Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/830

 

 

 

 

 

 

 

 

     2022        11           08                                     2022/ШЦТ/830

  

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/

шүүгдэгч Д.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203004350448 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Туулын * дугаар гудамж, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

********* дугаарын регистртэй, *** овогт Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний орой 23 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Модны 2-ын уулзвар замд “Nissan Wingroad маркийн 91-31 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Г-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтийг ойлгож байгаа. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж хүний биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би группэд байж байгаад энэ оны 8 сараас өндөр насны тэтгэвэрт гарч, тэтгэвэр сарын 500.000 төгрөгөөр тогтоогдсон.

Хохирогчид эмчилгээний зардал гэж 1.5 сая төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах зардлыг нь төлнө. Мөн Эрүүл мэндийн даатгалын 209.000 төгрөгийг төлье. Би машинаараа халтуур хийж амьжиргаагаа залгуулдаг тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А.Г “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед би Модны 2-ын замын зүүнээс баруун тийш хөндлөн гарах гээд явган хүний гарцаар, явган хүний ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан. Ингээд би урдаас хойшоо чиглэх урсгалын 2 эгнээг өнгөрөөд хойноос урагш чиглэх урсгалын 1 дүгээр эгнээ рүү нь орох гэж алхаж явтал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин зүүн хэсгээрээ намайг шүргэж унагаасан. Тухайн үед би газарт унаад босож чадахгүй байж байхад түргэн тусламжийн машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд гарын богтос яс хугарсан байна гэсэн. Тэгээд хагалгаанд орох ёстой байсан боловч би сахарын өвчтэй учраас хагалгаанд оруулах боломжгүй, өөрөөр нь эдгээнэ гээд эмч нар шийдвэр гаргаж гарыг маань гипсдчихсэн байгаа. Би пиво уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг санаж байна” /хх-н 14/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой“... А.Г-н биед баруун богтос ясны хугарал, хэвлийд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун богтос ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хэвлийд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэсэн 10397 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 36-37/,

 

“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” энэ гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 6/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 10/, явган зорчигчийн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11/, Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 51-59/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 63/ гэсэн ажиллагаанууд хийгдэж, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 79/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 82/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д.Т-ын “... өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан зам тээврийн ослын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Би хохирогчид өөрийн данснаас 1.500.000 төгрөг шилжүүлсэн” /хх-н 75/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт Д.Т “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 80/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 83/,

шүүгдэгч Д.Тын “... би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 3 дугаар гудамж, 4 тоотод байрлах айлын байшинг түрээслэж ганцаараа амьдардаг. Сардаа 180.000 төгрөгийн түрээс төлдөг. Миний амьдралын боломж гэвэл сарын тэтгэвэр 500.000 төгрөг, өөр орлогогүй. Би 91-31 УНЗ улсын дугаартай автомашинтай бөгөөд энэ машинаараа хувиараа таксинд явж бас мөнгө олдог. Энэ асуудал гарснаас үүдэн би тэтгэврийн зээл аваад хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Би уг нь 3 хүүхэдтэй. Гэхдээ одоогоос 6 жилийн өмнө эхнэрээсээ салсан бөгөөд түүнээс хойш хүүхдүүд маань тоохгүй, ирэхгүй байгаа. Хүүхдүүд маань одоо Дорнод аймагт амьдарцгаадаг” гэсэн /хх-н 75/,

гэрч Б. Б “... Тбид хоёр 2000 оноос хойш хоёр биенээ мэддэг болсон. 2000 онд би Улаанбаатар ДЕПО зүтгүүрийн хайлах цехэд хэвчин хайлагч мэргэжлээр ажиллаж байхад тухайн газар жолоочоор ажиллагдаг, түүнээс хойш мэддэг болсон. Т-н хувьд ямар нэгэн муухай зан араншин байхгүй, хүний өөдөөс үг хэлж чаддаггүй, амьдралын төлөө зүтгэдэг хүн байгаа юм. Эхнэр хүүхэдтэй байсан. Эхнэр нь хаяад явчихсан. Одоо ганц биеэрээ амьдардаг бөгөөд садан төрлийн хүмүүс нь хайхардаггүй болохоор ганцаараа айлын хашаа байшин түрээслээд энэ осол хийсэн гэх машинаараа таксинд явж амьдралаа залгуулдаг. Саяхан тэтгэврээ тогтоолгож тэтгэвэртээ гарсан. Архи дарс хэрэглээд байдаггүй, өөрийн гэсэн эд хөрөнгө гэх юм байхгүй. Миний мэдэхээр өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй” гэсэн /хх-н 18/,

гэрч С.Н “... Т нь ганц биеэрээ түрээсийн байранд амьдардаг. Уг нь бол эхнэр, 2 хүүхдийн хамтаар байсан бөгөөд харвалт өгсөнөөс нь хойш буюу 2015 оноос хойш эхнэр нь хаяад явчихсан юм байна лээ. Т архи дарс хэрэглээд байддаггүй, өөрөө ганц биеэрээ амьдардаг учраас өөрийнхөө амьжиргааг залгуулахын тулд машинаараа таксинд явдаг. Саяхнаас тэтгэвэр тогтоолгосон гэсэн. Яг хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг болон сарын орлого нь хэд байдаг гэдгийг нарийн тодорхой мэдэхгүй байна. Өөр эд хөрөнгө гэх зүйлгүй. Зан аашийн хувьд нийтэч, хүнтэй хэл амаа ойлголцохдоо сайн, хүнд тусархуу, муухай зан араншин гаргаад байдаггүй хүн байгаа юм. Өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Ерөнхийдөө амьдралын хувьд тааруухан амьдралтай учраас найз нөхдийн дэмжлэгээр л явдаг хүн байгаа юм” гэсэн /хх-н 20/ мэдүүлгүүд зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ

түүний хувийн байдал /үүнд: амьдралынх нь нөхцөл, насны болон эрүүл мэндийнх нь байдал/-ыг,

түүнчлэн хохирогч-явган зорчигч А.Г тухайн үед 2.19%-ийн согтолттой байсан нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр буй хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдснийг тус тус харгалзав.

Тухайбал: шүүгдэгч Д.Т нь одоо 61 настай байх тул түүнд хуульд заасан “нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж болохгүй[1],

тэрээр тэтгэврээс өөр орлогогүй, ганц биеэр айлын хашаа байшин түрээслэн амьдардаг, тэтгэврийн зээл авч хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан гэх тул “торгох ял” оногдуулах нь зохимжгүй гэж шүүх үзээд “Зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулж, уг ялын хугацааг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон болно.

 

Хохирлын асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ:

Хохирогч А.Г “... миний баруун гарын шууны яс хугарч гэмтсэн. Одоогийн байдлаар 461.200 төгрөгийн зардал гарсан. Цаашдаа сахарын өвчний хүндрэлээс шалтгаалж хагалгаа хийлгэхтэй холбоотой зардал нэмэгдэж гарах шаардлага гарч байна. Одоогоор хохиролд жолоочоос надад 1.500.000 төгрөг өгсөн байгаа” гэжээ. /хх-н 99/

 

Хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалвал нотлох баримтын шаардлага хангасан 412.601 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-н 94-97/

 

Шүүгдэгч Д.Т нь хохирол, эмчилгээний зардалд гэж хохирогч А.Г-д 1.500.000 төгрөг өгсөн байдаг ба нотлох баримтын шаардлага хангасан 412.601 төгрөгийг хасч тооцоход шүүгдэгчээс хохирогчид 1.087.399 төгрөгийг нотлох баримтгүйгээр илүү төлжээ.

 

Эрүүгийн хэрэг дэх хохирол, гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэгтэй холбоотой гарсан бодит хохирлыг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг.

Иймд шүүх шүүгдэгч Д.Т-ыг хохирогч А.Г-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Г-н эмчилгээ буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламж үйлчилгээний зардалд 209.000 төгрөг зарцуулсан /хх-н 29/ байх ба энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Тээврийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ч.Энхтуяа гаргажээ.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч А.Г нь 2022 оны 7 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Т-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” /хх-н 33/ гэсэн байх тул дээрх зардлыг шүүгдэгч Д.Таас гаргуулж тухайн байгууллагад олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт Д.Т-г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.Т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Т хохирогч А.Г-д нийт 1.500.000 төгрөг өгсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 209.000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сан 10090020080 тоот данс/ олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Тт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

[1] ЭХТА-н 5.4 дүгээр зүйлийн 5 “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.”