| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03264/И |
| Дугаар | 0706 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0706
2019 оны 3 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2019/00706 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д холбогдох,
гэрээний үүрэгт 110,712,000 /нэг зуун арван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хөдөө, аж ахуйн зориулалттай 1 ширхэг преслэгч, 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур, нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг худалдахаар 2017 оны 8 сарын 23-ны өдөр Н.Дтай “Хадуур, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба хариуцагч нь 106,460,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу тогтсон хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнд үндэслэж би 6 ширхэг тоног төхөөрөмжийг Н.Дд хүлээлгэн өгсөн. Үүний дараа бид харилцан тохиролцож 2017 оны 11 сарын 22-ны өдөр дээрх гэрээнд 2 нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1-д Бид дээрх гэрээний 1.2 дахь хэсэгт заагдсан преслэгчийн үнийг 9,600,000 төгрөг байсныг нэмэлт, өөрчлөлтөөр 58,000 юань буюу 20,582,460 төгрөг болгосон. 2-т Би өмнө нийлүүлсэн 6 ширхэг тоног төхөөрөмж дээр нэмж 63,000 юань буюу 22,356,810 төгрөгийн үнэтэй трактор, 9,0 сая төгрөгийн хадуурыг нийлүүлж, Н.Д нь тоног төхөөрөмжийн үнийг мөн адил нэмж төлөхөөр болсон. Үүнээс харвал Н.Д нь 2017 оны 8 сарын 23-ны өдөр байгуулагдсан “Хадуур, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээнд 2017 оны 11 сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 1 ширхэг преслэгч, 4 ширхэг трактор, 3 ширхэг хадуур, нийт 8 ширхэг тоног төхөөрөмжийн үнэд нийт 119,438,000 төгрөгийг надад төлөх үүрэг хүлээсэн. Гэвч Н.Д нь уг гэрээний төлбөрөөс урьдчилгаа болгож 21,600,000 төгрөг төлж, нэг бүр нь 3000 төгрөгийн үнэтэй 8010 боодол өвсийг шилжүүлэн нийт 24,030,000 төгрөгийн төлбөрт харилцан тооцож дуусгавар болгосноос өөр төлөлтийг хийгээгүй. Иймд урьдчилгаа болон өвсний мөнгийг гэрээний үнийн дүнгээс хасч тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 73,808,000 төгрөг, гэрээний 3.4, Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 50 хувийн алданги 36,904,000 төгрөг, нийт 110,712,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрээ байгуулж, Б.Цаас тоног төхөөрөмж худалдан авсан. Өвсийг 3,500 төгрөгөөр тохирч өгсөн тул 4,0 сая төгрөг хасагдаж, нэхэмжлэлээс 68,808,000 төгрөгийг зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй. Алданги яригдаагүй, төхөөрөмж шинэ байгаагүй, хуучин байснаас гэрээнд өөрчлөлт оруулсан, төхөөрөмжийн эд ангийг дутуу өгснөөс би осолд орж 1 жил орчим хэвтсэнээс болж төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй, дагалдах баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй, өмчлөлийг нэр дээр шилжүүлээгүй. Нэхэмжлэлээс үндсэн төлбөрт 73,808,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийн талаар дараа нь байгуулсан гэрээгээр тохиролцоогүй, хуульд зааснаар өөрсдөө бичиг баримт шилжүүлэх үүргээ зөрчсөн, хариуцагч эрүүл мэндийн шалтгаанаас болж үүргээ биелүүлж чадаагүй зэрэг нөхцлүүдээр алданги төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ц нь Н.Дд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,712,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь тохиролцсоны дагуу төлөөгүй үндсэн үүргээ хүлээн зөвшөөрч, дараа нь байгуулсан гэрээгээр алданги тохиролцоогүй, хуульд зааснаар өөрсдөө бичиг баримт шилжүүлэх үүргээ зөрчсөн, эрүүл мэндийн шалтгаанаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргав.
Нэхэмжлэгч нь хариуцагчид хөдөө, аж ахуйн зориулалттай 1 ширхэг преслэгч, 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур, нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг худалдахаар тохиролцож, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Хадуур, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Хариуцагч тал энэхүү гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байгаа, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч нь 106,460,000 төгрөгийг хуваарийн дагуу тогтсон хүүгийн хамт төлөхөөр тохиролцон, 8 ширхэг тоног төхөөрөмжийг Н.Дд хүлээлгэн өгөх үүргээ Б.Ц зохих ёсоор биелүүлсэн байна.
Талууд 6 ширхэг тоног төхөөрөмжийн хувьд гэрээ байгуулсан боловч 8 ширхэг тоног төхөөрөмж актаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлцсэнээр үлдэх 2 ширхэг тоног төхөөрөмжийг нэмж, барааны үнэ болон гэрээний нийт үнийн дүнг өөрчлөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өмнөх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч 119,438,000 төгрөг төлөх үүрэгтэй болжээ.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тусдаа гэрээгээр алданги тохиролцоогүй гэж татгалзаж буй тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Н.Д нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хадуур, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 21,600,000 төгрөг төлж, гэрээний 1.7 дахь заалтаар тохиролцсоны дагуу төлбөрийг 8010 боодол өвс нийлүүлж, нэг боодол бүрийг 3000 төгрөгөөр тооцон 24,030,000 төгрөгийн төлбөрт харилцан тооцсон, энэ талаар талууд маргахгүй байх тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасахад /119,438,000-45,630,000/ гэрээний үүрэгт 73,808,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-т худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасанд нийцүүлэн талууд гэрээний 2.1.2 дахь заалтаар тохиролцсон байгаа боловч Б.Ц нь тоног төхөөрөмжид дагалдах баримт бичгийг Н.Дд шилжүүлж өгөөгүйгээс хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээний 1.8-д зааснаар төлбөр төлөгдсөний дараа өмчлөл шилжих байсан тул дагалдах баримт бичгийг шилжүүлээгүй, хариуцагчийн эзэмшил ашиглалтад өгсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй ба учир нь барааны дагалдах бичгийн хувийг шилжүүлэх болон өмчлөл шилжүүлэх асуудал нь тусдаа ойлголт юм.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба тухайн тохиолдолд тоног төхөөрөмжид дагалдах баримт бичгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч буюу Н.Ц нь үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлснийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т заасан үр дагавар үүсэх буюу 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдах юм.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,808,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, алдангид 36,904,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс худалдсан тоног төхөөрөмжийн хувьд шүүх эрх бүхий байгууллагаас өмчлөлийн талаархи баримтыг шаардсан боловч бүртгэлд бүртгэгдээгүй байгаа, нэхэмжлэгч нь 3 ширхэг тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирсэн баримтыг хэрэгт өгч бусад баримтыг олдохгүй байгаа боловч энэ талаар хариуцагч нь маргахгүй байгаа тул бусад 5 ширхэг тоног төхөөрөмжийн хувьд эрхийн доголдолгүй гэж үзлээ.
Хариуцагч нь худалдан авсан тоног төхөөрөмж доголдолтой байсан гэж маргаж байгаа ч энэ талаар нөгөө талдаа гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, энэ өдрийн хуралдаан дээр түүний өмгөөлөгч татгалзлыг дэмжиж энэ талаар тайлбар гаргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 711,510 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 526,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, баримтжуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.3, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан Н.Даас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 73,808,000 /далан гурван сая найман зуун найман мянга/ төгрөг гаргуулан, Б.Ц/ олгож, шаардлагаас үлдэх 36,904,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 711,510 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 526,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ