Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

                                                                                                     

 

 

 

Г.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж 52/6 байр, 85 тоот хаягт байрлах 36.54 м.кв 1 өрөө орон сууцыг М.Б-ийн  хамтаар өмчилж байсан. М.Г нь миний үйл ажиллагааг нь удирдан явуулдаг "Жи Энд Юу Голд" ХХК-нд ажиллаж байсан ба манай компани ажилтнуудаа дэмжиж, орон сууц зээлээр өгч, сар бүр тодорхой үнийн дүнг цалингаасаа суутгуулах байдлаар төлбөрийг төлөх боломж өгсөн ба орон сууцны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр М.Гантөмөрийг оруулсан. Гэвч М.Г нь сахилгын зөрчил гаргасны улмаас ажлаасаа халагдсан болно. Улмаар М.Г өөрөө хүсэлт гаргаж, орон сууцаа үнийг бүрэн төлөөд авъя, миний цалингаас суутгуулсан мөнгийг урьдчилгаанд тооцоод үлдэгдэл төлбөр дээр банкны зээл хөөцөлдье гэсэн. М.Г өөрийн хүргэн дүү Б.Б гэх хүн энэ орон сууцыг худалдаж авахаар болсон, Б.Б дээр зээл гарах боломжтой үүнийг Голомт банкнаас нягтлахад "Б.Баянтөрийн зээл батлагдсан" гэж албан бичгээр мэдэгдсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, орон сууцыг Б.Б-д шилжүүлэх болж, үүний дагуу дурдсан орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.Б нь шилжүүлэн авсан болно. Гэрээний дагуу 25 000 000 төгрөгийн төлбөр төлөгдөх ёстой байсан. Гэвч Б.Б өнөөдрийг хүртэл энэ мөнгийг төлөөгүй. Орон сууцны өмчлөх эрх шилжсэний дараа зээл авах хүсэлт гаргаж, зээлийн шийдвэр нь гарсан байсан. Б.Б зээлийн хүсэлтээсээ татгалзаж, ипотекийн зээл авахаа больсон байсан. Нэгэнт Б.Б Зээлийн гэрээ байгуулаагүй, байгуулахаас татгалзсан тул Голомт банк нэхэмжлэгч надад орон сууцны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй гэж мэдэгдсэн. Б.Б орон сууцны үнийг банкны зээл авалгүй төлөх гэж байгаа юм байна гэж ойлгосон ч өнөөдрийг хүртэл төлсөнгүй. Иймд талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлөх төлбөр болох 25 000 000 төгрөгийг Б.Б-ээсгаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гантөмөр, Г.Ч  нартай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч тус байрыг гэрээний дагуу худалдан аваагүй. Учир нь тус байрыг нэр дээрээ шилжүүлэн авч үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр шилжүүлэх гэтэл М.Гантөмөр, Г.Ч  нарын хооронд төлбөр мөнгөний маргаан гарч тэрийгээ шийдвэрлэж чадалгүй Голомт банкинд Г.Ч  түүний ах н.Чинтөмөр захирал нар зээл гаргаж болохгүй, хэрэв зээл гаргавал хариуцлага тооцуулна гэж албан бичиг хүргүүлсэн гээд Голомт банк зээл өгөхгүй гэхээр нь би зээлээс татгалзсан. Тэгээд нэгэнт маргаантай юм чинь байрны өмчлөх эрхийг буцааж шилжүүлье гэтэл Голомт банк барьцаанаас чөлөөлж өгөхгүй гээд өдий хүрсэн. Би Голомт банкнаас зээл аваагүй үүрэг хүлээгээгүй байхад Голомт банк барьцаанаас чөлөөлөөгүй учраас тэр байрыг буцааж чадаагүй. Одоо тус байранд М.Б-ийн х амьдардаг бөгөөд би худалдаж аваагүй байгаа тул надаас мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ээс12 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч ээс төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс214 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ч , түүний өмгөөлөгч П.Цолмонбаатар нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг хариуцагч Б.Б-ээснэхэмжилсэн бөгөөд орон сууцны үнэ 43 800 000 төгрөг байсан. Гэрээний дагуу худалдсан орон сууцыг Г.Ч , М.Г нар өмчилдөг байсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсгийг баримтлан орон сууцны үнийг хамтран өмчлөгч нар тэнцүү шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн 50 хувийг буюу 12 500 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Дээр дурдсанчлан орон сууцны үнэ нь 43 800 000 төгрөг бөгөөд эндээс нэхэмжлэгч Г.Ч  нэг ч төгрөг аваагүй. Хариуцагч Б.Б орон сууцны төлбөрийг төлөөгүй тухай шүүх хуралдаан дээр өөрөө хэлсэн ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Иймд хамтран өмчлөгч Г.Ч  нь 21 900 000 төгрөгийг уг орон сууцны хамтран өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Г.Ч , н.Г нар нь хоорондоо өмчлөлийн маргаантай орон сууцаа надад шилжүүлсэн бөгөөд одоо хүртэл н.Гантөмөр нь тус байрандаа оршин суудаг. Би байрны маргаан гарч эхэлмэгц тус байрыг худалдан авахаа больж, зээл авахаасаа татгалзсан талаараа худалдагч талуудад мэдэгдсэн. Ингээд нэрээ шилжүүлж ав гэхээр тус байрны хоёр эзэмшигч нь хоорондоо учраа олдоггүй ба Голомт банкны зүгээс хоёр эзэмшигчийг хоорондоо тохиролцохоос нааш байрны гэрчилгээг барьцаанаас чөлөөлөхгүй гэдэг. Ийм байхад шүүх намайг уг байрыг худалдан авсан гэж үзэн 12 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч  нь хариуцагч Б.Б-д холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөрт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ч  нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжны 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36.54 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг М.Г-тэй хамтран өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх 11/

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох М.Б-ийн  эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаар тодруулалгүйгээр Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 12 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Учир нь энэ хэргийн хувьд гуравдагч этгээд болох М.Гантөмөрийг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН