Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0694

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00694                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х хоршоо

Хариуцагч: С.Э  

Хариуцагч: З нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 32,068,851.89 /гучин хоёр сая жаран найман мянга найман зуун тавин нэгэн төгрөг 89 мөнгө/ төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар, нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                       

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х” хоршоо нь манай банктай 2015 оны 02 сарын 09-ний өдөр дугаар 2105102636 тоот зээлийн гэрээ, БГ/2105102636 тоот ипотекийн гэрээ, Зтай БДГ2105102636-1 тоот батлан даалтын гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг жилийн 8% хүүтэй, 34 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул “Х” хоршоо болон Згаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 23,478,260.90 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 7,403,976.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,186,614.89 төгрөг, нийт 32,068,851.89 төгрөгийг гаргуулж, ипотекийн гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шаардлагаа тодруулж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 02 сарын 09-ний өдрийн батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу Згаас 11,739,130.44 төгрөгийг, 20,329,721.44 төгрөгийг “Х” хоршооноос гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, С.Эд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Х” хоршооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингис фондын зээлээс Гнаас 30 сая төгрөгийн зээлийг авсан. Үйлдвэрийн үхрийн фермтэй болох, үхрээ ногооныхоо хаягдлаар бордож хоршоогоо өргөжүүлэх зорилгоор бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж зээл авах болсон. Бүх гишүүдийн саналаар мэргэжлийн зоо техникч, өөрсдөө үхэртэй туршлагатай учир С.Э нөхөр нарт хариуцуулж ажиллая гэснийг ба тэд зөвшөөрч зээлийг захирал ******* би хөөцөлдөж, С.Э хамтран зээлдэгчээр орсон. Зээлийн барьцаанд ******* миний орон сууц, газар, хоршооны хөрөнгө тавигдсан. Зээл авсан өдрөө эхний 15 сая төгрөгийг С.Эгийн дансанд шилжүүлсэн, С.Э уг фермээ байгуулаагүй мөнгөө алга болгосон. Үүнд хоршооны дарга миний зүгээс их итгэж хараа хяналт муу тавьснаас гэдгийг би үгүйсгэхгүй. Зээлийн хүүгээ төлөхгүй болохоор би өөрийн данснаас Гинд 8 сая төгрөгийг төлсөн. Гэтэл одоо хүү нь өсөөд 30 гаруй сая төгрөг болсон байна. Уг зээлийг С.Э бүрэн хариуцаж төлөх ёстой боловч одоог хүртэл төлөөгүй байна. Авсан мөнгөөрөө үхрийн фермээ ч байгуулаагүй, зээл болон хүүг нэг ч удаа төлөөгүй. С.Э нь хоршоонд учруулсан хохирлоо бүгдийг бие даан барагдуулна гэж байгаа гэжээ.

 

Хариуцагч Згийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сан нь Монгол улсын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор 2012 онд байгуулагдсан, “банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах” үйл ажиллагаа эрхэлдэг, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Хны Гнаас авсан 30.0 сая төгрөгийн зээлийн батлан даалт гаргаж, Г, Х нартай 2015 оны 2 сарын 09-ний өдөр батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Талуудын байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдэгч тодорхой нөхцөлбайдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй. Гэрээний 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, 3.2.3-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах гэж, 3.2.4-т энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Банк зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 460.1-т зааснаар Батлан даагч гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. Батлан даагчаас шаардахын өмнө Зээлдэгч бизнесийн ашиг, орлогоор төдийгүй зээлд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан байх нь хуулийн зохицуулалтад нийцнэ. Батлан даалтын гэрээний 1.4-т “батлан батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь” гэж заасан ба зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд батлан хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй. Згийн тухай хуулийн 9.1-д банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд баталгаа гаргах тул зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр банкны шаардлагыг хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нь нийцэх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Г” ХХК нь 3 хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,068,851.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Згаас 11,739,130.44 төгрөг гаргуулах, 20,329,721.44 төгрөгийг “Х” хоршооноос гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч С.Эд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч Х” хоршоо нь С.Э зээлийг авсан тул хоршоонд учруулсан хохирлоо барагдуулна гэж, хариуцагч З нь зээлийг шаардах эрх нь үүсээгүй гэж тайлбарлан маргалаа.

 

Гтай “Х” хоршоо нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дугаар 2105102636 тоот Зээлийн гэрээг, Д.******* нь БГ/2105102636 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулжээ.

 

Зээлийн гэрээгээр “Х” хоршоо нь 30,000,000 төгрөгийг жилийн 8 % хүүтэй, 34 сарын хугацаатай зээлэхээр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч “Х” хоршоо нь нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийг хүүгийн хамт шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Зээлийн гэрээ болон Зээл эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүний төлбөрт 4,600,738.56 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 6,521,739.10 төгрөг, хүүний төлбөрт 3,017,770.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,038,71 төгрөг буюу нийт 9,556,548 төгрөгийг төлсөн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна. 

 

Иймд “Х” хоршоо нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 23,478,260.90 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт /4,600,738.56-3,017,770.19/ 1,582,968.37 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.5 дахь заалтаар зээлийг төлж барагдуулаагүй бол хүүг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасанд нийцэж байх тул 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 23,478,260.90 төгрөгийг жилийн 8 хувиар тооцоход /8:12 сар/ 1 сард 0.67 хувь болох ба ашигласан хугацааны хүүг тооцоход /23,478,260.90х0.67 хувь/ 1 сард 157,304 төгрөг төлөхөөр байх тул дээрх хугацаа буюу 12 сараар тооцоход 1,887,652 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Талууд гэрээний 2.5 дахь заалтаар үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаанд хүүний төлбөрт 1,582,968.37 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүний төлбөрт 1,887,652 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн /1,582,968.37+1,887,652/ хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүнд /3,470,620.45х20/ нийт 694,124.07 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй тул хариуцагч “Х” хоршооноос үндсэн зээлийн төлбөрт 11,739,130.44 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 23,478,260.90 төгрөгийн үндсэн хүүний төлбөрт 3,470,620.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 694,124.07 төгрөг буюу нийт 15,903,874.88 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 4,425,846 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж, 459.1-д хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна гэжээ.

 

Г нь Зтай БДГ2105102636-1 тоот батлан даалтын гэрээг байгуулж, гэрээний 3.1.2 дахь заалтаар зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж, 3.2.3 дахь заалтаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах гэж, 3.2.4-т гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэхээр тохиролцжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь ийнхүү талуудын тохироцсоноор зээлийг төлүүлэх арга хэмжээг авч байсанаа нотолсон баримт хавсаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, 461 дүгээр зүйлийн 461.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй гэж заасан байна.

 

Ийнхүү батлан даалтын гэрээний дагуу зээлийг зээлдэгчээр төлүүлэхээр хангалттай арга хэмжээг аваагүй, гэрээний 3.1.3-т зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь Згаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Згаас шаардах эрхгүй байх тул 11,739,130.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,739,130.44 төгрөгийг хариуцагч “Х” хоршооноос гаргуулахаар нэхэмжлэл гаргахад, хариуцагчаас төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад, Згаас шаардах эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэл гаргахад тус тус энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Эд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг батлах, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388,495 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237,469 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” хоршооноос зээлийн гэрээний үүрэгт 15,903,874.88 /арван таван сая есөн зуун гурван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан, “Г” ХХК-д олгож, үлдэх 4,425,846.56 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1-д зааснаар Зд холбогдох 11,739,130.44 төгрөг гаргуулах тухай Гны шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Эд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388,495 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237,469 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.  Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,739,130.44 төгрөгийг хариуцагч “Х” хоршооноос гаргуулахаар нэхэмжлэл гаргахад, хариуцагчаас төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад, Згаас шаардах эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэл гаргахад тус тус энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ