Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч С.Сэржмядаг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Төмөртулга, иргэдийн төлөөлөгч Г.Алтантуул, шинжээч Ц.Оюун-Эрдэнэ, гэрч н.Баттогтох, хохирогч Б.Т , хохирогчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш (онлайнаар), Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1344 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Б.Б, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, дүү нарын хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний цээжин тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун талд эгмийн дунд шугамаар 3, 4 хавирганы түвшнээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж урагдсан шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун бугалгын зулгаралт, зүүн шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“Шүүгдэгч, *** овгийн Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний цээжин тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун талд эгмийн дунд шугамаар 3, 4 хавирганы түвшнээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж урагдсан шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун бугалгын зулгаралт, зүүн шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

- Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт... ертөнцийн зүгээр баруун тийш харсан бор өнгийн гал тогооны өрөө угтах ба дотогш ороход хар цагаан өнгийн гал тогооны шүүгээ, шүүгээний зүүн талд аяга таваг угаах никель өнгийн угаалтуур байх ба түүний дотор 20-25 см урттай, хөх өнгийн төмөр иштэй, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан 1 ширхэг хутгыг хэргийн газрын үзлэгээр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 4-8 дахь тал),

- Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ ганцаараа гэр орноо цэвэрлээд байж байсан. Тэгтэл манай танил ах Б.Б нь миний фейсбүүкээр дүрст зурвасаар залгасан ба тухайн үед бид хоёр ярьж байгаад манай гэрт Б.Б  ах ирэхээр болсон. Тэгээд 10-11 цагийн орчимд Б.Б  ах ганцаараа ирээд усанд орсон ба тэр хугацаанд миний бие гэрээ цэвэрлэж байсан. Би Б.Б  ахыг уснаас гарч ирэхээр нь хоёулаа нэг шар айраг ууя гэхэд надад машины түлхүүрээ өгч, голын хайрцагт нь 10,000 төгрөг байгаа, түүгээр шар айраг авчих гэсэн. Би гэрээс гарч урд талын дэлгүүрээс угаалгын нунтаг, 2,5 метрийн савлагаатай Сэнгүр гэх нэртэй шар айраг аваад гэртээ орж Б.Б  ахтай хувааж уусан. Тэрийгээ ууж дуусгаад дахин дэлгүүр гарч нэмж уусан. Дараа нь Б.Б  ах бид хоёр гэрээс гарч 15-16 цагийн орчимд гэрээс гарч, 19 дүгээр байрны тэнд байдаг гуанзанд орж хоол идчихээд, гэрийн тэнд би П.Е гэх залуутай уулзсан. Тухайн үед П.Е нь надаас зээлсэн мөнгөө өгөх зорилгоор ирсэн ба түүнтэй хамт үл таних 2 залуу хамт явж байсан. Тэгээд П.Е нь надад 200,000 төгрөгийн авлагаа авчхаад байж байтал П.Е-той ирсэн хоёр залуу буцаад яваад өгсөн. Тэгээд П.Е, Б.Б  бид гурав үлдсэн ба дэлгүүрээс би дахин нэг шар айраг аваад манай гэр рүү орсон....тухайн үед П.Е нь надад 100,00 төгрөг өгөх ёстой боловч мөнгө олдохгүй байсан учир би түүнээс 50,000 төгрөг л авъя, тэгээд өр цайръя гээд байж байсан. Тухайн үед Б.Б ах П.Е бид хоёрын ярианд хөндлөнгөөс орон “наад 50,000 төгрөгөөр чинь шарсан тахиа захиалж идье” гээд байхаар нь би түүнд хандан “боломжгүй, мөнгөний хэрэг байна” гэхэд “чи юун сүртэй юм бэ” гээд уурлаад эхэлсэн. Бид хоёр шар айраг их уусан байсан учир би гадаа салхинд гараад нэг хэсэг ухаангүй болж согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь орцны үүдээр алхаж ороод лифтэнд суун гэртээ орж байсан ба гэрийнхээ том өрөөний цонхны өмнө зогсож байхад Б.Б  ах хутга барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь би түүнийг яах гэж байгаа юм бол гээд дотроо бодож байтал хүрч ирээд миний цээж хэсэгт манай гэрийн хутганы иж бүрдэлд байсан хутгаар нэг удаа дүрсэн. Тухайн үед миний цээжний баруун талын дээд хэсэг дүрэгдсэн ба би хойш суугаад шарх дээрээ дарахад халуун мэдрэгдээд, түүнээс хойш санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлгийн орон дээр миний биеийн баруун гар, баруун цээж хөндүүртэй сэрсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 22-26 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...бид хоёр гадаа муудалцаад зодолдсон. Тэгээд би түлхүүртэй учраас гэртээ түрүүлж орсон. Хойноос Б.Б  ах, П.Е орж ирсэн. Тэгээд би цонхоор хараад зогсож байтал “Т” гэж дуудахад нь эргэж харахад намайг хутгалсан. Түүнээс хойш ухаан алдаад, 2-3 хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний бие хуучин шигээ биш болсон. Их амьсгааддаг. Толгой өвдөж, гар өвддөг. Баруун уушгины дээд тал усажсан. Цаашдаа эмчилгээний заалттай гэсэн. Их хэмжээний цус алдсан учир биеийн зарим хэсэгт цусаар дутагдаад өөрчлөлт орсон...Тухайн хутга бол манай гэрийн хутга...” гэсэн мэдүүлэг,      

- Гэрч Д.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...намайг очиход Б.Б  ах, Б.Т, П.Е гэх хүмүүс архи уусан байдалтай байсан. ...П.Е нь Б.Т  гэх хүнд өртэй байж байгаад дутуу мөнгө өгсөн талаар яриад байсан. Ер нь бол Б.Б ах, Б.Т, П.Е нар мөнгө яриад байсан бөгөөд би эхнэр хүүхэд рүүгээ утсаар ярихаар тэд нараас холдоод буцаад удалгүй эргэж ирсэн. Намайг ирэхэд Б.Б  ах, Б.Т  хоёр хоорондоо маргалдаад байсан ба Б.Т  Б.Б-т хандаж “чи бол намайг энд амжихгүй, зайл лалар минь” гээд толгой руу нь нэг удаа цохиод, мөргөөд байсан. Тэр үед Б.Б  Б.Т-ий өөдөөс хоолойг нь заамдаад барьцалдаж авахад П.Е бид хоёр дундуур нь орж салгасан. ...Б.Т гэр рүүгээ ороход Б.Б ах болон П.Е хоёр Б.Т-ийг дагаад гэр лүү нь орсон. Би тэд нарын араас дагаад орох гэсэн боловч лифтэнд амжилгүй дараагийн лифтэнд суугаад Б.Т-ий гэрт орсон. Гэтэл том өрөөний үүдний хажууд Б.Б ах хутга барьчихсан, харин Б.Т газар хэвтээд хувцас нь цус болчихсон, мөн Б.Б ахын гар нь цус болсон байсан. Намайг Б.Т-ий гэрт ороход П.Е нь Б.Б  ахын хажууд зогсож байсан ба тэр үед П.Е Б.Т-ий утсыг аваад 103-н түргэн тусламж дуудсан....Би Б.Б ахыг татаад юу хийчихсэн юм бэ гэхэд Б.Б ах Б.Т-ийг тэврээд уйлаад ахыгаа уучлаарай, түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34-36 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг очиход Б.Б  АТМ-ын гадаа өөр 2 хүний хамт надтай таарсан. Тэгээд ойролцоох байр руу орсон. Б.Т, Б.Б  нар пиво ууж байхад өөр бас нэг хүн хамт байсан. Казак хүн байсан байх. Б.Т  нь тэр хүнээс мөнгө авна гэж хэрэлдэж байгаад гарсан. Нэг мэдэхэд Б.Т гуйлгачин гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд л зодолдсон. Тэр үед “би чамайг алнаа” гэхэд Б.Т нь “чи намайг дүрчих. Би араа хангалттай дааж чадна” гээд орилоод байсан. Гэрт байхдаа Б.Т  Б.Б-ыг доромжлох өнгө аястай сонин сонин юм яриад байсан. Түүнээс л эхэлж муудалцаж эхэлсэн. Б.Б  хариу үйлдэл үзүүлээгүй, надад хоёулаа явъя гэж хэлээд бид нар гарсан...Намайг гэрт ороход үйл явдал болсон байсан. Б.Т буйдангаа гараараа тулаад сууж байсан. Б.Б ах гартаа хутгатай зогсож байсан. Б.Б ах Б.Т-ийг хутгалчхаад уйлаад орилж байхдаа түргэн дуудсан уу гэж хашхирч байсан. Тэр үед казах залуугийн гарт л утас байсан. Тэр дуудсан” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10260 дугаартай шинжээчийн “...Б.Б-ын биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 93-94 дэх тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10258 дугаартай шинжээчийн “...Б.Т-ий биед цээжний баруун талд эгмийн дунд шугамаар 3,4 хавирганы түвшнээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, урагдсан шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун бугалгын зулгаралт, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3661 дугаартай шинжээчийн “...хэргийн газраас хураан авсан гэх ажлын хэсгийн урт нь 18 см, 10 см урт ногоон өнгийн оруулгатай, металл бариултай хутгыг гялгар уутанд хийж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шинжилгээ хийв. Үзлэгээр хутганы ажлын хэсэгт нэлэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон  байв. Шинжилгээ: Цус мөн эсэхийн Кастле Мэйрийн аргаар шинжлэхэд урвал явагдаж байх тул цус илэрч байна гэж, хүний цус мөн эсэхийг BlueStar-OBTI тестээр шинжлэхэд урвал явагдаж байх тул хүний цус мөн байна гэж дүгнэх үндэс болов...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 100-102 дахь тал),

-Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Яаралтай тусламжийн хуудсанд дүгнэлтийг хавсаргаагүй. Тухайн үед эмч нь шаардлагатай арга хэмжээг аван алхаж явах эсхүл, насилкан дээр хэвтүүлэхийг шийдсэн байх...тухайн цаг хугацаанд хохирогчийн гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй байсан. Сая шүүхийн хэлэлцүүлгийг сонсож байхад уушгины буглаа үүссэн гэж байна. Миний хувьд тухайн цаг үед хийсэн дүгнэлт юм...цээжний хөндийд нэвтэрсэн хутгыг цэвэр байсан уу бохир байсан эсэхийг мэдээгүй...хохирогчийг үзэхэд архаг хууч өвчин тогтоогдоогүй. Миний хувьд хохирогчид учирсан гэмтлийг тухайн цаг үед үзэж дүгнэсэн байгаа. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөллөө гэж үзэхэд энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг,   

- Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед  хуурай дүү болох Б.Т-тэй утсаар дүрст дуудлага хийж ярьсан. ...Б.Т-тэй утсаар холбогдож гэрт нь явж очоод ах нь танай гэрт усанд орох гэсэн юм гээд усанд орсон. Улмаар уснаас гарч ирэхэд Б.Т  гэрээ цэвэрлэж байсан. Тухайн үед Б.Т  гэртээ ганцаараа байсан ба намайг нэг пиво авчих, хамт хуваагаад ууя гэхээр нь би машиныхаа түлхүүрийг Б.Т-д өгч гаргахдаа машины голын хайрцагт 17,000 төгрөг байгаа, 10,000 төгрөгт нь пиво аваад ир, 7,000 төгрөг нь байж байг гэж хэлээд гаргасан. Улмаар Б.Т хэсэг хугацааны дараа 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво авчихлаа гээд орж ирсэн. Бид хоёр пивоо ууж дуустал Б.Т  би дэлгүүрт өртэй байгаа, надад 15,000 төгрөг байна. Та дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво, тамхитай хамт аваад ир гэхээр нь ганцаараа гараад дэлгүүрээс дахин нэг пиво, тамхитай хамт аван ууж дуусгасан. ...гаднаас П.Е гэх Б.Т-ий найз нь ганцаараа орж ирээд юм ярьж байгаад Б.Т  П.Е гэх найзаасаа зээлсэн мөнгөө нэхтэл би өөрийнхөө гар утсыг ломбардад тавиад өгье гэж хэлсэн. Тэгээд гэрээс нь хамт гараад ломбард ороод П.Е утсаа тавьчихлаа гээд Б.Т-д 300,000 төгрөг тоолоод өгч байсан. ...улмаар үлдэгдэл мөнгөө нэхтэл одоо надад мөнгө байхгүй байна гэж хэлтэл Б.Т “тэгвэл яг одоо 100,000 төгрөг шилжүүлчих юм бол өр цайрлаа” гэтэл П.Е утсаар хүнтэй ярьж байгаад 50,000 төгрөг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тэгээд Б.Т нь П.Е-ыг найзаасаа авсан 50,000 төгрөгөө над руу одоо шилжүүл гээд үлдэгдэл 50,000 төгрөгтөө пицца хатаас пицца захиалчих гээд хамт гэрээс нь гарсан. Гэрийн гадна гараад Б.Т  над руу “Та миний өмнөөс шийдвэр гаргадаг хэн юм” гээд уурлаж эхэлсэн. Тэгээд надтай маргалдаад буцаж гэр рүүгээ ороод би ширээн дээр хутганы иж бүрдэл дотор байсан хутгыг аваад Б.Т-ийг цонхны хажууд зогсож байхад нь урдаас нь явж очоод цээжний баруун тал руу нэг удаа хутгалсан. Тэгтэл Б.Т-ий биеэс их хэмжээний цус гараад эхлэхээр нь би хамт байсан П.Е-ыг эмнэлэг болон цагдаа дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118-120 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Талууд хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас нэгийг нөгөөгөөр нь няцаан үгүйсгээгүй, нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргаагүй болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Б.Б  нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-ын хохирогчийн цээжин тус газар нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн цээжний баруун талд эгмийн дунд шугамаар 3, 4 хавирганы түвшнээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, урагдсан шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун бугалгын зулгаралт, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл буюу амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.Б  болон хохирогч  Б.Т  нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан нөхцөл байдал нь эцэстээ ийм гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Х.Алтантуул нь шүүгдэгч Б.Б-ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “миний бие их цус алдсанаас болоод байнгын толгой өвдөж, гар чичирдэг, амьсгааддаг болсон. Бас баруун уушгины дээд тал усажсан, цаашдаа эмчийн заалттай, группт орно гэсэн. Хохирол төлбөрт 24,795,355 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн боловч гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан хохирогч нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин шүүгдэгч  Б.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж, хор уршгийг арилгасан. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...шүүгдэгч Б.Б-т хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: “...Шүүгдэгч Б.Б нь 21,633,000 төгрөгийн хохирлыг 8 удаагийн төлөлтөөр төлсөн. Прокуророос оногдуулж буй 5 жил 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дахь зүйлийг журамлан хөнгөрүүлэх нөхцөлтэй гэж үзэж байна...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш: “...Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн,хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогчийн зүй бус үйлдлээс энэ хэрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хохирогч нь 19 настай ба архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах боломжтой байсан. Мөн “Миний өмнөөс битгий шийдвэр бүү гарга, чамд ямар хамаатай юм бэ” гэх мэт хохирогчийн зүй бус үйлдлүүд харагддаг. Энэ мэтчилэн шүүгдэгчид хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн харагдахгүй байна. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар учирсан хохирлыг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Амар: “...Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Гэхдээ хохирогчийн биеийн байдал тааруу, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул иргэний журмаар эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Б.Б-ын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хуульд зааснаар хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 123 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 126 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 127 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 128 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 129 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 130 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 131 дэх тал) зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Талуудаас санал болгосон ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *** овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-т гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Т нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

 

                                  ШҮҮГЧ                                       Г.МӨНХЗУЛ

 

                                                                                     С.СЭРЖМЯДАГ