Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00058/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ..... нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., харилцах утас ....., .....,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., харилцах утас ....., .....нарт холбогдох

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 15 182 686,51 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 086 985,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 202,30 төгрөг, нийт 16 285 874,05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Г.А, хариуцагч Т.С, хариуцагч Т.С-ын өмгөөлөгч Л.О, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ХХБ-ны Дархан дахь салбарын захирал Ж.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Г.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Х, Т.Снар нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус банктай ЗГ/RCC161221015-2 зээлийн гэрээ, ЗБ/RCC161221015-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Т.С нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус банктай байгуулсан ЗГ/RCC161221015-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/RCC161221015-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлийн Ү-2003009022 тоот дугаарт бүртгэгдсэн  Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 4 дүгээр байрны урд хаягт орших 1,3,4,5,6,8,9,12,13,14 тоот гараашийн зориулалттай нийт 180,0 м кв талбайтай үл хөдлөх хөрөнгө мөн НТД-080153866 тоот Дархан-Уул аймаг, Дархан сум, .....хаягт орших 20.0 мкв, НТД-080153835 тоот Дархан-Уул аймаг, Дархан сум, ....., хашаа 3,4,5,6 хаягт орших 93.0 мкв, НТД-080153538 тоот Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... хаягт орших 41.0 мкв, НТД-080153539 тоот Дархан-Уул аймаг, Дархан сум, ....., хашаа 12,13,14 хаягт орших 30.0 мкв эзэмших эрхийн газруудыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгчид нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй. Үндсэн зээлийн үлдэгдэл 15 182 686,51 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 086 985,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 202,30 төгрөг, нийт 16 285 874,05 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Д.Х, Т.С нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 16 285 874,05 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 379,37 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд түүний хөрөнгөөс гаргуулах талаар тусгайлан зааж өгнө үү. Иргэн Д.Х, Т.Снар нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХХБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сая төгрөгийг сарын 2,1%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авсан байдаг, Тус зээлийн барьцааны үүргийг хангуулахаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоот гараашийн зориулалттай 180 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 080153826 тоот Дархан-Уул аймаг Дархан сумын ....хаягт орших 20 м/кв, мөн 12,13,14,3,4,5,6 тоот хаягт нийт 93 м/кв, 30м/кв, 20 м/кв газруудыг барьцаалсан байдаг, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2018 оны 12 дугаар сараас хойш явсан, тухай бүрт зээлдэгч нарт мэдэгдлийг өгч байсан. Энэ нь хувийн хэрэгт байгаа, бид 2019 оны 01 дүгээр сарын 03-ны байдлаар 16,285,874.05 төгрөгийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хүргэн байсан Х нь ХХБ-наас 30 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлээр авахдаа миний 1 гараашийг барьцаанд тавьж, ээжийнхээ цайны газрыг томсгож, зоогийн газар болгож ашиг орлогоо нэмэгдүүлж ажиллахаар Найрамдал төвийн 1 давхарт зоогийн газраа ажиллуулж эхэлсэн. Х нь РС, зоогийн газрын зээлийг төлчхөөд аавд ашгаасаа өгнө гэдэг байсан. Би ашиг орлогоо нэмэгдүүлж ажлын байртай болж байвал боллоо доо гэдэг байсан. Дахиад шаардлагатай бол 2 давхар хувийн хаусыг ч хүртэл барьцаанд тавьж зээл ав гэдэг байсан. Одоо бодоход сайн хүргэний дүрд тоглосон жүжигчин байсныг би мэдээгүй байна. Гэтэл өөрийн гэсэн хөрөнгөө өөрийн нэр дээрээ хийж, эхнэр, хүүхдүүдийн нэр дээр юу ч байхгүй, барьцаа хөрөнгөн дээр болохоор нэрийг нь оруулсан байдаг. Охин маань ч бизнесийг нь тал бүрээр дэмжиж, ямар ч хар буруу санаагүй, хяналт тавихгүй, өөрийнх нь зоргоор явуулсан байсан нь эцэстээ ийм байдалд оруулсан. Охин, Х хоёр ямар нэгэн шинэ санаа гаргаж, мөнгө хэрэгтэй болохоор ахад нь хэлж мөнгө авч өгдөг байсан. Х анх манай хүргэн болоход өмссөн хувцастайгаа өөрийн гэсэн эд хөрөнгөгүй ирээд ахтайгаа хамтран 20 компьютертой тоглоомын газар ажиллуулж байгаад ахаасаа салж Баян-Идэрийн подвалд 60 компьютертэй тоглоомын газар дангаараа байгуулъя, ахаасаа 20 сая төгрөг авч өгөөч гэхэд нь би авч өгсөн. Удаагүй 2016 онд мөн цаашлаад охин, Х хоёр Найрамдал төвийн 2 давхарт 110 компьютертой тоглоомын газар нээж бусад РС тоглоомын газрыг хаалгаж Дарханд ганцаараа монопол РС тоглоомын газартай болмоор байна, ахаасаа 78 сая төгрөг 7,2 хувийн хүүтэй авч өгөөч гэсэн санал надад хэлж би авч өгсөн. Одоо үлдэгдэл мөнгийг өгөөгүй, шүүхдээд ав гээд шүүхээр орж алданги тооцсон 25 сая төгрөг авах шийдвэр гараад байгаа. Мөнгө авахдаа зөвхөн хүү төлөхөөс олсон ашиг орлогоос нэг ч төгрөг авдаггүй, гэрээ хэлэлцээр хийдэггүй, гарын үсэг зурдаггүй, барьцаа авдаггүй өгдөг байсан. Би 60 компьютер, 100 компьютерийн хүчдэл болон цахилгааны холболтыг би ганцаараа бүрэн холбож өгөөд дүүгээр РС тоглоомын газрын дотор тохижилтыг хамгийн хямд үнээр бүрэн тохижуулж өгсөн. РС тоглоомын газрын өдрийн орлого 400,0-500,0 төгрөг, сардаа 7 250 000 төгрөгийн орлого олох тооцоо гаргаж өгдөг байсан. Тэр хавийн 50-60 компьютертой тоглоомын газарт өдөрт 200,0-300,0 төгрөгийн ашиг олдог гэсэн. ХХБ-наас хөрөнгө оруулалтын зээлээр байгуулсан зоогийн газартаа сайн тооцож ажиллуулбал сардаа 5 000 000 төгрөг олно гэсэн эдийн засгийн тооцоо гаргаж өгсөн баримт нь байгаа. Зоогийн газрын саналыг бол охин, Х хоёр тооцож үзээд 30 000 000 төгрөг хэрэгтэй байна, аавын 10 гараашийг тавьж, хөрөнгө оруулалтаар зээл авмаар байна гэхээр нь мөн л үлдсэн хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч өгсөн. Х нь нэг ч төгрөг зүгээр хаях хүн биш. Ээжтэйгээ нарийн тооцоо хийж, ашиг орлого яаж тооцсоныг бүү мэд. 2 газар ажилласан их л ажилтай хүн өглөө эрт, орой ирдэг, гэр орондоо цөөхөн үзэгддэг хүн байсан. хоёр охиноо сургууль, цэцэрлэгийн өнгөрсөн 9 жилийн хугацаанд 3-4 удаа хүргэж, авсан байх. Х манайд хүргэн болж орж ирэхэд ээж нь ээж нь нэг цайны газартай байсан. Одоо 2 цайны газар, 1 зоогийн газар, харьер, альпарт 2 машинтай, зулзагын голд 14,5 саяар авсан зуны байшинтай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт зочид буудал ажиллуулж байгаа гэсэн. Зун болохоор эхнэрээ найз нартай нь олуулаа Хөвсгөл, Архангай зэрэг Монголын үзэсгэлэнт газраар аялуулж, ээжийгээ найз нартай нь Бээжин аялуулсан, ах нь Австралид, ээж нь одоо дэлхийгээр тэнэж амьдарна гээд Турк, Солонгос одоо 27-ны өдөр гадагшаа явна гээд гайхуулаад явж байгаа сурагт ай. Х ч гэсэн удахгүй эхнэртэйгээ гадагшаа явах байлгүй, бүх орлогоо нуугаад ээж, эхнэр хоёртоо шилжүүлчхээд өөрөө юу хийгээгүй, ямар ч орлогогүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй хүний дүрд хувирчихсан, шүүхээр тоглоод өмгөөлөгчтэйээ үгсэн хуйвалдаад худлаа яриад явж байгаа. Хэрвээ өрөнд орсон, хөрөнгөгүй бол ээж, ах нь гададаад дахин дахин хэсүүчлэн, мөнгөө үрээд явахгүй байх. Иймээс шударга шүүх маань бидний үнэнийг тунгаан шүүж, хүргэн хүүдээ залилуулж, шударга үнэнээрээ хөдөлмөрлөж олсон хамаг хөрөнгөө зальт этгээдүүдэд алдах гэж байгааг минь тунгаан шүүж өгнө гэдэгт бурхан шүүх хоёрт л итгэхээс өөр юунд ч итгэхгүй байна.

Х, өмгөөлөгч хоёрын бодож байгаагаар барьцаанд тавьсан хөрөнгийг хураалгаж зээлээ төлүүлэх олон аргын нэг ч байх. Х аль эрт л ХХБ-ны зээлийг хаяна гэдэг байсан. Х, түүний ээж хоёрын хамтарсан бизнесээс нь гаргуулж өгөхийг хүсэж байна. Х бол бизнесээ хийж л байгаа. Монголдоо байгаа, оргон зайлаагүй, хөдөлмөрийн чадвараа алдаагүй, бие нь эрүүл, ухаан санаа нь саруулхан, сэтгэцийн өвчин тусаагүй, эд эрхтэн нь бүрэн, эхнэр эхнэр хүүхдээ тэжээгээгүй, гуйлгачин болж гудамжинд гарч архичин болоогүй сайхан хангалуун амьдарч байгаа тул ХХБ-наас хөрөнгө оруулалтаар авсан зээлийнхээ үр ашгийг хүртэж байгаа Х, түүний ээж хоёр төлөх ёстой. Тэтгэврийн хоёр хөгшин бид хоёр хамаг хөрөнгөө Хд хураалгачхаад төлөх боломжгүй. Үндсэн шалтгаан нь гэвэл хөрөнгө оруулалтаар авсан зээл нь ээжтэйгээ хамтарч ашиг орлогоо нэмэгдүүлэх, ашгаа хувааж авах зорилгоор зээл авсан. 30 000 000 төгрөг зөвхөн Хы дансанд орсноос надад нэг ч төгрөг ороогүй. Би зөвхөн барьцаа хөрөнгөөр хангасан гэж итгээд гэрээг уншилгүй гарын үсэг зурсан чинь зээлийн гэрээнд зурсан байсан. Зээл авахад РС тоглоомын газар, зоогийн газрын эдийн засгийн тооцоо нь хангалттай хүрч байсан тул надаас нэхэж барьцаа, ашиг орлогын тооцоо аваагүй.

Эцэст нь хэлэхэд ХХБ-ны нэхэмжлэлийг эвлэрэн тохиролцох санал байна. 2016 оны 5 сард прүүс 30 машиныг тухайн үедээ 10 500 000 төгрөгөөр авч байсан. Хөрөнгө оруулалтын зээлээр аваагүй. РС тоглоомын газар шинээр нээчхээд ашиг орлого сайн байсан, ашгаараа авсан хөрөнгө оруулалтын зээлийг машин авах өр дарахад өгдөггүй, машиныг лизингээр өгдөг. 30 сая төгрөгийг 7 сарын дараа 2016 оны 12 сарын 22-ны өдөр авсан. Х бол нэг ч удаа унаагүй гэж байх. Тэгвэл 100 гаруй сая төгрөг, 100-аад сая төгрөгийн үндсэн хөрөнгө, манайд 3-лаа 2 жил гаруй амьдарсан. Одоо 2 охин нь манайд амьдарч, хоол унд, өмсөж зүүх, сургууль, цэцэрлэг, секц дугуйланд хүргэж өгөх, авах, эмнэлэг, эмчилгээ, рашаан сувилал, хөдөө гадаа аялуулж, амраах хойшид ч гэсэн насанд хүртлээ ямар зардал гарахыг мэдэхгүй. Энэ бүх зардал болон ямар ч ашиг авч байгаагүй тул машиныг нь буцааж өгье, машиныг минь буцааж өг. 2018 оны 10,11,12 сар, 2019 оны 1 сар нийт 4 сарын эргэн төлөлтийг төлчих, үлдсэн зээлийг би төлье. Байрны лизинг Отгонбаярт шилжүүлэн өгөх хүсэлтийг банкинд гаргаж өгөх. Машиныхаа гэрчилгээг Отгонбаярт шилжүүлж өгөх шийдвэр гараад сар гаруй болж байхад Х, өмгөөлөгч хоёр уулзаж ярих гэхээр зугтдаг. Шүүх хурлын дараа болно гээд өгөөгүй. Хаас бүх бичгээ авсны дараа зээлээ төлөхгүй бол Х зээл төлсний дараа зугтах юм уу, маргааш ч гэсэн гадагшаа явахад бэлэн байгаа. Би хаанаас ч олж чадахгүй. Хд итгэснээс надад итгэвэл хөгшин хүн хаа холдох вэ, өр зээлээ дарж л таараа. Шүүхийн шийдвэр гарчхаад байхад бэлэгний гараашийг шилжүүлж өгөхгүй байгаа. Миний бүх хөрөнгө барьцаанд байгаа, зарж өр зээл дарах боломжгүй. Бичиг баримтгүй эд хөрөнгийг хэн ч авахгүй. Гэрчилгээ байхгүй бол авахгүй гээд гацаанд ороод байна. Х бол сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг хайрыг минь царцаасан хүнд би хэзээ ч итгэхгүй. Үхсэн хүн хүртэл үр хүүхдэдээ тэтгэвэр, тэтгэмж, эд хөрөнгөө үлдээгээд үхдэг байхад амьд яваа хүн тэгэхэд хоёр охиндоо юу өгөхгүй, чаддаг юм бол шүүхдээд ав гэдэг хүнд дахиад итгэхгүй. Миний энэ эд хөрөнгө бол амьдын хагацал үзсэн, эцгийн хайр халамж үзээгүй ааваа гэж дуудах хувь тавилангүй хоцорсон 2 охины ирээдүйн амьдрал хэрэг болох тул аавынх нь өрөнд өгмөөргүй байна.

Манай хүргэн байсан Д.Х 30 сая төгрөгийг бизнесийн зориулалтаар авч ээжийнхээ хоолны газрыг тохижуулж зоогийн газар болгож засах гэж байна, энэ нь ашиг орлого сайтай тэгээд аавдаа ашгаасаа өгнө гэхээр нь би ашиг орлого авах нь яах вэ хэдэн хүүхдүүдэд минь амьдралд нь нэмэр тус болж байвал боллоо гээд 10 машиныхаа гражийг барьцаанд тавьсан, тэгээд мөнгө чинь хүрэхгүй бол дахиад миний 2 давхар хаусыг хүртэл тавиад аваарай гэж хүртэл хэлж байсан, хүүхдүүдийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн байсан, Д.Хд бид бүрэн итгэж байсан. 30 сая төгрөгийг Д.Х банкнаас авсан, аав ирээд гарын үсэг зурчих гэхээр нь би Д.Хд бүрэн итгэж гарын үсэг зурсан, гарын үсэг зурахдаа гэрээг уншаагүй, банкны ажилтан ч танилцуулаагүй шууд гарын үсэг зурсан, гэтэл барьцааныхаа хөрөнгө дээр гарын үсэг зурж байна гэж бодсон чинь зээлийн гэрээн дээр зурсан байсан гэдгийг сүүлд банкнаас дуудахад мэдсэн. Энэ 30 сая төгрөг Д.Хы дансруу орсон миний дансруу ороогүй юм. Ашиг орлого олоод аавдаа мөнгө төгрөг өгнө гэхээр нь аавдаа ямар нэгэн мөнгө төгрөг өгөх гэсний хэрэггүй, тан нарт л хэрэг болж байвал гэж байсан, Д.Хыг юм хийе гэхээр нь дэмжээд явдаг байсан, гэтэл охиноос минь салсан. Д.Х өөрөө хэлэхдээ энэ зээлийн машин авахад зарцуулсан гэж байгаа боловч машин авсан, зээл авсан 2-ын хугацаа зөрж байгаа, би хөрөнгө оруулалт хийхэд нь тусалж хөрөнгөө барьцаалсан түүнээс биш машин авахад нь дэмжиж хөрөнгөө барьцаалаагүй, түрүүний гэр бүл цуцлах хурал дээр манай охиныг төл гэж шийдвэр гарсан. ХХБ-тай би зөндөө уулзсан, машиныг нь зараад би төлнө гэж байсан, гэтэл Д.Хтай уулзах гэж олон удаа холбогдсон боловч чадаагүй, машиныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гэхээр шүүхийн шийдвэр төлсний дараа гэж гарсан гэдэг, банкны хүмүүс 2 удаа ирсэн. Би ч мөн машиныг нь зараад төлөх байсан. Энэ хүн надад итгэхгүй байна гэж байгаа, би Д.Хд яаж итгэх вэ, миний 200-д сая төгрөгийг үрэгдүүлсэн, ашигласан хүн юм. Д.Х надад машиныхаа бичиг баримтыг өгсөн бол цагаан сарын өмнө арай үнэ хүрсэн дээр нь зарах байсан гэв.

 

Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээл гаргах шийдвэрээр Д.Х би ХХБ-наас хадам аав болох Сугарын 10 гараашийн барилгыг барьцааны 30 сая төгрөгийг зээлж авсан юм. 2016 оны 1 сараас 2018 оны 10 сар хүртэл миний бие нь зээлийн эргэн төлөлтийг тасралтгүй хийж ирсэн. Энэ зээлж авсан мөнгөөр прүүс 30 маркийн машин худалдаж авсан. Эхнэр С.Оодоог хүртэл машиныг өөрийн хэрэгцээнд хэрэглэж байгаа. Ингээд 2018.12.21-ний өдөр С.Обид хоёрын гэр бүл цуцлуулах, дундын эд хөрөнгө хуваах асуудал дээр хэн нь ямар зээлээ төлөх, ямар хөрөнгө хэн нь авах талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Би тус сумын 13 дугаар баг, Найрамдал төвд үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газар, С.Б-т төлөх 7 500 000 төгрөгийн зээлийг төлөх, С.Онь ХХБ-наас авсан 2012.5.13-ны өдрийн зээлийн үлдэгдэл 13 723 000 төгрөгийг цаашид төлж байраа өөрийн өмчлөлд үлдээх, мөн 2016.12.22-ны өдрийн ХХБ-наас авсан зээлийн үлдэгдэл 16 сая төгрөгийг үргэлжлүүлэн төлж машинаа өмчлөлд үлдээх гэрээ байгуулсан ба үүнийг шүүх шийддвэртээ тусгаж шийдвэрлэсэн болно. Иймд Д.Х миний бие нь ХХБ-ны нэхэмжилсэн 16 525 253,42 төгрөгийг төлөх боломжгүй байна. 30 сая төгрөг банкнаас авсан, энэ мөнгөнөөс машин авсан, машин авснаас хойш надад нэг ч удаа энэ машиныг ашиглуулаагүй, өгөөгүй, би банктай ч уулзсан энэ машиныг зараад банкруу мөнгө нь орсон тохиолдолд хажууд чинь зогсож байгаад итгэмжлэлээр шилжүүлээд өгье гэж хэлж байсан. Сая 2019 оны 01 дүгээр сард гарсан шүүхийн шийдвэрээр С.Отөлөхөөр гарсан. Гэр бүлийн хэрэгцээнд авсан 100-д сая төгрөгийг би төлж одоо 50 сая төгрөг үлдээд түүн дээр ХХБ-ны 16 сая төгрөг үлдсэн байсныг шүүх С.О-Гтөлөхөөр шийдвэрлэж, машин, байр, граж зэргийг С.Оавахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа, гэтэл одоо болтол төлөхгүй байгаа, одоо надад ямар ч барьцаа хөрөнгө байхгүй тийм учраас төлбөрийг барьцаа хөрөнгөөр төлөхийг зөвшөөрч байна, банкны төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбар нь хариуцагч Д.Х, Т.С нарт холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл 15 182 686,51 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 086 985,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 202,30 төгрөг, нийт 16 285 874,05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Т.С нь зээлийн төлбөрийг авч зарцуулаагүй тул Д.Х хариуцна гэж маргаж байгаа болно.

           

            Нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбар нь хариуцагч Д.Х, Т.С нартай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, 30 000 000 төгрөгийг, жилийн 25,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлбөрийг хангуулах зорилгоор зээлдэгч нартай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Т.Сын Дархан-Уул аймаг, Дархан сум ....1, 20 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум ........, 93 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум, ...., 8, 9, 41 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ...., 12, 13, 14, 60 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум, ....тоот, 180 мкв талбайтай, 10 машины гараашийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч нар нь 2018 оны 10 сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байх бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар уулзаж, мэдэгдлийг хүргүүлж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно.

            Хариуцагч Т.С нь зээлдэгч Д.Х 30 сая төгрөг авахдаа миний 10 машины гараашийг барьцаанд тавьсан, зээлийг авч ашиглаад надад нэг ч төгрөг өгөөгүй, өөрөө ашгийг нь хүртсэн тул зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч барьцааны гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн шаардлагыг зөрчиж зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд, үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Д.Х, Т.С нараас 16 285 874,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Сын хүсэлтээр нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбараас ирүүлсэн зээлийн зарцуулалт, Цайны газрын орлого, зарлагын тооцоо, Интернет PС-ийн ашиг орлого, зарлагын тооцоо зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, хариуцагч Т.Сын шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн техникийн тодорхойлолт нь хэрэгт хамааралгүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбар, хариуцагч Д.Х, Т.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 16 285 874,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Т.Сын Дархан-Уул аймаг, Дархан сум ....1, 20 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум ........, 93 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум, ...., 8, 9, 41 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ...., 12, 13, 14, 60 мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан сум, ....тоот, 180 мкв талбайтай, 10 машины гараашийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 379 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 239 379 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА