Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00910

 

  *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1290 дүгээр магадлалтай,

 *******-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, Д.Саруулсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 12 шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа *******-ийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 2019.11.21-ний өдөр 225/05 тоот эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэн хурааж, 2019.12.25-ний өдрийн 4/29003 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар 4,360,320,000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн болохоо мэдэгдсэн.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарахын өмнө манай компанийн захирал Б.Бямбадаваа нь НШГГ-т хандан 2019.12.18-ны өдөр албан бичгээр хураан авагдсан байгаа дутуу барилгын үнэлгээг 11,000,000,000 төгрөг байхаар тооцож өгсөн.

Басмаа контракшн ХХК-ийн барьж буй үйлчилгээтэй 132 айлын /2 блок барилга/ 12 давхар орон сууцны барилга нь 2015 оноос эхлэн баригдаж одоогоор зоорийн давхраа бүрэн барьж дуусаад А блок нь 5 давхар, Б блок нь 4 давхар баригдаж барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Компанийн зүгээс одоогийн байдлаар барилгын ажилд 6,000,000,000 орчим төгрөгийн зардал гарсан бөгөөд барилга хотын төвийн А зэрэглэлд байршилтай 1 м.кв талбайн зах зээлийн судалгаагаар ханш нь 2,800,000 төгрөг байгаа юм.

Гэтэл НШШГГ-ын томилсон хөндлөнгийн шинжээч нь барилгын өртгийг тооцож тухайн барилгын байршил, худалдан борлогдох зах зээлийн үнийн ханшийг огт харгалзахгүй хэт доогуур үнэлж анхны дуудлага худалдаа явуулах болсон нь иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй бөгөөд зөвхөн мэдэгдэл өгсөн.

Иймд тус шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээг зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Басмаа консракшн ХХК нь нийт 12 шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн зүгээс 11, 000,000,000 төгрөгөөр тооцож өгсөн ба уг барилга нь 132 айлын /2 блок барилга/ 12 давхар орон сууцны барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 5 давхар Б блок нь 4 давхар баригдсан атал НШШГГ-ын томилсон хөндлөнгийн шинжээч нь хэт доогуур үнэлж худалдан борлуулахаар болж үнэлгээг бидэнд танилцуулаагүй нь ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.3-ыг зөрчсөн гэсэн.

НШШГГазар нь төлбөр төлөгч Басмаа контракшн ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2016.05.13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажилгааг үүсгэсэн бөгөөд нийт 12 гүйцэтгэх баримт шийдвэрээр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрийг өөрийн компанийн өмчлөлийн барилгыг барьцаалж зээл авч төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг өгч заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй зэргээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсаар ирсэн.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.16-ны өдөр битүүмжилж, 2019.12.27-ны өдөр хурааж, талуудаас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 11,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагчид дээрх үнийг хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилж өгөхийг хүссэн тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, шинжээч 4,360,320,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч *******-ийн үүсгэн байгуулагч Б.Бямбадаваагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон хаягаар болон 99007735 дугаарын утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан тул үнэлгээний дүгнэлт болон мэдэгдлийг зурвасаар илгээж, баталгаат шуудангаар хүргүүлж боломжит бүх арга хэмжээг авсан. Төлбөр төлөгчтэй холбоо барих боломжгүй болсон тул тус газрын эрэн сурвалжлах хэлтсээр дамжуулж үүсгэн байгуулагч Б.Бямбадавааг эрэн сурвалжилж, 2020 оны 01 сарын 31-ний өдөр олж авчран үнэлгээний дүгнэлт болон анхны дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолтой танилцуулсан.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай *******-ийн өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******-ий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 13-ний өдрийн 2020 оны 02 сарын 18-ний өдрийн 181/ШЗ2020/02589 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1290 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай *******-ийн өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1290 дугаартай магадлалаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа түүний Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж, 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг хураан авч, битүүмжлэн, улмаар Мөнх-Оргил трейд ХХК-иар 4,360,320,000 төгрөгийн үнэлгээ тогтоолгосон байдаг.

Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөндлөнгийн үнэлгээ нь тухайн орон сууцны биет байдал, байршил зэргийг нарийвчлан тооцолгүй зөвхөн өртгийн хандлагыг голчлон тооцсон, мөн газрын үнэлгээг барилгыг үнэлгээнд оруулж тооцоогүй орхигдуулсан нь илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон байсан.

Анхан шатны шүүхэд үнэлгээ илтэд үндэслэлгүй, буруу хийгдсэн болохыг маш тодорхой тайлбарлаж шүүхийн журмаар дахин шинжээч томилуулж үнэлгээний дүнг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч мөн л шинжээч томилж барилгын үнэлгээг бодитоор, үнэн зөв тогтоолгох ажиллагааг хийж гүйцэтгүүлэхийг анхан шатны шүүхэд даалгаагүй нь магадлал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой үзэж үзэх шалтгаан болсон байна.

Шүүхээс Мөнх-Оргил трейд ХХК-ний үнэлгээ буруу хийгдсэн гэж үзэж байгаа бол тухайн барилга бодит байдал дээр ямар үнэлгээтэй болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд цаашид уг шүүхийн журмаар хийгдсэн бодит үнэлгээний дагуу худалдан борлогдох ажиллагаа явагдаж нэхэмжлэгчийн зөрчигдөөд буй эрх сэргэх бүрэн боломжтой байгаа юм. Гэтэл шүүхээс шинжээч томилоогүй шийдвэрлэсэн нь мөн л шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин барилгын үнэлгээг буруу, үндэслэлгүй гаргуулах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т ...шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх... эрхтэй талаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу зохигчоос хүсэлт гаргасан тохиолдолд шүүх үнэлгээг бодит байдал дээр ямар үнэлгээтэй болохыг нотлох баримтаар тогтоох үүрэгтэй, уг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ нь Мөнх-Оргил трейд ХХК буруу үнэлгээ хийсэн болохыг нотлох гол баримт болох ёстой байтал орхигдуулж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, шинжээч томилж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1290 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох СБД-ийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай 2,316.6 м.кв, 1,801 м.кв талбайтай орон сууцны зориулалттай А блок нь 45%-ийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгч нь 2019.12.18-нд Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилон, шинжээч барьцаа хөрөнгийг 4,360,320,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг 2019.12.25-нд төлбөр төлөгчид мэдэгдсэн.

Давж заалдах шатны шүүхээс шинжээчийн үнэлгээ нь ХҮТХуулийн 9.3.1- 9.3.11-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх журамтай нийцээгүй байна. Шинжээч нь барилгын А блокийг 2,489,150,000, Б блокийг 1,871,170,000 төгрөгөөр үнэлэхдээ барилгын доорх газрыг тухайн газартай зориулалт бүсчлэлийн хувьд ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа бусад газартай холбоотой эрхтэй харьцуулалт хийх замаар зах зээлийн жишиг үнийн аргаар 692,900,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч уг газрын үнэлгээг хөрөнгийн нийт үнэлгээнд оролцуулан тооцоогүй байна. Хэрэгт тухайн барилгын газрын гэрчилгээ, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар мэдээлэл байхгүй, мөн хэдэн м.кв талбайтай газрыг хамруулан 692,900,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй энэ талаар үнэлгээний тайланд тусгаагүй байгаагаас үзэхэд үнэлгээг хуульд заасан зохих журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх бөгөөд тухайн барилга болон газар нь тус тусдаа хөрөнгө болж үнэлэгдэх эсвэл газар нь үл хөдлөх эд хөрөнгийн хамт байх шаардлагатай эсэхийг тодруулсны дараа үнэлгээг хийснээр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг зохих ёсоор хийгдсэн гэж үзнэ. Эдгээр шаардлага хангагдаагүй учраас нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. ХҮТХуулийн 9.3.1-9.3.11 дэх заалтууд нь хөрөнгийн үнэлгээ хийх журам биш харин үнэлгээний тайланд юуг тусгах талаар заасан заалт юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч компанийн өмчлөлийн дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө буюу барилгыг битүүмжилж, хурааж үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг барилга байрлах газар нь төлбөр төлөгч компанийн эзэмшил өмчлөлийн газар биш учраас газрыг тусад нь битүүмжилж хурааж үнэлгээ тогтоогоогүй. Уг барилга нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар газраасаа салшгүй холбоотой хэсэг учраас барилгыг үнэлсэн үнэлгээнд багтсан гэж үзэж болно.

Хэрэв газрыг үнэлэхээр бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөл эзэмшлийнх гэдгийг тогтоож битүүмжилж, хураасны үндсэн дээр тусад нь үнэлүүлэх үндэслэлтэй болох юм. Бусдын эзэмшлийн буюу төлбөр төлөгч бус этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх эрх тус газарт олгогдоогүй. Хөрөнгийн үнэлгээнд барилгыг үнэлэх явцад үнэлгээ хийхэд ашигласан аргачлалтай холбоотойгоор газрын ЭРХ-н үнэ цэнийг тодорхойлж, үнэлгээнд зохих тохируулга хийсэн байдаг. Газрын эрх, газар гэсэн ойлголт нь тусдаа ойлголт юм.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага нь СБД, 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 4,360,320,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв нэхэмжлэгчээс уг барилгыг үнэлгээтэй холбоотойгоор газрыг үнэлээгүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нь нэхэмжлэгчид байсан гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үнэн зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчид тэгш эрхийн үндсэн дээр нотлох баримтаа гаргаж, мэтгэлцэх зарчмын хүрээнд оролцож үйл баримтаа нотлох баримт, нотолгооны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байхад энэ үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтын хүрээнд мэтгэлцээний шат, хэлэлцүүлгийн бүх шатанд тогтоогдсоны үндсэн дээр анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэрийг гаргасан юм. Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

******* *******т холбогдуулан үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдлоо.

 

1.   Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчжээ.

 

Тухайлбал, шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3., 9.3.1.-9.3.11.-д заасан журамтай нийцээгүй, ...үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын үнэлгээг хөрөнгийн үнэлгээнд оролцуулан тооцоогүй, хэрэгт тухайн газрын эзэмшил, өмчлөлийн талаарх мэдээлэл байхгүй, мөн 692,900,000 төгрөгөөр үнэлсэн газрын хэмжээ тодорхойгүй... гэх үндэслэл заажээ.

 

а/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т зааснаар шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.18-ны өдрийн Шинжээч томилох тухай №14 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034115 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай, 2316 м.кв, 1,801.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор томилсон.

 

Хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөөний Мөнх-Оргил трейд ХХК нь үнэлгээний тайланг зөвхөн тогтоолд заасан хүрээнд буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргаж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2., 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан шаардлагад нийцжээ.

 

б/ Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө баригдаж буй газрыг эзэмших, эсхүл өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй, хэрэгт тухай баримт авагдаагүй, улмаар газрын үнэлгээтэй холбоотой ямар нэг гомдол гаргаагүй байна.

 

в/ Түүнчлэн, хэдийгээр шинжээч томилсон тогтоолд уг обьект байрлаж буй газрыг үнэлүүлэхээр заагаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ газрын нөлөөлөлтэй цуг байдаг үндэслэлээр зураг төсөл дээр байх барилгажих талбайн хэмжээгээр газрыг үнэлж, зах зээлийн үнэлгээний нийт дүнгээс газрын үнийг хасаж, тохируулга хийсэн тухайгаа үнэлгээчин шүүх хуралдаанд тайлбарлаж, Үнэлгээний тайланд тусгасан байх тул ...үнэлгээг хуульд заасан зохих журмын дагуу хийгдсэн гэж үзэхгүй... гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Төлбөр төлөгч *******-д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

 

б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ.

 

Мөнх-Оргил трейд ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайланг шийдвэр гүйцэтгэгч 2019.12.24-ний өдөр хүлээн авч, 2019.12.25, 26-ны өдрүүдэд төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч Б.Бямбадаваагийн 99007735 дугаарын утас руу залгаж, хөрөнгийн үнэлгээний дүнг мэдэгдэж, үнэлгээний тайланг ирж авахыг мэдэгдсэн, мөн 2019.12.25-ны өдрийн 4/29016 тоот мэдэгдлийг мөн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ. /хх-29-30, 32-34/

 

3.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шинжээч томилж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсч... хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Тэрээр гомдлын үндэслэлээ: ...үүргийн гүйцэтгэлд хураагдсан хөрөнгийг шүүхээс шинжээч томилж, дахин үнэлүүлснээр Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ үндэслэлгүй гарсан болохыг нотолно... гэжээ.

 

Дээр дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн гомдлыг хангахгүй орхино.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул тухайн үнэлгээ үндэслэлгүй болохыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй харьцуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шүүхээс бүрдүүлэх нотлох баримтад хамаарахгүй. Иймд нэхэмжлэгчийн шинжээч томилохыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1290 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгээс 2020.07.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД