Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/865

 

 

 

 

 

 

 

 

       2022         11          17                                     2022/ШЦТ/865

 

 

 

                          

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205019102095 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Архангай аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Арханхангай аймгийн Хайрхан сум, Асгат * дугаар багт хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, Мал тууврын зам *** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

******** дугаарын регистртэй, **** овогтой Б.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Инээмсэглэл” пабын гадаа хохирогч Г.Б-тай төлбөр тооцооны асуудлаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь 1 удаа толгойгоороо мөргөж, түүний биед “нэг шүдний хугарал, сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйлны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргийнхээ талаар маргахгүй, өөртөө дүгнэлт хийж байна. Хохирогчид өчигдөр 600.000 төгрөг өгсөн, 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл 400.000 төгрөгийг нь өгч хохирол барагдуулахаар нотариатчаар батлуулсан байгаа.

Надад оногдуулах торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г.Б “... би 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэр рүүгээ буюу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байр руу орох гэтэл түлхүүр байхгүй байсан. Тэгээд гэрийн хажууд байдаг “Инээмсэглэл” пабд ажиллаж байсан ах Н-аас гэрийн түлхүүр авахаар 00 цагийн үед орсон. Тухайн пабын тек хэсэгт 3 эрэгтэй хүн тооцоо хийх гэж байгаа бололтой зогсож байснаа гэнэт гараад гүйхээр нь, манай эгч А надад “наад хүмүүс чинь тооцоо хийхгүй зугтаачихлаа, араас нь гараарай” гэж хэлэхээр нь би тухайн хүмүүсийн араас нь гарч гүйгээд жижигхэн биетэй, 165 см орчим өндөртэй, туранхай бор царайтай 1 эрэгтэйг нь бариад автал шууд эргэж хараад миний үүдэн шүд рүү духаараа мөргөсөн” /хх-н 15-16, 19/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б.Б “... 22 цагийн үед гараад хороолол орж пабд суухаар яриад 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах “Инээмсэглэл” нэртэй пабд орсон. Уг паб дотор нэлээд олон шил пиво уусан. Би согтоод нэлээн муудсан байсан. Гадаа гартал араас нэг залуу татаад “хөөе мөнгөө төлөөч” гэхээр нь манай найз төлсөн байх гэтэл төлөөгүй гэсэн. Тэгээд би төлнө гэж хэлээд ХААН банкны картаа өгөөд явуултал хажууд манай найз Ц тус пабын өндөр залуутай маргалдаад байсан. Тэр үед хажуу талаас нэг залуу хүрч ирээд /сүүлд цагдаа дээр ирээд Б гэдэг нэртэйг нь мэдсэн/ цамцнаас татаад сэгсэрээд “хөөё пизда минь, чи амжих уу” гэхээр нь би нүүр хэсэг рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгтэл шүд хугарчихлаа гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх авч явсан” /хх-н 39-40/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Г.Б-ын биед нэг шүдний хугарал, сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйлны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн 7640 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 25-26/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 47/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Б “... би “Индранил” шүдний эмнэлэгт үзүүлэхэд үүдэн шүд чинь хугарсан байна. Наад шүдээ авхуулаад инфлант суулгуулахгүй бол болохгүй болсон байна гэсэн. Уг шүдийг эмчлэхэд 2.500.000-3.000.000 төгрөг байдаг гэнэ. Би Б гэх залуугаас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгсөн тохиолдолд ямар нэгэн санал гомдол байхгүй” /хх-н 19/ гэж мэдүүлсэн ч хавтаст хэрэгт хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.

Гэвч шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Б нар “Хохирол барагдуулах хэлцэл”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийж, нотариатчаар баталгаажуулан, улмаар тухайн өдөртөө 1.000.000 төгрөгний 600.000 төгрөгийг ХААН банк дахь хохирогчийн 5028935595 тоот данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 400.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Харин шүүгдэгч Б.Б торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. “Хохирол барагдуулах тухай хэлцэл”-ийн дагуу шүүгдэгч Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 600.000 төгрөгийг ХААН банк дахь хохирогч Г.Б-н 5028935595 тоот данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 400.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ