Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04031 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүний төлбөр 9 908 500 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 192 000 төгрөг, нийт 10 100 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У нь Т ХХК-тай  2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д захиалагч болох Ч.У нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 950 000 төгрөгөөр тооцон 106.6 м.кв талбай бүхий орон сууцны үнэ болох 101 270 000 төгрөгийг төлөх, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гүйцэтгэгч болох Т ХХК нь тус орон сууцыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч Ч.У нь орон сууцандаа орсны дараа тус байрны оршин суугчдын мэдээллийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Тоонто гранд” ХХК-тай орон сууцны доторх талбайн хэмжилт хийх гэрээ байгуулан хэмжилт хийлгэхэд 96.17 м.кв буюу орон сууцны талбай 10.43 м.кв дутуу байсан. Тиймээс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т ХХК-д хандан гомдлын шаардлага гаргасан. Нэхэмжлэгч өөрөө талуудын хооронд байгуулсан гэрээгээ ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний ялгааг тодорхой заасан байдаг бөгөөд нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо хэмжээ, талбай, загварыг тогтоож, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлыг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгыг дурдвал энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжтэй юм. Ч.У-ын хувьд бол гэрээгээ 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хийсэн, барилга 2012 оны 02 дугаар улиралд багтааж өгнө гэсэн боловч яг бодит байдал дээр бол 2013 оны 02 дугаар сарын 01-нд Улсын комисс хүлээж аваад, 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ч.У нь түлхүүрийг хүлээлцэж авсан. Гомдлын шаардлагыг бол 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тухайн “Тоонот гранд” ХХК-иар хэмжүүлж м.кв-ын зөрүүтэй асуудал байгаагын үндсэн дээр 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гомдлын шаардлагаа гаргасан. Мөн нөгөө талаар бол хэвийн байдлаар хүлээн авахад илрүүлэх боломжгүй тохиолдолд 1 жил гэж заасанд хамаарах болж байгаа. Яагаад гэвэл хэвийн байдлаар хүлээж авах боломжгүй гэж хэлэхийн бол Ч.У нь өөрөө тухайн орон сууцыг хүлээж авсаны дараа хараад манай байранд м.кв дутсан юм байна гэдгийг бол мэдэх боломжгүй. Тусгай мэргэжлийн, зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага үүнийг хэмждэг. Үүнийг хэмж гэж MNS6058:2009 гэдэг стандартыг гаргасан. Стандартын үндэсний зөвлөлөөс тухайн стандартын заалтанд стандартыг батлахдаа тухайн стандартад тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгуулага хэмжинэ гэж заасан. Хамгийн гол зүйл нь бол гомдлын шаардлагын хугацаан дээр маргаж байдаг бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагч “Т” ХХК-иас орон сууцны талбайн зөрүүний төлбөр 950 000 х 10.43 м.кв=9 908 500 төгрөг болон орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн зардал буюу ажлын хөлс 192 000 төгрөг, нийт 10 100 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ц” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн дагуу 97.051 м.кв гэж гаргасан тул үүний зөрүү 9 549 мкв х 950 000=9 071 550 төгрөг, ажлын хөлс 192 000 төгрөг, нийт 9 263 550 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бол үүнтэй холбоотой доголдлыг илрүүлж, түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэвийн байдлаар хүлээн авах боломжгүй дутагдалыг 1 жилийн дотор, барилга байшингийн ийм дутагдлыг бол 3 жилийн дотор гэсэн байдаг. Ийм байдлаар хүлээж авах боломжтой юу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Бидний хооронд байгуулсан гэрээний гол зүйл тодорхой талбайн м.кв-ын асуудал. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан талууд ажлынхаа үр дүнг хүлээж авах үедээ гэрээний гол зүйлээ нягталж авах үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээндээ 106 болон 101 гэсэн 2 хэмжээсийг заасан байдаг. Энэ 2 хэмжээс алиных нь дагуу хүлээж авч байгаагаас хамаарч захиалсан хэмжээсний дагуу хүлээлгэж өгч байна уу, үгүй юу гэдгийг шалгаж хүлээж авах үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа. Мэдээж хуульд 6 сар гээд богино хугацаа тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тохиолдолд 6 сарын хугацааг тоолох юм байна. Гэвч бодит байдал дээр 2011 онд байгуудагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байдаг. Улсын комисс хүлээж авсан актаас үзэх юм бол 2012 оны 12 дугаар сарын 12-нд энэ барилгыг бүрэн барьж дууслаа гэсэн тэмдэглэл байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж үзэх нь илүү хуульд нийцнэ. Үүний дагуу худалдсан эд зүйлийн гомдлын шаардлага гаргах хугацаа байгаа. Үүнд бол 6 сарын хугацаатай гэсэн байгаа. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч дээрх хугацааны дотор гомдлоо гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 9 071 550 төгрөг, ажлын хөлс 192 000 төгрөг, нийт 9 263 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас   шинжээчийн зардалд 291 000 төгрөгийг гаргуулж, “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаарт "Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд" зөвлөмжид ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний харилцааг орон сууцны талбайн зөрүүний үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой тайлбарлаж өгсөн. Үүнд гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, тэдний хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Өөрөөр хэлбэл нэг тал нь тодорхой давхарт өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэн Ч.У нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулахдаа 150 айлын орон сууцны 6 дугаар давхарт 37 тоот 4 өрөө орон сууцыг бариулахаар захиалга өгч гүйцэтгэгч Т ХХК нь 2012 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр урьдчилгаа хөлсийг авсан. Улмаар 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.У нь нэгэнт бэлэн болсон орон сууцыг худалдан аваагүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш 2 орчим жилийн дараа өөрийн захиалсан орон сууцыг хүлээн авсан учир талуудын хооронд байгуулагдсан гэрээг "Ажил гүйцэтгэх гэрээ" гэж үзэх байтал шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээ "Ажил гүйцэтгэх гэрээ" бол гомдлын шаардлага гаргах хугацаа нь өөр агуулгаар тайлбарлагдах ёстой билээ. Дээрх 02 дугаар зөвлөмжид гомдлын шаардлагын үндэслэлийг тайлбарласан. Үүнд худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай нь доголдлыг мэдэх боломжтой байсан гэх нөхцлийг ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хамааруулаагүй болохыг анхаарах нь зүйтэй гэсэн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргах 3 өөр хугацааг тусгасан. Нарийвчлан тодорхойлсон буюу барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.У-ын гомдлын шаардлага гаргах хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцохоор дуусаагүй байгаа болно. Мөн хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлагыг гаргах хугацаанд гомдлоо гаргасан байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

   Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Т ХХК-д холбогдуулж орон сууцны талбайн зөрүү үнэд 9 263 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж 16 дугаар байрны 6 давхар, 37 тоотод байрлах 106.6 м.кв /MNS605852009 стандартаар 101.6 м.кв/ талбай бүхий орон сууцыг нийт 101 270 000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг төлөхөөр, хариуцагч Т ХХК нь орон сууцны барилгыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулснаас /хх 6-7/, хойш хариуцагч байгууллага нь  нэхэмжлэгч Ч.У-д гэрээнд заасан орон сууцыг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн /хх-49/ үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх гэрээ нь “орон сууц захиалгаар барих гэрээ” нэртэйгээр байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн захиалгаар уг барилгыг бариагүй, хариуцагч 2012 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны барилгаас 6 давхар, 37 тоотод байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

                                                               

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

 

Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны талбайн нэгж үнийн талаар тодорхой заагаагүй, энэ талаар тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.У нь гэрээний зүйл болох орон сууцны доголдлын талаар хариуцагч Т ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй боловч дээр дурдсанаар орон сууцны нэг метр квадрат талбайн хэмжээ буюу нэг бүрийн үнийг тухайлан тохиролцоогүй тул дутуу шилжүүлсэн талбайн зөрүү үнийг тооцож шаардах эрхгүй юм.

 

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.У-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН