Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/914

 

 

 

 

 

 

 

 

        2022         12          06                                     2022/ШЦТ/914

 

 

                          

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Л.Э түүний өмгөөлөгч С.У

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205007332072 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой /уншиж чадна, бичиж чадахгүй гэх/, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, З хүүхдийн хамт Баянгол дүүргийн * дүгээр хороо, Давааны * дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, Баруунбаян уулын * дугаар гудамж, * тоотод ** настай хүү Э.Т-н хамт амьдарч байгаа гэх,

ял шийтгэл:

1. Сүхбаатарын районы ардын шүүхийн 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ял,

2. Ардын армийн шүүхийн 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн В, 200 дугаар зүйлийн А, 128 дугаар зүйлийн А-д тус тус зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ял,

3. Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жилийн хугацаагаар хорих ял,

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.

******** дугаарын регистртэй: *** овогт Л

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Л.Э 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үржан хажодлин хийдэд хохирогч Б.С эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсанхулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгье. Зурагтын тэнд байдаг хийд дотор би байж байтал миний хажууд сууж байсан эмэгтэйн халааснаас гар утас нь сугараад сандал дээр үлдсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад явсан. Хохирогчийн хохирлыг төлөх болно. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд худгийн ус түгээгчийн ажлыг өглөө 07 цагаас орой 21 цаг хүртэл хийж байсан. Ус түгээгчээр ажиллаж байсан хугацааны цалин 900.000 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй байгаа. Манай ах Пүрэв миний бусдад учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл хохирол болох 2.150.000 төгрөгийг би төлнө. Би хохирогчоос авсан гар утсыг “Тэди” худалдааны төвийн гадна зогсдог гар утасны ченжэд 800.000 төгрөгөөр зарсан. Зарж олсон мөнгөө хүнд өгөх байсан өрөндөө өгсөн. Цаашид хулгай хийхгүйгээр амьдрах хүсэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.С “... би 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үржин Хажодлин хийдэд нөхөр Г-н хамт ном уншуулаад явж байсан. Тухайн үед үүдээр ороод чигээрээ байдаг төв зааланд ном уншуулах гээд хүлээгээд байж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд ном уншуулах гээд дугаарлаж байхдаа өөрийн гар утсаа шалгаж үзчихээд, өмсөж явсан куртикны зүүн талын халаасанд хийсэн байсан. Удалгүй 2-3 минутын дараа шалгахад алга болчихсон байсан” /хх-н 29-30/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Л.Э “... 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг өнгөрч байхад “Үржин Хажодлин” хийдэд очсон. Ном уншуулах зорилгоор тухайн хийд рүү очсон бөгөөд тухайн хийдэд ном хурж байсан нэг танхим байсан. Тухайн танхимын үүдэн дээр хэсэг хүмүүс байсан бөгөөд нэгэн эмэгтэйн халааснаас гар утас цухуйчихсан зогсож байхыг хараад байж байтал тэр эмэгтэй сандал дээр очоод суусан. Тэгтэл сандал дээр суух үед тэр эмэгтэйн өмсөж явсан гадуур хувцасны зүүн талын халааснаас нь гар утас нь сандал дээр уначихаар нь би хажууд нь очиж 2 орчим минут зогсож байгаад хулгайлаад гарчихсан юм” /хх-н 48-49/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 34-35/, Дамно ХХК-ийн 2022 оны 44 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1-22-212 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-21/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тэрээр “... бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй, ... хохирогчийн гар утас сууж байсан сандал дээр нь үлдэхэд нь аваад гарсан” гэх байдлаар мэдүүлж, өөрөөр хэлбэл бусдын “гээгдэл” эд хөрөнгийг авсан мэтээр мэдүүлж байгаа нь тухайн “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн үйл баримттай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Тухайбал, камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээс үзвэл “... 03:46 секундэт гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчийн хажууд зогсож байгааг харуулав. ... 06:31 секундэт гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хийдийн хаалганы зүг явж байгааг харуулав. Дээрх гэмт хэрэг үйлдсэн хар өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай, туранхай, намхан биетэй, 50-55 орчим насны эрэгтэй нь удаа дараа халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан “шар” хочит Э гэгчтэй адил төстэй байгааг тэмдэглэл болгон бичив” гэжээ.[1]

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч **** овогт Л. Э-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.С-н эзэмшлээс алдагдсан Айфоне 13 загварын гар утсыг Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1-22-212 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “3.150.000 төгрөг” гэж үнэлгээ гаргасан байна. /хх-н 20-21/

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-т учирсан 3.150.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Л.Эын ах Л.П 1.000.000 төгрөгийг өмгөөлөгч С.У-р дамжуулан өгч, уг мөнгө Б.С-н эзэмшлийн Төрийн банк дахь дансаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шилжигдсэн байна.

Иймд хохирлын үлдэгдэл төлбөр болох 2.150.000 төгрөгийг шүүгдэгч Л.Эаас гаргуулж хохирогч Б.С-т /********* / олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Эын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 54-66/

үүнд: шүүгдэгч Л.Э нийт 6 удаа шүүхээр ял шийтгүүлсэн байх ба хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны 879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 01-нд уг ялын хугацаа дууссан гэж тэмдэглэгджээ.[2]

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч

гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсон байх тул дээрх цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.[3]

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Өмгөөлөгч С.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Э-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Э эхнэрээсээ салсан, одоо 14 настай хүүгийн хамт тусдаа амьдардаг гэх боловч энэ байдал тухайн хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох үндэслэл болохгүйг, өөрөөр хэлбэл “гэрлэлт цуцлагдсан” талаарх шүүхийн шийдвэр гараагүй, 14 настай Э.Төрмөнхийн төрсөн эх болон хамаатан садан, ойр төрлийн хүмүүс байгааг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. *** овогт Л.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.Э-ын цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хохирлоос 1.000.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-аас 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Хан хиллс **** тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, /харилцах утас: *******/ Боржигон овогт Б.С-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Э-д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас

[2] Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны ар тал /хх-н 50/

[3] Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас