Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 29

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                              М.Б түүний өмгөөлөгч

                                                                     Д.Энхбаяр

                    Нарийн бичгийн дарга               Ц.Чагнаадорж нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолтой М.Б-д холбогдох 1915001960120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.Б.

М.Б нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн О.О-н байшинд нэвтэрч нууцаар 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор:

1. М.Б.г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч М.Б-г  1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /аяганы доторхи хэсэг нь харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг нь гадна талаараа модтой,  аяганы амсар 13 см хэмжээтэй/, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг/ Аяганы доторхи бага зэргийн  харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг гадна талаараа  мөнгөөр хийсэн, хээтэй, аяганы амсар 16 см хэмжээтэй/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.О т олгохыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт  даалгаж, шүүгдэгч М.Б  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуу гэртээ унтаад О  гуайн гэрт ороогүй. Байцаагч аяга олдсон учраас гайгүй, чи авсан гээд хэлчих гэсэн учраас би аягыг авсан гэж мэдүүлсэн. Би энэ хэргийг үйлдээгүй. Би А той архи уугаад гэртээ үлдсэн, эхнэр намайг гэртээ согтуу унтсан зэргийг гэрчилнэ. Орой болтол би унтсан. Хулгай өдрийн цагаар гарсан байна. Иймд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдолдоо: “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/ШЦТ/116 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч М.Б-н хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж буруу зуйлчилж хэргийг шийдсэн. С.Б ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх байсан.

2. Хохирогч О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Гэрийн хаалга үүд зүгээр хэвийн байсан, манай гэрийн хаалга онгорхой байсан юм” гэж хэрэгт мэдүүлсэн байна.

Б нь хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэхдээ онгорхой байхад нь сэм орсон биш О ын гэрийн хаалга онгорхой байхыг нь хараад гэрт нь хүн байгаа гэж бодон хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ нь М.Б-н хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэл болж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч М.Б 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн О.О-н 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 530000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч М.Б-д ял шийтгэл оногдуулжээ.

Харин шүүгдэгч М.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл хохирогч О.О-н гэрт нэвтрэхдээ хууль бусаар буюу цоожтой байхад нь хулгай хийх зорилгоор нэвтрэн орсон гэх үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд айл хөрш, малыг маллаж, гэрт нь орж гардаг байсан тул архи уусан, согтуу байхдаа гэрт нь ороод гарахдаа 2 ширхэг мөнгөн аягыг  хулгайлан авч гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдсон байна.

Иймд хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд шүүгдэгч М.Б-д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дүгээр зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-г  6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Б-н  давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                   

                                                  ШҮҮГЧ                                   Т.ГАНБАТ                                                  

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН