Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1529

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         12            13                                       2022/ШЦТ/1529

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбаяр,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч А.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00000 0307 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин, гагнуурчин   мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоо .............. тоотод оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Утгач овогт А-ын Б (регистрийн дугаар:вп0032.............).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б-нь 2022 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Сөгнөгөрийн голын хажуу өндөр настангуудын амралтын орчмоос  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 2,777,7 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 18 дугаар гудамж ........... тоот хашааны орчимд нурсан балгасан байшин дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

            5. Шүүгдэгч А.Б- 2022 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Сөгнөгөрийн голын хажууд өндөр настангуудын амралтын орчмоос  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 2,777,7 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 18 дугаар гудамж ............. тоот хашааны орчимд нурсан балгасан байшин дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:

5.1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг хуучин барилгын суурь бүхий газар нь ертөнцийн зүгээр хойд талдаа ханатай бөгөөд бусад хэсгийн хана нурсан байдалтай байв. Уг хананаас ертөнцийн зүгээр зүүн талд хар өнгийн ууттай, ногоон өнгийн ургамал бүхий 3.225 килограмм зүйлийг шинжээч сэжигтнээр заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэж тусгаж, гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 10-15 хуудас),

5.2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор өнгийн цаасан хайрцагт хийсэн, хүрэн өнгийн гялгар уутны хамт 2860 грамм жинтэй нойтон илжирч муудсан өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон...” тэмдэглэл (хавтаст хэргийн 69 хуудас)

5.3. Гэрч Т.М-гийн “...Ойр орчмоор машин татаж гаргаад өгчих машин, хүн би хайгаад хэсэг ийш тийшээ явсан. Тэгэхэд Баяндалай шаварт суусан машинаа хараад үлдсэн. Тэр үедээ өвс ургамал түүсэн эсэхийг би мэдэхгүй. Тэгээд би ойролцоо шаварт суусан машины ах эгч нар дээр очоод дуудсан машиныг нь гуйж шавраас гаргаад Улаанбаатар хотод ирээд А.Б-гэрийнх нь орчим буулгасан. Би А.Б-гэрийг сайн мэдэхгүй. А.Б-миний машинд 30,000 төгрөгөөр бензин хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 хуудас),

5.4. Мөн 2021  оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад: А.Б-тус тус “марихуан” гэсэн бодис илэрснийг урьдчилсан байдлаар зааж байна гэсэн тэмдэглэл бүхий биед үзлэг хийсэн, тэдгээрийн биеэс биологийн дээж авах зөвшөөрөл олгосон прокурорын тогтоол, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хэрэгт хавсаргажээ. (хавтаст хэргийн 13-15 хуудас),

5.5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн нойтон өвс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Ө-11238 ногоон өнгийн ургамал гэж хаягласан 2777.7 грамм жинтэй нойтон ногоон өнгийн өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-100 хуудас) зэргээр тус тус нотлогдож байна.  

 

6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.

           

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан, хадгалсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор, харин худалдаалах зорилгоор үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар заасан буюу шүүгдэгч нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл тогтоогдож байна.

 

            8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.А.Б-хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилготой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

                       

            9. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.А.Б-сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            10. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

11. Улсын яллагчаас шүүгдэгч А.А.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

12. Шүүгдэгч А.Б-:Надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оноож өгнө үү гэх саналыг гаргасан.

 

13. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч А.А.Б-гэмт хэрэг үйлдсэн арга, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

14. Шүүгдэгч А.Б-нь хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг бэлтгэсэн, хадгалж байсан үйлдэл нь урьдаас төлөвлөсөн шинжтэй үйлдэл тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

15. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг. Шүүгдэгчийн хувьд дээр дурдсанаар тухайн бодисын түүхий эдийг бэлтгэж, хадгалсан үйлдэл нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэж байгааг дурдах нь зүйтэй.

 

16. Шүүгдэгч А.А.Б-хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, мөн сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж байдалгүй байх боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй дүгнэлээ.

 

17. Иймд шүүгдэгч А.Б-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн, хувийн байдлын хувьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээ болох 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хувийн байдлыг нь харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

18. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ял биелэгдсэн бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            19. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж уутны хамт 2860 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Утгач овогт А-ын А.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.А.Б-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа уутны хамт 2860 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б-урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ