Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/789

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,           

шүүгдэгч А.******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овогт *********** ********д холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.******** нь 2022 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “******* *******” хотхон ******* байрны үүдний зогсоолын явган хүний зам дээрээс хохирогч О.********ийн эзэмшлийн цайвар цэнхэр өнгийн ******** УРА улсын дугаартай мотоциклыг нууц, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 7.434.044 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч А.******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн *********** дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогч О.********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

 

Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Яллагдагч А.********ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

Яллагдагч А.********ы мөрдөн байцаалтад гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн ******* дахь тал/,

 

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.********ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

Шүүгдэгч А.******** нь 2022 оны 09 дүгээр сарын 22-3-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул *******************, “*********” хотхон ******* байрны зогсоолоос хохирогч  О.********ийн эзэмшлийн  Jin L.DLS400-2D загварын  ******** УРА улсын дугаартай мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 7.434.044 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Хохирогч О.********ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны шөнийн 00 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, ******* *******гийн хотхон гэртээ ирсэн. Тэгээд байрныхаа үүдэнд тавьсан байсан өөрийн эзэмшлийн “Нинжа 400” гэх нэртэй цэнхэр өнгийн мотоцикл маань  байсан. Би гэртээ ороод хоол цайгаа идээд унтах гээд хэвтэхдээ цонхоороо 01 цаг 50 минутад харахад миний мотоцикл байхгүй байсан. Би хувцсаа өмсөөд гараад байрныхаа эргэн тойронд үзэхэд байхгүй байсан. Орцны жижүүр ахаас асуухад 01 цаг 15 минутын үед байрны үүдэнд цэнхэр өнгийн мотоцикл байсан гэж хэлсэн. Тэр ах хэлэхдээ хар өнгийн малгайтай залуу байрны гадуур эргэлдээд байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энэ байранд нүүж ирсэн юм. Тэгээд би өдөр болгон байрныхаа гадаа үүдэнд мотоциклээ байрлуулж тавьдаг байсан. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гадаа хүйтэн байсан болохоор мотоциклоо унаж яваагүй юм. Тэгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 21-ны оройноос хойш байрны үүдэнд байсан гэсэн үг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Хан-Уул дүүргийн 4-р хороо, ******** блок байрны урд талд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

 

Дамно ХХК-ийн үнэлгээний тайланд: Jin L DLS400-2D загварын цэнхэр өнгийн ******** УРА улсын дугаартай мотоцикл 7.434.044 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Jin L DLS400-2D загварын цэнхэр өнгийн ******** УРА улсын дугаартай мотоциклийг хохирогч О.********т хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Шүүгдэгч А.******** мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би Баянзүрх ******************5 тоот хаягт ээж ***********, дүү *********** нарын хамт оршин суудаг юм. Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр "***********” их сургуулийг сүлжээний инженер мэргэжлээр төгсөөд ажил хийхгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын ам гэх газар хувь хүнтэй тохирч барилгын заслын ажлыг төрсөн эгч ********тэй хийж байгаа. Манай төрсөн эгч А.******** нь Хан-Уул дүүрэг 4-р хороонд гэр хороололд Нийтийн байр түрээсэлж амьдардаг. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цагийн үед босоод ажил руугаа явсан. Би ажил дээрээ 09 цаг гэхэд ирсэн байсан. Тэгээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед ажлаа дуусгаад гэртээ харих гэтэл эгч “манайд очиж хоол идээд амраад эндээс ажилдаа яв” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд эгчийнх рүү явсан. Тэгээд би эгчийнх рүүгээ явж байх замдаа Сансар худалдааны төвийн хойд талд байрлах хотхоны гадаа "Нинжа" гэсэн бичигтэй цайвар цэнхэр өнгийн мотоциклийг харсан. Тэгээд би тэр мотоциклийн хажуугаар нь зөрөөд эгчийнх рүү явсан. Эгчийндээ очоод хоол идчихээд амрахын өмнө би тэр мотоциклийг унаж үзмээр санагдсан. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 01 цагийн үед эгчийн гэрээс гараад нөгөө мотоциклийн байсан газар луу явсан. Тэгээд би мотоциклийг нэлээн тойрч харсан ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь дээр нь гарч сууж үзсэн. Тэгээд үрүүлийг эргүүлэхэд сул байсан. Тэгээд надад асааж хулгайлах сэдэл төрсөн. Тэгээд тэр мотоциклоос холдоод Нинжа 400 гэсэн мотоциклийг яаж асаах талаар "ҮоuТubе"-ээс хайлт хийж харсан. Тэгээд хүн харж байгаад тэр мотоциклийг түрээд гудамж руу явсан. Тэгээд "Үоu Тubе-ээс яаж асаах талаар харсан болохоор тэр мотоциклийг асаах гэж оролдож байхад цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Яллагдагч А.********ы мөрдөн байцаалтад гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч А.******** нь хохирогч О.********ийн эзэмшлийн Jin L.DLS400-2D загварын ******** УРА улсын дугаартай мотоциклыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 7.434.044 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.         

 

Шүүгдэгч А.******** нь “хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар” маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав. 

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:               

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.******** нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.********д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад А.******** нь зөвшөөрсөн байна.      

Шүүгдэгч А.******** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч А.********д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.********д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

            

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******** нь хохирогч О.********т Jin L.DLS400-2D загварын ******** УРА улсын дугаартай мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч А.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. ********** овогт ************ ********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.********ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.********д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******** нь хохирогч О.********т Jin L.DLS400-2D загварын ******** УРА улсын дугаартай мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР