Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/919

 

 

 

 

 

 

 

 

       2022         12          07                                      2022/ШЦТ/919

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн

улсын яллагч Ж.Энхжаргал

шүүгдэгч Б.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Арьс судлалын үндэсний төвд арьс судлалын эмч ажилтай, ам бүл 2; 05 настай хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,Парксайд резиденс хотхоны 825 дугаар байр, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******** регистрийн дугаартай, М овогт Б-ын Ж

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Ж 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако центр төвийн 1 давхарт нөхөр Бтэй хардаж хохирогч Б.Дын нүүрэн тус газар нь цохих, түлхэж унагаах зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг тайлбарлуулах шаардлагагүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Тухайн асуудлыг эв зүйгээр зохицуулах боломж байсан боловч намайг хэл амаар доромжлоод байсан. Хохирогч надаас хохирол төлбөр гэж нэхэмжлээгүй. Би Д гэх хүнийг танихгүй. Гэхдээ манай нөхрийн машин дээр бичиг үлдээгээд явахыг нь би харсан юм. Тэгээд хардсаны улмаас ийм зүйл болсон. Хэрэг болсноос хойш хохирогчтой уулзаагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Д “... 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Дако центрийн гоо сайханд орох гээд явж байтал Дако центрийн гадаа манай ажлын газрын мэс заслын эмч Бийн машин байсан. Манай ажлын газрын хүн болох Б-ын Б нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улс руу явах байсан тул би цаасан дээр сайн яваад ирээрэй гэж бичээд машин дээр нь наасан. Тэр үед машинд нь болон хажууд нь хэн ч байгаагүй. Тэгээд би дотогш ороод үйлчилгээгээ авах гэж байтал Б нь над руу гараад ир дээ гээд чат бичсэн. Тэгэхээр нь би Дако центрийн 3 давхраас доошоо буугаад иртэл Б нь эхнэртэйгээ дотор 1 давхрын шатан дээр зогсож байсан ба эхнэр нь юу ч хэлэлгүй миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би ажлын газрынх нь хүн байна, Бийг явж байгаа болохоор нь би сайн яваад ирээрэй гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь дахиж нэг удаа миний зүүн хацар руу алгадаад дахин алгадах гэхээр нь би хамгаалаад тухайн эмэгтэйн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгтэл чи намайг алгаддаг хэн юм бэ?” гээд намайг үсдээд шатны уруу руу түлхсэн. Намайг босож ирэхэд тэр хоёр гараад явчихсан ба би араас нь гайхаад гартал намайг балиар заваан юм чинь цаашаа бай гээд такси бариад эхнэр нь явсан. Манай ажлын газрын Бийн эхнэр нь нөхөртэйгөө намайг хардаад зодсон ба би Бтэй ямар нэгэн харилцаа байхгүй/хх-н 19/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын Ж “... 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын хойд талд нөхөр Бтэй уулзах гээд явж байсан. Тэгтэл манай нөхрийн машин цоожтой байхаар нь би машинаас зайтай гадаа хүлээгээд зогсож байтал үл таних эмэгтэй Бийн машин дээр ирээд машиныг бүтэн нэг бүтэн тойроод жолоочийн хаалга талд нь цагаан өнгийн цаастай бичиг үлдээсэн. Тэгээд тэр эмэгтэй цаашаа нэг газар руу орсон ба би юу юм бол гээд цагаан бичгийг нь очоод үзтэл сайн яваад ирээрэй гээд 1 ширхэг инээж байгаа дүрс болон 3 ширхэг зүрх зурчихсан байсан. Тэгэхээр нь би бичиг үлдээсэн хүн хэн юм бэ гээд асуутал мэдэхгүй гэхээр нь би машин дээрээ гараад ир гэсэн. Тэгээд би Бийг залгаж дууд гэтэл нэг хүн рүү залгаад дуудсан. Тэр үед бид хоёр тухайн эмэгтэйн орсон газар руу хамт орсон. Тэгтэл үл таних цагаан хувцастай эмэгтэй шатаар доош бууж ирсэн. Би шатаар дээш гараад тэр эмэгтэй дээр очоод “чи хэн юм бэ” гэж асуухад намайг хэн юм бэ гэсэн тэгэхээр нь чи Бийг яаж таньдаг юм бэ гэхэд хамт ажилладаг юм, яасан гэсэн. Тэгэхээр нь би яагаад ийм бичиг үлдээж зүрх зурдаг юм бэ гэж асуухад “яахаараа болдоггүй юм, ямар ядаргаатай авгай вэ гээд инээгээд байхаар нь би гартаа барьсан юм бичиж үлдээсэн жижиг цаасаа дух руу нь хүргэсэн. Тэгтэл яаж байна аа мэдрэл муутай авгай минь, би яахаараа болдоггүй юм, ямар мэдрэл муутай авгай вэ гэхээр нь уур хүрээд хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл өөдөөс давраад байгаарай тэнэг авгай минь гээд миний хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгтэл Б дундуур орж ирээд нөгөө эмэгтэйг өмөөрөөд хаагаад зогсохоор нь би эмэгтэйнх нь үснээс татсан. Тэр үед Б тэр хоёр хамтдаа шатнаас доошоо унасан. Тэгээд би тэндээс гараад такси бариад гэр рүүгээ явсан. Тухайн үед үл таних эмэгтэй намайг 1 удаа алгадсан. Тэрнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй” /хх-н 31-32/ гэж мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “ Б.Дд зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. .Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн 8824 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 26-27/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М овогт Б-ын Жыг “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Жын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 38/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-н 40/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Д “... би тухайн үедээ эмчилгээ хийлгээгүй болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-н 19/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан шүүгдэгч Б.Жын хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтад хамааралтай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Жд оногдуулах ялын төрөлд /торгох ялд/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Нэгэнт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдол, үр дагаврыг мэдэж, ойлгосон гэх тул түүний прокурортой тохиролцсон “торгох” ялыг шүүх хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. М овогт Б-ын Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ж торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Жд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ