Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 127/2024/0008/з |
Дугаар | 221/МА2024/0711 |
Огноо | 0000-00-00 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0711
Х а П г
Е п-ын дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Дүгнэлт гаргагч: Х а П г Е п Б.Г
Хариуцагч: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.
Гуравдагч этгээд: “Г д” ХХК
Дүгнэлтийн шаардлага: “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-ийн үйлдсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 127/ШШ2024/0011 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Хариуцагч Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг
Хэргийн индекс: 127/2024/0008/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-т холбогдуулан “... эрх бүхий албан тушаалтны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт гаргасан.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 127/ШШ2024/0011 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-ийн үйлдсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудасны хэрэгжилтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох зэрэг үр дагаврыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ уг хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гаргах хүртэл актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг нэмж тодруулах зүйлүүдийг шүүх тодорхойлохдоо уг зөрчлийг иргэн Х.Х үйлдсэн үү, “Г д” ХХК үйлдсэн үү, эсхүл цаг хугацааны хувьд компанийг үүсгэн байгуулахаас өмнө иргэн Х.Х, компанийг байгуулснаас хойш “Г д” ХХК зөвшөөрөлгүй шүдний эмчилгээ оношилгоо эмчилгээний үйл ажиллагаа эрхэлсэн үү, эсхүл Биндэр сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран уг зөрчлийг үйлдсэн үү гэдгийг шалган тогтоолгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна... Иймээс уг зөрчлийг хүн, хуулийн этгээдийн аль нь үйлдсэн болон хууль бусаар олсон орлогыг бүрэн шалгах, хүний эрүүл мэндэд хохирол учирсан ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх үүрэггүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ... гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна гэж хуульчилсан бөгөөд шүүхийн дээрх зөрчлийг хэн үйлдсэн талаарх баримтууд дүгнэлт хийж болохуйц хангалттай цугларсан гэж үзэж байна.
3.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсан атал шүүхээс "... эсхүл хүн хуулийн этгээд цаг хугацааны хувьд компанийг үүсгэн байгуулахаас өмнө иргэн Х.Хонгорзул, компанийг байгуулснаас хойш “Г д" ХХК зөвшөөрөлгүй шүдний эмчилгээ оношилгоо эмчилгээний үйл ажиллагаа эрхэлсэн үү...” гэсэн үндэслэлийг өөрийн санаачлагаар гаргаж шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд шүүхийн зүгээс шүүх хуралдаанаас өмнө шаардлагатай нэмэлт нотлох баримт, тайлбаруудыг цуглуулах бүрэн боломжтой атал шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцсэний дараа шинэ захиргааны акт гаргахыг даалгаж байгаа нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.3. Мөн шүүхээс Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын улсын байцаагч Л.Э-ийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан шийтгэврийн хуудсыг “маргаан бүхий захиргааны акт” гэж тодорхойлж бичсэн. Маргаан бүхий захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол... уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгодог.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, зөрчлийн хэрэг нээгдэхдээ Х.Хонгорзул нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр Биндэр сумын эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийг түшиглэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Холбогдогч болон Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ө-ын тайлбар, хамтран ажиллах гэрээ зэргээс үзэхэд гэрээний оролцогч нь “С” шүдний эмнэлгийн эмч Х.Хонгорзулын хувиар хийсэн. Эдгээр материалуудаас дүгнэхэд Х.Х нь “Г д” шүдний эмнэлгийн хувиар биш, “С” шүдний эмнэлгийн эмчийн хувьд Биндэр сумын эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан байна. Мөн уг зөрчлийг улсын байцаагч нь Х.Х гэдэг иргэн хүнд холбогдуулан шалгасан болох нь түүний тогтоол, тэмдэглэлүүдээс харагдана.
3.4. Иймд “Г д” ХХК нь зөрчил үйлдсэн нь нотлогдоогүй байхад улсын байцаагчийн шийтгэвэр гаргаж, тухайн компанид шийтгэл хүлээлгэж торгосон нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж байгаа тул улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий, харин хариуцагч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э нь 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудсаар ... эмчлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Г д” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгож, 900,000 төгрөгийн орлогыг хураажээ.
3. Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос “... уг үйл ажиллагаа явуулахыг санал болгосон захиалагч нь сумын Эрүүл мэндийн төв байхад Х.Х-д шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, түүний олсон орлого, учруулсан хохирлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй” гэх үндэслэлийг тодорхойлж, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.
4. Хэрэгт цуглуулсан баримтаар тогтоогдсон дараах үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна. Үүнд:
4.1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10-34/03 дугаар удирдамжаар тус газрын улсын ахлах байцаагч Б.Э, улсын байцаагч Л.Э нар нь Биндэр сумын иргэдэд БНСУ-ын эмч нарын багаас үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулсан бөгөөд энэ явцад эрх бүхий албан тушаалтан Л.Э нь тус сумын Эрүүл мэндийн төвийн кабинетэд эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлж байсан “Г д” ХХК-д холбогдох зөрчлийг илрүүлсэн.
4.2. Улмаар холбогдогч “Г д” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эмч Х.Х-аас тайлбар мэдүүлэг авч, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хэнтийн аймгийн Эрүүл мэндийн газар, Биндэр сумын төвийн Эрүүл мэндийн төв болон Х.Х-ын хооронд байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээний Х.Х-ын гарын үсгээр баталгаажсан хувь, Х.Х-ын эмчийн үзлэгийн бүртгэл, “Г д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан “Шүдний эмчилгээний үнэ тариф” зэргийг цуглуулж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн байх ба эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудаст холбогдогч гомдол гаргаагүй, торгууль болон албадлагын арга хэмжээгээр тогтоосон төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 05, 11-ний өдрүүдэд төлж барагдуулсан.
4.3. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Г д” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр албан бичгээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт хандсан бол “Шүдний өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээ, хүүхдийн шүдний оношилгоо, эмчилгээ” чиглэлээр эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх ЭМХ-24/23/07 дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уг хуулийн этгээдэд олгосон.
5. Анхан шатны шүүхийн зүгээс ... шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон гэж маргаан үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа “...зөрчлийг хүн, хуулийн этгээдийн хэн нь үйлдсэн буюу хамтран үйлдсэн эсэх, хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх, хууль бусаар олсон орлогыг бүрэн шалган тогтоох ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж тодруулах шаардлагатай эдгээр зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.
7. Энэ тохиолдолд, прокурорын дүгнэлтэд хүчингүй болгуулахаар тодорхойлсон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-ийн үйлдсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй эсэх буюу холбогдогч “Г д” ХХК-ийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил тогтоогдсон эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх тул зөвшөөрөлгүй явуулсан үйл ажиллагааны улмаас ямар хэмжээний хохирол учирсан эсэх, зөрчлийг хамтран үйлдэгч байгаа эсэх нь энэ зөрчлийн бүрэлдэхүүнд хамаарахгүй тул тэдгээр асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу цаашид тодруулах шаардлагатай хэргийн нөхцөл байдал болохгүй.
8. Эрх бүхий албан тушаалаас зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд, шалган шийдвэрлэх хугацаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар 58 хоногоор хязгаарлагдахыг үл харгалзан анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болсныг тэмдэглэвэл зохино.
9. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.5 дугаар зүйлийн 2-т “Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ”, 8.1 дүгээр зүйлд “Тусгай зөвшөөрлийн жагсаалт” гээд 13-д “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: 13.4.эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, 13.12.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх” гэж заасныг агуулгаар нь авч үзэхэд, хувь хүнд олгох эмчлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хуулийн этгээдэд олгох эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ тохиолдолд тухайн аймгийн Эрүүл мэндийн газар олгохоор зохицуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;/хэлнэ/”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна” гэж тус тус заасныг Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх зохицуулалттай харьцуулан тайлбарлавал, хуулийн этгээдийн хувьд эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн байгууллагын шийдвэргүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан хууль зөрчсөн үйлдэл болох учир шийтгэл ногдуулсан нь хууль ёсны зарчимд нийцжээ.
10. Учир нь эмч Х.Х Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетыг тохижуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хуулийн этгээд байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан, энэ хугацаанд “Г д” ХХК гэх хуулийн этгээдийн хувиар үйлчилгээний үнэ тариф баталж, нийтэд мэдээлсэн, энэ хүрээнд өөрийн ээж болон нөхрийг эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа тодорхой чиг үүрэгтэйгээр оролцуулсан, үүний дүнд олсон орлогын хэмжээг өөрөө тодорхойлж мэдүүлсэн байдлаас үзэхэд тус хуулийн этгээдийг эмчлэх буюу эмнэлгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрх бүхий албан тушаалтны хувьд “Г д” ХХК нэртэй хуулийн этгээдэд холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гүйцэтгэх захирал Х.Х-ыг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон шийдвэр гаргаагүй нь зөрчлийг үгүйсгэх буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил бүрд шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “... Биндэр суманд үйл ажиллагаа явуулсан БНСУ-ын эмнэлгийн багийн алдаа зөрчлийг ил гаргаж мэдээлсэн намайг бас торгосон нь харамсалтай” гэх тайлбарыг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зөрчил үйлдсэн нь нотлогдоогүй байхад компанид шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэх гомдлыг тус тус хүлээн авсангүй.
12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 127/ШШ2024/0011 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-т холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Э-ийн үйлдсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ