Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/845

 

 

 

 

 

 

 

 

    2022         11         11                                       2022/ШЦТ/

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч Б.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205026572179 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-нд Завхан аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч, хамгаалагч ажилтай, ам бүл 4; эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, **  тоотод оршин суух,

ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* регистрийн дугаартай: *** овогт Б.М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.М 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Минтер” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.М-ын нүүр хэсэгт цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын уншсантай адилхан байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчид 2022 оны 11 дүгээр сарын 8-нд 600.000 төгрөг өгсөн. Бид нар хоорондоо утсаар ярьсан, хохирогч мэдэж байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А.М “... 2022 оны 7 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Минтер” нэртэй бааранд 01:00 цагийн үед найз Д-тай хамт орж согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлсэн. Тэгээд би бүжгийн талбайд найз Д-тай хамт бүжиглэж байтал гэнэт миний хажуу талаас үл таних, цайвар царайтай, 180 см орчим өндөртэй, туранхай, бор өнгийн цамцтай, миний насны эрэгтэй миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Цохиод авахаар нь би намайг цохисон эрэгтэйг хүзүүгээр нь тэвэрч аваад болиулсан бөгөөд тэр эрэгтэйтэй баарнаас гараад ярилцахад тухайн эрэгтэй надад нэрээ М гэж хэлсэн. Би тухайн хүний биед ямар нэгэн гэмтэл учруулж цохиж зодоогүй. Намайг цохиулах үед манай найз Д хажуу талаас харж байсан. М нь 4 эрэгтэй найзтайгаа явж байх шиг байсан. Намайг цохисон эрэгтэй нилээд согтуу байсан. Намайг тэр М-с өөр хүн цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтлийг М учруулсан/хх-н 10/ гэж,

гэрч Ө.Б “... 2022 оны 7 дугаар сарын 27-ны орой М, Г, Ж бид дөрөв Гандантэгчилэн хийдийн хойд талын автобусны буудал дээр байрлах “Минтер” нэртэй бааранд үйлчлүүлэхээр ороод тухайн бааранд хүний 2 шил пиво, “Соёрхол” нэртэй нэг шил архи авч ууцгаасан. Бид нар нилээд согтож Г, Ж бид гурав тамхины өрөөнд тамхи татаж байгаад гараад иртэл манай найз М бүжгийн талбай дээр үл таних нэг залууг заамдчихсан, нөгөө залуу нь “чи яахаараа миний хамар руу цохидог юм бэ” гээд байж байтал баарны хамгаалагч нар ирээд М болон хамраас нь цус гарсан залууг баарнаас гаргахаар нь бид нар хамт гадаа гараад байж байтал цагдаа ирээд бид нарыг цагдаагийн газар руу авчирсан. Цагдаа дээр ирээд харахад тухайн залуугийн хамар муруйсан байдалтай байсан. М тэр залуутай ямар шалтгаанаар маргалдсан гэдгийг би сайн мэдэхгүй байна” /хх-н 14/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б.М “... 2022 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би ажлын газрынхаа Б, Г, Ж нарын хамт Гандангийн хойд талд байрлах “Минтер” нэртэй бааранд үйлчлүүлсэн бөгөөд бид нар тухайн бааранд нэг шил архи, хүний 2 шил пиво авч ууцгаасан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних залуутай ар нуруугаараа мөргөлдөөд, түүнээсээ болж тухайн залуу бид хоёр харилцан маргалдаж байгаад би тухайн эрэгтэй хүний нүүр рүү гараараа нэг удаа цохьтол манай найзууд болон баарны хамгаалагч нар бид хоёрыг салгасан” /хх-н 33/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... А.М-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагадуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн 10479 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 20-21/

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Мгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолно.

 

Харин прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэнд шүүх дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг мөрдөгч, прокурор, шүүгч баримтлах нь зүйтэй боловч тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзах нь зүйтэй юм.

Тухайлбал, шүүгдэгч Б.М-гийн хувийн байдлаас үзвэл тэрээр 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор мөн энэ төрлийн гэмт хэрэг буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ. /хх-н 52-55/

Шүүхээс оногдуулсан уг торгох ял биелэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.[1]

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан.

Гэвч шүүгдэгч Б.М 1 жил 9 сарын дараа дахин “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг олон нийтийн газарт үйлдэж байгаа нь түүнийг төлөвшсөн, нийгэмшсэн гэхэд эргэлзээтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Гэтэл прокурор эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэхгүйгээр “... шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ...” гэдэг байдлаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхгүй байхыг цаашид анхаарвал зохино.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.М нь “... хамрын мэс засал хийлгэхэд 410.000 төгрөг, толгойн зураг авхуулахад 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг зарцуулсан. Би эмчилгээний зардал болон мэс засал хийлгэх 548.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлжээ. /хх-н 10/

Түүний нэхэмжлэлтэй холбоотой “Супернова” эмнэлгийн үзлэг, үйлчилгээ 130.000 төгрөг, “Монос” эмийн сангаар үйлчлүүлсэн 50.550 төгрөг /хх-н 26/, “ЭМЖЖ” эмнэлгийн “хамар ясны шинэ хугарал тэгшлэх ажилбарын төлбөр” 410.000 төгрөг /хх-н 50/, “Аи-92” шатахуун 20.000 төгрөг /хх-н 26/, “8000 төгрөг гүйлгээ” /хх-н 19/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч А.М “... хохиролд 600.000 төгрөг авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг шүүгчийн туслахад хэлж мэдэгдсэнээс гадна шүүгдэгч Б.М нь хохирол төлсөн тухай баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. *** овогт Б.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ

 

[1] Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Шийдвэр гүйцэтгэгчийн 21/70 дугаартай тогтоол /хх-н 56/