Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/817

 

 

 

 

 

 

 

 

     2022       10            24                                    2022/ШЦТ/817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Э.Г

хохирогч Х.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205020802031 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, хүний нөөцийн ажилтан мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой ХК-ийн гэрээт СR19ВМ ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажилтай,ам бүл 1; Өмнөговь аймгийн Цогтцэций сум * дүгээр баг, Сийрст Цэций уул * дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй боловч Өмнөговь аймгийн Цогтцэций сум * дүгээр баг, Баруун суугийн *** тоотод түр оршин суух, ял эдэлж байгаагүй, ********* дугаарын регистртэй, **** овогт Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Стелла бааранд зам хаагаад, хоёр талаас хавчаад байсан гэх шалтгаанаар хохирогч Х.Э толгой хэсэгт гараараа цохиж түүний биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт, баруун дээд 1, зүүн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Э-г зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь төлье гэж мөрдөн байцаагчид хэлсэн боловч хохирогчтой уулзаж чадаагүй. Өнөөдөр хохирлыг нь төлөхөд татгалзах зүйлгүй, хэлсэн мөнгийг нь банкнаас аваад төлье. Прокуророос намайг 450.000 төгрөгөөр торгох ял санал болгож байгааг зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн үед болсон асуудлын талаар арай өөрөөр хавтаст хэрэгт бичигдсэн байна лээ. Миний хувьд зам хааж, хавчаад байсан зүйл болоогүй. Нэг мэдэхэд л миний ар дагз руу цохиод би ухаан алдаж унасан. Дуудлагаар ирсэн цагдаатай хамт камерийн бичлэг үзэхэд юу болж өнгөрсөн нь тодорхой харагдаж байсан. Гэтэл тэр бичлэг устсан гэж дараа нь надад хэлсэн.

Хохирлын баримтыг гаргаж өгсөн байгаа. 1.8 сая төгрөгийн зардал гарна гэж шүдний эмч тодорхойлолт бичсэн. Миний шүдний паалан эмтэрсэн.

Бид нар өнөөдөр ярилцаж тохироод 2.050.000 төгрөгийг шүүгдэгч Г-с бэлнээр авлаа. Энэ мөнгөний 1.8 сая төгрөг нь шүдний паалан янзлуулах мөнгө, үлдсэн 250.000 төгрөгийг бусад эмчилгээний зардалд тооцож авлаа. Одоо надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар хэлэх санал алга гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х.Э “... би хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 08-нд найз Б-н хамт Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулах “Стелла” гэх шөнийн цэнгээний газарт 00 цагийн үед орсон юм. Тэгээд бид хоёр 1 шил 0.75 литрийн “Евок” гэх архи аваад бараг талд нь ортол уучихаад найз Б бид хоёр бүжиглээд зогсож байсан чинь гэнэт миний араас ямар нэг зүйлээр цохиж би газар ухаан алдаад унасан. Би нэг сэрсэн чинь тухайн баарны үйлчлэгч эгч миний нүүрийг усаар илээд байж байгаа харагдсан. Би юу болсон талаар асуухад намайг хунд зодуулаад ухаан алдсан гэж хэлсэн. Манай найз цагдаа дуудаад намайг цохисон гэх залуусыг цуглуулаад явуулахгүй хүлээгээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг болон намайг цохисон гэх залуугийн хамт хэлтэс дээр авч ирээд мөрдөгчтэй уулзуулсан. Зүгээр байж байгаад бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна” /хх-н 35/ гэж,

гэрч Ж.Б “... би найз -н хамт 10 дугаар хорооллын “Стелла” баар руу 23 цаг өнгөрч байхад орсон. Тэнд хоёулаа нэг шил “Эвок” гэх нэртэй 0.75 литрийн архи авч талд нь ортол уучихаад бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад би ширээн дээрээ очоод сууж байтал баар хаах цаг болсон. Баарны хамгаалагч нар хүмүүсээ гаргаад би гадагшаа гартал манай найз Э-н баруун нүднээс нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би 103, 102 тоот утсанд залгаж дуудлага өгсөн. Цагдаагаас хүмүүс ирээд юу болсон талаар асууж байтал баарны хамгаалагч манай найзыг зодсон гэх залууг зааж өгөөд бид нар цагдаа дээр ирсэн. Манай найзыг зодсон гэх залуу 30 орчим насны, 180 сантиметр орчим өндөртэй, хар цамцтай залуу байсан” /хх-н 16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э.Г-н “... 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хамт ажилладаг найз нар болох А, Э, У нар над руу залгаад байхаар нь би шөнө 02 цагийн үед тэд нар дээр очсон. Би тухайн газар очоод пиво захиалаад бүжиглэж байтал өөр ширээн дээр сууж байсан хоёр ах бид нар дээр ирсэн бөгөөд хоёр ахын нэг нь хашаад урдуур ороод байхаар нь би цаашаа гээд нэгийг нь гараараа цээж хэсэгт нь түлхсэн чинь нөгөө ах над руу дайраад хэл ам хийгээд өөдөөс ирээд тулахаар нь би өөрөө зүүн гараараа заамдаад баруун гараараа толгой хэсэгт нь хоёр удаа цохисон. Энэ үед ойр хавьд байсан хамгаалагч нар нь ирээд бид хоёрыг салгасан. Тухайн баарны хамгаалагч нар хаалгаа түгжээд бид нарыг гаргаагүй. Тэр хоёрын нэг нь цагдаад дуудлага өгсөн гээд намайг гаргахгүй хүлээлгэсэн бөгөөд надад зодуулсан гэх ах нөгөө талд хэрүүл хийгээд яваад байгаа харагдсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар намайг бусдыг зодсон гээд гээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан” /хх-н 54/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” тухайлбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхаар тодорхойлсон.

 

Прокуророос шүүгдэгч Э.Г-г уг гэмт хэрэгт яллахдаа тухайн үед болсон хэргийн үйл баримтыг хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотолж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоожээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Х.Э-н биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт, баруун дээд 1, зүүн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулахгүй, шинэ гэмтлүүд байна” гэсэн 8407 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 23-24/

 

Гэвч шинжээч эмч дээрх дүгнэлтийг гаргахдаа “... баруун дээд 1, зүүн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.” гэсэн нь хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл гэж үзэхэд эргэлзээтэй буюу хүний эрүүл мэндэд бодитойгоор хохирол учраагүй, өөрөөр хэлбэл хүний хиймэл эд эрхтэнийг /хиймэл шүдний пааланг/ гэмтлийн “хөнгөн” зэрэг гэж гаргасан нь ойлгомжгүй байна.

 

Харин хохирогч Х.Э-н биед учирсан бусад гэмтлүүд болох “... дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт нь ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий буюу хохирогчид учирсан гэмтэл цаг хугацааны хувьд хэргийн үйл баримттай тохирч байх тул энэ байдлыг дахин тодруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Э.Г гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогч Х.Э хохирсон талаараа, тухайн үед болсон үйл явдлын талаар гэрч Ж.Б тус тус мэдүүлж байгаа, дээр дурдсанчилан хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын талаар шинжээч эмч дүгнэсэн зэргийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгджээ гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэх тул

шүүгдэгч *** овогт Э. Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Г-н хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 64/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 66/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х.Э “... КТГ-ийн зураг авхуулсан, эм тариа хэрэглэсэн зардал нийт 300,000 төгрөг болсон. Миний үүдэн дээд нэг шүдний паалан гэмтсэн. Энэ эмчилгээнд гарах зардал хэд болохыг сайн мэдэхгүй байна. Зүгээр байж байгаад бусдад зодуулсан, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой” /хх-н 35/ гэж,

яллагдагч Э.Г “… учирсан бодит хохирлыг барагдуулна” /хх-н 55/ гэж тус тус мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

 

Өнөөдрийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулахаар шүүх хуралдааныг түр завсарлуулж, прокурорыг /улсын яллагч Ц.С-г/ байлцуулан шүүгдэгч Э.Г хохирогч Х.Э 2.050.000 төгрөг бэлнээр өгч, улмаар хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Г бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Г ял оногдуулахдаа түүний хувийн байдал, хохирол, гэм хорыг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. **** овогт Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ