| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03593/И |
| Дугаар | 0710 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0710
|
|
|
|
2019 оны 3 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2019/00710 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 11 сарын 15 ны өдөр М хотхоны байрны ЕВ-В18/1005 тоотын урдчилгаанд 10,0 сая төгрөгийг ХХБ-д тушаасан. Байр нь 2015 онд ашиглалтад орж би байраа худалдаж авах гэсэн чинь 8% зээл бүтэхгүй болж байраа авч чадаагүй. Надад тус компани нь 9,0 сая төгрөгийг 2015 оны 8 сард буцааж өгсөн би үлдсэн 1,0 сая төгрөгөө компанийн захиралтай нь уулзаж маш их учирлаж гуйсан ч өгөхгүй гэж хэлээд гэрээ хийсэн болохоор 1%-ийг суутгаж авдаг гэсэн. Тус компани нь тухайн үед миний 10 сая төгрөгийг хэрэглэсэн л байх ёстой. Иймд М ХХК-иас 1,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н нь М ХХК-д орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 11 сарын 12-ны өдөр байгуулан орон сууцны захиалгын урьдчилгаанд 10.000.000 төгрөг тушаасан. Дараагийн урьдчилгаа хийгдээгүй, захиалсан байраа авахгүй болж мөнгөө буцааж авахаар болсны дагуу манайх 9.000.000 төгрөгийг Б.Нийн Хаан банкны дансанд тушаасан. Орон сууц захиалах гэрээний 7.1-т зааснаар урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийн 10% болох 1.000.000 төгрөгийг суутган авч 9.000.000 төгрөгийг буцаан олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Н нь “М” ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрөөс суутгасан 1,0 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээл бүтэхгүй болж байраа авч чадаагүйгээс үндэслэлгүй суутгасан тул буцаан гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь гэрээний 7.1-т зааснаар 10% болох 1,0 сая төгрөгийг хохиролд суутгасан гэж маргалаа.
Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулан, 52.36 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг м2 талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож, 115,192,000 төгрөгөөр тохиролцон, урьдчилгаанд 10,000,000 төгрөг тушааж, 2014 оны 12 сард 24,557,600 төгрөг, 2014 оны 12 сарын 30-ны өдөр 80,634,400 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Хэдийгээр гэрээг захиалгаар орон сууц бариулах гэж байгуулсан байгаа боловч, агуулга, нөхцөл, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч дараагийн төлбөрийг зээл бүтээгүй үндэслэлээр биелүүлээгүй гэж тайлбарлах боловч энэ талаар баримтгүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь банкны зээл бүтээгүй талаар мэдэгджээ.
Талуудын байгуулсан гэрээний 7.1 дэх заалтаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 10% тэнцэх хэмжээний торгуулийг төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс төлсөн 10,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг Б.Нийн Хаан банкны дансанд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 заалтаар тодорхой зохицуулжээ.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь эрх нь зөрчигдсөнийг мөнгийг хүлээн авсан өдөр мэдсэн байх тул нэхэмжлэгчид энэ өдрөөс шаардах эрх үүссэн бөгөөд шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, шаардлага гаргаагүй тул гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Нийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан “М” ХХК-иас гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай Б.Н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ