Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

 

Нэхэмжлэгч: “П” ХХК /РД:******/

Хариуцагч: Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б, бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н

Гуравдагч этгээд: “Ж х” ХХК /РД:******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж Х” ХХК-ийн “Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж Х” ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай “Magic spoon” бренд Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагч: О.О, Б.О, Г.Б, Б.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0927/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П” ХХК-аас “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж Х” ХХК-ийн “Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж Х” ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай “Magic spoon” бренд Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэрээр: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан "П" ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б, тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н нарт холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж х”ХХК-ийн “Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж х”ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай “Magic spoon” брэнд Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухайд, Нэхэмжлэгч нь 2008 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дүгээр тушаалаар Ө.Мөнхчулууны “Халбага шар тос" бүтээлд дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл төрлөөр зохиогчийн эрх олгосныг, уг эрхийн эзэмшигчээр “П”ХХК-ийг бүртгэж, 13170 тоот Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон. Мөн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар “П”ХХК-ийн 30-2021-0004248 дугаартай мэдүүлэг бүхий "Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор бүтээгдэхүүний загварын патент олгосон. Гэвч нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнтэй давхцуулан гуравдагч этгээд болох “Ж х”ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09- ний өдөр гаргасан патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, шүүлт хийж байгаа талаар нэхэмжлэгч олж мэдсэн. Нэхэмжлэгч өөрийн зохиогчийн эрхийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын шийдлээ хамгаалж, Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу 30-2021-0004219 дугаартай патентын мэдүүлгийг тодорхой үндэслэлээр няцаан, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газарт эсэргүүцэл гаргаж патент олгохгүй байхыг хүссэн.

Тус эсэргүүцлийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн шинжээч томилох тухай А/96 дугаар тушаалаар хариуцагч ахлах шинжээч нар нь мэдүүлэгт дахин шүүлт хийж, 2022 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эсэргүүцлийг үгүйсгэн, “Ж х” ХХК-ийн бүтээгдэхүүний загварт патент олгох шийдвэр гаргасан Нэхэмжлэгч Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Маргаан шийдвэрлэх зөвлөл нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2. Шүүхээс хийсэн дүгнэлтүүдийн тухай:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д "Бүтээгдэхүүний загварыг, эсхүл түүнд хамаарах мэдээллийг зохион бүтээгч буюу мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон хэдий ч мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд тэрхүү өдрөөс хойш зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй" гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд гуравдагч этгээд болох “Ж х”ХХК-ийн мэдүүлэг гаргасан хугацаанаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Халбага шар тос” гэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлж, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр С Х, И м, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Номин сүлжээ гэсэн байгууллагуудтай худалдааны гэрээ байгуулж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нийлүүлэлт хийгдэж, худалдаанд гарч, байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн.

Түүнчлэн “П” ХХК нь уг бүтээгдэхүүний загварыг нийтэд илэрхий болгосноос хойш 3 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн бүтээгдэхүүний загвар нь гуравдагч этгээд “Ж х”ХХК-ийн бүтээгдэхүүний загвараас цаг хугацааны хувьд 3 сарын өмнөөс нийтэд илэрхий болсон учраас “П” ХХК-ийн бүтээгдэхүүн нь хуульд заасан шинэ гэх тодотголтой байхаар байна.

Мөн Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журмын 2 дугаар зуйлд "бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт шүүлт хийх", 2.4-д "Бүтээгдэхүүний загварын "шинэ" гэсэн шалгуурыг хангаж байгаа эсэхийг Монгол улсад мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээгдэхүүний загварын санд болон бусад хэвлэл мэдээллийн эх сурвалжид хайлт хийж, хайлтаар илэрсэн ижил төсөөтэй бүтээгдэхүүний загваруудтай жишиж харьцуулах аргаар шүүлт хийж, тогтооно" гэж заасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “..Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь дээрх анхдагч огнооноос өмнө нийтийн хүртээл болсон, тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн, худалдаалагдаж эхэлснийг үгүйсгэхээргүй боловч, бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо тогтоолгохтой холбоотой Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, хүсэлт, аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талын “...гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн нь шинэ байх/манай бүтээгдэхүүн нийтэд илэрхий болсон/ хуулийн шаардлага хангаагүй..." гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй" гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс мэдүүлэг хүсэлттэй холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд мөн хавтаст хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс ирүүлсэн байгааг анхан шатны шүүх бүрэн гүйцэт үнэлж, дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 8-д "... Оюуны өмчийн шинжээч нарын гаргасан “Бүтээгдэхүүний загварын шүүлтийн болон дахин шүүлтийн дүгнэлт”-үүдээр “Ж х” ХХК-д 30-2021-0004219 мэдүүлгийн дугаар бүхий патент олгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, учир нь (Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д "Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ"..." гэж дүгнэсэн байх боловч Патентын тухай хуулийн 25 дугаар зүйл нь "Шинэ бүтээл”-д патент олгохоор зохицуулсан заалт юм. Өөрөөр хэлбэл Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “шинэ бүтээл" нь байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэх арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг" хэлнэ гэж заасан бөгөөд энэ нь бүтээгдэхүүний загвараас ялгаатай байхад хуулийн буруу заалтыг үндэслэл болгож шүүхийн шийдвэрийг гаргасан байна.

3.4. Мөн Патентын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгох, зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж, шинийг санаачлах үйл ажиллагаа болон аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд оршино” гэж заасан байна.

Бүтээгдэхүүний загвар нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгохоор хуульд заасан, өөрөөр хэлбэл, ноос, ноолуур, зөгийн бал, сүү гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь бүтээгдэхүүний загвар биш, харин тэдгээрийг үйлдвэрлэгч, зах зээлд борлуулагчийн бусдаас ялгагдах зорилгоор зохиосон ялгагдах чадвартай илэрхийлэл нь бүтээгдэхүүний загвар болно. Гэтэл гуравдагч этгээд “Ж х”ХХК нь "Халбага шар тос" нэртэйгээр өнгө зураглалын хувьд ижил бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, бүтээгдэхүүний патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, бусад этгээд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан суурь өнгө зураглал бүхий илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчиж байна гэж үзэхээр байна.

3.5. Шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй тухай:  Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Патентын тухай хуульд заасан патент олгох шалгуур хангасан эсэхийг тогтоох дахин шүүлтийн дүгнэлт анхны шинжээчийн хийсэн шүүлтийн дүгнэлттэй ижил буюу тухайн хоёр компанийн сав баглаа боодлын загварууд тус тусдаа ялгарах шинж агуулсан, бие даасан, нэг нэгнийгээ хуулбарлан дуурайсан шинж үгүй, өөр өөрсдийн өнгө дизайн шийдлүүдээр ялгаатай, сав баглаа боодлын загвар байна хэмээн дүгнэсэн.  Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна", 25.1.3-д “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан.

Гэтэл шүүхийн зүгээс тусгай мэдлэг бүхий шинжээчийг оролцуулахгүйгээр хариуцагчаар өөрөөр нь маргаан бүхий дүгнэлтийг нотлуулж, зөрүүтэй байдлыг тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэж заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна” гэжээ.

4. Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “П”ХХК-иас Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б нарт холбогдуулан “...шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж х”ХХК-ийн “Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг”,  бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-т холбогдуулан “... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж х”ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай “Magic spoon” бренд Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг” тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... “Ж х”ХХК-ийн гаргасан 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 30-2021-0004219 дугаартай “Magic spoon” бренд-Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдэл нэртэй бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар олгосон, улсын бүртгэлийн 30-0003372 дугаартай “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан манай бүтээгдэхүүнтэй давхацсан; бүтээгдэхүүний загварын хувьд ижил бүтээгдэхүүнд патент олгохоор шийдвэрлэж байгаа хариуцагч нарын шийдвэр нь Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хуулийг зөрчихөөс гадна “П”ХХК-ийн патент эзэмшигчийн эрхэд ноцтой халдсан” гэж тодорхойлж маргасан бол,

2.2. Хариуцагч нараас “... хоёр компанийн сав баглаа боодлын загварууд нь тус тусдаа ялгарах шинж агуулсан, бие даасан, хуулбарлан дуурайсан шинжгүй, өнгө дизайны шийдлүүдээр ялгаатай; бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө бүтэц, хээ чимэглэлийн уран сайхны шийдлүүд хоооронд давхцаагүй учир патент олгохоор дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийн зохиогчийн болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж үзэхгүй; Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс “П”ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж,  

2.3. Гуравдагч этгээдээс “...зөгийн бал, шар тос зэрэг хоорондоо ижил төстэй харагдуулах шинж, загвар дүрслэл байхгүй гэж мэргэжлийн байгууллагаас шат дараалан дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл тогтоогдохгүй; “П”ХХК-ийн мэдүүлгийн анхдагч огноо 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бол “Ж х”ХХК-ийн мэдүүлгийн анхдагч огноо 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байхад патент олгоогүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж илэрхийлнэ.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтыг авч үзэхэд,

3.1. “П”ХХК нь “Халбага шар тос” нэртэй бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийтийн хүртээл болсон хэмээн “дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл” бүтээлийн төрлөөр мэдүүлсэн ба Оюуны өмчийн газрын дарга 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дүгээр тушаал гаргаж, тус бүтээлийн зохиогчоор Ө.М, эрх эзэмшигчээр “П”ХХК-ийг тодорхойлж, 13170 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон.

Тус компани “Халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүний загварын 30-21-0004248 дугаар мэдүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргахдаа бүтээгдэхүүний загварын 4 хувилбарыг тодорхойлж, шийдлийн хэлбэр хийц, өнгө дүрсийг тусгажээ.

3.2. Дээрх 30-21-0004248 дугаар мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварт Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Номиндарь мөн чанарын шүүлт хийж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүлтийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүний загварын тодорхойлолтоос “Хувилбар 3” болох нэг удаагийн хүнсний зориулалттай халбаганы хэлбэр, хэмжээний талаар дурдсан шийдлийг хасч, бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцлэлийг бус “шошго болон савлагааны хэвлэмэл загвар”-ыг бүртгэж патент олгохоор шийдвэрлэсэн ба Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэрээр, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноогоор гаргасан “П”ХХК-ийн бүтээгдэхүүний загварт патент олгож, улсын бүртгэлийн 30-0003372 дугаарт бүртгэсэн байна.

3.2. “Ж х”ХХК-ийн хувьд “Magic spoon” брэнд-зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдэл” нэртэй бүтээгдэхүүний загварт патент авахаар 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 30-2021-0004219 дугаар мэдүүлэг гаргаж, уг шийдлийн хэлбэр хийц, шинэ байдал, өнгө, дүрс чимэглэлийг тусгасан.

Дээрх 30-2021-0004219 дугаар мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварт Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н мөн чанарын шүүлт хийж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүлтийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүний загварын халбаганы хэлбэр, хийцлэлд бус уг бүтээгдэхүүний “шошго болон савлагааны хэвлэмэл загвар”-ыг бүртгэхээр шийдвэрлэсэн ч маргаан үүссэнтэй холбогдуулан түдгэлзсэн байна.

3.3. Гуравдагч этгээд “Ж х”ХХК-ийн 30-2021-0004219 дугаар мэдүүлгээр гаргасан бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсний дараа “П”ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эсэргүүцэл, няцаах нотолгоо гаргасантай холбогдуулан Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нар дахин шүүлтийн дүгнэлт гаргаж, “П”ХХК-ийн няцаах нотолгоонд хавсаргасан баримт нь “Ж х”ХХК-ийн “Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савалгаа” нэртэй 3 төрлийн загварыг няцаахгүй, патент олгох үндэслэлтэй гэжээ.

Улмаар бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар “П”ХХК-иас гаргасан гомдлыг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан таслах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хянаад, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол энэ асуудлаар гомдол гаргагчаас шүүхэд хандаагүй.

4. Анхан шатны шүүх, дээрх маргааны үйл баримтын хүрээнд “... хариуцагч шинжээч нарын гаргасан бүтээгдэхүүний загварын шүүлтийн болон дахин шүүлтийн дүгнэлтээр “Ж х”ХХК-ийн 30-2021-0004219 мэдүүлгээр гаргасан бүтээгдэхүүний загвар патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хууль /холбогдох зохицуулалт/-д нийцсэн; гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс нэг сарын өмнө анхдагч огноо бүхий мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан, харин “П”ХХК нь бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо тогтоолгохтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй; тухайн тохиолдолд халбаганд савласан, өнгө өнгийн уутанд савласан, аягатай уух зүйлд халбагыг дүрсэн, уламжлалт хүнсний зүйл болох шар тосыг савласан зэрэг бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах үндэслэл болохгүй; “Ж х”ХХК-ийн мэдүүлсэн бүтээгдэхүүний загвар нь “П”ХХК-ийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлээс гадаад шинж, гоо зүй, зураг төслийн хувьд ялгаатай гэж үзэхээр ба түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн (2)-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана” гэж,

Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 2 дугаар зүйлийн (7)-д “Холбооны гишүүн орон энэхүү конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар ба зургийг хамгаалах хэмжээ хүрээ, нөхцөлийг өөрийн хууль тогтоомждоо заах эрхтэй…” гэж,

Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (ТРИПС)-ийн 25 дугаар зүйлийн 1-д “Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц биш гэж үзэж болно. Гишүүд хамгаалалтыг техникийн буюу гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор голлон үүссэн загварт хамгаалалт олгохгүй байж болно.” гэж,

Оюуны өмчийн тухай хууль /2020 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: гээд 4.1.1.хууль дээдлэх; 4.1.3.оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална: гээд 5.1.1.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх; 5.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрх.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна: гээд 7.1.3. бүтээгдэхүүний загвар;” гэж,

Патентын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд 3.1.4.”бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг; 3.1.11. “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг; 3.1.15. “патент эзэмшигч” гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг; /хэлнэ/”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварыг энэ хуульд заасны дагуу олгосон патентаар хамгаална”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ”, 28.3-д “Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараах зүйлд бүтээгдэхүүний загварын патент олгохгүй: гээд 30.1.3.бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол;”, 33 дугаар зүйлийн 33.8-д “Бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод тухайн бүтээгдэхүүний загварын гадаад дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн шинэ болон өвөрмөц шинжийг тодорхойлон бичнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, патентын мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан хугацаанд эсэргүүцэл гаргасан бол оюуны өмчийн байгууллага нь эсэргүүцэл хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор анхны шинжээчийг оролцуулахгүйгээр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр мөн чанарын шүүлт дахин хийж, дүгнэлт гаргаж, сонирхогч этгээд болон мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Патентын эрхийн хамгаалалтын хүрээг …, бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно” гэж тус тус заасан.  

6. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтыг энэ хэсгийн 3-т заасан маргааны үйл баримттай холбогдуулан авч үзэхэд, бүтээгдэхүүний харагдах гадаад байдлыг тодорхойлдог бүтээгдэхүүний загвар нь шинэ буюу илэрхий бус, өвөрмөц байх зэрэг тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд оюуны өмчийн байгууллагаас патент олгох ба харин түүгээр хамгаалагдах эзэмшигчийн онцгой эрх нь бүтээгдэхүүний загварын хувьд мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод заасан хүрээгээр тодорхойлогдож, хуульд заасны дагуу бүртгэгдсэнээр хамгаалагддаг байна.

Харин Оюуны өмчийн газар мэдүүлгийг хүлээж авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварын шийдэл нь хуулиар тогтоосон патентлагдах чадварыг хангах эсэхэд мөн чанарыг шүүлт хийсний үндсэн дээр патент олгох эсэхийг шийдвэрлэдэг.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд, (а) “П”ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, 30-21-0004248 дугаар мэдүүлгээр гаргасан “Халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүний загвар; (б) “Ж х”ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотой, 30-2021-0004219 дугаар мэдүүлгээр гаргасан “Magic spoon” брэнд-зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдэл” нэртэй бүтээгдэхүүний загварууд нь харилцан хуулбарлан дуурайсан шинжгүй, өнгө дизайны шийдлүүдээр ялгаатай; бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, өнгө бүтэц, хээ чимэглэлийн уран сайхны шийдлүүд хоорондоо давхцаагүй болох нь Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн болон 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоол, хоёр хуулийн этгээдийн гаргасан бүтээгдэхүүний загварын мэдүүлэг, түүнд хавсаргасан бүтээгдэхүүний загварын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

8. Тодруулбал, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар бүтээгдэхүүний загварын патент олгож, улсын бүртгэлийн 30-0003372 дугаарт бүртгэгдсэн “П”ХХК-ийн “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нь шошго болон савлагааны хэвлэмэл загварын хувьд бүртгэгдэж, тус патентаар хамгаалагдсан.

Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдсэн шүүлтийн дүгнэлтээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины мэдүүлэгт заасан бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцлэл нь техникийн шийдлийн хувьд нийтэд илэрхий бус байх шаардлагыг хангахгүй болох нь ижил төстэй загварын шүүлтээр тогтоогдсон хэмээн бүтээгдэхүүний загварын тодорхойлолтоос хассан буюу патентаар хамгаалагдах бүтээгдэхүүний загварт хамаарахгүй гэж дүгнэсэн нь Патентын тухай хуульд заасан бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргах, түүнд патент олгохтой холбоотой холбогдох зохицуулалтад нийцжээ.

9. Түүнээс гадна цаг хугацааны хувьд “Ж х”ХХК нь “П”ХХК-иас түрүүлж бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргасныг оюун өмчийн байгууллага бүртгэсэн болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтооогдсон учир маргаан бүхий захиргааны актын улмаас “П”ХХК-ийн патент эзэмшигчийн эрхийг зөрчигдөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан суурь өнгө зураглалын бүхий илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ, маргааны үйл баримтад хамааралгүй Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг дурдсан нь учир дутагдалтай боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл биш юм.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудалд,

10.1. “П”ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гуравдагч этгээдэд гардуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, “Ж х”ХХК уг шаардлагад бичгээр тайлбар гаргаагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарахгүй болно.

Учир нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлд заасан эрхийн дагуу шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон ихэсгэсэн шаардлагын хүрээнд хариу тайлбар гаргасан, хэргийн оролцогчдоос энэ талаар гомдол гараагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзнэ.

10.2. Энэ хэсгийн 3, 7, 8-д заасанчлан “П” ХХК болон “Ж х” ХХК-иудын бүтээгдэхүүний загварын мэдүүлэг, тодорхойлолтод зааснаар патентаар хамгаалагдах хүрээнд бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцлэл хамаарахгүй учраас энэ асуудлаар шүүхээс тусгайлан шинжээч томилох шаардлагагүй тул “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх гомдол мөн үндэслэлгүй.  

11. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     

                            ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА

 

 

                            ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                       

 

       ШҮҮГЧ                                                                  З.ГАНЗОРИГ