Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1540

 

 

 

 

 

 

 

       2022         12          16                                        2022/ШЦТ/1540

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т, Б.О- нарт холбогдох 2108028511654 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 34 дүгээр гудамжны Задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт М-ийн Т (регистрийн дугаар:нф8010..............).

 

 Хоёр: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нил ноолуур” ХХК-д ноолуур ялгагч ажилтай, ам бүл 8, хамтран амьдрагч, зургаан хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 35 гудамжны 15 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин ................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Б-н О (регистрийн дугаар:НЧ8102....................).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч М.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин задгай тоотод Б.О-тэй хамт архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Б.О-ийн биед “зүүн завьжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, баруун тохойд цус хуралт бүхийн хөнгөн хохирол”-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан,

 Б.О- 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин задгай тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Тийг бусадтай хардан “хүзүү, баруун мөр, бугалга, хэвлий, баруун дал, бүсэлхий, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий” хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 1284 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т, Б.О- болон түүний өмгөөлөгч Л.Амартогос, А.Ганзориг нар  гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай тус тус оролцсон.

5. Шүүгдэгч М.Т Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгай тоотод 2021 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 00 цагийн үед архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Хохирогч Б.О-ийн “...Би хамтран амьдрагч М.Т-хамт амьдраад 15 гаран жил болж байгаа дундаасаа 4 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй юм. М.Т- эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний задгай тоотод байх манай гэрт М.Т-, Д бид гурав нэг шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад дуусгаад үргэлжлүүлээд 22 дугаар хорооны байртай ойролцоо байх Дгийнд очицгоосон тухайн үед оройны 21 цаг болж байсан ба бид 3 дахин нэг шил 0.75 литрийн “Хараа” архи уугаад унтацгаахаар болоод унтаж байтал М.Т- миний үснээс зулгаагаад миний хоолойг боогоод байшингийн ханыг толгойгоор минь мөргүүлээд толгой, хацар, ам руу гараараа цохиод хөл, нуруу гэх мэт газар руу минь өшиглөж цохиод байхад Д болиулах гэхэд Дг цаашаа түлхээд би хаалгаар гарах гэхэд хаалга онгойхгүй цоожтой намайг гаргахгүй дахин зодоод байхаар нь би хөнжил рүү ороод хэвттэл М.Т- миний дээрээс өшиглөөд үхэж гай болох вий дээ гэж хэлээд намайг зодохоо больсон юм. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэртэл М.Т- Д хоёр хамт хэвтэж байхаар нь би хаалга онгойлгоод өгөөч гэж хэлтэл хаалга онгойлгож өгөхгүй болохоор нь цонхоор нь гарч яваад гэртээ ирсэн юм ...М.Т- гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж Дтэй өвөр түрийндээ ороод  удаж байсан болохоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би бухимдсан уурандаа 2 гарынхаа хумсаараа М.Т-ийн хүзүүг маажиж гэмтээсэн зүйл байгаа юм. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сард гэртээ согтуу ирж агсам тавьж гэрийн эд зүйлсийг устгаж, гэмтээж, тухайн үедээ Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулж 30 хоногийн баривчилгаанд явах байсан боловч яваагүй юм. Тэр хугацаанаас урьд өмнө нь зодож цохисон асуудлыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 хуудас) ,

5.2. Гэрч С.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө орон нутагт ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байх гэртээ ирчхээд байж байтал найз Б.О- над руу залгаад ганц юм ууя гэхээр нь би зөвшөөрөөд манай байшинд Б.О-, М.Т- бид гурав 0.75 литрийн хараа архи нэг шилийг хувааж уугаад би ядарчихсан байсан болохоор унтах гээд хэвтэж байтал Б.О- нөхөр М.Т- нь хоорондоо маажаад зодолдоод нэгнийгээ хардаад үснээс нь зулгаагаад, завхай зайдангаар нь дуудаад түчигнэлдээд байсан. Өглөө М.Т- босоод ирэхээр нь яах гэж та хоёр зодолдоод байдаг юм бэ гэж асуухад намайг өөрөө унтуулж амраахгүй байгаа биз дээ миний цээж хэсгийг самардаад халуураад байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 хуудас),

5.3. М.Тийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан “...Надад өмнөх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй байна, би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-67-68 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

5.4. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10877 дугаартай “...Б.О-ийн биед зүүн завьжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

6. Б.О- 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин задгай тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Тийг бусадтай хардан “хүзүү, баруун мөр, бугалга, хэвлий, баруун дал, бүсэлхий, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

6.1. Хохирогч М.Тийн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин задгай тоот гэртээ Б.О-ийн хамт архи уугаад сууж байтал Б.О- намайг Дтэй хардаад миний нүүр дал бие хэсгийг хумсаараа маажиж намайг гэмтээсэн, тухайн үедээ би цагдаагийн байгууллагад хандаагүй юм. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Б.О-, Д бид гурав Дгийн гэрт нэг шил 0,75 литрийн “Хараа” архи уугаад унтацгаахаар болоод хаалгаа түгжээд бид 3 унтаж байтал намайг дахиад Дтэй хардаад намайг сэрээгээд миний нүүрийг маажиж намайг цохиж зодоод байхаар нь би түлхэхэд Б.О- шалан дээр бөгс хэсгээрээ унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас) ,

6.2. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10983 дугаартай “...М.Тийн биед хүзүү, баруун мөр, бугалга, хэвлий, баруун дал, бүсэлхий, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 хуудас),

6.3. Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан “... би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

7. Прокуророос Б.О-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, түүний үйлдэлд дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй гэж шүүх үзсэн.

8. Б.О- нь согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хумсаараа маажих зэргээр цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нэг удаагийн шинжтэй, тодорхой сэдэлттэй буюу бусадтай хардсаны улмаас үүдэлтэй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Б.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

9. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

10. Шүүгдэгч М.Т, хохирогч Б.О- нар албан ёсны гэрлэлт бүртгэлгүй боловч хамт 15 жил амьдарсан, дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, шүүгдэгч М.Т  нэг биш удаа хохирогчийн бие мах бодид халдсан, аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 хуудас), архи ууж агсам согтуу тавьдаг зэргээс үзэхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Тийн хэргийн зүйлчлэл тохирсон.

   12. Хохирогч М.Т, Б.О- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

13. Улсын яллагчаас: Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.О-ийг 02 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух хаягаа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

 

            14. Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.Ганзориг: Прокурорын санал болгож буй ялыг 01 сар болгож багасгаж өгнө үү гэв.

 

            15. Шүүгдэгч М.Т, өмгөөлөгч Л.Амартогос нар: Ажил хөдөлмөр хийх боломжтой, бусдад төлөх төлбөргүй тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

            16. Шүүгдэгч Б.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй, бага насны хүүхдүүдтэй, гэмт хэргийн хор уршиг арилсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, улирлын чанартай ажил эрхэлдэг, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ялыг 02 сарын хугацаагаар оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй.

 

            17. Шүүгдэгч М.Тийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийн 2022.12.13-12.16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 03 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            19. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын прокуророос Б.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Боржигон овогт М-н М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Б-н Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Тийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ийг эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүргийг 02 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийн 2022.12.13-12.16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 03 хоног х 08 цаг = 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Тид  мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.О-т мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.О-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Тид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ