Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1527

 

 

 

 

 

 

 

 

       2022         12          13                                        2022/ШЦТ/1527

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ҮД0583/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох 2208000001897 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх, “Гос бүүст чанар” ХХК-д гуталчин ажилтай, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 33 гудамж, 361 тоотод оршин суудаг албан ёсны хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б дугаар байр .............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            Боржигон овогт Н-ийн Н (регистрийн дугаар:ух8810..................).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 33 тоотод Ж.Туулыг ямар их шаардлага тавьдаг юм бэ гэх шалтгаанаар халиваар /отверк/ толгой, нүүр, гарын хэсэгт цохиж, хатгасны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун чихний омог, баруун шанаа, хацар, эрүү, хүзүү, дагзны хуйх, баруун дал, баруун бугалга, цээж, баруун мөрөнд шарх, цус хуралт, цээж, баруун хөх, баруун суганд цус хуралт, баруун суга, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун бугуй, зүүн гарын алга, зүүн шуунд зулгаралт, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл бүхий “Хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 1385 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Н.Н- нь архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас Ж.Т-нүүр лүү цохих, зүүн талын мөр гар, хүзүү гэх мэт газарт олон удаагийн үйлдлээр халиваар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хардалтын улмаас халиваар биед хатгаж, гэмтээсэн...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),

5.2. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 9-12 хуудас),

5.3. Хохирогч Ж.Т-“Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны ........... тоотод байрлах 1 өрөө байранд очсон. Манай байранд гал тогооны өрөөг Х.Н-гэх эрэгтэй 2022 оны 03 дугаар сараас хойш түрээслэн амьдарч байсан юм. Тэгээд би гэртээ ороход нам гүм байсан. Тэгээд би хоёр муураа усанд оруулчхаад гарч ирэхэд Х.Н-хөгжмөө чанга тавьчихсан байхаар нь өрөөний хаалгыг нь тогшоод хөгжмөө багасгаарай гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд Х.Н-цаашаа хараад зогсож байсан бөгөөд би архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдээгүй. Тэгээд би өрөөндөө унтаад өгсөн. Тэгээд шөнө дунд 03 цагийн үед намайг сэрээгээд би тантай ярих юм байна. Та аягүй их шаардлага тавих юм гэж хэлсэн. Тэр үед Х.Н-архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээд согтуу байсан бөгөөд би согтуу гэдгийг нь мэдээд өрөөндөө орж унт гэж хэлээд хөөсөн. Тэгээд явахгүй байхаар нь 00 өрөө рүү орсон. Тэгтэл өөдөөс орж ирээд “та чинь өөрөө өөрийнхөөрөө байж болно гэж хэлчхээд яагаад шаардлага тавиад байгаа юм бэ? гэж хэлээд уурласан. Тэр үед би эрүүл болохоор чинь ярья гэж хэлээд уурласан. Тэгтэл Х.Н-халааснаасаа халив гаргаж шууд миний зүүн талын мөр гар, хүзүү гэх мэт газарт дүрсэн. Тэгээд би чи юу хийгээд байгаа юм бэ? болиоч гэж хэлэхэд больсон. Тэгээд би яаж байгаа юм бэ? миний өөдөөс орилоод байсан. Тэгээд би арай хийж тайвшруулчхаад шалан дээр хөнжлөө нөмрөөд Х.Н- унтахыг хүлээсэн. Тэгтэл Х.Н-гал тогооны өрөөний буланд хэвтээд өгсөн. Тухайн үед би өрөөгөө цус болгохгүй гэж бодоод Х.Н- байсан гал тогооны өрөөнд хэвтсэн. Тухайн үед би айсан байсан учраас цагдаа дуудвал дахиад намайг халиваар гэмтээх байх гэж бодоод дуудлага өгөөгүй. Тэгээд унтахаар нь босож гараад жижүүрийн утсаар 102 луу дуудлага өгсөн...Тэгээд намайг халиваар зүүн талын мөр, хоёр гарын шуу хэсэг, хүзүү хэсэг рүү дүрсэн. Тухайн асуудал нүд ирмэх зуур л болсон. ...Тухайн үед Н.Н- миний шанаа хэсэг рүү цохиход нүд хавдаж хөхөрсөн байсан. ...Н.Н- миний Хаан банкны 5019207873 тоот данс руу эмчилгээний зардал 3 удаагийн гүйлгээгээр 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Мөн надад бэлнээр 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг өгсөн байна. Надад цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 30 хуудас),

5.4. Гэрч Ч.Н-н “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 2 дугаар орцны гадна цэвэрлэгээ хийгээд байж байтал манай байрны ... тоотод амьдардаг Ж.Тэгч над дээр ирээд түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Ж.Тэгчийг харахад нүд нь хөхөрчихсөн, толгой, нүүр, гар хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би та яасан бэ? гэж хэлэхэд надад манай хажуу өрөөг түрээсэлдэг залуу намайг зодчихлоо. Би унтахаар нь гараад ирлээ намайг гаргахгүй шөнөжингөө зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 хуудас),

5.5. Гэрч Л.Т-ын “...Миний бие тухайн өдөр өглөө ээлж хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны ...... тоотод хажуу өрөөний залуу намайг халивдсан гэх дуудлага мэдээллийг шалгаж тус байрны гадна очиход 45-50 орчим насны эмэгтэй хүн хүзүү, хоёр гар цус болсон, шархтай, нүд хөхөрсөн байдалтай зогсож байсан. Тэгээд тухайн хүнээс юу болсон талаар асуухад надад манай хажуу өрөөг түрээсэлдэг залуу шөнө хөгжим тавиад байхаар нь би хөгжмөө унтраа гэж хэлэхэд уурлаад миний гар, хүзүү хэсэг рүү халиваар хатгаж гэмтээсэн. Тэгээд би цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд би унтахаар нь гэрээсээ гарч дуудлага өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг дагуулаад 33 тоотод ороход гал тогоо тусдаа нэг өрөө байр байсан бөгөөд гал тогооны өрөөнд 30 орчим насны эрэгтэй хүн унтаж байхаар нь сэрээхэд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалаад бүрэлдэхүүн ирэхээр нь тухайн эрэгтэйг аваад эрүүлжүүлэх байр явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 хуудас),

5.6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14633 дугаартай “Ж.Т-биед зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун чихний омог, баруун шанаа, хацар, эрүү, хүзүү, дагзны хуйх, баруун дал, баруун бугалга, цээж, баруун мөрөнд шарх, цус хуралт, цээж, баруун хөх, баруун суганд цус хуралт, баруун суга, зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун бугуй, зүүн гарын алга, зүүн шуунд зулгаралт, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэг бүхийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 хуудас),

5.7. Шүүгдэгч Н.Н-ын өгсөн “...Тухайн тоотод Ж.Т эмэгтэй ганцаараа амьдардаг бөгөөд миний бие хажуу талын гал тогооны өрөөнд амьдардаг. Би Туултай 2022 оны 8 дугаар сараас хойш дотно харьцаатай болсон. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би ганцаараа гэртээ байсан бөгөөд Ж.Т эгч орой 22 цаг өнгөрөөд ажлаасаа ирсэн. Тэгээд би орой 00 цаг болох гэж байхад өдөр Барс захаас авсан 2,5 литрийн пиво 1-г уусан. Тэгээд би нэлээд согтсон бөгөөд тэр үед Ж.Т эгч унтсан байсан. Тэгээд би Ж.Т эгчийг бодоод байхад өөр хүнтэй яваад байгаа юм шиг байхаар нь би хэрэлдэж маргалдаад уурласан уурандаа өдөр нь хаалга янзалж байсан халивыг өрөөнөөсөө авсан. Тэр үед эгч угаалгын өрөөнд юм хийж байхаар нь очиж ярилцах гэтэл Ж.Т эгч би чиний эхнэр юм уу гэж уурлаад маргалдаад халиваа хоёр гар хүзүү хэсэг рүү нь хэд удаа хатгасан. Тэгээд Ж.Т эгчийн гар хүзүүнээс нь цус гарахаар нь би сандраад болиод цусыг нь угааж өгөөд хэвтүүлээд би өөрөө унтсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 76 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

7. Хохирогчийн биед учирсан шарх, гэмтлийг халив болох мохоо ирмэг бүхий зүйлээр олон удаагийн үйлдлээр үүсгэсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан, эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бие махбодын, сэтгэл санааны шанал, зовиур үүсгэж үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан.

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   9. Хохирогч Ж.Ж.Т нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 хуудас), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан “3 сая төгрөг хүлээн авсан гомдол саналгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 116)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлын төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

10. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 06 сарын хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

            11. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

 

            12. Шүүгдэгч Н.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 3 сая төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            13. Шүүгдэгч Н.Н-ын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн  ангилалд хамаарч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр “............” ХХК-д засварчин ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            14. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг халивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Н-гийн Х.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Н.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Н-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Т-д 3,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг халивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ