиглан ажил хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын хөлсийг тооцон өгөөгүй нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл шүүх энэ асуудлыг Иргэний хуулийн 359, 380 дугаар зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаанд тулгуурлан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Ажилтан н.Урьханы  авсан түлшний  мөнгө 2 614 400  төгрөг  гаргуулах шаардлагын тухайд баримт нь эх хувь бөгөөд хуурамч баримт биш, уг мөнгийг “Алтайн хүдэр” ХХК-д ажил хийх гэж нэхэмжлэгч компани болон хариуцагч компанийн автомашинууд явах гэж байх үед тухайн авто машинуудыг хариуцан ажиллаж байсан М ХХК ХХК-ийн ажилтан н.Урьхан нь уг мөнгийг авч өөрөө гарын үсэг зуран компанитай тооцоо хийхдээ, тооцоонд оруулан, “Алтайн хүдэр”-ээс түлшний мөнгө орж ирэхэд буцаад олгогдох мөнгө гэж хэлэн авсан мөнгө бөгөөд, ажил хийх газраа очих хүртэл түлшний мөнгийг А ХХК , М ХХК болон “Ордос Минкай”  ХХК-д олгосон байтал уг мөнгийг буцааж өгөхгүй байгаа нь шударга биш зүйл, шүүх үүнийг иргэний хуулийн 492 дугаар зүйл гэж үзэж байгаа нь бас эргэлзээтэй учир нь тус асуудал компани хоорондын тооцооны зөрүү бөгөөд гэрээний асуудал юм.

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр байгуулсан автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний зарим хэсгээс татгалзах, гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 243 289 494 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх нэхэмжлэлийн адил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бий болсон гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг яагаад гаргах болсон асуудлыг шүүх агуулгын хувьд, бодит нөхцөл байдлын авч үзээгүй, нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа уг асуудлыг нэхэмжлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад М ХХК ХХК-ийн зүгээс нотлох баримт гаргаж өгөхдөө нэхэмжлэгчийн худалдан авсан хоёр автомашиныг өмчлөх эрхийн хамт өөр этгээдэд шилжүүлэн өгсөн баримт ил болсон бөгөөд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан болно.

Хоёр компанийн хооронд байгуулагдсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудлаар М ХХК нь шүүхэд өгч үүний дагуу шүүхийн шийдвэр  гаргасан,  хариуцагчийн зүгээс сөрөг   нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, төлбөр төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шүүх даалгасан.

Гэтэл М ХХК нь урьдчилан мөнгөнийх нь тодорхой хувийг нь төлсөн, хоёр автомашиныг худалдан авагчийн ямар нэг зөвшөөрөлгүй, бусад этгээдэд шилжүүлэн өгсөн явдал нь маргаан дагуулж байна.

Өмнө гэрээний төлбөрийн үүрэг болон өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд гарч байсан боловч тухайн гэрээнээс татгалзах, өөр бусад үүрэг, эрхтэй холбоотой асуудлыг шүүх шийдээгүй, нөгөө талаас тухайн гэрээ нь бүрэн дуусаагүй, үргэлжилж байгаа гэж үзэхээр байна.

Учир нь тус гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй, тус гэрээний дагуу автомашины эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй зэрэг асуудал нь тус гэрээ бүрэн гүйцэд шийдвэрлэгдсэн гэсэн үг биш.

Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт худалдан авсан гэх автомашин нь өөрийнх нь эзэмшилд байхгүй, тухайн автомашиныг нь өөр этгээдэд шилжүүлээд өгсөн учраас уг автомашин худалдах, худалдан авах тухай гэрээний зарим хэсгээс татгалзаж өгсөн мөнгөө буцааж авах эрхтэй гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг 284 839 789 төгрөгийн хүрээнд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг, М ХХК ХХК-ийн ажилтан н.Урьханы авсан түлшний мөнгө 2 614 400, нийт 312 119 789 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Н ХХК-ийн  хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг, шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн үйл баримтад хамааралтай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/03511 дүгээр шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2678/С дугаартай шийдвэрээр эдгээр асуудалтай холбоотой маргаан шийдвэрлэгдсэн байна.

 

“Эрдэнэс Таван Толгой ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч М ХХК нь 14-62 УНУ, 14-65 УНУ, 14-67 УНУ, 14-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэслүүдийг “Шанд хурай” ХХК-д түрээслүүлэн, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэрлэлтийн гэрээний үүргийг биелүүлж нүүрс тээвэрлэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хэсэгт заасан шаардах эрх үүсээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Ажилтан н.Урьханы авсан түлшний мөнгө 2 614 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэргийн 100 талд авагдсан баримтаас үзэхэд “Урьхан гэж бичээд түлшний үнэ 2 614 400 төгрөг тушаав” гэх баримт авагдсан байх боловч Урьхан нь хариуцагч М ХХК-д ажилладаг ажилтан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг баримтыг үндэслэн М ХХК ХХК-ийг нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, “Эрдэнэс Таван Толгой ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2 614 400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөр өөр асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэг заалтад хамтатган оруулж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан “Э” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөгийг, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2 614 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдуулан шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.         

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц-ийн төлсөн 1 582 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН