Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              “С ” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Х

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Х

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н , Б.А

Хариуцагч Б.Т , Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/0553/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Гомдол гаргагч “С ” ГХОХХК-иас “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.

2.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэрээр: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-д 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ” ГХОХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , Хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н нарт холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.   Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдол гаргагчаас “ ... Монгол улсад хуулиар тухайлан зохицуулаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн В  (одоо аваад, дараа төл) үйлчилгээг иргэний эрх зүйн харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчмыг удирдлага болгон гэрээний үндсэн дээр эрхэлж ирсэн. “S ” үйлчилгээ нь төлбөрийн бодит хэмнэлт, боломжийг бий болгодог тул компанийн үйл ажиллагаа явуулах хугацаанд хэрэглэгч, хамтран ажилладаг мерчант компаниудаас эрх бүхий байгууллага болон манайд хандсан гомдол, санал гарч байгаагүй ... ” гэж, мөн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч талаас ... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн В  (одоо аваад, дараа төл) үйлчилгээг Монгол улсад хуулиар зохицуулаагүй ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа ч энэ нь санхүүгийн үйлчилгээ бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт заасан факторингийн үйлчилгээний нэг төрөл тул тухайлан хуулиар зохицуулаагүй гэж үзэхээргүй байна” гэж гомдлын үндэслэл, хэргийн оролцогчдын маргасан агуулгыг буруу тодорхойлжээ. Дээрх агуулгыг гомдолд дурдсан нь үнэн боловч маргааны агуулга, үндэслэлийг бүхэлд нь ийнхүү тодорхойлох боломжгүй. Гэтэл шүүх талуудын мэтгэлцсэн агуулга, маргааныг ийнхүү буруу тодорхойлсны улмаас ташаа дүгнэлтүүд хийж, мөн үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай асуудлуудыг орхигдуулсан байна.

3.2. В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ байсан гэж, тусгай зөвшөөрөлгүй энэ үйлчилгээг эрхэлсэн гэж шийтгэл оногдуулсан нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй ... шүүх санхүүгийн үйлчилгээ мөн эсэхийг тогтоох агуулгаар маргааныг тодорхойлж, шийдсэн байна. В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг факторингийн үйлчилгээ гэж үзэх болсон бодлого, зохицуулалт, эрх зүйн баримт бичгийг шаардаж, зохицуулагч байгууллага, хариуцагчид зөвхөн хуулийн нэр томьёонд үндэслэн шийдвэр гаргах нь хуульд үндэслэх зарчим болоод Зөрчлийн тухай хуулийн нийтлэг хэм хэмжээнд тохирохгүй гэж гомдол гаргаж мэтгэлцсэн. Шүүх маргасан агуулгад хамаарах зохицуулалт, хэмжээний акт, бодлогын баримт байгаа эсэхийг тодруулах нотлох баримт цуглуулсан атлаа маргааны агуулгыг дээрх байдлаар, тодруулбал санхүүгийн үйлчилгээ мөн эсэхийг зохицуулалтын хувьд, бодлого, зохицуулалтыг тодорхойлох чиг үүргийн хэрэгжилтийн хувьд тогтоох бус нэр томьёоны тодорхойлолт хамаарах эсэх агуулгаар өөрөө тодорхойлж, шийдсэн байна. Монгол улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй эрхлэх бүх үйл ажиллагааг зөвхөн Зөвшөөрлийн тухай хуулиар тодорхойлохоор, тийнхүү тодорхойлохдоо “үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай” эсэхийг харгалзахаар хуульчилсан. Гэтэл, Хариуцагчид Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тодорхойлсон нэр томьёоны тодорхойлолт барьж, В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаарах эсэхийг тогтоосон. Дээрх үйл ажиллагааг холбогдох хуулиуд, захиргааны эрх зүйн суурь зарчим, зохицуулагч байгууллагын чиг үүрэг, хариуцагчдын эрх хэмжээнд нийцэхгүй гэж гомдол гаргаж, мэтгэлцэж байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн байна.

3.3. Шүүх санхүүгийн үйлчилгээ бүрийг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх ёстой мэт дүгнэлт хийж, хариуцагчдын адил Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д тодорхойлсон нэр томьёоны тодорхойлолтод үндэслэн В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг факторингийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн байна. Хуулиар тухайлан зохицуулаагүй санхүүгийн үйлчилгээг факторингийн үйлчилгээ гэж үзэх нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 16-д хуульд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно гэж заасанд нийцэхгүй. Учир нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т дурдсан эрсдэлийг агуулах, заавал зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой хүрээ, хязгаартайгаар эрхлэх үйл ажиллагаанд санхүүгийн ямар үйлчилгээг хамруулах, шинэ төрлийн үйлчилгээг хуулиар зохицуулах эсэхийг зөвхөн хууль тогтоогч тодорхойлно … Ийнхүү маргааны агуулга, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсны улмаас шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй.

3.4. Шүүх дараах үндэслэл, мэтгэлцсэн агуулгуудад бодит нөхцөлд тохирсон, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийгээгүй байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр хуульчилсан банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээнд В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг хамаарна гэж үзэх тохиолдолд хууль тогтоогч тус хуулийг батлахдаа ийнхүү зохицуулахаар хэлэлцэж, баталсан эсэхийг тодруулах шаардлагатай. Учир нь В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээ нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрхэн зохицуулахаас хамаарч банк бус санхүүгийн үйлчилгээнээс тусдаа байдаг санхүүгийн бие даасан үйлчилгээнээс тусдаа байдаг санхүүгийн бие даасан үйлчилгээ. Монгол улсад В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээ анх 2019 онд нэвтэрсэн. Харин Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдаж, үүнээс хойш маргаан бүхий асуудалд хамаарах зохицуулалтын өөрчлөлт ороогүй. Мөн тусгай зөвшөөрөлтэй эрхлэх банк бус санхүүгийн үйлчилгээнээс факторингийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тогтоогоогүй, бие даасан журам батлаагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон даргалагч шүүгч хариуцагч нараас факторингийн үйлчилгээг зохицуулсан Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан бодлого, зохицуулалт баримт бичиг байна уу гэж асуухад хариуцагчид байхгүй гэх хариултыг өгсөөр байхад шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй орхигдуулсан. Шүүх дээрх үндэслэлд хамаарах нотлох баримтыг өмгөөлөгчдийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар цуглуулсан атлаа үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээг банк бус санхүүгийн байгууллага эрхэлнэ. Манай компани банк бус санхүүгийн байгууллага биш бөгөөд факторингийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй авахад хангасан байх урьдчилсан нөхцөл болох зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах хэрэгцээ, шаардлага байхгүй. Тиймээс анхнаасаа хариуцагчид өөрийн санаачилгаар, ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа шалгадаг зохицуулалттай этгээд биш байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарт шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

3.5. В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг зохицуулах чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж маргасан асуудалд хамаарах дүгнэлт хийгээгүй, зөвхөн хариуцагчийн адил хуулийн нэр томьёоны тодорхойлолтод үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, Монгол Улсад хуулиар тухайлан зохицуулаагүй В  (Одоо аваад. дараа төл) үйлчилгээг банк бус санхүүгийн зохицуулалттай үйлчилгээнд хамааруулж үзэх, зохицуулалтын хувьд ийм бодлого, чиглэл баримтлах шийдвэр гаргасан, эсхүл гаргахаар төлөвлөж байгаа бол бизнес эрхлэгчид урьдчилан мэдэгдэх ёстой гэж маргасан агуулга дээр хариуцагчид захиргааны албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнд дүгнэлт хийх шаардлагатай.

3.6. ... Хариуцагчид зөвхөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тодорхойлсон факторингийн үйлчилгээ гэх нэр томьёоны тодорхойлолтод үндэслэж В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг факторинг гэж үзсэн. Компани эрх бүхий байгууллагын ойлгомжгүй, хуулийн хангалттай тодорхой үндэслэлгүй үйл ажиллагааг шүүхээр хянуулахаар гомдол гаргасан боловч шүүх мөн нэр томьёоны тодорхойлолтод үндэслэж шийдвэр гаргасан.  Шүүх мөн санхүүгийн үйлчилгээ бүр тусгай зөвшөөрөлтэй байх ёстой мэт ойлгосон. Шүүх хуулиар аль ч ангилал, төрлийг тодорхойлоогүй факторингийн үйлчилгээний төрлийг тогтоосон. Шүүх В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг санхүүгийн үйлчилгээ мөн эсэхийг тогтоох, мөн хуулиар төрөл, шалгуур, нөхцөлийг тогтоогоогүй факторингийн үйлчилгээнд хамаарах эсэхийг тогтоох боломжгүй. Ийнхүү тогтооход тусгай мэдлэг, хамгийн гол нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах бодлого, зохицуулалт дутагдана.

3.7. В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг эрхлэх боломжийг 5 жилийн хугацаанд нээлттэй үлдээснээр зах зээлд танигдаж, олон хэрэглэгчтэй болсны дараа банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж шийтгэлийн хуудас гаргасан нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй гэж маргасан. Шүүх манай итгэл хамгаалагдах эсэх талаар ямар ч агуулга дурдаагүй, хүргүүлсэн нотлох баримтууд болоод маргасан асуудлаар дүгнэлт хийгээгүй байна. Тус үйлчилгээг эрхэлж байгаа олон компаниас манайхыг сонгон авч зөвхөн зөрчлийн хэрэг үүсгэх хувилбараар үйл ажиллагааг шалгаж, улмаар шийтгэлийн хуудас гаргасныг тохиромжгүй, энэ тохиолдолд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ биш, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх зарчмыг зөрчсөн, Зөвшөөрлийн тухай хуулийн зорилгод нийцээгүй, зохисгүй шийдвэр болсон гэж маргасан байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчид зөрчлийн хэргийг өөрсдийн санаачилгаар үүсгэж, шалгасан үйл ажиллагаа нь бүхэлдээ Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал бий болгоход чиглэсэн” гэж төрийн захиргааны байгууллагад хориглосон үйл ажиллагаанд хамаарна гэж маргасан. Тус асуудалд, тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэггүй этгээдийг улсын байцаагч ажил үүргийн хүрээнд шалгах боломжтой эсэх, тус эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, холбоотой хууль хэрэглээний асуудалд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Дээрх байдлаар гомдлын үндэслэлийг хянаагүй, маргалдагч талуудын мэтгэлцсэн агуулга, цуглуулсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийлгүй гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасанд нийцэхгүй байна.

3.8. Шүүх одоо аваад дараа төл үйлчилгээг факторингийн үйлчилгээтэй үндэслэлгүй адилтгасан ... Факторингийн үйлчилгээг худалдагчид худалдан авагчийн төлөх ёстой мөнгөн төлбөрийг гаргуулах харилцаанд санал болгодог буюу эдгээр талуудын хооронд хэлцэл хэдийн хийгдэж авлага үүссэн байдаг. Худалдагч нь факторингийн үйлчилгээг ашиглаж буй тал бол, худалдан авагч нь худалдагчаас худалдаж авсан бараа, үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй тал гэж тодорхойлсон байна. Харин Storeрау үйлчилгээ худалдан авагчийн төлбөрийн чадварыг скоринг хийж, түүнд үндэслэн худалдан авалтын эрхийг тогтоож, улмаар хэрэглэгч буюу худалдан авагч мерчант буюу худалдагчаас бараа үйлчилгээ худалдан авах үедээ хуваан төлөх нөхцөлийг сонгох замаар S  үйлчилгээг авдаг. Тодруулбал, худалдан авалтын захиалга баталгаажих үед S  худалдагч буюу мерчантад барааны төлбөрийг бүрэн төлдөг. Эндээс факторингийн үйлчилгээ төлбөрийн үүрэг үүссэний дараа төлбөрийг цуглуулах үйлчилгээ байдаг бол storeрау үйлчилгээ факт болохоос өмнө талуудтай тохиролцож өөрийн нэрийн өмнөөс хэрэглэгчид үйлчилгээг үзүүлдэг үндсэн ялгаа харагдана.

3.9. … S  үйлчилгээгээр үүрэг гүйцэтгэгчийн буюу төлбөр төлөх хэрэглэгчийн өмнөөс үүргийг гүйцэтгэж байгаа хэлбэр бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхийг шилжүүлж авч буй факторингийн үйлчилгээ биш. Тодруулбал, хэрэглэгч S  үйлчилгээг ашиглах үед үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантад шаардах эрх үүсдэггүй онцлогтой. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь зөрчигдсөн, эсхүл эрх зөрчигдсөн тухай мэдсэнээр, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Гэтэл хэрэглэгч мерчантаас худалдан авалт хийх үед мерчантын эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй, үүсэх ч боломжгүй. Иймд үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантын хувьд хэрэглэгчээс төлбөр авах үүсээгүй шаардах эрхээ шилжүүлэх тухай ойлголт байхгүй юм. Шүүх S  үйлчилгээг банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний шинжтэй гэж үзсэн хууль зүйн үндэслэлдээ шийдвэрт бичээгүй бөгөөд хариуцагчид мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх үүсэх, эрх хүлээн авах нөхцөлийг буруу тодорхойлсон. Тус асуудлыг шүүхээс мөн үндэслэл бүхий тайлбаргүй зөвтгөсөн байна. Мөн шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээ болон факторингийн ялгаатай талыг шүүгч тодруулж, дээр дурдсан ялгааг төлөөлөгч, өмгөөлөгчид хариулж, тус агуулга нь гомдлын үндэслэл болсон байхад факторингийн үйлчилгээний шинжтэй гэж үзсэн үндэслэл дурдаагүй байна. Ийнхүү технологийн шийдлийн тусламжтай S  үйлчилгээний хэрэглэгч буюу худалдан авагчийн сонголт, идэвхтэй үйлдлээр S  үйлчилгээний санал болгож буй хуваан төлөх нөхцөлөөр бараа, үйлчилгээг худалдан авдаг. Худалдагч болон худалдан авагчийн хооронд хэлцэл хийгдэж, худалдагчид шаардах эрх, худалдан авагчид өр үүссэний дараа S  үйлчилгээг ашиглах боломжгүй. Тиймээс шүүх S  үйлчилгээнд мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх хэзээ, хэнд үүсэж байгаад дүгнэлт өгөхгүйгээр 2 үйлчилгээг адилтган үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.10. Шүүхийн шийдвэрээр адил тэгш хандах, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмыг хэрэгжүүлээгүй үйл ажиллагааг зөвтгөсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, мөн аваагүй олон банк бус санхүүгийн байгууллагууд В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг эрхэлж, Монголбанкны "төлбөрийн карт хүлээн авах”, "цахим мөнгө гаргах” үйлчилгээ эрхэлдэг компани өөрийн аппликейшн дээр хуваан төлөх “split payment” гэх үйлчилгээг санал болгож байгаа үйл баримт нийтэд илэрхий байгаа. Гэтэл В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар шалгалт хийж технологийн шийдэл, үйлчилгээний нөхцөл, хэрэглэгч болон мерчантуудтай байгуулсан гэрээний ялгаатай байдлыг тогтоох, улмаар зохицуулалтын хувьд баримтлах бодлого, авах арга хэмжээг тогтоох ажиллагаа хийгээгүй. Зөвхөн манай компанийн үйл ажиллагааг хариуцагчид өөрийн санаачилгаар зөрчлийн хэрэг үүсгэх замаар шалгасанд гомдолтой байна. Харин В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг уламжлалт факторингийг технологид суурилан үзүүлж байгаа гэж тайлбарлах атлаа яагаад финтек зээлийн үйлчилгээний адилаар бодлого, зохицуулалтаа тодорхойлоогүйд шүүхээс дүгнэх өгөх учиртай. Тус асуудлаар нотлох баримт цуглуулах хүсэлт өмгөөлөгчдөөс гаргасныг шүүх хангаж, Санхүүгийн зохицуулах хорооноос баримт гаргуулсан боловч зохицуулалттай үйлчилгээнд дурдсан байдлаар ялгаатай бодлого, зохицуулалт тодорхойлж байгаад анхаарал хандуулаагүй байна.

3.11. Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эрхэлж байгаа тохиолдолд веб сайтаараа дамжуулан нийтэд хандсан мэдэгдэл гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор тухайн этгээдэд мэдэгдэл, анхааруулга хүргэх ажлыг хийдэг ... манай компани маргаан бүхий тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо дээр жишээ болгон дурдсантай ижил арга хэмжээ аваагүй, хариуцагчид өөрсдийн санаачилгаар зөрчлийн журмаар шалгасанд гомдолтой байна. Зөрчлийн хэрэгт компанийн гэрчилгээ, дүрэм, мерчантын гэрээнүүд, 2023 оны санхүүгийн тайлан, арилжааны банкууд дах бүх дансны хуулга авсан. Эдгээр баримтын яг аль баримтад үндэслэж S  үйлчилгээг Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах зөрчлийн шинжтэй гэж үзсэн нь тодорхойгүй, тодруулбал үйл баримтын бөгөөд нотлох баримтын үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж, маргаж байхад үүнийг тодруулах ажиллагаа шүүхээс хийгээгүй ... Шийдвэрт В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг факторингийн үйлчилгээнд хамруулсан улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг зөв гэжээ. Угтаа бол аливаа үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх эсэхийг улсын байцаагчид өөр үйлчилгээнд хамруулж, өөр үйлчилгээтэй адилтгаж болохгүй, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж маргаж байгаа. Гэтэл шүүгч Шийдвэрт хамруулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэжээ ... Шүүх ямар ч тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “шүүх нотлох” зарчмыг хэрэгжүүлж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах байтал дурдсан асуудалд анхаарал хандуулаагүй байна. Мөн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

3.12. Төрийн байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн бизнес эрхлэх таатай орчныг хааж боохгүй байх нийтлэг үүргийг хүлээдэг. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4-д "бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх" зарчим болгон хуульчилсан. Иймд гомдол гаргагч компанийн үйл ажиллагааг хязгаарлаж, хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйлчилгээг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод үндэслэлгүйгээр хамааруулан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан, хэргийг бүхэлд нь хянаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0782 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , Б.Н нар албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа “С ” ГХОХХК-ийн аппликейшний үйл ажиллагааг судлан “… банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгаад 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дугаартай шийтгэлийн хуудсаар Банк бус санхүүгийн үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эрхэлсэн” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг “С ” ГХОХХК-д оногдуулсан байна.

2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх ... нэхэмжлэгч С ” ГХОХХК-ийн S  аппликейшний үйл ажиллагаа нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантын шаардах эрх нь “С ” ГХОХХК-д шилжиж тэрээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлж, худалдан авагч нь тус компанийн нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг мерчанттай байгуулсан гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний дүнгээс холбогдох хүү, төлбөрийг хассан дүнг шилжүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан С  мерчантын гэрээгээр тогтоогдож байх тул дээрх хуульд заасан факторингийн үйлчилгээ гэж үзэхээр байна. Мөн “С ” ГХОХХК нь хэрэглэгчид төлбөрийг хуваан төлөх нөхцөлийг санал болгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор алданги тооцохыг гэрээнд тусгасан байна. Дээрх нөхцөлийг дүгнэж үзвэл 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 001479 дугаартай шийтгэлийн хуудсаар гадаадын хөрөнгө оруулалттай С ” ГХОХХК-ийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн зөрчилд ... торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй ... Нэхэмжлэгч талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн В  /одоо аваад, дараа төл/ үйлчилгээг Монгол улсад хуулиар зохицуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа ч энэ нь санхүүгийн үйлчилгээ бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт заасан факторингийн үйлчилгээний нэг төрөл тул тухайлан хуулиар зохицуулаагүй гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.3. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг, 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно”, 7.1.2-д “факторингийн үйлчилгээ”, 8.1-т “Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан болон дараах баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно” гэж тус тус заасан.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд факторингийн үйлчилгээ нь жижиг дунд бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор авлагаа барьцаалан факторингийн компаниас богино хугацаанд санхүүжилт авах үйл ажиллагаа байх ба худалдагч, худалдан авагч факторингийн компанийн хооронд үүсэх харилцаа байна. С ГХОХХК-ийн С аппликейшний үйл ажиллагаа нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантын шаардах эрх С ГХОХХК-д шилжиж, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлж, хэрэглэгчтэй үйлчилгээний нөхцлийг баталгаажуулсан гэрээний дагуу хэрэглэгчээс бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр, хүү, төлбөрийг суутгасан дүнг шаардаж, хугацаандаа гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулж алданги тооцох зэргийг тусгасан байх тул гомдол гаргагч С ГХОХХК-ийг факторингийн үйлчилгээ явуулсан гэж үзэхээр байна.

2.5. Түүнчлэн, факторингийн үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, Зөвшөөрлийн тухай хууль, бусад болон шаардлага хангасан этгээдэд Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар байх тул эрх бүхий албан тушаалтнуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх”, 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж тус тус зааснаар ... улсын байцаагчийн эрхээ хэтрүүлсэн гэж буруутгахааргүй байна.

2.6. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т , Б.Н нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дүгээр шийтгэлийн хуудсаар “С ” ГХОХХК-г Зөрлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 40.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцжээ.

2.7. Дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн төлөөлөгчийн ... маргааны агуулга, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон. Хариуцагчид өөрийн санаачилгаар, ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа шалгадаг зохицуулалттай этгээд биш байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. В  (Одоо аваад, дараа төл) үйлчилгээг зохицуулах чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж маргасан асуудалд хамаарах дүгнэлт хийгээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэггүй этгээдийг улсын байцаагч ажил үүргийн хүрээнд шалгах боломжтой эсэх, тус эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, холбоотой хууль хэрэглээний асуудалд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж шийтгэлийн хуудас гаргасан нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй. Гомдол гаргагч компанийн үйл ажиллагааг хязгаарлаж, хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйлчилгээг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод үндэслэлгүйгээр хамааруулан хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс нэмсэн өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ