| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/01304/И |
| Дугаар | 135/ШШ2019/00198 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2019/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/01304/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .......... аймаг, .......... сум, .......... баг, ........ хороолол, ........... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: ............, утас: .........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ хот, ............. дүүрэг, .............. хороо, ................. гудамж, ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ............... аймаг............. сум, .......... баг, ........... хороолол, ...... байр, .... тоотод оршин суух ............ овгийн *******- /РД:............ , утас: ......... /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нөхөр *******-тай 2011 онд гэр бүл болсон. Бидний гэрлэлт нь хоёр дахь гэрлэлт бөгөөд суусан цагаасаа хойш архи уусан. Би уудгийг нь өмнө нь мэддэггүй байсан. Улаанбаатарын хаягтай байсан тул шүүхэд хандаж чадахгүй байсаар сүүлд аргаа бараад Улаанбаатар хотод шүүхэд хандах гэсэн боловч оршин суугаа газраа өг гэсэн. Тэгээд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өгсөн. Батсуурь “Би чин сэтгэлийнхээ угаас гуйж байна. Дахиж ингэхгүй гэхээр нь би уучлаад өнгөрсөн. Би 2 ачтай. Тэдний хажууд дандаа хэрүүл хийдэг. Би ганцаараа 10 жил амьдарсан. Миний ээж хүртэл хэлж байгаа. Ээж нь тайван амгалан насыг бармаар байна гэсэн. Суусан цагаасаа хойш л ийм байгаа. Би хар цагаангүй амьдрал гэж юу байх вэ гээд өөрийнх нь оронд өөрийгөө тавьж ч үзлээ, болохгүй байна. Өмнө ч гэсэн салсан эхнэрээсээ их асуудалтай салсан юм байна лээ. Өнөөдөр яагаад намайг зовоогоод амьдраад байгаа юм бэ. Би хоёр удаа уучлаад өнгөрсөн тул одоо энэ хүнтэй цаашид хамт амьдрах сэтгэл зүрх алга. Зөвхөн хар амиа боддог. Миний ач зээг хараад л баярлаад баясаад сууж байх байтал чиний муу шээс гээд л хэлдэг. Би үр хүүхэд үлдсэн амьдралынхаа төлөө энэ хүнтэй амьдармааргүй байна. Өдий хүртэл амьдарсан амьдрал цаг хугацаа хайран байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, суухаасаа өмнө нэг байртай байж байгаад энэ хүн хүний байранд амьдарч чадахгүй гэхээр нь би байраа зараад зээл тавиад дахин зээлээр одоо амьдарч байгаа байраа авсан. Тийм болохоор эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.
Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 9 жил амьдарсан. Энэ амьдарлаа нураалгамааргүй байна. Хүүхдүүд нь амьдарлаа аваад болоод явахаар одоо намайг хэрэггүй гэж байна. Манай бэр намайг орж ирэхээр л хүүхдүүдээ аваад нөгөө өрөө рүү орчихдог. Би хамтдаа бол болчихно. Хүүхдүүдийн асуудлаас болж л салж сарнихдаа тулчихдаг. Урьдах амьдрал гэж яриад байна. Тэр энд хамаагүй. Хүүхэд нь өглөө босдоггүй унтаад л орой ч унтаад л байдаг. Би одоо салахгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2009 онд танилцан гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Нэхэмжлэгч *******- ...*******- нь суусан цагаасаа хойш архи уусан. Архи уухаараа хэл амаар доромжилж, агсам тавьж хэд хэдэн удаа гар хүрч байсан. Би хоёр удаа уучлаад өнгөрсөн тул одоо энэ хүнтэй цаашид хамт амьдрах сэтгэл зүрх алга.... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч *******- ...бид хамтдаа бол болчихно, хүүхдүүдийн асуудлаас болж л салж сарнихдаа тулчихдаг. Би одоо салахгүй... гэж маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7-д ...шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ… гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн гаргасан эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах тухай хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр талууд талууд уулзалтын ажиллагаанд ирэхгүй байна гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болжээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гэрлэгсдийн хэн аль нь нэгийгээ эд хөрөнгийн хавчигдмал болон сэтгэл санааны дарамттай байдалд байлгах, хүчирхийлэх, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хохирол учруулбал хохирсон тал гэм хор учруулснаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гэрлэгсдийн хэн нэг нь согтууруулах болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлыг гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж үзнэ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах , хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч *******-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банк, төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******атсууриас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ..... овгийн *******- /РД: ............./, ............ овгийн *******- /РД: ................/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ээс Голомт банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ