Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2021/0065

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Г.Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцтэгчийн  2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Г.Ш, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Шаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болох шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Намайг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, эрх зүйн сургалт сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх бүхий байгууллага гомдлыг 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж хариу өгөх ёстой байсан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй. Мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэл гаргасны дараа Төрийн албаны зөвлөлөөс хариу ирсэн байна.

 Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Үүнээс хойш Хууль эрх зүйн хэлтэст тасралтгүй ажилласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийтдээ төрийн албанд 4 жил, 1 сар, 27 хоног ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 482 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно” 12-д хугацаат цэргийн алба хаасан хугацааг оруулж тооцоохоор тогтоосон байгаа. Би 2010-2011 онд хилийн цэргийн 0273 ангид цэргийн албыг биеэрээ хаасан. Энэ талаар нотлох баримтаа гаргаж өгсөн.

Иймд дээрх тогтоолын дагуу миний цэргийн алба хаасан 1 жилийн хугацаа нэмэгдээд төрийн албанд нийт 5 жил, 1 сар, 27 хоног ажилласан байна. Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаардаг албан тушаал юм.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт ахлах түшмэлийн ангилалд хамаардаг албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлага тавигддаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “энэ хуулийн 2 дахь хэсэгт ажилласан жилийн тогтоолгох тусгай шаардлагыг 50 хувийг төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болно” гэсэн заалт байгаа.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаал шатлан дэвшүүлэх журам” гэж байна. Уг журмын  2.5-д “Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жил тогтоолгосон тусгай шаардлагын 50 хувийн хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх боломжтой” гэж заасан. Хуулийн 2.5-д хэдэн шаардлага байгаа. Миний бие тэр шаардлагуудыг хангасан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаал шатлан дэвшүүлэх журмын 2.6-д “Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шатлан дэвшүүлж тухайн албан тушаалд томилно”, 3.1-д “Төрийн жинхэнэ албаны сул орон тоог зарлах, шатлан дэвшүүлж сонгон шалгаруулах ажиллагааг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-аар зохицуулна” гэж заасан.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг баталсан. Уг журмын 2.2-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө”, 2.2.1-д “шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас” гэж заасан.  Дээрх хууль тогтоомж, журмын дагуу миний бие ажилласан жил тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан тул албан тушаалын тусгай шалгалтад оролцох эрхтэй болсон. Улмаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцээд хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон.

Намайг албан тушаал бууруулсан  Б/13 дугаар тушаалын үндэслэх хэсэгт баримталсан Төрийн албаны тухай хуулийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн хуулийн заалттай.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23.3, 37 дугаар зүйлийн  37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн төрийн албан хаагчийн хориглох зүйл буюу 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалтуудыг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж албан тушаал бууруулах хуульд заасан бусад үндэслэлүүдийг маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон байна. 

Миний бие төрийн захиргааны албан хаагчийн үүрэг болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтуудыг зөрчиж байгаагүй. Хэрвээ зөрчсөн гэж байгаа бол эдгээр нь албан тушаал бууруулах үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлүүдийг хуульчилж өгсөн. Харин маргаан бүхий акт дээр 45.1.3-ийг үндэслэл болгосон. Тэгэхээр намайг 45.1.3-д зааснаар албан тушаал бууруулсан байна гэж ойлгосон. 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж байгаа. Гэтэл би ямар хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн нь тодорхой биш байна. Хэрвээ 45.1.3 дугаар зүйл заалтыг үндэслэж байгаа бол бусад ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар тодорхой тухайн хуулийг хамтад нь хэрэглэх ёстой байсан.

 Намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны  Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Г.Ш нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шаардлагыг хангаагүй, багц сургалтад хамрагдаагүй зэргээр 50 хувийн шаардлагыг ч хангаагүй хүн  Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдож нөхөн суралцах маягаар багц цагийн сургалтыг дүүргэсэн байдаг. Тухайн заалт нь ахлах түшмэлийн ангилалд томилогдох бол.... гэж шаардлага тавигдсан байдаг болохоос томилогдсоны дараа шаардлагыг нь нөхөж хангах тухай ойлголт биш.

Удирдлагыг хууль, эрх зүйн мэдээллээр хангах нь албан тушаалын тодорхойлолтоор тавигдсан гол чиг үүрэг нь байдаг. Тэгтэл удаа дараагийн урамшуулал нэрээр гарсан хууль бус захирамжуудад санал хэлж, эрх зүйн зөв мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн тавьсан акт, тэмдэглэлээс харж болох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиа сахин биелүүлэх үүргээ чанд мөрдөх тухай Төрийн албаны тухай хууль дахь нийтлэг үүрэг зөрчсөнөөр нотлогдоно. Хууль бус захирамж гарахаас өмнө болон гарсны дараа ч зөрчлийг таслан зогсоох боломж хэлтсийн даргын хувьд байдаг. Тэгтэл өөрт нь өгсөн урамшууллыг мөнгийг зүгээр л авсан байдаг. Түүний өөрийнх нь үндсэн хэрэгжүүлэх чиг үүргийн нэг нь буюу Төрийн албаны хуульд зааснаар удирдлагын санаа бодолд нийцэх эсэхээс үл хамаарч хууль бус шийдвэр гэж үзэж байгаа бол шийдвэр гарахаас өмнө эсвэл гарсны алдаа зөрчлийг арилгуулах, захирамжийг хүчингүй болгох онцгой эрхтэй албан тушаал байтал огт хэрэгжүүлээгүй.

Маргаан бүхий захиргааны акт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаал. Энэхүү тушаалын хуулийн үндэслэлийг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална” гэсэн зарчим байгаа. Мөн 23 дугаар зүйлийн 23.2.3-т төрийн албаны тухай хуульд төрийн ахлах түшмэлийн албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхойлсон заалтууд байгаа. 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндийг эрхэм дээдлэх, 39.1.2-д төрийн албан хаагчид хориглох заалт гэсэн эдгээр заалтуудыг баримталж Г. Шинэбаярыг 3 үндэслэлээр албан тушаал бууруулсан.

Төрийн албаны шатлан дэвших хугацаа хангаагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан чадахуйн зарчмыг энэ хүнийг томилохдоо баримтлаагүй байна гэж үзсэн. Яагаад гэвэл, Г. Шинэбаяр 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр анх Хууль, эрх зүйн хэлтэст түр орлон гүйцэтгэгчээр ажилд орсон. 2017 оны 02 сарын 03-ны өдөр төрийн албан хаагчийн суурь шалгалтад орж тэнцээд, 2017 оны 10 сарын 19-ний өдөр тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон юм. Г.Ш өөрөө хэлэхдээ би 4 жил 1 сар 18 хоног ажилласан гэдэг нь худлаа. Г.Шын ажилласан хугацааг тоолоод үзэх юм бол  2 жил, 11 сар, 16 хоног болсны дараа Г.Ш Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлыг авсан. Ингэхээр төрийн албанд 8 жил үүнээс 4 жил удирдах албан тушаал хаасан гэж болзол шаардлагыг биелүүлэхгүй байгаа. Төрийн албаны зөвлөл Г.Шын гомдлын дагуу  ажилласан хугацааг тоолсон. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн бичиг дээр “Та дэс түшмэлийн албан тушаалын  хугацааг 3 жил, 9 сар, 8 хоног ажилласан болох нь  нотлогдож байна. Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байхад таныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад бүртгэн, сонгон шалгаруулсан нь төдийгүй тухайн албан тушаалд томилсон үйлдэл нь хууль бус байна” гэж 2021 оны 3 сарын 24-ний өдөр 01/844 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн.

Г.Ш чадахуйн зарчмыг баримталж дэвшээгүй гэдэг нь батлагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3 буюу хуульд заасан бусад үндэслэл гэж юу юм вэ гэж асууж байна. 45.1.3-д заасан хуульд заасан бусад үндэслэл гэдэг маань 45.1.1, 45.1.2-д байхгүй ч гэсэн бусад хуульд заасан бусад үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 7.1.5 гэсэн чадахуйн зарчмыг баримтлаагүй байна гэсэн энэ заалтууд хамаарч байдаг гэдгийг тайлбарласан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.7, 39.1.2 гэсэн заалтуудыг үндэслэн Г.Ш хууль, эрх зүйн  туслах, зөвлөх үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж яагаад үзсэн вэ гэхээр  Г.Ш анхнаасаа Монгол Ардын намын идэвхтэй гишүүн залуучуудын төлөөлөл байсан учраас 2016 оны сонгуулийн дараа төрийн албанд орж ирсэн.

2020 оны сонгуулиар  Ардчилсан нам ялсны дараа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, намын албан тушаалтныхаа үүднээс Увс аймгийн Засаг дарга болон Тамгын газрын даргатай харьцаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байх хугацаандаа Засаг даргын гаргаж байгаа захирамжийн хуулийн үндэслэлийг хянах ёстой байтал энэ ажлыг удаа дараа буруу хийсэн учраас  маргаан үүсгэсэн. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр сонсох ажиллагаа дээр Г.Болор-Эрдэнэ даргатай ярьсан ярилцлага нь дээр маш тодорхой байгаа.

2020 оны орон нутгийн сонгууль болоод Ардчилсан нам засаглах нь тодорхой болсны дараа Засаг дарга Батсайхан 7 хоногийн хугацаанд 2 тушаал гаргаж, хэлтсийн дарга нарыг нийт 19,000,000 (арван есөн сая) төгрөгөөр  урамшуулсан. Тухайн үед Г.Ш 2 удаа урамшуулал авсан. Ийм хууль бус зүйлийг энэ хүн өөрөө Хууль, эрх зүйн хэлтсийн дарга байхдаа авсан. Үүнд  санхүүгийн аудитын акт тавигдаад, хэдийгээр шүүхээс Г.Ш төлөх шаардлагагүй гэж дүгнэлт гарсан боловч тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байх үед Г.Ш таслан зогсоох үүргээ биелүүлээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/47 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал байгаа. Г.Шыг Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажилд томилсон. Уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3,  Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол зэргийг үндэслэл болгосон. Г. Шинэбаяр тайлбарлахдаа, “би тухайн байгууллагад ажиллаж байгаа учраас хуульд тавигдсан шаардлагын 50 хувийг хангасан учраас би дэвшин томилогдсон” гэж хэлж байна. Г.Шыг  яг дэвшүүлэн томилсон юм уу гэхээр Төрийн албаны салбар зөвлөлийн  “Дэвшүүлэн томилох тухай“ тогтоол болон Засаг даргын Тамгын газрын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал дээр Төрийн албаны тухай хууль 23 дугаар зүйлийн 23.2, 26 дугаар зүйлийн 26.3 буюу ажиллаж байгаа этгээдийг дотроос нь 50 хувийн шаардлагыг хангасан бол дэвшүүлэн томилно гэсэн хуулийн 2 заалтыг аль аль нь дээр баримтлаагүй.

 Энэ хуулийн үндэслэлийг баримтлаагүй байхад өөрийгөө намайг чадахуйн зарчмаар шууд дэвшүүлээд томилсон гэж хэлэх боломж байхгүй. Хэрэв үнэхээр дэвшүүлэн томилох байсан бол эрх бүхий этгээд тогтоол дээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 26 дугаар зүйлийн 26.3 дахь  заалтуудыг заавал дурдах ёстой байсан.

Ийм учраас Г.Шын нэхэмжлэлийн шаардлага хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.Заас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Болор- Эрдэнийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбарын зөвлөлийн ... дугаар албан бичгийн дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байгаа.

Нэхэмжлэгч Г.Ш нь Төрийн албаны тухай хууль зөрчиж, шатлан дэвших хугацаа хангаагүй байх үедээ үндэслэлгүйгээр албан тушаал дэвшсэн, аймгийн удирдлагыг Хуулийн зөвлөгөө, дэмжлэгээр хангах үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 тушаалаар албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Шын Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг  түр орлон  гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнэд  холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцтэгчийн  2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг[1] хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Шыг  “...төрийн албаны шатлан дэвших хугацаа хангаагүй, хууль эрх зүйн зөвлөн туслах үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэх үндэслэлээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн хэлтэст эрх зүйн сургалт сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, албан тушаалыг нь   бууруулах шийдвэрийг гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 7.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.3, 37 дугаар зүйлийн 27.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.3, 45.2 заасныг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг болон Төрийн албаны тухай хуульд заасан холбогдох бусад шаардлагыг хангасан тул тухайн албан тушаалд тусгай шалгалт өгч шатлан дэвшиж томилогдсон, мөн ажиллаж байх хугацаандаа албан тушаалын чиг үүргээ Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд алдаа дутагдалгүй гүйцэтгэж, төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг чанд биелүүлж, хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй” гэж тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...”, 24.2-т “ ...Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

 Маргаан бүхий захиргааны актад тусгасан “... хууль, эрх зүйн зөвлөх үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн хувьд захиргааны байгууллага буюу хариуцагч нь   нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд  холбогдох  нотлох баримтуудыг цуглуулаагүй,  шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч нь хууль эрх зүйн зөвлөх үүргээ хэзээ, хэрхэн, ямар үйлдлээр хангалтгүй биелүүлсэн, үүний улмаас сөрөг  үр дагавар бий болсон эсэхийг болон    бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй зэргээр  хуулийн дээрх заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй  байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас “... төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн актаар[2] нотлогдоно” гэж тайлбарласан  боловч улсын байцаагчийн  уг актыг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаар шийдвэрээр[3] хүчингүй болгосон, шүүхийн  шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон нь Увс аймаг дахь Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 332 дугаар албан бичгээр[4] тогтоогдож   байх тул нэхэмжлэгч Г.Ш нь “...төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ш нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар[5] аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөгөө мэдээлэл, эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар[6] аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж  байсан ба  2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар[7] 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө авч, чөлөөний хугацаа дууссаны   дараа  Хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтнээр үргэлжлэн ажилласан,  улмаар  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар[8] аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн  хэлтсийн Авлига, хүний эрх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар[9] аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар[10] аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллажээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд “Ахлах түшмэл, ТЗ-10” хамаарч байгаа нь хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолт[11], Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар  сарын 3-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь уг албан тушаалд томилогдох үед төрийн албад нийт 3 жил 10 сар 26 хоног  ажилласан нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож  байх ба энэ хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “ ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ...”, 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “ Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.5-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх тухайн албан тушаалын шалгалтад оролцох эрхтэй”  гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” ойлгохоор заасан ба нэхэмжлэгч Г.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс  цалин хөлс аваагүй, албан тушаалын эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан эрх бүхий этгээдийн чөлөө олгосон шийдвэр, нийгмийн даатгалын НДД№98456 дугаартай дэвтрийн бичилт[12] зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн цалингүй чөлөөний хугацааг  төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д заасны  дагуу цэргийн алба хаасан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцно” гэж тайлбарласан.

Энэхүү журмын 1 дэх заалтад “Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө”, 3 дах заалтад “Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан  хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:”, 12/-т “хугацаат цэргийн алба хаасан хугацаа” гэж  заасан.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, энэ журам нь зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааг харгалзан  албан тушаалын сарын үндсэн цалингаас бодож нэмэгдэл олгох харилцаанд үйлчлэх журам бөгөөд харин  төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох харилцаанд дээрх журмын зохицуулалтууд  хамаарахгүй, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход шаардагдах хугацааг Төрийн албаны тухай хуулийн өөрт нь  тусгай шаардлага болгон  нарийвчлан зохицуулсан  байх  тул нэхэмжлэгчийн “... хилийн  цэргийн 0277 дугаар ангид 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил хугацаат цэргийн албан хаасан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно”  гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас  “... шатлан дэвшүүлэх журмыг зөрчин ахлах түшмэлийн албан тушаалд томилсон шийдвэр хууль бус “ үндэслэлээр чөлөөлж албан тушаалыг нь бууруулсан хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгч Г.Шын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2,  23 дугаар зүйлийн 23.2.3, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Шаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б  холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША

 

 

 

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 186-188 дугаар хуудас

[3] Хэргийн 141-146 хуудас

[4] Хэргийн 182 дугаар хуудас

[5] Хэргийн 22 дугаар хуудас

[6] Хэргийн 23 дугаар хуудас

[7] Хэргийн 24 дүгээр хуудас

[8] Хэргийн 25 дугаар хуудас

[9] Хэргийн 26 дугаар хуудас

[10] Хэргийн 27 дугаар хуудас

[11] Хэргийн 189 дүгээр хуудас

[12] Хэргийн 35 дугаар хуудас