Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1560

 

      

 

 

 

 

 

 

  2022            12         20                                                 2022/ШЦТ/1560

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-холбогдох 2208034671968 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......................” ОНӨААТҮГазарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 4 дүгээр гудамжны ............... тоотод оршин суух,

Урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Нилгэр овогт Д-ийн О (регистрийн дугаар:ча8409.....................);

Шүүгдэгч Д.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 34 дүгээр гудамжны ................ тоот хашааны гадна 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.С-хэл үгээр доромжилж түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний биед зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын таславчны мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Д.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Б.С-эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал Овооны 34-р гудамжинд аавын ажлын газрын хүн зодоод хараагаад байна...” гэсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),

4.2. Хохирогч Б.С-“...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай сургуулийн урлагийн үзлэг болоод хичээл ороогүй бөгөөд би гэртээ 10 цагийн үед ирээд байж байтал манай аав Л үл таних ахын хамт архи барьчихсан согтуу манай гэрт ороод ирэхээр нь би аавын машины түлхүүрийг авчихсан юм. Тэгээд аав Л, үл таних С.О гэх хүний хамт авчирсан архиа хувааж ууж байтал С.О гэх хүн аавыг намайг гэрт машинаараа хүргэж өг гэхээр нь би аавыг алхаад наад хүнээ гаргаад өгчих гээд аав Л ар дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон ба тэр хоёр гэрээс гараад явсан. ...С.О гэх хүн намайг охиноо шааж амьдар гэж хэлэх үед аав уурлаад С.О руу дайрах үед би дундуур нь ороод салгасан чинь С.О гэх хүн миний цээж рүү цохиод миний гарт байсан утсыг аваад газар руу шидчихсэн. Тэгээд аав бид хоёр хашааны гадна талд аавыг хашаа налуулаад сууж байтал С.О гэх хүн буцаж хүрч ирээд хашааны гадаа дахин хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр намайг хэлсэн юм. Тэр үед манай том эгч Эрхбилгүүн, хүргэн ах Батцогт нар ирээд хүргэн ах аавыг аваад гэр рүү орсон. Харин С.О, эгч Эрхбилгүүн бид гурав хашааны гадаа байсан ба би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд байж байтал С.О намайг ийм аргаар мөнгө олоод сурчихсан, эгчийг хаа яваа газартаа таарна гээд дарамтлаад байсан юм. ...С.О миний хамар, зүүн нүд орчим гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед би С.Оыг өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь нүүр хэсгээрээ газарт уначихсан юм. ...Миний биед учирсан хөнгөн гэмтлийг С.О гэх хүн гараараа нэг удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас),

4.3. Гэрч Б.Н: “...хашааны гадаа миний төрсөн дүү Э.С-зүүн зовхи, хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохих үед дүүгийн хамраас цус гарсан ба Сувд-Эрдэнэ үл таних эрэгтэй цээж хэсэг рүү нь түлхтэл нөгөө хүн нүүрээрээ газар руу нь би дүү Сувд-Эрдэнэ дээр очоод гаран дээр нь ус хийж өгсөн юм. ...Миний дүүгийн биед учирсан хөнгөн гэмтлийн С.О гэх хүн баруун гараараа зүүн зовхи, хамар орчим нэг удаа цохиж учруулсан. Намайг очих үед миний дүүгийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

4.4. Шүүх шинжилгээний үндэсний төвийн “...Б.С-биед зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022.10.13-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 14144 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

4.5. Шүүгдэгч Д.С.Оын “...Би хохирогч Б.С-биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар хохирлоо авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 106)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

8. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч хохирлын мөнгөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Улсын яллагчаас шүүгдэгч Д.С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            11. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, хохирогчийн хохирлыг барагдуулсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нилгэр овогт Д-ийн С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.О-үүрэг болгосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.О-мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ