Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0061

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус  сумын  Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох;

             ““Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахгүй байгаа хариуцагч Улаанхус сумын  Засаг даргын  татгалзал хууль бус болохыг тогтоож,“Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахыг  хариуцагч Улаанхус сумын  Засаг даргад даалгах,  сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 9.125.000 төгрөгийг гаргуулах, Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал С.Х, түүний өмгөөлөгч А.С,  хариуцагч Улаанхус сумын Засаг дарга  К.Б, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг  төлөөлж  Хурлын дарга М.Е, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал С.Х  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн хүсэлт болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       1. Миний бие  аймгийн хэмжээнд  хайрга олборлолт хомсдож аймгийн Засаг даргаас хайрга олборлох ажиллагаа зарласны дагуу 2019 онд Улаанхус сумын Хар эрэг гэдэг газраас хайрганы хайгуул хийх гээд анхны баримжаат судалгаагаа хийж, аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдлөө гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээж авч 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2 цаг 24 минутад ХА-******-001 NЕ дугаартай гэрчилгээ олгосон. Уг өргөдөл тэр өдөртөө  Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар хүргэгдээд жил гаруй хугацаа судалгаа хийгдээд уг газраас хайгуулын зөвшөөрөл явуулахад татгалзах зүйлгүй, ямар нэгэн өвөлжөө, хаваржаа, зуслан, байгалийн нөөцийн газар, тусгай хамгаалалттай газар, хайгуулын ашигт малтмалын газарт давхцаагүй гэсэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  8/2879 тоот хариу нь албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт ирж, аймгийн Засаг дарга зохих хууль журмын дагуу Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хүргүүлэн хариуг авч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр оруулж шийдвэрлүүлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын А/128 тоот шийдвэр, 0211004039 дугаар бүхий хайгуулын зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 03 дугаар  сарын 01-ний өдөр олгосон.

           Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулан батлуулахаар 2021 оны 4 дүгээр  сарын 01-ний өдөр Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж,  байгаль орчны хяналтын улсын байцаагч  хянаж гарын үсэг зурж Засаг дарга К.Бэд оруулсан боловч тодорхой хариу тайлбаргүй гарын үсэг зураагүй байгаа юм.  Уг хуулийн  27.2-т  бичиг баримтыг хүлээн авмагц ажлын 5 хоногт багтаан төлөвлөгөөг баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн заалтын дагуу албан бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн дагуу дахиж хандсан боловч өнөөдөр хүртэл удаа дараа албан бичгийн хариу авъя гэж утсаар болон хүн явуулсан хариу өгөөгүй, байгаль орчноо хамгаалах 2% төлөвлөгөөг өгөөгүй байна. Хуулийн хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулан батлуулахаар хүргүүлсэн боловч яах гэж байгаагаа мэдэгдэхгүй компанийн ажлыг зогсоогоод байна. Энэ хуулийн 15 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийн 15.1.2-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж заасан. Сумын Засаг дарга К.Б нь тус компани хуульд заасан хайгуулын ажил хийх, дараа нь онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз авахад саад учруулж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй улс төр хийж байна гэж үзэж байна.

          Хайгуулын зөвшөөрөл авмагц 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр М.Б гэдэг хайгуулын инженертэй харилцан тохиролцож сард 1,5 сая төгрөг өгч байхаар гэрээ байгуулсан. М.Б инженер гэрээнд Улаанбаатар явж архиваас судалгааны материал авах, хайгуулын ажлын төлөвлөгөө хийх, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө хийлгэх зэрэг ажлууд багтсан. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж манай компани ажилтандаа сар бүр сул цалин өгсөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар 9 сая төгрөгийн цалинг инженерт олгосон байна. Маргаантай асуудлаас болж өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлээс болж манай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын  үйл ажиллагаа явуулж чадаагүй тул ямар нэгэн орлого олоогүй. Манай компани ашгийн төлөө хуулийн этгээд тул  ажилтанд олгож байгаа сул цалин  манай компанийн хувьд алдагдал буюу хохирол болж байна. Мөн гарын үсэг зуруулахаар 3  удаа очсон машины хөлс 125000 төгрөгийн хохирол гарсан.

            2.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 46 дугаар зүйлийн 46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл манай компанийн зүгээс Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хуралдаан болсныг   болон маргаан бүхий актаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай "Зөвшөөрөл олгох тухай" тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдээгүй, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг байгууллага, албан тушаалтнаас энэхүү шийдвэрийн тухай манай компанид албан ёсоор мэдэгдээгүй болно.

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг,нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:11.2.5. харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан.

Манай компани Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 12 дугаар тогтоол, Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2/287 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8/2879 дугаар дүгнэлт, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 25 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" А/128 дугаар захирамж болон 1-01/338 дугаар шийдвэрийн дагуу Хар эрэг нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ХV-****** дугаар тусгай зөвшөөрөл авсан ба одоогийн байдлаар эдгээр актууд бүгд хуулийн хүчин төгөлдөр болно.

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг үндэслэн Улаанхус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байжээ.

Захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд захиргаанаас акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж  байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон  үүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно. Гэтэл Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 дугаар тогтоолыг гаргахдаа бодит нөхцөл байдал ,хууль зүйн үндэслэлийг заагаагүйгээс гадна Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна.

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тэмдэглэл гэх баримтаас үзэхэд "Хар эрэг” гэсэн газар нь бэлчээрийн газарт хамаардаг, түүнчлэн тухайн багийн иргэдийн хайрга авч амь зууж байгаа газар учраас "Н” ХХК-д өгөх боломжгүй гэжээ. Нэр бүхий Тэргүүлэгчид "иргэдийн хайрга авч амь зууж байгаа газар учраас "Н” ХХК-д өгөх боломжгүй, ...би байгаа цагт энэ газрыг хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй” гэснээс үзвэл Тэргүүлэгчид асуудалд субьектив хандсан болох нь тодорхой харагдаж байна.

Түүнчлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8/2879 дугаар дүгнэлтээс үзвэл хариуцагч Улаанхус сумын Засаг даргын “тус сумын 7 дугаар багт оршин суудаг иргэдийн малын бэлчээр бүхий газартай давхацсан” гэсэн тайлбар болон Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тэмдэглэл гэх баримтад дурдагдсан нэр бүхий Тэргүүлэгчдийн “ ...Хар эрэг бол 4, 5, 7, 8 дугаар багийн бэлчээр. Ялангуяа 7-р багийн бэлчээр, би байгаа цагт энэ газрыг хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй. "Н ХХК"-д өгөхгүй” гэсэн тайлбарууд бүгд үндэслэлгүй байна.

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн "Зөвшөөрөл олгох тухай" 12 дугаар тогтоол манай компанийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гагцхүү Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49. 3-т заасан үндэслэл байгаа тохиолдолд хүчингүй болгох эсхүл цуцалж болдог. Энэ тохиолдолд хариуцагч маргаан бүхий тогтоолоор Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн "Зөвшөөрөл олгох тухай" 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх хуулийн чухам аль үндэслэлд хамааруулсан нь тодорхой биш ойлгомжгүй байна. Түүнчлэн, Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл байхгүй алга болсонд манай компанийн буруу байхгүй юм. Манай компани Хар эрэг нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ХХ/-****** дугаар тусгай зөвшөөрөл авснаас хойш Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан шаардлагууд болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ зөрчөөгүй болно.

Иймд “Н” ХХК-ийн хүргүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгаж, сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 9.125.000 төгрөгийг гаргуулан,  Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч талаас 1.Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоол гарсан гэх боловч хуралдааны тэмдэглэл байхгүй байсан. Хурлын дарга өөрөө дураараа тогтоол гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй, Хурлын дарга нэхэмжлэгч талд хамаарал бүхий этгээд  байсан. 2.Улаанхус сумын 4,5,7,8 дугаар багт оршин суудаг мал бүхий иргэдийн бэлчээрийн газар учраас тогтоолыг хүчингүй болгосон. 3.Иргэдээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох тухай удаа дараа хүсэлт гаргасан, Засгийн газрын түвшинд асуудал ярьж байгаа гэсэн ийм 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан байгаа. 

Манай үйлчлүүлэгч байгууллага 2021 оны 03 дугаар сард хариуцагч байгууллагад төлөвлөгөө батлуулахаар 2 хувь баримт бичгийг өгөхөд захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хэргийн нөхцөл байдлыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасан “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлж,  өмнөх  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн заримаас нь тайлбар авсан бол энэ ажиллагаа шүүхийн шатанд биш өмнөх шатанд шийдэгдэх боломжтой байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд цугларсан нотлох баримт болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд, хариуцагч нар хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нөхцөл байдал харагдаж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад тогтоол гаргахдаа хуралдааны тэмдэглэл байхгүй болсон асуудалд “Н” ХХК-ийн буруу байхгүй.

Өмнө нь Тэргүүлэгчдээр ажиллаж байсан иргэдийн гэрчийн мэдүүлгээс харахад, тус өдөр хуралдаан болсон нь үнэн, “Н” ХХК-ийн хайгуулын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь үнэн гэдгийг нотолсон байна. Хариуцагч нар гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй. Мөн тус сумын 4, 5, 7, 8 дугаар багт оршин суудаг мал бүхий иргэдийн бэлчээр газартай маргаан бүхий газар давхацсан гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа боловч  хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү тайлбар бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2879 дүгээр албан бичгээс үзэхэд, тухайн газар ямар нэгэн байдлаар бусдын эдэлбэр газар, бэлчээрийн газартай давхцаагүй гэдэг эрх бүхий байгууллагын дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй. Тийм учраас хариуцагчийн тайлбар бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Улаанхус сумын 4, 5, 7, 8 дугаар багийн иргэдээс сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад удаа дараа өргөдөл гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв өргөдөл гаргасан нь үнэн бол хавтаст хэрэгт иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг яагаад нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй вэ. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаад 2 сар болсон. Нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байхад иргэдийн өргөдөл гэж гаргаж өгч чадаагүй байдлаас үзэхэд, иргэдээс өргөдөл гомдол гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Бэлчээрийн газар болон нийтийн эдэлбэр газарт давхацсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учраас тайлбарууд нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай байгууллагын тусгай зөвшөөрөл хайгуулын зөвшөөрөл. Тухайн газрыг “Н” ХХК-д олгосноор хэний эрх ашиг зөрчигдөх юм вэ. Хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн асуудал байгаа юу, эрх ашиг нь зөрчигдөнө гэдгийг юугаар нотолж байгаа вэ. Өнөөдрийн байдлаар “Н” ХХК тухайн маргаан бүхий газарт нэг ч атга элс олборлоогүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар тухайн газраас иргэд замбараагүй элс, хайрга олборлож, нүх ухсан, мал, нохой үхдэг, бараг хогийн цэг болсон газар юм байна. “Н” ХХК-д тус газрыг хариуцуулснаар эсрэгээрээ замбараагүй газар олборлолт, хогийн цэгийн асуудал цэгцлэгдэх юм биш үү. Улаанхус сумын зарим багийн иргэд тухайн газраас элс, хайргыг бараг үнэгүй шахуу бага зардлаар авдаг болох нь харагдаж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан тохиолдолд заавал төлбөр төлөх ёстой. Төлбөргүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглана гэж байхгүй. Үүнийг журамтай болгож, менежментийг нэг компанид хариуцуулснаар иргэд нэгдсэн журмаар элс, хайрга авч, төлбөрийн авдаг. Төлбөр авснаар тухайн төлбөр шууд компанийн орлого болохгүй, тухайн байгууллага, орон нутгийн төсөвт ордог. Хариуцагч  тал үүнийг судлах ёстой байсан.

Мөн манай компани 9125000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-т “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй” , 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

“Н” ХХК хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд төлөвлөгөөнд хэзээ гарын үсэг, зурж баталгаажуулна тэр үед ажлаа эхэлье гэж хүлээцтэй хандаж байна. Хэдийгээр ашгийн төлөөх хуулийн этгээд боловч тухайн газраас нэг атга ч хайрга авч, олборлолт хийгээгүй. Зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу инженерийн цалинг олгож ирсэн. Ашиг олоогүй байж зардал гаргаж байгаа нь тухайн компанийн хувьд хохирол болж байгаа. 2021 оны 3, 4 дүгээр сард Засаг дарга эс үйлдэхүй гаргахгүйгээр тухайн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажуулаад өгсөн бол тухайн цаг мөчөөс компани тухайн газарт ажиллаж, хайгуулын ажлаа явуулсан бол ашиг олоод явах байсан. Үүргийн талаар ярихад, Түгээмэл тархацтай, ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой.Тийм учраас миний үйлчлүүлэгч байгууллага тухайн газарт хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс хариуцагчийн эс үйлдэхүй, гэм буруу байгаа. Улаанхус сумын ард иргэдэд хохиролтой үйл ажиллагаа явуулах гэж байгаа зүйл байхгүй. Хариуцагч нар хоёулаа тайлбар хэлэхдээ, “Н” ХХК тухайн газарт хайгуулын үйл ажиллагаа явуулснаар иргэдийн эрх ашиг маш ноцтой хохирох юм шиг хийсвэр бодлоор тайлбарлаж байна. Харин тэнд “Н” ХХК үйл ажиллагаа явуулснаар ард иргэдийн эрх ашиг сэргээгдэнэ, тухайн газар журамтай болж, цэгцлэгдэнэ гэдэг байдлаар харах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Улаанхус сумын  Засаг дарга  К.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус аймгийн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор тус сумын “Хар эрэг” нэртэй солбицолтой талбайд ашигт малтмалын ХА-****** бүртгэлийн 80.75 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, Хурлын дарга Б.Е гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шийдвэр гаргахдаа иргэдийн Хурлын төлөөлөгч нарт танилцуулан хэлэлцүүлэлгүйгээр өөрөө дур мэдэн шийдвэр гаргасан нь хурлын тэмдэглэл байхгүй байгаагаар тогтоогдсон байна. Өмнөх  7 Тэргүүлэгчидтэй нэг бүрчлэн би өөрөө уулзаж ярилцахад, зарим Тэргүүлэгч нар “...бид тийм асуудал хэлэлцсэн хуралдаанд ороогүй, мэдэхгүй. Хар эргийг өгөхөөс татгалзаж байна. Б.Е ямар тогтоол гаргаж, яаж уламжилж байсныг санахгүй байна” гэсэн тайлбаруудыг өгсөн. Мөн өмнөх Засаг дарга О.Нурлантай ч уулзаж Хар эрэгт хайгуулын ажил явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгсөн юм уу гэж асуухад, “...би хурал болсныг мэдэхгүй, надад тогтоолоо үзүүлж, захирамж гаргаж өг гэж байгаагүй, би тэр талаар мэдэхгүй” гэсэн. С.Х ахын өөртэй нь уулзаад бүгд Хар эрэг дээр очиж авахыг хүсэж байгаа газрыг нь үзсэн. С.Х ахын авах гэж байгаа газар нь 80 га газар юм байна. Хэрэв С.Х ахын авах гэж байгаа газар 80 м, 100 м байсан бол хогийн цэгийг журамд оруулж, ном журмын дагуу авч болно гэж би өөрөө ч бодож байсан. Гэхдээ 80 га газар гэдэг чинь сумын дээд талд байгаа 35 жилийн төлөвлөгөөнд орсон газрыг бүхэлдээ авах гэж байгаа юм байна. “Н” ХХК-д 80 га газрыг олговол Улаанхус сумын ард иргэдэд ямар ашигтай вэ гэдгийг бид нар судалсан. Тухайн газарт одоо очоод үзсэн ч иргэд намаржиж байна. Тэр газарт бэлчээр байхгүй ч гэсэн тэр газарт мал бэлчиж байдаг. 4, 5, 7, 8 дугаар багийн иргэдийн малын бэлчээр болж байгаа. Иргэдийн малын бэлчээр бүхий газартай давхацсан  учраас мал бүхий иргэд бэлчээргүй болсон,  хайрга авсан газарт ус тогтон иргэдийн мал үхэж хорогдсон асуудал гарсан байна.Хайрганы нөөц бас хангалтгүй. “Н” ХХК тэр газрыг авлаа гэхэд, газрыг ухаад ухаад явчихна тэгээд хайрганы нөөцгүй болно. Одоо газар ухсанаас болж хэрүүл маргаан гарч байгаа.  Тийм учраас би байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зурж өгөөгүй. Надад амаараа ч, албан тоотоор ч хандсан. Мөн иргэдээс тухайн үеийн гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах талаарх  өргөдөл, гомдол  удаа дараа Хурлын Тэргүүлэгчдэд ирсэн байна.  Энэ хүрээнд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн 15 дугаартай тогтоолоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай”  тус сумын “Хар эрэг” нэртэй солбилцолтой талбайд ашигт малтмалын ХА-****** бүртгэлийн 80.75 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч талаас сумын Засаг даргад 2021 оны 03 дугаар сард ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө зэргийг батлалгүйгээр буцаасан болно. 

Мөн хохирол 9.125.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэв тухайн газрын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж, Засаг даргаас захирамж гарч  үйл ажиллагаа явуулж байсан бол бид нар тэр хохирлыг нь хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ гэрээ хийгээгүй, газрын асуудал нь шийдэгдээгүй. “Н” ХХК тухайн газарт очиж ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учраас хохирол 9.125.000 төгрөгийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Компанидаа мэргэжлийн хүмүүсээ авч ажиллуулж байгаа байх, тэр компанийн өөрийн дотоод асуудал. Тийм учраас хохирлын бид нар төлж өгөх ямар ч боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж Хурлын дарга М.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дээр тухайн үеийн аймгийн Засаг даргын орлогч А.Каас “Н” ХХК-д зөвшөөрөл олгож болох эсэхийг хүссэн Тэргүүлэгчдээс санал авахаар албан тоот явуулсан. Тэргүүлэгчид хуралдах өдөр “Н” ХХК-ийн захирал С.Х ирж Тэргүүлэгчидтэй биеэрээ уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан. Тухайн өдөр Тэргүүлэгчид хуралдахдаа “Н” ХХК-д өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дарга Б.Е тогтоол гаргаж зөвшөөрөл олгосон байсныг бид олж харсан. Өмнө зөвшөөрөл олгосон тогтоол гарсан бол яах гэж бидэнд хадсан вэ гэж асуухад шинээр томилогдсон аймгийн  удирдлагууд  орон нутгаас дахин санал авах шаардлагатай байна гэж хариулсан. Манай Тэргүүлэгчид “Хар эрэг”-тэй холбоотой  саналаа хэлж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох санал гаргаж хүчингүй болгосон. Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн шийдвэрээ гаргасан.  Мөн тухайн үед газрын даамал Б.Нуржайнагаас тухайн газрыг газрын төлөвлөгөөнд оруулж баталсан эсэхийг асуухад  төлөвлөгөөнд ороогүй гэдгийг хэлсэн. Газрын төлөвлөгөөнд ороогүй газар учраас тогтоолыг хүчингүй болгосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тогтоолыг  хүлээж байгаад тэр өдөр “Н” ХХК-ийн захирал С.Х өөрийн биеэр авч явсан. Гэтэл хүчингүй болсныг мэдээгүй гэж нэхэмжлэлд бичсэн байна. 4,5, 7, 8 дугаар багуудын иргэдийн мал бэлчих бэлчээр гэдгийг манай сумын иргэд бүгд мэдэж байгаа. Хэрвээ тус компани үйл ажиллагаа явуулж эхэлбэл ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Манай сумын ард иргэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тогтоол гаргаж “Хар эрэг”-ээс 80 га газрыг түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын компанид өгснийг огт мэдээгүй ба 2021 оны 01 дүгээр сарын 21-ний  өдрийн Тэргүүлэгчдийн хурлын дараа мэдсэн. Иргэд гарын үсэг цуглуулж аймгийн Засаг даргад хандсан болно. Ард иргэдийн эрх ашгаас дээгүүр ашиг ологч компанийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тиймээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тогтоолоо хүчингүй болгох боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Н” ХХК-аас тус шүүхэд анх  “Улаанхус сумын  Засаг даргын  “Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  баталгаажуулаагүй  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зурж  баталгаажуулахыг даалгах, сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 3.125.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  болон шүүх  хуралдааны шатанд ““Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахгүй байгаа хариуцагч Улаанхус сумын  Засаг даргын  татгалзал хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахыг  хариуцагч Улаанхус сумын  Засаг даргад даалгах,  сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 9.125.000 төгрөгийг гаргуулах, Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодруулсан болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5. харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана”,14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна: 14.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх; 14.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; 14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”,  14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

“Н” ХХК-аас холбогдох баримт бичгүүдийг хавсарган хайгуулын тусгай  зөвшөөрөл  хүсэж аймгийн Засаг даргад гаргасан  өргөдлийг  өргөдөл бүртгэх дэвтэрт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, анхан шатны шүүлт хийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг  хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэнээр өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор  холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2879 дугаартай албан бичгээр  “...түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна. Үүнд: Улаанхус сумын нутагт: “Н” ХХК-ийн  Хар эрэг нэртэй түгээмэл тархацтай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-****** бүртгэлийн дугаартай 80.75 га талбай” гэж дүгнэлт хүргүүлсэн байна. 

Улмаар  тухайн талбай байрших  Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоол болон  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг  дэмжсэн санал  өгснөөр  аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/128 дугаар захирамжаар Улаанхус сумын “Хар эрэг”  нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-д 3 жилийн хугацаагаар олгож, мөн өдөр Улаанхус  сумын “Хар эрэг” нэртэй  газарт орших 80.75 гектар талбайг хамарсан  хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх ХV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ийг дуустал хугацаагаар олгосон байна.

Тусгай  зөвшөөрөл  олгосны дараа “Н” ХХК-аас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулан гарын үсэг зуруулж, 2021 оны 04 дүгээр сарын  эхээр тус  сумын Засаг даргад хүргүүлсэн боловч батлаагүй байна. Тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/21 дугаартай албан бичгээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг дахин хүргүүлсэн боловч Улаанхус сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/82 дугаар албан бичгээр “уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  ороогүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээгүйг тухайн үеийн төлөөлөгч нар нотолж байгаа,  тухайн газар  нь 4,5,7,8,9 дүгээр багуудын нийтийн бэлчээрийн газар учраас иргэд эсэргүүцэж байна” гэх үндэслэлээр  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан байх ба дээрх үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ: 27.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 27.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус зааснаар сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг хянан батлах бөгөөд  төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх учиртай.

1.Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор[2] тус сумын “ХхХар эрэг” нэртэй газрын ХА-****** бүртгэлийн дугаартай 80.75 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг  дэмжсэн байх ба 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдаанд  нийт 7  Тэргүүлэгчдээс  Хурлын дарга болон 4 Тэргүүлэгч буюу олонх нь оролцож  дээрх шийдвэрийг гаргасан болох нь гэрч нарын мэдүүлгээр[3] тогтоогдож байх тул тухайн асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээгүй гэх  хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн  гэрч Ж.Хаас[4] “...Тухайн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Уг Тэргүүлэгчдийн хуралдаанд миний бие тэмдэглэл хөтөлж оролцсон. ...Уг хурлаар миний санаж байгаагаар  аймгийн Засаг даргын орлогч А.Каас  “тус сумын Хар эрэг нэртэй газраас  ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх”  агуулгатай албан бичиг ирүүлснийг  сумын Засаг даргын орлогч Е.М  хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүний дагуу тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхын саналаар дээрх 12 дугаар тогтоолыг гаргасан. ...Тэмдэглэлийн хувьд  хуралдааны үед гараар хөтөлдөг байсан ба Хурлын нарийн  бичиг компьютерт шивдэг байсан.Тухайн үед Хурлын нарийн бичгийн дарга амралттай байсан, тэгээд удалгүй тухайн хүн 8 дугаар сарын сүүлээр  билүү, 9 дүгээр сарын эхээр билүү нас барсан. Ингээд шивэх хүн  байхгүй байсан болохоор өмнөх болон тухайн хуралдааны тэмдэглэл гээд  нэлээн тэмдэглэлүүдийг  хурлын дотоод ажил хариуцсан ажилтан  С.О гэдэг хүнд хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн тул хуралдааны тэмдэглэл  байхгүй байгаа нь   тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай  холбоотой  асуудал болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг  дэмжсэн  санал гаргасан  үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй  гэж үзсэн болно.

2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн  2.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 10.1.3.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх”, 12 дугаар зүйл /Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага/-ийн 12.1-д ”Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.13-т “”тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17,18,20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг”, 4.1.14-т “”нөөцөд авсан талбай” гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:11.1.25.энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”, 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-т “Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ”, 17.5-д “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна: 17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;17.5.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус заасан.

Хуульд заасан дээрх ажиллагаанууд хийгдсэнээр, тухайлбал геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой  сонгон шалгаруулалтын талбайн солбицлын талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч  аймаг, нийслэлийн Засаг даргын  өгсөн зөвшөөрсөн  хариу болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газар батлах бөгөөд  уг  баталсан талбайн солбицлын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төрийн захиргааны байгууллагын  ялгасан сонгон шалгаруулалт явуулах талбай нь дээр дурдсан тодорхой шаардлагуудыг хангасан байхаар   зохицуулжээ.

 “Н” ХХК-ийн  түгээмэл тархацтай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Улаанхус сумын  “Хар эрэг” нэртэй газарт орших ХА-****** бүртгэлийн дугаартай 80.75 га талбай нь Засгийн газраас баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын хүрээнд хамаарч байгаа.  Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа буюу  ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь  Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг болон хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар[5] тогтоогдож байгаа бөгөөд  хариуцагч Улаанхус сумын Засаг даргаас  тухайн 80.75 га талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай давхацсаныг нотлох үндэслэл, нотлох баримт болон “иргэд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн” гэх  талаар нотлох баримт гаргаагүй болно.

Иймээс хариуцагч Улаанхус сумын  Засаг даргын  Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг “тухайн газар  нь 4,5,7,8,9 дүгээр багуудын нийтийн бэлчээрийн газар учраас иргэд эсэргүүцэж байна” гэх үндэслэлээр батлахаас  татгалзсаныг  хуульд нийцсэн, үндэслэл бүхий  гэж үзэх боломжгүй  байна.

3.Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт  “Газрын хэвлий, ...байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын  тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна”,  Түгээмэл  тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгахаар зохицуулсан ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдээс Улаанхус сумын Хар эрэг нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоол гаргасан, улмаар эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу “Н” ХХК-д  “Хар эрэг”-ийн  80.75 га  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байхад сумын Засаг даргаас тухайн жилийн  буюу Улаанхус  сумын  2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй  гэдэг үндэслэлээр  хүчин төгөлдөр  байгаа тусгай  зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй нь үндэслэлгүй байна гэж үзлээ. 

4. Хариуцагч сумын Засаг даргаас шүүхэд “хайрга авсан газарт  ус тогтон иргэдийн мал үхэж  хорогдсон асуудал гарсан,... тус  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн, 15 дугаартай тогтоолоор 2020 оны  08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай “тус сумын Хар эрэг  нэртэй солбицолтой талбайд  ашигт малтмалын ХА-****** бүртгэлийн 80.75 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэсэн. Сумын Засаг дарга нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хураас  гаргасан шийдвэрийг  хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй тул  нэхэмжлэгч талаас сумын Засаг даргад 2021 оны 3 дугаар сард ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэргийг батлалгүйгээр буцаасан болно” гэж тайлбар ирүүлсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд[6], хэргийн оролцогчдын тайлбараар Улаанхус сумын Хар эрэг нэртэй газраас тус сумын иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга  авч  ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд харин  нэхэмжлэгч “Н” ХХК нь  хайгуулын тусгай зөвшөөрөл авсан Хар эргийн 80.75 га газарт үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх тул “хайрга авсан газарт  ус тогтон иргэдийн мал үхэж  хорогдсон асуудал гарсан” гэх асуудал нь “Н” ХХК-д холбогдолгүй байна.

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор[7] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25  дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг үндэслэн  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх ба уг  тогтоолд тухайн захиргааны актыг  гаргах болсон бодит нөхцөл байдлыг заагаагүй байна. Харин хуралдааны тэмдэглэлээс[8] үзэхэд “өмнөх Тэргүүлэгчдийн  хуралдааны тэмдэглэл байхгүй, Хар эрэг нь сумын 4, 5, 7, 8 дугаар багийн бэлчээр,мөн иргэдийн хайрга авч амь зууж байгаа газар тул “Н” ХХК-д өгөхгүй” гэсэн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгожээ.

Дээр дурдсанаар Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас “Н” ХХК-ийн түгээмэл тархацтай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Хар эрэг”–ийн  80.75 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн  санал гаргасан, уг газар нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай давхцаагүй  болох нь тус тус тогтоогдсон, мөн  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх, ашиглах  эрхийг тусгай зөвшөөрлөөр олгохоор  зохицуулсан байх  тул   хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   дээрх үндэслэлээр гаргасан 15 дугаар тогтоол нь   хууль бус, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий биш  байна гэж үзлээ.

Үүнээс гадна  Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.2 /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно/-т заасан аль үндэслэлээр  нэхэмжлэгчид эрх олгоход чиглэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох өмнөх Тэргүүлэгчдийн тогтоолыг  хууль бус гэж үзэж хүчингүй болгосноо хариуцагчаас  тайлбарлаж чадаагүй, хүчингүй болгосон үндэслэлтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах  ажиллаагааг хийснээ нотолж  нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Н” ХХК-ийг оролцуулж,тайлбар гаргуулаагүй байна.

Иймд Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 15 дугаар тогтоол нь  хууль бус, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий биш болох нь тогтоогдож байгаа, түүнчлэн тусгай  зөвшөөрөл олгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах  асуудлууд нь хоорондоо ялгаатай бөгөөд  сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн агуулгатай санал өгсөн” тогтоол болон холбогдох төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрх бүхий этгээд болох  аймгийн Засаг даргаас хуульд заасан журмын дагуу  “Н” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  Улаанхус  сумын “Хар эрэг” нэртэй  газарт орших 80.75 гектар талбайг хамарсан  хайгуулын талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгосны дараа хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулан ирүүлсэн  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг өмнөх  Тэргүүлэгчдийн “дэмжсэн санал өгсөн” шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн үндэслэлээр   батлахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Улаанхус сумын Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/82 дугаар албан бичиг нь хууль бус, үндэслэлгүй байна гэж дүгнээд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Түгээмэл тархацтай ашигт  малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т  заасан бүрэн эрхийн хүрээнд   олонхын  саналаар гаргасан шийдвэр  болох 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар  тогтоолыг  шинээр сонгогдсон Тэргүүлэгчдээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан “хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”  гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцээгүй.  Мөн хуулийн захиргааны шийдвэр гаргах үйл  ажиллагаанд хамаарах  бодит нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах талаар зохицуулсан 24, 25 дугаар зүйлийг тус тус зөрчсөн,  уг тогтоолыг  үндэслэн хариуцагч Улаанхус сумын Засаг даргаас  нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах  төлөвлөгөөг батлахаас татгалзсанаар  нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг  сонирхол зөрчигдөж  байх  тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  маргаан бүхий 15 дугаар тогтоолыг  хүчингүй болгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчийн “сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 9.125.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Хайгуулын  зөвшөөрөл авмагц 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  М.Б гэдэг хайгуулын инженертэй  харилцан тохиролцож, сард 1.5 сая төгрөг өгч байхаар хатуу нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж манай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа  явуулж чадаагүй тул ямар нэгэн орлого олоогүй, манай компани ажилтандаа  сар бүр сул цалин өгсөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар 9.000.000 төгрөгийн цалинг олгосон байна. Мөн  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зуруулахаар 3 удаа очсоны машины хөлс 125000 төгрөг, нийт 9125000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна”  гэж тайлбарласан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж зохицуулсан.  

Нэхэмжлэгчээс “Баян-Өлгий  аймгийн Улаанхус сумын  газар нутаг дахь “Хар эрэг” талбайд 2021-2023 онуудад хийх түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын ажлын төлөвлөгөө”, “Баян-Өлгий  аймгийн Улаанхус сумын  газар нутагт орших Хар эрэг нэртэй хайрганы ордод  хийгдэх геологийн судалгааны ажлын үеийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”,  “А” ХХК-тай /захирал М.Б/ байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г  тус тус нотлох баримтаар[9] гаргаж өгсөн. Харин “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зуруулахаар 3  удаа очсоны машины хөлс  125000 төгрөг” болон “М.Б инженерт  сард  1.5 сая төгрөг өгч байхаар хатуу нөхцөлтэй  хөдөлмөрийн гэрээ байгуулсан” талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, түүнчлэн эх сурвалжийг зааж  тухайн нотлох баримтуудыг цуглуулах тухай хүсэлт гаргаагүй болно.

Дээрх “А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар[10] гүйцэтгэгч “А” ХХК нь Баян-Өлгий аймгийн Улаанхус  сумын газар нутагт орших ХV-****** тоот  хайгуулын  тусгай зөвшөөрөлтэй Хар эргийн 80.75 га хайрганы ордын талбайн Геологи хайгуулын ажлын  төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө зэргийг зохиож,  геологийн  эрэл үнэлгээний болон урьдчилсан хайгуулын ажлыг  хугацаанд нь хийж гүйцэтгэж, захиалагч тал болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр,  захиалагч “Н” ХХК нь геологи хайгуулын ажлын даалгаврын буюу төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх ажлын  биелэлтийг  хянаж хүлээн авч, хөлсийг нь  гэрээгээр тохиролцсон хэлбэрээр  хугацаанд нь төлөхөөр,   ажил гүйцэтгэх хугацааны хувьд 2021 оны 03 дугаар сарын 20-оос 2023 оны 03 дугаар сарын 30 хүртэл,  ажлын хөлс нь 30 сая төгрөг байхаар  тус тус тохиролцсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан.

Гэхдээ  гүйцэтгэгч “А” ХХК  /захирал М.Б/  нь гэрээнд заасан ажил болох “Хайгуулын ажлын  төлөвлөгөө”, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” зохиох ажлыг хийж гүйцэтгэснээр  ажлын хөлсөө авсан байх тул уг ажилд ногдох  мөнгийг  хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Мөн  гэрээнд зааснаар ажлыг 2 жилийн хугацаанд гүйцэтгэж, ажлын хөлсөнд 30 сая төгрөг авахаар, ингэхдээ гүйцэтгэгчийн  хийж гүйцэтгэсэн  ажлын биелэлтийг  хянаж хүлээн авснаар захиалагч хөлсийг нь өгөхөөр тохиролцсон, харин  гэрээний талуудаас үл хамаарах шалтгаанаар  ажил хийгдээгүй тохиолдолд ч  гүйцэтгэгчид  сард 1.5 сая төгрөгийн цалин хөлс   өгч байхаар тохиролцсон гэх  хөдөлмөрийн гэрээ  байхгүй тул  “Н” ХХК-ийн  хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд геологийн  эрэл үнэлгээний болон урьдчилсан хайгуулын ажил бодитой хийгдэж эхлээгүй байхад  гүйцэтгэгч “А”-ийн захирал М.Бд ажлын хөлс гэж урьдчилж төлсөн мөнгийг   хариуцагч Улаанхус сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсаны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, захиргааны хууль бус үйл ажиллагаа болон  хохирлын хооронд  шууд шалтгаант холбоо байхгүй байна.

Мөн “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зуруулахаар 3  удаа очсоны машины хөлс “ гэх 125000 төгрөгийн талаар нотлох баримт  байхгүй байгаагаас гадна байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг  болохыг  дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим  хэсгийг хангаж, “Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахгүй байгаа хариуцагч Улаанхус сумын  Засаг даргын  татгалзал хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  батлахыг  хариуцагч Улаанхус сумын  Засаг даргад даалгаж,  Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй  болгож, үлдсэн хэсэг болох сумын Засаг даргын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 9.125.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 20-24,40,53, 61-73,83,84-88,120-160,220-250-р хуудас

[2] Хэргийн 76-р хуудас

[3] Хэргийн 118-119,175-176,186-187,194-195,199-200,209-210-р хуудас

[4] Хэргийн 175-176-р хуудас

[5] Хэргийн 62-73-р хуудас

7-8-р хуудас /2-р хавтас/

[6] Хэргийн 168-169,212-р хуудас

[7] Хэргийн 54-р хуудас

[8] Хэргийн 168-169-р хуудас

[9] Хэргийн 25-27, 120-160, 220-251-р хуудас

[10] Хэргийн 25-27-р хуудас