Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

 

    2022         11          08                                         2022/ШЦТ/829

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч О.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205022392259 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд Өвөрхангай аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, ВТ трейд ХХК-д жолооч ажилтай, ам бүл *; эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, * дүгээр баг, Цаг уурчдийн байранд оршин суух,

ял шийтгэл: Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны ** дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

ЙД88031814 дугаарын регистртэй, **** овогт О.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины үйлчилгээ үзүүлж явахдаа үйлчлүүлэгч Т.Г үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд баруун шуу, тохой, чигчий, эрхий хуруу, зүүн бугалга, шуу, өгзөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Эшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Холбогдсон хэргийн талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байна. Хохирогч Г-д ямар нэгэн хохирол мөнгө төлөөгүй. Түүнтэй уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т.Г“... 2022 оны 7 дугаар сарын 02-ны орой 21:00 цагийн үед найз Толхантай уулзаад Өргөө кинотеатрын хажуу талд нэг газар орж пиво уугаад сууж байгаад гарсан. Гараад такси бариад гэр рүүгээ явж байх үед таксины жолооч нэг газар зогсчихоод намайг мөнгөө өг гэсэн. Тухайн үед миний утас унтарсан байсан болохоор миний утас цэнэггүй байна, АТМ ороод мөнгө аваад өгье гэхэд “үгүй, чи одоо буу гээд машины хаалгаа гаднаас онгойлгоод татаад буулгаад намайг өшиглөөд зодоод байсан. Намайг газарт унах үед мөн өшиглөөд миний биеийн бүх хэсэг рүү цохиод байсан. Би туслаач гэж орилоход хажуугаар явж байсан 2 хүн ирэхээр нь энэ намайг зодоод байна гэхэд юу ч хэлэхгүй зөрөөд явсан. Гэтэл тухайн таксины жолооч цагдаад дуудлага өгөөд намайг өөрийг нь зодсон гэж цагдаад барьж өгөөд би эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад цагдаатай уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгсөн. Тэгээд би шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед миний гар шуу, тохой, өгзөг хөхөрсөн байсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа таксины жолооч над руу яриад уулзъя гэхээр нь би уулзахгүй гэсэн. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх -н 17/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч О “... би хүний эрүүл мэндэд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна /хх-н 36/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “ Т.Г баруун шуу, тохой, чигчий эрхий хуруу зүүн бугалага, шуу, өгзөгт цус хуралт, зүүн мөрний суналт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 9470 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 24-25/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

Шүүгдэгч ***  овогт О.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Э-н хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, АСАП сангийн лавлагаа /хх-н 45-46, 51-52/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.Г “... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 17/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч О.Э-д оногдуулах ялын төрөлд /торгох ялд/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Харин шүүгдэгч О.Эцаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч О.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт О.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Э торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ