Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 388

 

 

      

           

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч Д.Отгонбат,

хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            шүүгдэгч Ц.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндашийн Очирбатад холбогдох эрүүгийн 201619000609 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1975 оны 01 сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2003 оны 12 сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэндашийн Очирбат /РД:НВ75011614/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Очирбат нь согтуугаар Төв аймгийн Баян сумын нутаг “Дэндгэр” гэх газарт 2016 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 12-01 цагийн үед иргэн Д.Отгонбатыг гэртээ амрах гэж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн, амгалан тайван байдлыг алдагдуулан догшин авирлаж хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч Ц.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг таарч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 10 цагийн үед Ц.Очирбат манайд согтуу орж ирээд зүүн орны өмнө суухад би цай хийж өгөхөд Ц.Очирбат би авгайгаасаа салсан чамайг нэг удаа шаасан ч яадаг юм бэ гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд удалгүй манайхаас гараад Болдоогийнд очсон. Тэнднийхээс буцаж ирээд намайг хонио хашаж байхад машинтай ирчихээд хонин дунд зогсчихоор нь би чи яагаад хонь үргээж байгаа юм бэ гэхэд намайг чи муу гуйлгачин юутай ирсэн юм бэ чаа гэх ямаагүй байсан. Их сэхсэн байна гээд гэрийн зүүн орон дээр намайг сууж байхад миний хамар руу 2 удаа  гараараа цохисон. Надаас маш их цус гойжоод манай дүү салгасан. Миний хөл рүү цохиж миний гуя, хөл нилээд хөхөрсөн байсан. Би цусаа гойжуулаад гадаа гарсан миний толгой эргээд би өөрийн эрхгүй унах дөхсөн. Би Багануурт байдаг дүү рүүгээ утсаар яриад Ц.Очирбат намайг зодчихлоо би явж чадахгүй байна гээд намайг тэд машинаар ирж авсан. Тухайн үед наадмын амралт болчихсон байсан болохоор би Багануурын эмнэлэгт 5 хоногийн дараа хэвтсэн. Эмнэлэгт намайг анх очиход тархиндаа хавантай, нилээн хүнд байна гээд Багануурын эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Дараа нь хот явж хагалгаа хийлгэх гэсэн боловч хагалгаа хийгээгүй гээд би Багануурын эмнэлэгт дахиад 10 хоног хэвтсэн. 2016 оны 08 дугаар сарын 29-нд би Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Нийт 3048960 төгрөг нэхэмжилсэн. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилмээр байна гэв.

 

Гэрч Э.Наранхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...гэрт орж ирээд Очроо ах гэрийн хойморт суугаад эхнэрээсээ салчихсан гээд Отгонбат эгч рүү би чамтай сууна гээд юм яриж байгаад намайг хэвтэж байсан чинь босоод ир урд байгаа айлд оччихоод ирье гэхээр нь би явахгүй гэсэн чинь намайг чирээд авч гараад машинд нь цугс явсан найзтай нь хамт гурвуулаа суугаад Болдоо гэдэг айлд очсон. 1-2 цаг Болдоо гэдэг айлын гадаа машинд хүлээгээд сууж байтал нилээн их согтсон хөл дээрээ тогтохгүй шахуу болцон гарч ирээд Очироо ах өөрөө согтуу машинаа бариад манайх руу явж очоод манай гадаа хотонд байсан хонийг хажууд нь очоод хаазлаап машинтайгаа хонин дундуур яваад эргэлдээд зогстол  Отгоо эгч машин дээр ирээд яагаад хонь үргээгээд байгаа юм бэ гэсэн чинь Очироо ах машинтайгаа гэрийн гадаа очоод зогсоод манай гэр лүү орсон.... тэгээд төд удалгүй Отгоо эгч унтах гээд хэвттэл Очироо ах ширээний зүүн талд сууж байгаад босоод Отгоо эгчийг нүүр лүү нь 2 удаа цохитол Отгоо эгч нүүрээ дартал хамар луу нь 1 удаа цохитол Очироо ахтай цуг явсан залуу Очироо ахын баруун гарнаас нь татаад салгатал Отгоо эгч нүүрээ дараад босож иртэл Очироо ах нүүр лүү нь дахиад 2 удаа өшиглөтөл Отгоо эгч босоод миний ард орохоор нь би Очироо ахыг боль гэсэн чинь Отгоо эгч сандал аваад Очироо ахын зүүн талын гар луу нь 1 удаа цохиод гараад зугтаасан....  гэх мэдүүлэг /хх-27 тал/,

 

            Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... би багануур дүүрэгт гэртээ унтаж байтал шөнө Отгонбат эгчийн охин гэрт ирээд Очирбат Отгонбатыг зодчихсон гэж Отгонбат эгч утсаар яриад гэсэн. Тэгээд би хувцсаа өмсөж дуусаад шөнө 02 цагийн үед багануураас гараад 04 цагийн үед Баян суманд гэртээ ирэхэд Очирбат баруун талын орон дээр унтаж байсан. Харин Отгонбат, Наранхүү, Дөлгөөн нар зүүн талын орон дээр сууж байсан.... гэх мэдүүлэг /хх-28 тал/,

           

            Гэрч Ө.Болорчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Улаанбаатар хотоос 3 найз нь ирээд манайд 2 шил архи уучихаад найзуудаа гаргаж өгчөөд адуугаа услана гээд Энхтөр гээд дүүтэйгээ машинтай худаг руу явсан.... Отгонбат урьд өмнө нь манай нөхөр Очирбатыг утсаар дуудаад манай адуу малыг хараад өгөөч гээд дуудаад хонууд өнжүүдээр яваад алга болчихдог байсан. Миний бодлоор Очирбат, Отгонбат 2 дотно харьцаатай байсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

            Гэрч Л.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Очирбатыг танинаа манай аавын төрсөн дүү, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

Гэрч Г.Батсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...би 2016 оны 07 сарын 13-нд Налайх дүүрэгт байж байгаад өөрийн эзэмшлийн 43-07 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Батцэцэг, найз Нямдаваа нарын хамт Төв аймгийн Баян суманд Очирбатынд шөлний хонь авах гэж очоод 1 хонь авсан. Нямдаваа Очирбат нар нь 2 шил Улаанбаатар 0,75 гр архи хувааж уугаад 17 цагийн үед буцаад Налайх дүүрэгт ирсэн...  гэх мэдүүлэг /хх-31 тал/,

 

            Гэрч М.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...үдэш болж байхад Очирбат манайхаар ирээд нилээн согтуу байсан. Намайг тавлаад танай охиныг би найзынхаа хүүд гуйж өгнө гээд яриад байхаар нь би тоглоод байгаа юм байх гэтэл дахин дахин яриад байхаар нь би ууралтал гараад явсан... гэх мэдүүлэг /хх-32 тал/,

           

            БУСАД БАРИМТ СЭЛТ

- хохирогч Д.Отгонбатын гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/,

- хохирогч Д.Отгонбатын өвчний түүх /хх-10-14 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/289 шинжээчийн дүгнэлтэд

1.Д.Отгонбатын биед тархины доргилт, хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний салст, зүүн гуяанд цус хуралт, зүүн хацар зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсан байх боломжтой.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-34 тал/,

 

- Төв айгмийн Баян сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 68 тоот албан бичиг /хх-44 тал/,

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх-45-46 тал/,

- Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоол /хх-48-49 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 159 тоот лавлагаа /хх-51-52 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2/926 тоот албан бичиг /хх-53-54 тал/,

- Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-138 тал/,

- Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-139 тал/,

- Эрүүгийн 201619000609 дугаартай хэргийн хохирлын тооцоо /хх-140 тал/,

- хохирогч Д.Отгонбатын өвчний түүхийн хуулбар /хх-61-84, 86-99 тал/,

- шүүгдэгч Ц.Очирбатын ял шийтгэлийн хуудсыг шалгахад Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх лавлагаа /хх-56 тал/,

 

-шүүгдэгч Ц.Очирбатыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр /хх-41 тал/ сэжигтнээр, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр /хх-43 тал/ яллагдагчаар, байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Очирбат нь согтуугаар Төв аймгийн Баян сумын нутаг “Дэндгэр” гэх газарт 2016 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 12-01 цагийн үед иргэн Д.Отгонбатыг гэртээ амрах гэж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн, амгалан тайван байдлыг алдагдуулан догшин авирлаж хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Отгонбат, гэрч Э.Наранхүү, Д.Отгонбат, Ө.Болорчимэг, Г.Батсүх, М.Болдбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, №09шэ/289 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Очирбатын мөрдөн байцалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулид заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ц.Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Очирбат нь Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал нь арилсан байна.

 

Шүүгдэгч Ц.Очирбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч гомдол санал гаргаагүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

     Хохирлын талаар

    

Хохирогч Д.Отгонбат нь мөрдөн байцаалтын шатанд 3.048.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Ц.Очирбат нь мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөгийг шүүхийн шатанд 1.550.000 төгрөгийг нийт 3.050.000 төгрөг буюу нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан байна.

Хохирогч Д.Отгонбат нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй харин эмчлүүлэх шаардлага гарвал эмчилгээний зардлаа нэхэмжилнэ “ гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/289 шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Отгонбатын биед учирсан гэмтэл нь “ хөнгөн “ зэрэгт хамаарна ” гэсэн байна.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д  Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан ” гэж заасан байх бөгөөд хохирогч Д.Отгонбат нь хөнгөн зэргийн гэмтэл авсанаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.Отгонбат хохирлын баримт гэх 2 ширхэг дэвтрийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган хадгалж, шүүгдэгч Ц.Очирбат нь цагдан хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндашийн Очирбатыг догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Очирбатыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Очирбатад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Очирбатад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Очирбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Очирбат нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Очирбат нь хохирогч Д.Отгонбатад эмчилгээний зардалд 3.050.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Очирбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.Отгонбат хохирлын баримт-1, хохирлын баримт-2 гэх 2 ширхэг дэвтрийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Очирбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА