Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0713

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А

Нэхэмжлэлийн шаардлага: Э Т -ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/0000  дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ /0000000000 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Э ” Т -ын Үнэлгээний хороонд даалгах” тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  41 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Г

Шүүх хуралданы нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2024/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Э Т -ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/0000  дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ /0000000000 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Э ” Т -ын Үнэлгээний хороонд даалгуулах”-аар маргажээ.   

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 4.1.18, 12 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М”  ХХК-ийн Э Т , “Э ” Т -ын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Э ” Т , “Э ” Т -ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/0000  дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ /0000000000 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Э ” Т -ын Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Э ийн зарласан маргаан бүхий ЭҮТ /0000000000 дугаартай хуудсан ган нийлүүлэх тендерийн үнэлгээ хууль бус болсон талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Э анхнаасаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасныг зөрчин Швед улсын Х  компанийн патентийн эрхтэй үйлдвэрлэдэг Х гэж нэр заан бүтээгдэхүүн авахаар зарласанаа тендерийн үнэлгээний хорооны нарийн бичиг, гишүүнээр ажилласан Д.Г , Н.Э нар Шведийн Х  брэнд биш байсан учраас бүх тендерээс татгалзсан гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад хээв нэг мэдүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо хуулийг зөрчсөн гэдгээ шүүхийн танхимд хүлээн зөвшөөрсөөр атал шүүх хууль бусаар тендерийг үнэлсэн шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргалаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “ Ган хуудас Х “ гэж нэр зааж хууль зөрчсөнөө стандарт :ГОСТ 19903-0000 эсхүл түүнтэй дүйцэх гэж анх зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар ... Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

3.2. “М” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гангийн марк болох NM450 гэсэн бүтээгдэхүүн байсан ба энэхүү бүтээгдэхүүн нь Швед Улсын Х гэсэн брендтэй физик, хими, орц найрлага стандартаараа адил байгааг баталсан баримт бичгүүдийг илгээсэн атал түүнийг нь шалгаж үзэлгүй Шведийн Х биш гэж үнэлсэнд бид гомдол гаргаж шүүхийн хяналтад хэлэлцүүлсэн. Бидний илгээсэн тендерийн баримт бичгийн стандартыг нийцүүлсэн хэсэгт GВ/Т4237-0000 гэсэн стандарт байхгүй байна гэсэн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг дурдаж нотлох баримтаар шүүх үнэллээ.

3.3. GB/Т4237-0000 гэсэн стандарт байгаа тухай энэхүү стандарт хэсэг рүү нэвтрэхэд геометрийн хэмжээс бүхий 3 хуудас стандарт гарсан гэж Тендерийн үнэлгээний хорооны хурал дээр ярьсан зүйлээ Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт ч худлаа мэдүүлснийг хуралдааны явцад www.chinesestandart.net хаяг руу нэхэмжлэгч М.А нэвтрэн 68 хуудас бүхий стандарт байгаа талаар энэ стандартад физик , химиийн шинж чанар орц найрлага бүх зүйл нь байгаа үүнийг яагаад нягтлаагүй юм гэдэг талаар өнөөдөр шүүхийн танхимд хариуцагч нар худал мэдүүлж байгааг бид нотолсон боловч үүнийг шүүх хэрхэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт огт байхгүй байна.

3.4. Шүүх хуралдааны явцад англи хэл дээрх баримтыг шүүх хэлэлцэхгүй гэсэн нэг өгүүлбэр хэлсэнээ шүүхийн шийдвэрээрээ баталгаажуулсан гэж үзлээ. Тэгвэл яах гэж хурлын явцад энэ хаяг руу нэвтрүүлсэн юм хариуцагч нар худлаа мэдүүлсэндээ бантаж олон хуудас стандарт байгааг хараад худалдаж авсан болохоороо бүтэн нээгдэж байна биднийг үзэхэд 3 хуудас байсан гэж бувтнаж, сандарцгаасан.

3.5. Анхнаасаа Швед улсын Х  компанийн брэнд бүтээгдэхүүн нэр зааж хууль зөрчин тендер зарласан түүнийгээ шалгаруулахдаа Шведийн Х  биш байна гэдэг үндэслэлээр манай тендерээс татгалзсан хууль бус шалгаруулалт явуулсан байна гэдгийг бид нотлохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

3.6. Бидний нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж хангаж өгнө гэдэгт итгэн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э ” Т -ын ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Хуудсан ган /ЭҮТ /0000000000/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, тендер шалгаруулалтыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нээлттэйгээр зарлан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тендерийг нээсэн байх бөгөөд шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учир дахин 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тендер зарлахад мөн шаардлагад нийцсэн нэг ч оролцогчийн санал ирээгүй гэж Үнэлгээний хороо үзсэн байна.

2.2. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг ... зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Захиалагч бүх тендерээс татагалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана”, 48 дугаар зүйлийн 48.2-д “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.3 “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “М” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлэхэд тус компаний зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гомдол гаргажээ.

2.3. Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянаад 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/6255 дүгээр албан бичгээр ... М ХХК-ийн тендерт санал болгосон 2 дахь бараа болох Х  MN450 нь Х ын физик, химийн шинж чанарыг бүрэн хангахгүй, мөн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь Х ын үйлдвэрлэгч болох Швед улсын компанийн албан ёсны зөвшөөрөлгүй нь шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй ... М ХХК-ийн тендерт санал болгосон 17 дахь бараа болох Хуудсан ган төмөр 0Cr18Ni10Ti бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтод үйлдвэрлэлийн стандарт GB/T4237-2017, GB/T4237-2019 гэснийг БНХАУ-ын цахим хуудас http://www.chinesestandard.net/-аас шалгаж үзэхэд GB/T4237-2017 стандартын мэдээлэл байхгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу цааш нь үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.4. Улмаар нэхэмжлэгч М” ХХК нь Э ” Т , “Э ” Т -ийн тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Э Т -ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/0000  дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ /0000000000 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Э ” Т -ын Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

2.5. Анхан шатны шүүх “... М ХХК тендертээ Техникийн тодорхойлолтын 17-д дугаарлагдсан Хуудсан ган В=3 СТ12*18Н10Т сталь листовая барааны стандартын шаардлагатай дүйцүүлэн санал болгосон үйлдвэрлэлийн стандарт GB/T4237-2017, GB/T4237-2019 гэснийг http://www.chinesestandard.net/-аас хянан үзэхэд GB/T4237-2017 стандартын мэдээлэл байхгүй болох нь Үнэлгээний хорооны 07 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа нь “М” ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ... Тодорхойлолтын 17 дугаарт байгаа Хуудсан ган В=3 СТ12*18Н10Т сталь листовая бүтээгдэхүүний бүтээгдэхүүний чанарын баталгааны гэрчилгээн дээр бүтээгдэхүүний стандарт GB/T4237-2015 гэж, Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, Нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгад стандартыг GB/T4237-2017, GB/T4237-2019 гэж тус тус “М” ХХК тодорхойлсон нь санал болгож байгаа тухайн бүтээгдэхүүний стандарт зөрүүтэй, аль стандартыг санал болгож байгаа нь эргэлзээтэй байхад захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй. Техникийн тодорхойлолттой холбоотой тодруулгыг тендерийн нээлтээс өмнө авах боломжтой байсан” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д “... Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэгдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна”, өгөгдлийн хүснэгтийн 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг /фото/, өгөдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

2.7. Нэхэмжлэгч М” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 17 дугаарлагдсан барааны үйлдвэрлэлийн стандарт гэх баганад GB/T4237-2017, GB/T4237-2019 гэсэн стандартыг санал болгосон, Нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгын 17 дугаарт байгаа барааны үйлдвэрлэлийн стандарт хэсэгт мөн GB/T4237-2017, GB/T4237-2019 стандартыг санал болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч “Э ” Т , тус газрын Үнэлгээний хороог тендер шалгаруулалтад нийцсэн тендер ирүүлээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

2.8. Түүнчлэн, хариуцагч үнэлгээний хороо нь тендерт ирсэн материалуудыг үнэлж шалгаруулаагүй байхаас гадна хариуцагчаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах үр дагавар үүссэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

2.9. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... уг тендер шалгаруулалтыг дахин зарлаагүй байгаа, нэхэмжлэгч компани нь уг зөрүүтэй асуудлаа засаад дахин тендерт оролцоод явах боломжтой” гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

2.10. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 8 дугаар зүйлийн 8.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж тус тус заажээ.

2.11. Анхан шатны шүүх хуралдааны явцад www.chinesestandard.net гэх сайт руу нэвтэрч англи хэл дээрх нотлох баримтыг шинжлэн судалсан боловч үнэлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.12. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ