Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1526

 

 

 

 

 

 

 

       2022         12          13                                        2022/ШЦТ/1526

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Н.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох 2208027631893 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Буман алт” ХХК-д шаварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Бажин донход овогт Н-ийн Б (регистрийн дугаар: РЮ7506.....................).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 32 дугаар гудамж ........... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавих байдлаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах үед түүний төрсөн эх Г.Л-“архи уулаа” хэмээн уурлаж шаардлага тавихад түүнийг сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 1360 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Н.Б- согтуурсан үедээ өөрийн төрсөн эх Г.Л-сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Л-төрсөн хүү Н.Б-т зодуулсан...” гэсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дугаар тал),

5.2. Хохирогч Г.Л-“...Манай хүү Н.Б-нь өчигдөр орой нэлээн согтуу орж ирээд унтаж байгаад өнөөдөр бас Зүүн салаа руу хүнд юмыг нь аваачиж өгнө гэж гараад өдөр 14 цагийн үед ирэхдээ бас согтуу ирсэн юм. Тэгээд гэртээ орж ирээд агсан согтуу тавиад байхаар нь би хүүдээ хандаж архи дарс уулаа гэж загнаад үг авахгүй болохоор нь уур хүрээд орон дээр хэвтэж байхаар нь түшлэгтэй сандал аваад шидсэн чинь оноогүй, тэгсэн согтуудаа босож ирээд уурлаад над руу зөрүүлээд миний шидсэн түшлэгтэй сандал аваад над руу шидэхэд миний толгой хэсэгт оноод хагалчихсан. Тэгсэн миний толгойноос цус гоожоод байж байхад манай нөхөр Н.Б- ирээд болиулаад цагдаа, түргэн тусламж дуудсан юм...би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14)

5.3. Гэрч Ц.Н.Б-ийн “...төрсөн хүү Батзориг гаднаас орж ирээд гэртээ агсам согтуу тавиад байхаар нь эхнэр М.Л-бид хоёр хүүдээ хандаж архи, дарс уулаа гэж загнаад байж байхад манай эхнэр Г.Л-сандал аваад шидсэн чинь оноогүй, тэгсэн төрсөн хүү Н.Б- уурласан бололтой сандал аваад шидчихсэн юм. Тэгсэн манай эхнэр Г.Л-толгойноос цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23)

5.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11587 дугаартай “...Г.Л-биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30)

 

5.5. Н.Б-ийн “...Намайг гэртээ ирэхэд ээж М.Л-архи уулаа гэж загнаад би бас өөдөөс нь хэдэн үг хэлчихсэн чинь над руу сандал аваад шидэхэд нь оноогүй тэгээд дахиж хэрүүл маргаан болж байгаад би уурласан уурандаа над руу шидсэн сандлыг нь аваад буцаагаад шидээд толгойг нь гэмтээчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

7. Шүүгдэгч Н.Б-, хохирогч Г.Л-нар төрсөн эх, хүү хоёр бөгөөд нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тогтоогдсон учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголтод  хамаарч байгаа.

8. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   10. Хохирогч Г.Л-нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 хуудас), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 77)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

11. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  санал гаргасан.

 

            12. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ял дээр хэлэх зүйл байхгүй гэв.

 

            13. Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, анх удаа хөнгөн гэмт х эрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж агсам тавьсан, өндөр настай хүний эсрэг сандал хэрэглэж үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            14. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Бажин донход овогт Н.Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийг  500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ

 

2022/ШЦТ/