Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2021/0063

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус  холбогдох;

            “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Е” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Н” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч Үнэлгээний хорооны дарга  Т.Н, нарийн бичгийн дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээд “Е” ХХК-ийн өмгөөлөгч С.Нургайып,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            “Н” ХХК  шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах тендерт манай компани оролцсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн  2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/937 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцсан. Тус албан бичигт манай компанийн тендерээс дараах үндэслэлээр татгалзсан байсан. Үүнд:

ТОӨЗ 5.2/в/ Танай компанийн үндсэн ажилтан барилгын инженер Д.Жанболат, цахилгааны инженер болон захирал А.А нарын дипломыг дугаараар нь шалгаж үзэхэд өөр хүний диплом байна гэсэн. Манай компани өөрийн инженер техникийн ажилтнууд болон түншлэлийн гишүүн “Хос шугам” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудын дипломыг тус тус нотариатаар баталгаажуулан хүргүүлсэн бөгөөд өөр хүний диплом байх үндэслэлгүй юм.

Тус тендерт шалгарсан “Е” ХХК-ийн тендерийн баримт бичигт танилцаж үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

ТОӨЗ 4.4 /а/-д Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ. /Тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай/ гэсэн.

“Е” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн  мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Эцсийн өмчлөгчийг тухайн шатны улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгэсэн байх ёстой.

ТОӨЗ-ны 5.2 /в/-д Дараах хүснэгтэд заасан инженер техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ гэсэн.

“Е” ХХК-ийн цахилгааны инженер С.Жанарбек, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Дауренбекийн иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан. Тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байх ёстой гэж үзэж байна.

ТОӨЗ-ны 14.1 /ж/-д Ажлын зураг, төсвийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль тогтоомж, журам зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэнэ/. Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10,628,100 төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1,371,900 төгрөгийг өөрийн төсөвт нэмж тусган ирүүлнэ гэж заасан.

“Е” ХХК нь ажлын төсвийг алдаатай хийсэн бөгөөд зураг төслийн үнэ, зохиогчийн үнэ зөрүүтэй ирүүлсэн.

ТОӨЗ-ны 14.1 /ж/-д Тендерт оролцогч нь ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас багагүй гүйцэтгэлтэй тохиолдолд  тендерээс татгалзах үндэслэл болно. 80 хувь буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ гэж заасан.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим хуудаснаас  харахад “Е” ХХК нь 2021 онд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн  өмчийн газраас зарласан Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны их засварын ажил БӨАОНӨГ/202101005 дугаартай тендерт шалгарсан байна. Энэ ажлын талаар гэрээ, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй байна. Мөн инженер техникийн ажилтнууд  давхцаж  байгаа бөгөөд 80-аас бага гүйцэтгэлтэй байна гэж үзэж байна.

Халуун усны барилга /Баян-Өлгий. Бугат сум/, БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо тендерийн бичиг баримтын шаардлагыг хангаагүй “Е” ХХК-ийг шалгаруулсан нь илт хууль зөрчиж байгаа гэж үзэж манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/134 дүгээр албан бичгээр хуулийн хугацаанд Сангийн яаманд гомдол гаргасан юм.

Сангийн яам нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тендертэй холбоотой гомдол гарсан тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс түр түдгэлзүүлэхийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3392 албан бичгээр болон утсаар мэдэгдсээр байхад Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/223 тоот албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е” ХХК-тай гэрээ байгуулсан талаар гэрээний хуулбарыг ирүүлсэн байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэдгийг нотолж байгаа юм

Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е" ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд ажлын 6 хоногийн дотор гэрээ байгуулсан.

Иймд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/, БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е” ХХК-тай Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н” ХХК 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тухайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 /а/-д Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ. /Тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай/ гэсэн шаардлага тавигдсан.

“Е” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн. Гэхдээ тухайн гэрчилгээний ар талд аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Эцсийн өмчлөгчийг тухайн шатны улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэмдэглэлээ хийлгэсэн байх ёстой.  Шүүхээс албан бичиг явуулж тус компанийн мэдээллийг авсан. 2021 оны 5 дугаар сарын 21-нд бүртгүүлсэн талаар тусгагджээ. Бид үүнийг сүүлд нөхөж хийлгэсэн гэж үзэж байгаа. Шүүх хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт байгаа гэрчилгээний хуулбарын хүрээнд дүгнэлт хийх ёстой. 

Нэхэмжлэгч “Н” ХХК-аас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тендертэй холбоотой гомдол гарсан тул 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс түр түдгэлзүүлэхийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3392 албан бичгээр болон утсаар мэдэгдсэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/223 тоот албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е” ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэгдсэн. Энэ нь Сангийн яамнаас гомдлыг хянах боломжгүй болгосон. Тиймээс шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Үүнд албан тушаалтнуудын буруутай ажиллагаа байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Яагаад ингэж хугацаа тогтоодог вэ гэхээр талуудаас гомдол гаргах, Сангийн яамнаас тодорхой хугацаанд хянахын тулд энэ хугацааг тавьж өгсөн. Гэтэл хуулийн энэ заалтыг зөрчиж 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. “Е” ХХК 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/935 тоот албан бичгээр шалгарсныг мэдэгдсэн байсан. Тооцоолж үзэхээр ажлын 6 хоног болж байгаа. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 05/8633 дугаар албан бичигт  “...шалгалтаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын ажилтан нь холбогдох хууль, журмын дагуу ажиллаж, тендер шалгаруулалттай холбоотой гомдол гарсныг захиалагчид мэдэгдсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн нэр бүхий албан тушаалтнууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, “Е” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн болно” гэсэн хариу өгсөн.

Дараагийн үндэслэл “Н” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан  хоёр ажилтны диплом хуурамч гэсэн үндэслэл байгаа. Тухайн хоёр хүний диплом яагаад хуурамч байсан талаар би тодорхой тайлбар хэлж мэдэхгүй байна. Гэтэл тендерт шалгарсан “Е” ХХК-ийн холбооны инженер Х.Дын диплом мөн хуурамч байсан. Гэтэл Үнэлгээний хороо 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хийхээр хуралдаад Х.Дын диплом хуурамч болж гарч ирэхэд, “...Х.Дыг бид таньж байгаа, энэ хуурамч байх үндэслэлгүй,  учраас энэ талаар тодруулга авъя” гээд хурлаа хойшлуулсан. Дараа нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад тодруулга авсан болгоод “Х.Д “Е” ХХК-ийн үндсэн ажилтан биш тэгээд ч энэ компанид хамааралгүй” гэж үзээд “Е” ХХК-ийг шалгаруулж байгаа нь хууль бус. Үнэлгээний хороонд тэгж тодруулга авах эрх байгаа эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ үүнээс “Е” ХХК-д давуу байдал олгосон нь харагдаж байна. Шалгах гэж байгаа бол “Н” ХХК-аас яагаад тодруулга авч болоогүй вэ. “Н” ХХК-ийн 2 диплом хуурамч, “Е” ХХК-ийн 1 диплом нь хуурамч гэдэг байдлаар харьцуулж тендер шалгаруулахгүй. Энэ нь тендерээс татгалзах шууд үндэслэл байх ёстой. “Е” ХХК-д илт давуу байдал олгосон нь хурлын тэмдэглэлээс ч харагдаж байна. Ямар ч хууль тогтоомжид тодруулга авахаар тендерийн үнэлгээг хойшлуулах заалт байхгүй. Ер нь аливаа тендер шалгаруулалт шударга явагдах ёстой. Аль нэг компанид давуу байдал бий болгож болохгүй. Тендерт оролцохоор санал ирүүлсэн компаниудын тендерийн аль нь ч шаардлага хангахгүй байгаа бол дахин зарлах ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэв.

 Хариуцагч Үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн болон  Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч   бөгөөд нарийн бичгийн дарга Х.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/341 тоот захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Халуун усны барилга /Баян- Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаар бүхий  ажил 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зарлагдаж, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахим урилгад заасны дагуу нээлт хийсэн.

“Н” ХХК-аас дараах үндэслэлээр татгалзсан. 

“Н” ХХК-ийн ерөнхий инженер Дондог овогтой Жанболатын дипломын дугаараар /D201200427/ http://www.must.edu.mn/mn/alumni линкээр орж шалгаж үзэхэд Бүрэнбаатар Азжаргал нэртэй хүний диплом гарч байгаа. Баримтыг хавсаргав.

“Н” ХХК-ийн захирал, цахилгааны инженер Асгут Ахмаралын дипломын дугаараар /D201532114/ http://www.must.edu.mn/mn/alumni линкээр шалгаж үзэхэд Гантөгс Ганцог нэртэй хүний диплом гарч байгаа. Баримтыг хавсаргав.

Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг тогтоогдож байна.

1.“Е” ХХК-ийн гэрчилгээний ар талд гүйцэтгэх захирлаар Үмитхан овогтой Хайратбекийг томилсон  байна. Цахимаар бүртгүүлсэн гэж үзсэн.

2.“Е” ХХК-ийн материал дотор С. Жанарбек болон Ж. Дауренбек нэртэй хүмүүс байхгүй байна. Нэр төстэй С. Жарасбек, Ж.Дауырбек нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан нь тендерээс татгалзах үндэслэл гэж  үзэхгүй байгаа. Иргэний үнэмлэхийн хугацаа дууссанаар Монгол улсын иргэнээс хасагдахгүй.

3.Захиалагч тендерийн баримт бичигт зураг төслийн үнэ 10,628,100 төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1,371,900 төгрөг гэж шаардсан ба нийт 12,000,000 төгрөгийг зураг төсвийн компани авах ёстой байсан. “Е” ХХК ажлын төсөв дээр зураг төслийн үнэ болон  инженер хайгуул зураг төслийн ажилд 13,284,971 төгрөг зураг төслийн компанид шилжүүлэхээр төсөв хийж ирүүлсэн байна. Гол нь дутуу ирүүлээгүй тул Үнэлгээний хороо тус компанийн төсвийг шаардлага хангасан гэж үзсэн.

4.“Е” ХХК-ийн шалгарсан Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны их засварын ажил БӨАОНӨГ/202101005 дугаартай ажил нь засварын ажил тул татгалзах үндэслэл биш. ТОӨЗ 14.1(ж) Тендерт оролцогч нь гүйцэтгэж байгаа ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан.

“Н” ХХК-ийн ирүүлсэн материалд бусад ажилчид нь биш захирал нь хүртэл хуурамч дипломтой тендер ирүүлж байгаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн. Ижил төстэй ажил хийсэн гэж ирүүлсэн “Амгалан сувиллын барилга угсралтын  ажил”-ын комиссын акт нь хүртэл Засгийн газрын 2018 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 317 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулаагүй байгаа тул цаашид шалгах шаардлагатай.

Иймд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан байх тул хуурамч материал ирүүлсэн, түншлэл зөвшөөрөхгүй гэж ТББ-д тусгасан байхад  түншлэлийн гэрээгээр тендерт оролцсон,  ижил төстэй ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус компанийг шалгаруулах боломжгүй тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бугат сумын Халуун усны барилгын ажлын Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/341 тоот захирамжаар байгуулсан. Үнэлгээний хороо уг тендерийг хуулийн хугацаанд зохион байгуулж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд 4 компани оролцсон байсан. Эдгээр 4 компаниас “Е” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж  байгаа.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасныг “Н” ХХК хангаагүй. Ямар шаардлагыг хангаагүй вэ гэхээр ерөнхий нөхцөл шаардлага, санхүүгийн чадавхи, техникийн чадавхи, туршлага мөн тендерийн бичиг баримтад заасан бусад шаардлага.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.1-д “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар” гэж заасан. Үнэлгээний хороо хуулийг уг заалтыг үндэслэн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /в/-д ерөнхий инженер болон цахилгааны инженерийн дипломын хуулбарыг ирүүлэхийг шаардсан байна. Тэгэхэд “Н” ХХК-ийн ерөнхий инженер Д.Жанболатын, мөн компанийн захирал, цахилгааны инженер А.Аын  дипломын дугаараар нь шалгаж үзэхэд Б.Азжаргал, Г.Ганцог гэдэг хүний нэр дээр гарч хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь нотлогдсон. Энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг зөрчиж ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварын талаар хуурамч бичиг баримт ирүүлсэн учраас хуулийн 27.1, 27.3, 27.4-д зааснаар “Н” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

“Н” ХХК нь ижил төстэй ажлын туршлагаа нэмэхийн тулд судалгаа хийлгүйгээр үнийн саналаа үндэслэлгүй буулгаж ирүүлсэн нь уг ажил нь чанаргүй хийгдэх магадлал өндөр байсан. “Е” ХХК 285  сая төгрөгөөр оруулж ирсэн ба  хуулийн 27.1, 27.3, 28.3-д заасныг бүрэн хангаж байсан тул 28.7.4-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзээд Үнэлгээний хороо шалгаруулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд аймгийн Засаг даргад дүгнэлтээ ирүүлсэн тул Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

Гуравдагч этгээд “Е” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Н” ХХК нь хуурамч бичиг баримт ашиглан тендерт оролцсон болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл  барилгын инженер Д. Жанболат, цахилгааны инженер болон захирал А.А нарын диплом нь хуурамч, төгссөн гэх их сургуулиудын төгсөгчдийн нэгдсэн системд бүртгэлгүй, өөр хүний дипломын дугаарыг ашигласан байна. “Н” ХХК нь хуурамч бичиг баримт ашиглан тендерт оролцсон талаарх гомдлыг Цагдаагийн газарт өгч шалгуулах болно. “Н” ХХК нь нэгэнт хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон учраас шууд хасагдах шалтгаан болно.

Манай компанийг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй, түүнд эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай гэсэн байна. Тендерийн бичиг баримтад улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хүргүүлж байсан ба эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Манай компани эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг  улсын бүртгэлээс тодруулж болно.

Манай ХХК-ийн цахилгааны инженер С.Жанарбек, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж. Дауренбек нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн дурджээ. ТОӨЗ-ны 5.2.в хэсэгт “Гэрээг хэрэгжүүлэх, удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл”-ийг шаардсан. Манай компанийн  боловсон хүчний мэдээллийг үнэн зөв байдлыг хангах үүднээс иргэний үнэмлэхийн мэдээллийг оруулсан юм. Түүнээс биш хугацаа дуусаагүй үнэмлэхийн хуулбарыг шаардаагүй.

Ажлын төсвийг алдаатай хийсэн бөгөөд зураг төслийн үнэ, зохиогчийн үнэ зөрүүтэй ирүүлсэн гэсэн. Төсөв нь зөрүүтэй хийгдсэн гэж байгаа боловч тухайн зөрчил дутагдал тухайн ажлыг гүйцэтгэлд нөлөөлөхөөргүй байгаа болно. Төсвийн хүрээнд багтаж ажил гүйцэтгэхээр байгаа. Тооцооны хувьд жижиг алдаа нь тухайн тендерийг гүйцэтгэхэд саад болохгүй гэж үзэж байна.

Тендерт оролцогч нь ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас багагүй гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. /80% буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол  захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ/ гэснийг манай компани хангаагүй гэжээ. 2021 онд Баян- Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан  Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны их засварын ажилтай холбоотой мэдээллийг хүргүүлээгүй хэмээн маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь би тухайн тендерт оролцохоос өмнө засварын ажил нь ижил төстэй барилга угсралтын ажилд хамаарах эсэхийг тодруулахад Үнэлгээний хорооноос засварын ажил барилга, угсралтын ажилд хамаарахгүй хэмээн тодруулга өгсөн тул үүнтэй холбоотой материалыг хүргүүлээгүй болно.

Манай компани нь “Халуун усны барилгын / Баян- Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г байгуулан ажиллаж байгаа ба гэрээний дагуу холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа болно.

 Иймд  хуурамч бичиг баримт ашиглан тендерт оролцсон “Н” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.         

             Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

            Нэхэмжлэгч талаас гаргасан 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Нэхэмжлэл гаргаж байгаа компанийн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай инженер, техникийн ажилтны 2 нь хуурамч дипломтой, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан 1 ажилтан нь дутуу байна. Өөрөөр хэлбэл инженер, техникийн ажилтан байхгүй компани шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна. Энэхүү тендерийн бичиг баримт буюу өгөгдлийн хүснэгтийн 6.1-д  тухайн гэрээний үр дүн мөн хариуцлагын үүднээс 2 буюу түүнээс дээш компанийг хамтран оролцохыг,өөрөөр хэлбэл түншлэлийг зөвшөөрөөгүй байсан. Зөвшөөрөөгүй гэдэг нь тендерийн бичиг баримт боловсруулсан Үнэлгээний хорооны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Гэтэл нэхэмжлэгч  компани түншлэлээр орж ирсэн. Нэхэмжлэгч компанийн 3 ажилтан нь дутуу, дээрээс нь өөр нэг түнш байгууллагын инженер, техникийн ажилтнуудын хамт энэхүү ажлыг гүйцэтгэнэ гэдэг үүднээс орж ирсэн асуудал байгаа. Өгөгдлийн хүснэгтийн 5.2 /и/ хэсэгт байгаа асуудал ерөнхий зохицуулалт байгаа. Сангийн яамнаас загвар боловсруулж өгсөн. Тэр загварын хэмжээгээр туслан гүйцэтгэгч 10-аас дээш хувийн ажлыг гүйцэтгэхээр байвал түншлэлийн гэрээ байгуулна гэдэг зарчмын шинжтэй жишиг болгосон заалт байгаа. Ямар ч тендерт 10 хувиас дээш хувийг түншлэлээр гэрээ байгуулах  ёстой гэдэг асуудал. Өгөгдлийн хүснэгтэд түншлэлтэй холбоотой гол шаардлага нь 6.1-д тавигдсан. Үүнийг мэдсээр байж түншлэлээр тендерт оролцож байгаа явдал нь тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

            “Н” ХХК-ийн ижил төстэй ажилтай холбоотой улсын комиссын акт авагдаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хоёр компанийн хоорондын захиалгын гэрээ, ажил хүлээлцүүлж авсан тэмдэглэлийг тендерийн бичиг баримтад хүргүүлсэн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүргүүлээгүй.  Нэхэмжлэгч компани тухайн тендерийг хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй, чадваргүй, инженер, техникийн ажилтан нь дутмаг, түншлэлийг зөвшөөрөөгүй байхад түншлэл оруулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин энэхүү компани хэд хэдэн үндэслэлээр тухайн шалгаруулсан тендерийг хүчингүй, Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт хүчингүй болох ёстой гэж байгаа нь үндэслэлгүй.

Үнэлгээний хорооны шийдвэрээр гуравдагч этгээд болох “Е” ХХК-ийг тухайн ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан явдлыг буруутгах ямар нэгэн боломж байхгүй. Монголын Цахилгаан холбоо төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг инженер Х.Д гэдэг хүнийг мэдээлэл холбооны инженерээр ажиллуулах тухай гэрээг ирүүлснийг Үнэлгээний хороо мэдсэн. Тухайн үед Х.Дын дипломыг шалгахад, диплом нь өөр хүний нэр дээр гарч ирсэн асуудал байна. Гэхдээ Үнэлгээний хороо тухайн үед үүнийг яагаад зөвшөөрсөн бэ гэдэг асуудал  тэмдэглэлд тодорхой дурдагдсан байгаа. Х.Д гэдэг хүнийг бид бүгдээрээ танина, тэр хүний мэдлэг, туршлагад эргэлзэхгүй байна. Х.Д 11 жил ажиллахдаа Баян-Өлгий аймагт зарлагдсан бүхий л барилга байгууламжийн захиалгын гэрээнд мэдээлэл холбооны технологийн холболтыг хийж, тохиргоог тохируулж ажиллаж ирсэн хүн. Одоо ч бүх байгууллагын интернэт тоног төхөөрөмжийн бүх холболтыг хийж байгаа ганцхан инженер учраас Үнэлгээний хороо зөвшөөрсөн. Нөгөөтээгүүр, Х.Дыг санал болгосон компаниас тодруулга авсан. “Е” ХХК Х.Дыг гэрээний үндсэн дээр ажиллуулж байгаа, компанийн үндсэн ажилтан биш, үндсэн ажилтан биш учраас бид хэдийд ч өөр хүнээр сольж гүйцэтгүүлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа. Өгөгдлийн хүснэгтийн 5.2 /в/ хэсэгт “инженер техникийн ажилтнуудыг зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд захирлын тушаалаар томилон ажиллуулах бөгөөд 60 хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай” гэж заасан. Тэгэхлээр 60 хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан, үлдсэн хувь нь гэрээгээр ажиллуулах боломжтой гэсэн үг. Тухайн байгууллагын үндсэн ажилчдын бичиг баримтыг шалгах асуудал яригдана. Энэ нь өөрөө тухайн ажлыг хийж гүйцэтгэх баталгаа болж байгаа. 60 хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байж, ажил хугацаандаа чанартай хийгдэнэ гэсэн үг. Гэрээт ажилтан цаашид ямар нэгэн байдлаар ажиллах боломжгүй болсон ч өөр нэгэн ажилтнаар сольж гэрээ байгуулан тухайн ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Х.Д гэдэг хүн “Е” ХХК-тай гэрээ байгуулах үед хуурамч дипломтой гэдгээ мэдэгдээгүй. Тэгээд ч өнөөдөр тухайн ажлыг Х.Доор гүйцэтгүүлчихсэн асуудал байхгүй. Мэдээлэл холбооны ажлууд хийгдээгүй дутуу байгаа. Цаашид энэ ажлыг Т.Галбадрах гэдэг хүнээр гүйцэтгүүлнэ гэж тухайн хүний диплом, иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь мэдээлэл холбооны ажлыг хийхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй гэдэг нь тогтоогдож байна.

“Н” ХХК-ийн дараагийн үндэслэл болгож байгаа асуудал нь ижил төстэй ажилтай холбоотой. “Е” ХХК тухайн тендерт оролцохоос өмнө засварын ажлаа хийж байгаа, одоохондоо дуусаагүй учраас тухайн тендерт оролцох боломжтой юу гэдгийг Үнэлгээний хорооноос  тодруулсан. Тендерт оролцоход засварын ажил хамаарахгүй гэсэн учраас материалаа хүргүүлж тухайн тендерт оролцсон. Засварын ажил угсралтын ажилд хамаарахгүй учраас нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй.

            “Е” ХХК төсөв дээр алдаа гаргасан гэсэн зүйл ярьж байна. Төсөв дээр алдаа гаргаагүй, тухайн төсөв нь хүрэлцээтэй байсан. Зарим нэг төсөвт илүү мөнгө төлөвлөсөн. Илүү мөнгө төсөвлөсөн асуудал энэхүү ажил хийгдэхгүй гэсэн зүйл биш, харин ч дутуу төсөвлөөгүй учраас тухайн ажлуудыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх боломжтой. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж заасан. Энэ их хэмжээний зөрүү, алдаа биш учраас энэ тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч талаас ажилтны иргэний үнэмлэхийн хугацаа дууссан гэсэн зүйл ярьж байгаа. Иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж, дахиж үнэмлэх авахаар захиалга өгчихсөн хүмүүс байгаа. Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан гэж тендерээс татгалзвал үндэслэлгүй татгалзал байх байсан.

            Мөн “Е” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгч нь бүртгэгдээгүй гэсэн зүйл ярьж байна. Өгөгдлийн хүснэгтэд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар хуулбарлан ирүүлнэ гэж заагаад өгсөн. Харин хаалт дотор энэ компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. “Е” ХХК 5 дугаар сард эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. Үнэлгээний хороо хуралдах үед үүнийг цахимаар тодруулж, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна гэдгийг үзсэний эцэст энэ шаардлагыг хангасан гэж үзсэн. “Е” ХХК-ийн ганцхан өмчлөгч Ү.Хайратбек учраас үүнд ямар ч маргаан байхгүй. Энэ эцсийн өмчлөгчтэй холбоотой асуудал тухайн гэрээг гүйцэтгэхэд ямар нэгэн  саад болохгүй.

            Мөн тендерийг дахин зарлах гэсэн шаардлага гаргасан. Тендерийг эхнээсээ зарлах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тухайн ажилд төсөвлөгдсөн төсвийн 70 сая  төгрөгийн гүйцэтгэлээ бичээд ажлаа хийчихсэн. Тухайн ажлын суурь ажлыг ерөнхийдөө 100 хувь хийсэн, одоогийн байдлаар ажлын 40 хувь нь хийгдсэн. Өөрөөр хэлбэл тендерийг дахин зарлах шийдвэр гаргах юм бол хэзээ ч биелэгдэх боломжгүй шийдвэр болно. Мөн дахин зарлахтай холбоотой шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрөөж байж, 2 сарын дараа шаардлага ихэсгэсэн. Шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацааг өнгөрөөж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж гаргасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэвэл нэхэмжлэгч компанийн эрх ашиг сэргээгдэх боломжгүй байдал үүснэ. Энэ компанийн захирал нь өөрөө хуурамч дипломтой, инженер техникийн ажилтнууд нь хуурамч дипломтой, мөн ажилчид нь дутуу ийм компани түншлэлийг зөвшөөрөхгүй байхад өөр нэг компанийн ажилтнуудыг нэмж аваад оролцсон. “Н” ХХК тухайн тендерт шалгарах ямар ч боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  А/341 дүгээр  захирамжаар Бугат сумын Халуун усны барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон  шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлснээр  “Хөх тас” ХХК,  “Лаулау” ХХК, “Е” ХХК, “Н” ХХК-ууд тендер ирүүлжээ.

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээн энэ талаар тэмдэглэл үйлдэж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 02,08-ны өдөр  бүх тендерийг хянан үзээд “Хөх тас” ХХК,  “Лаулау” ХХК,“Н” ХХК-ийн  тендерүүд нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй  гэж үзэн татгалзаж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Е” ХХК-ийн  тендерийг  захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн.

 Захиалагч аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/935 дугаар албан бичгээр “Е” ХХК-д гүйцэтгэгчээр  шалгаруулсан  талаар, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/937 дугаар албан бичгээр “Н” ХХК-д тус компанийг шалгаруулаагүй, “Е” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн, улмаар “Е”  ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г байгуулсан  болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж  тус тус зохицуулжээ.

1.Захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын  нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг  болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн[2] ТОӨЗ 4.4 (а) хэсэгт “Улсын бүртгэлийн гэрчилгээний  эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ./Тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь  эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай/” гэж заасан.

Нэхэмжлэгчээс “Е” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчийн мэдээллээ  улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй байгаа нь шаардлага хангахгүй байна гэж маргасан ба хариуцагч Үнэлгээний хорооноос ““Е” ХХК-ийн гэрчилгээний  ар талд гүйцэтгэх захирлаар  Үмитхан овогтой Хайратбекийг  томилсон талаар тусгагдсан байсан, цахимаар бүртгүүлсэн  гэж үзсэн”  гэсэн тайлбар гаргасан.

Гуравдагч этгээд “Е” ХХК-аас тендерийн баримт бичигтээ ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  Үмитхан овогтой Хайратбекийг  гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх ба  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[3] “Е” ХХК-ийн үүсгэн байгуулагч,хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ,гүйцэтгэх  удирдлага нь нэг хүн буюу Ү.Хайратбек болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн цахимаар бүртгүүлсэн  гэж үзээд тухайн шаардлагыг хангасан  гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2(в) хэсэгт “-инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-т заасны дагуу  бөглөж ирүүлнэ, -дээрх инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгчээс ““Е” ХХК-ийн цахилгааны инженер С.Жанарбек, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Дауренбекийн иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан. Тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байх ёстой” гэж маргасан.

“Е” ХХК-ийн тендерийн баримт бичигт инженер,техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-оор гаргасан, уг жагсаалтад  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан  Ж.Дауырбек,  цахилгааны инженер С.Жарасбек гэж тусгаж, тухайн инженер,  техникийн ажилтны иргэний үнэмлэх, бакалаврын диплом,мэргэшлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн байна.  Иргэн Ж. Дауырбек,  С.Жарасбек нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан, иргэний үнэмлэхээ солиулаагүй байгаа нь тухайн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, мөн гуравдагч этгээдээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан баримт бичгийг бүрэн ирүүлсэн байх тул тухайн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

3.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1(ж) хэсэгт “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг  өөрийн тендерт ирүүлнэ.Үүнд: 2.Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10.628.100 төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1.371.900 төгрөгийг өөрийн төсөвт нэмж  тусган ирүүлнэ. 10. Тендерт оролцогч нь  гүйцэтгэж байгаа ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас бага гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд  тендерээс татгалзах үндэслэл болно./80 хувь буюу түүнээс  дээш хувийн гүйцэтгэлтэй бол  захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан  баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ/” гэж  тус тус заасан.

Нэхэмжлэгчээс “”Е” ХХК нь  ажлын төсвийг алдаатай хийсэн бөгөөд  зураг төслийн үнэ, зохиогчийн үнэ зөрүүтэй  ирүүлсэн. Мөн тус компани нь  2021 онд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан  Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны  их засварын ажлын тендерт шалгарсан ба энэ ажлын талаар гэрээ, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй байна, мөн  инженер техникийн ажилтнууд нь давхцаж байгаа бөгөөд 80 хувиас бага  гүйцэтгэлтэй гэж үзэж байна” гэж  маргажээ.

“Е” ХХК-ийн тендерийн баримт бичигт  тэргүүлэх төсөвчин А.Жайнаганы зохиож баталгаажуулсан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 8 хүний халуун усны барилга угсралтын ажлын төсөв”-ийг ирүүлсэн байх ба  уг барилга угсралтын ажлын нэгдсэн товчоонд  зураг төслийн дүн 12.000.000 төгрөг, инженер хайгуулын дүн 1.284.791 төгрөг гэж тус тус тусгасан байх тул Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан хяналтын төсөвт тусгасан зураг төсөл, инженер хайгуулын ажлын дүн 12.000.000 төгрөгийг өөрийн төсөвт нэмж  тусган ирүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Бугат сумын Халуун усны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичиг[4] болон Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс[5] үзэхэд тендерт оролцогчийн гүйцэтгэж байгаа ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас бага гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд  тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн шаардлага тавигдсан, өөрөөр хэлбэл гүйцэтгэж байгаа  ижил төстэй барилга угсралтын ажил байгаа тохиолдлыг ойлгох бөгөөд “Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны  их засварын  БӨАОНӨГ/202101005 дугаартай ажил” нь барилга угсралтын ажил биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

4. Харин Үнэлгээний хорооноос  “тус компанийн  үндсэн ажилтан  барилгын инженер Д.Жанболат, цахилгааны инженер болон захирал А.А нарын  дипломыг дугаараар шалгаж үзэхэд  өөр хүний диплом байна, ТОӨЗ 5.2(в)-д заасан шаардлагыг хангаагүй ” гэж дүгнээд  “Н” ХХК-ийн  тендерээс  татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: 14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж  тус тус зохицуулжээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в) хэсэгт “Дараах хүснэгтэд заасан  инженер, техникийн ажилтнуудыг  ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ. Ерөнхий инженер -1 /мэргэжил барилгын инженер/, барилгын инженер-1, цахилгааны инженер-1 /мэргэжил цахилгааны инженер/,  ус хангамж , ариутгах татуургын инженер-1, халаалт агаар сэлгэлтийн инженер-1, холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженер-1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан -2, -инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-т заасны дагуу  бөглөж ирүүлнэ, -дээрх инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ, -инженер техникийн ажилтнууд гэрээгээр ажиллах бол  тухайн төсөл арга хэмжээнд ажиллах гэрээ, диплом, мэргэжлийн үнэмлэх, цахим үнэмлэхүүдийн хуулбарыг  тус тус нотариатаар баталгаажуулж ирүүлнэ,  -инженер техникийн ажилтнуудыг зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд захирлын тушаалаар  томилон ажиллуулах бөгөөд 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай тул 2020 оны 10,11,12, 2021 оны 1,2,3,4 дүгээр саруудын  нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлнэ” гэж заасан.

“Н” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 000167209 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар  2018 оны 12 дугаар сарын 27-нд Асгут овогтой Ахмаралыг  захирлаар томилсныг бүртгэсэн байх ба  тус компаниас тендерийн баримт бичигтээ ирүүлсэн “Голлох мэргэжилтнүүдийн мэдээлэл” гэсэн инженер, техникийн ажилтнуудын жагсаалтад ерөнхий инженер  Д.Жанболат,  цахилгааны инженер А.А  гэж тусгасан. Мөн Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийн талбай дээр ажил удирдан гүйцэтгэгч, барилгын ерөнхий инженерээр Д.Жанболат, цахилгааны инженерээр А.А нарыг  тус тус  томилсон “Н” ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дүгээр тушаал, Д.Жанболат, А.А нарын бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн  хуулбар, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 10,11,12, 2021 оны 1,2,3,4 дүгээр саруудын  нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын Маягт НД-8-ыг тус тус ирүүлсэн ба уг маягтад тусгаснаар Д.Жанболат, А.А нарын сүүлийн 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тус компаниас төлсөн байна.

 Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс[6] үзэхэд тус хурлын үеэр https://www.must.edu.mn/mn/alumni линкээр Д.Жанболат,А.А нарын дипломыг  дугаараар  шалгаж үзэхэд Б.Азжаргал, Г.Ганцог нарын  диплом гэж гарсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  төгсөгчдийн мэдээллийн санд БЗ90112831 регистрийн дугаартай Дондогийн Жанболат, БК88102123 регистрийн  дугаартай Асгутын Ахмарал нарын  мэдээлэл бүртгэлгүй болох нь  тус сургуулийн  Сургалтын хөтөлбөрийн  бүртгэлийн албаны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 27/21 дугаар албан бичгээр[7] тогтоогдсон болно.  

Дээрх байдлаар нэхэмжлэгч “Н”  ХХК-ийн үндсэн ажилтнууд болох ерөнхий инженер Д.Жанболат,  цахилгааны инженер А.А нар нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдож байх тул компанийн захирал бөгөөд цахилгааны инженерээр ажиллах А.А болон ерөнхий инженер Д.Жанболат нар нь тухайн асуудлыг мэдсээр байж тендер шалгаруулалтад дээрх баримт бичгүүдийг бүрдүүлж оролцсоныг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэхээр байна.

Үүнээс гадна  хариуцагчаас “түншлэл зөвшөөрөхгүй гэж тендерийн баримт  бичигт тусгасан байхад “Н”  ХХК нь түншлэлийн гэрээгээр тендерт оролцсон” гэж маргасан ба  нэхэмжлэгч “Н” ХХК  тендерийн баримт бичигтээ “Барилга угсралт 2.2.1 заалтын  дагуу барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж,гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөлтэй  “Хос шугам” ХХК-тай байгуулсан “Бугат сумын Халуун усны барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ”-г ирүүлсэн.  Уг гэрээнд зааснаар түншлэгч “Б” тал болох “Хос шугам” ХХК нь барилга угсралтын ажлын 30 хувь буюу  халуун усны барилга байгууламжийн  дотор ус хангамж, ариутгах татуургын  шугам сүлжээ,  тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний  угсралт, дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног  төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний  угсралт, заслын ажлыг  гүйцэтгэхээр  тохиролцжээ.

“Н” ХХК болон “Хос шугам” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудын жагсаалт, холбогдох бусад баримт бичгүүдээс үзэхэд ерөнхий инженер,  цахилгааны инженер нь   “Н” ХХК-ийн үндсэн ажилтан бөгөөд халаалт, агаар сэлгэлтийн инженер, холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженертэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан,   барилгын инженер, ус хангамж , ариутгах татуургын инженер,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан  нь “Хос шугам” ХХК-ийн үндсэн ажилтнууд байна. Мөн мэргэжлийн ажилчдын жагсаалтыг ирүүлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын Маягт НД-8-ыг ирүүлээгүй байна.

Гэтэл Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар[8] тендерийн баримт бичигт “түншлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн шаардлага тусгахаар шийдвэрлэсэн, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.1  хэсэгт түншлэлийг “зөвшөөрөхгүй” гэж заасан байх тул  БА-2.1,БА-6.3,БА-6.4,БА-8.1 заалтын  дагуу  ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй  “Н”  ХХК-ийн хувьд  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в) хэсэгт заасан “БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж,гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.2. Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж,гадна салбар шугам сүлжээний угсралт”-ын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлага,  ТОӨЗ 5.2 (в) хэсэгт заасан барилгын инженер-1, ус хангамж, ариутгах татуургын инженер-1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан -2 байх гэсэн шаардлага,мөн инженер, техникийн ажилтнуудын 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг тус  тус хангаагүй байна гэж үзлээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үнэлгээний хороо 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хийхээр хуралдаад Х.Дын диплом хуурамч болж гарч ирэхэд энэ талаар тодруулга авъя гээд хурлаа хойшлуулсан. Дараа нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад тодруулга авсан болгоод “Х.Д “Е” ХХК-ийн үндсэн ажилтан биш тэгээд ч энэ компанид хамааралгүй” гэж үзээд “Е” ХХК-ийг шалгаруулж байгаа нь хууль бус. Үнэлгээний хороонд тэгж тодруулга авах эрх байгаа эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ  “Е” ХХК-д давуу байдал олгосон нь харагдаж байна. Шалгах гэж байгаа бол “Н” ХХК-аас яагаад тодруулга авч болоогүй вэ. “Н” ХХК-ийн 2 диплом хуурамч, “Е” ХХК-ийн 1 диплом нь хуурамч гэдэг байдлаар харьцуулж тендер шалгаруулахгүй. Энэ нь тендерээс татгалзах шууд үндэслэл байх ёстой” гэж маргасан.

Хариуцагч Үнэлгээний хорооноос ““Н” ХХК-ийн үндсэн ажилчид болох ерөнхий инженер болон захирал, цахилгааны инженер хоёрын диплом нь хуурамч  байсан. Тэд үндсэн ажилчид учраас тэдний диплом хуурамч гэдгийг мэдэж байгаа гэж “Н” ХХК-аас тодруулга аваагүй. “Е” ХХК-ийн холбоо дохиоллын инженер нь гэрээт ажилтан болохоор тэр хүний дипломыг харах боломжгүй учраас тодруулга авсан. “Е” ХХК-ийн холбоо дохиоллын инженер нь гэрээгээр ажиллаж байгаа болохоор тэр хүнийг сольж болно гэж үзсэн” гэж тайлбарлажээ. 

“Е” ХХК нь тендерийн баримт бичигтээ инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-оор гаргасан, уг жагсаалтад  холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженер /гэрээт/ Х.Д гэж тусгаж, түүнтэй 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ”,  иргэний үнэмлэх, бакалаврын дипломын  нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус ирүүлсэн байна.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно”, 26.10-т ”Захиалагч энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж ирүүлсэн тайлбар, тодруулгыг бүртгэж хадгална” гэж зааснаар Үнэлгээний хорооноос гэрээт ажилтан Х.Дын талаар “Е” ХХК-аас тодруулга[9] авсныг  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

“Е” ХХК нь инженер, техникийн ажилтнуудын 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх  гэсэн шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн   захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага,тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан нь тогтоогдож   байх тул Х.Д  нь  “Е” ХХК-ийн үндсэн ажилтан биш учраас түүний диплом хуурамч гэдгийг ажил олгогч “Е” ХХК мэдэх боломжгүй байсан бөгөөд холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженертэй шинээр гэрээ байгуулан ажиллуулах боломжтой  гэж Үнэлгээний хорооноос үзсэнийг буруутгах боломжгүй. Энэ  асуудал нь Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т  ”Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно: 27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж зааснаар тухайн ажлын чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэх үндэслэлтэй, мөн тухайн тендер шалгаруулалтад  оролцсон бусад оролцогчид болон нэхэмжлэгч “Н” ХХК нь  захиалагчийн тогтоосон  тендерийн  баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй  тул “Е” ХХК-ийг шалгаруулсан нь мөн  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагааг  үр ашигтай буюу түргэн шуурхай, хэмнэлттэй явуулах зарчимтай нийцсэн байна гэж үзлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ: 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус зохицуулсан.

Дээрх байдлаар уг тендер шалгаруулалтад оролцогч  “Н” ХХК нь  инженер, техникийн ажилтны боловсролын талаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар ерөнхий нөхцөлийг, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх техникийн  чадавхи болон туршлагын шаардлагыг тус тус хангаагүй, мөн  барилга угсралтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай  зөвшөөрөлтэй байх  буюу тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл  тус компанийн тендер нь захиалагчийн тогтоосон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон.

 Харин гуравдагч этгээд “Е” ХХК–ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн  Үнэлгээний хорооны  дүгнэлтийг хууль бус гэж үзэх  үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул  Үнэлгээний хорооноос “Н” ХХК-ийн тендерийг  шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, “Е” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр  сонгон шалгаруулсан үнэлгээний дүгнэлт гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.2.1, 27.3,27.4,28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх  хэсэгтэй тус тус нийцсэн байх тул  уг дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймээс “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг  хүчингүй болгох үндэслэлгүй тул “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1-д заасан захиалагч бүх тендерээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй  болно.

Уг Үнэлгээний хорооны  дүгнэлтийн дагуу захиалагчаас “Е” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, ...гэрээ байгуулна” гэснийг зөрчиж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 дахь хоногт буюу  2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  гэрээ байгуулсан байгаа боловч уг гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн уг заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хувьд  “инженер, техникийн ажилтнуудын диплом нь  өөр хүний диплом байх үндэслэлгүй”,   гуравдагч этгээд “Е” ХХК нь шаардлага хангахгүй тендер ирүүлсэн байхад  гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Е” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” –аар маргасан.

Гэтэл гуравдагч этгээд “Е” ХХК-ийг захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангасан гэж үзэж, уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул уг дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд  нэхэмжлэгч “Н” ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлэн ерөнхий нөхцөл болон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн  чадавхи болон туршлагын шаардлага, бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсоноор    тус компанийн тендер нь “хамгийн сайн” гэж үнэлэгдэх, улмаар сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох боломжгүй  тул гуравдагч этгээд “Е” ХХК-ийг уг  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Иймд маргаан бүхий захиргааны актууд болох Үнэлгээний хорооны “Е” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй,   захиалагчаас тус компанитай байгуулсан  ажил  гүйцэтгэх гэрээг хуульд заасан хугацааг зөрчиж байгуулсан боловч тухайн актуудын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдөөгүй  байх тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Е” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.2.1, 27.3,27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх  хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч  “Н” ХХК-ийн Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон  Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Е” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 26,45-84,116-132,197-р хуудас

[2] Хэргийн 61-68-р хуудас

[3] Хэргийн 137-138-р хуудас

[4] Хэргийн 61-68-р хуудас

[5] Хэргийн 56-59-р хуудас

[6] Хэргийн 72-75-р хуудас

[7] Хэргийн 139-р хуудас

[8]  Хэргийн 56-59-р хуудас

[9] Хэргийн 78-р хуудас