Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч Л.Уранчимэг,

хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хэлмэрч П.Сайнбаяр, А.Баасанжав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

шүүгдэгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201619000487 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Агьтын 01-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 125 дугаар зүйлийн 125.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдан Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 478 дугаартай тогтоолоор Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Бадарчийн Энхтүвшин /РД:НБ70091417/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Уйлантын 12-17 тоотод Л.Уранчимэгийг гэртээ унтаж байхад нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрийнх нь цонхоор орж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боож ухаан алдуулан цүнхэнд нь байсан 10.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг таарч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Л.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 00 дугаар сарын 00-нд шөнө нэг цагийн үед би хаалга үүдээ цоожлоод унтаж байхад гэрийн цонх Энхтүвшин хагалаад ороод ирсэн. Би орон дээр унтаж байсан. Хөлийнх нь чимээгээр шалны доргихыг мэдэрч би сэрсэн. Намайг Энхтүвшин хувцасны захаар боож унагаад гэдэс рүү минь нилээн хэдэн удаа өшиглөсөн. Үг хэлэхийн аргагүй миний хоолойг боож би ухаан алдсан. Би хөл нүцгэн гэрээсээ гарч зугтсан. Намайг гэртээ ирэхэд миний түрийвчинд байсан 10000 төгрөг, гар утас зэргийг авсан байсан.  Гэр доторх бүх зүйл эмх цэгцгүй болж, авдрын хаалгыг эвдэж онгойлгоод доторх зүйлүүдийг гаргасан байсан. Тэр мөнгөөр Энхтүвшин архи авч уух гэсэн байх. 1 утсаа эргүүлж авсан. 1 утасны үнэ болох 10.000 төгрөг, бэлнээр авсан 10.000 төгрөг нийт 20.000 төгрөгийг авсан. Одоо гомдол саналгүй, өөр нэхэх зүйлгүй гэв. 

 

Гэрч Л.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Уранчимэг Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 12-17 тоотод хашаандаа шар өнгийн 1 давхар шавран байшин дотор 7 настай хүү Баттулгын хамт амьдардаг юм. Уранчимэг төрөлхийн хэлгүй, дүлий давхар хөгжлийн бэрхшээлтэй юм. Хэсгийн төлөөлөгч Наранбаатар 2016 оны 06 сарын 09-ний өдөр Уранчимэгийн хувийн байдлын талаар байцаасан, миний хувьд хэрэг гарсан үед байгаагүй тул хэлэх зүйл алга.  Уранчимэг одоо ганцаараа амьдардаг юм. Түүний хүүхэд нь голдуу хөдөө манай ах дээр байдаг юм. Уранчимэг монгол улсын төрийн бичиг криллээр уншина, төрөлхийн хэлгүй, дүлий тул яриж чадахгүй, сонсож чадахгүй, гарын хөдөлгөөнөөр хоорондоо ярилцаж ойлголцдог...Түүний хүзүүнд улаан хүрэн өнгийн зулгаралт үүссэн боолгуулсан юм шиг ул мөр үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

                                                                                                                                                                                                                             

Гэрч Д.Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Болсон хэргийн талаар мэдэх зүйл алга. Би Б.Энхтүвшинтэй хамтран амьдраад 17 жил болж байна. Би түүнийг архи уугаад байхаар нь хэд хоног холдоод явбал гаагүй болох байх гээд орхиод явсан юм. Тэгсэн чинь хэлгүй Уранчимэгийн гэрт нь Энхтүвшин байшингийнх нь цонхоор орж гар утсыг нь авч, 10.000 төгрөгийг нь авсан гэж хэлгүй Уранчимэг дохио зангаагаар надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

                                                                                                                                                                                                                                  

Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..2016 оны 06 сарын 08-ны өдөр 12-13 цагийн үед санагдаж байна тус сумын иргэн сонсголын бэрхшээлтэй Уранчимэг гэх хүнээс дуудлага мэдээлэл авсаны дагуу хэргийн газарт очиж үзлэг хийж хойшлуулашгүй ажиллагаа хийж материалжуулан шалгасан юм. Тухайн үед Энхтүвшин нь согтуугаар Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 12-17 тоотод байшиндаа унтаж амарч байсан Уранчимэгийн байшинд цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг гар утас, 10.000 төгрөгийг нь хүч хэрэглэн булаан авсан байсан. Тэр өдрөө оройд нь Энхтүвшинг согтуу сумын төвд явж байхад нь олж уулзахад хохирогчийн 3 ширхэг гар утас гарч ирсэнийг түр хураан авсан. Гэтэл Энхтүвшин цагдаагийн хэсэг дээр байхдаа нэг утсыг нь буцаан аваад сим картаа хийж ар гэртэйгээ утсаар яриадхая гэж хэлээд утсыг аваад зугтаасан байсан. Тухайн үед би ажилтай байсан ба ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан. Ингээд түүнийг гэмт хэрэгт сэрдэгдсэнээр эрэн сурвалжилж байгаад 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр цахилгаан станцын мах маркетын урд хашаанд байхад нь олж баривчилж мөрдөн байцаагч Эрдэнэбилэгт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 312 тоот дүгнэлтэнд

  1. Л.Уранчимэгийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-44 тал/,

 

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 817 тоот дүгнэлтэнд

  1. Б.Энхтүвшин нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж удирдаж чадаж байсан байна.
  2. Б.Энхтүвшин нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон хэргийн байдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б.Энхтүвшин нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-47-48 тал/,

    

БУСАД БАРИМТ

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-20 тал/,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22 тал/,

- Утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-25 тал/,

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-26 тал/,

- Битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зургын үзүүлэлт /хх-27 тал/,

- Орчуулагч, хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тогтоол /хх-28 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-40 тал/,

- Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт /хх-45 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-50 тал/,

- Оргодол эрэн сурвалжлах асап сангийн бүртгэл /хх-63-66 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот лавлагаа /хх-72 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 09/161 тоот албан бичиг /хх-75 тал/,

- Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, судалгаа, технологийн төвийн 2016 оны 8 сарын 24-ний өдөр хуулбарласан Б.Энхтүвшинд холбогдох материал /хх-82-87 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 478 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-95-96 тал/

 

- шүүгдэгч Б.Энхтүвшинг 2016 оны 08 сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-59-60 тал/, 2016 оны 08 сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх- 61-62 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Б.Энхтүвшиний ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1995 оны 05 сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 125 дугаар зүйлийн 125.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,” гэх лавлагаа /хх-67 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Уйлантын 12-17 тоотод Л.Уранчимэгийг гэртээ унтаж байхад нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрийнх нь цонхоор орж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боож ухаан алдуулан цүнхэнд нь байсан 10.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтүвшиний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Уранчимэгийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Ууганбаяр, Д.Туяа, Б.Наранбаатар нарын мэдүүлсэн мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, оргодол эрэн сурвалжлах асап сангийн бүртгэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь урьд 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1995 оны 05 сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 125 дугаар зүйлийн 125.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдан Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 478 дугаартай тогтоолоор Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3, 78.4 дэх хэсэгт зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол санал гаргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч Л.Уранчимэг нь энэ гэмт хэргийн улмаас 3 ширхэг гар утас, 10.000 төгрөгөө дээрэмдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 2 ширхэг гар утсаа авсан байна. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Энхтүвшин нь Нокиа 1600 маркийн гар утасны үнэ болох 10.000 төгрөг болон 10.000 төгрөг нийт 20.000 төгрөгийг төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21 инчийн хавтгай дэлгэцтэй шарп маркийн зурагт битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.Энхтүвшинд буцаан олгож, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Энхтүвшиний урьдчилан цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Энхтүвшинг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшинг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшинд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшинд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Энхтүвшинд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Б.Энхтүвшин нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Энхтүвшин нь 111 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Энхтүвшиний эзэмшлийн “21 инчийн хавтгай дэлгэцтэй шарп маркийн зурагт” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтүвшинд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч  Б.Энхтүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА