Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2021/0047

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Т.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгох тухай” 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Е, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Засаг даргын орлогч асан А.Сийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаар захирамжаар Т.А намайг сумын Засаг даргын орлогчоор томилсноор ажил хүлээлцүүлэх комиссоос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргын орлогч дарга асан А.Сий ажлыг шинээр томилогдсон сумын Засаг даргын орлогч Т.А надад хүлээлгэж өгсөн юм. Миний бие одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогчийн ажлыг хууль журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа болно.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Ааас Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бийг ажлаас чөлөөлөгдөх үед тамга тэмдэг хүлээлгэж өгөөгүй гэх асуудлыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор уг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл аймгийн Засаг дарга нь холбогдох хуулийг ноцтой зөрчиж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхэд халдаж хэт улс төржиж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, Баяннуур сумын Засаг даргын орлогч асан А.Сийг дахиад тус сумын Засаг даргын орлогчоор томилохоор шийдвэрлэсэн байна. Хуульд зааснаар аймгийн Засаг даргад сумын Засаг даргын орлогчийг томилох эрх хэмжээ байхгүй юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны  03 дугаар сарын 29-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны ээлжит орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж уг хуралдаанаас И.Дыг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолд маргаан гарч, уг маргааныг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Засаг даргын орлогч А.Сийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаар захирамжаар Төлеуханы Алмагүлийг сумын Засаг даргын орлогч даргаар  томилсноор ажил хүлээлцүүлэх комиссоос сумын Засаг даргын орлогч асан А.Сий ажлыг шинээр томилогдсон Засаг даргын орлогч Т.Ад албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамж хэрэгжиж байсан үйл баримт тогтоогдож байна. Аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б/10 дугаар захирамжаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба ажил хүлээлцэх комиссоос уг шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр танилцуулж, мөн өдөр ажил хүлээлцүүлж хэрэгжүүлсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан ажил хүлээлцүүлэх тухай тэмдэглэлүүд, гэрч С.Бийн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор тус тус нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.” гэж заасан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.”, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагаа нь шийдвэр хүчин төгөлдөр болохтой шууд холбоотой байна. Захиргааны акт батлагдсанаар хүчинтэй болох бөгөөд энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа тухайн Засаг даргыг шинээр томилж, ажлыг нь  хүлээлгэж өгснөөр дуусгавар болох учиртай. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасан.

Аймгийн Засаг даргын орлогч Х.Ааас Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бийг ажлаас чөлөөлөх үед тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй гэх асуудлыг  шалгуулахаар аймгийн Засаг дарга Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг прокурорын тогтоолын агуулгаас үзэхэд  Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамж холбогдох хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Баяннуур сумын Засаг дарга С.Бийг чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамж холбогдох хуулийг зөрчсөн, мөн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “... сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж хуульчилсан байдаг. Гэтэл маргаан бүхий захирамжийн агуулгаас үзэхэд, аймгийн Засаг дарга сумын Засаг даргын орлогчийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”,  47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан байгаа. Маргаан бүхий захирамжийн агуулга нь сумын Засаг даргын орлогчийн асуудлыг шийдвэрлэснээр хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хуулийн дээрх заалтаас үзвэл илэрхий алдаатай бол уг захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаас эрх зүйн үйлчлэлгүй тул түүний эсрэг нэхэмжлэл гаргасан ч, гаргаагүй ч хүчингүй гэж бодож байна. Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах эрхтэй боловч хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргаж болохгүй юм байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын  18 дахь хэсэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй” гэж заасан байна. Тэгэхээр маргаан бүхий захирамж хууль бус болох нь харагдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан зохицуулалт байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох Баяннуур сумын Засаг даргын албан тоот, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан тоот, гэрч С.Бийн мэдүүлгээс үзэхэд, сумын Засаг дарга С.Б нь сумын Засаг даргын орлогчийг өөрчлөхөөр болж, тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдтэй зөвшилцөхөөр албан тоот илгээж байсан. Хурлын Тэргүүлэгчдээс үүнд ямар нэгэн татгалзал байхгүй гэж зөвшөөрсөн байна. Тиймээс сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын орлогчийг өөрчилж, Т.Аийг томилж шийдвэрлэж байсан. Үүнээс үзэхэд, сумын Засаг дарга холбогдох хуулийг зөрчөөгүй болох нь харагдаж байна. Иймд маргаан бүхий захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Маргаан бүхий захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримталсан байна. 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан. Утга агуулгын илэрхий алдаа гэдгийг хариуцагч тайлбарлахдаа сумын Засаг даргыг аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байхад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гаргаж хууль зөрчсөн байна. Бүрэн эрх нь дуусгавар болсон байхад шийдвэр гаргасантай адилтгаж тайлбарлаж байгаа. Дээр дурдсанчлан сумын Засаг дарга аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай захирамжтай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцүүлэх  комисс ирэх үед танилцсан болох нь харагдаж байна. Энэ үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримталсан байна. Хуулийн уг заалтын агуулгаас үзэхэд, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гэж байгаа.

Тодруулбал, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамаарна захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт буюу Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай захирамж хууль бус, Үндсэн хууль болон холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Маргаан бүхий захирамжийн 1 дүгээр заалтад дурдсан үндэслэлүүд бүгд дээрх үндэслэлээр няцаагдаж байна. Маргаан бүхий захирамж бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болсон учраас хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол ... сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга  хүчингүй болгоно” гэсэн бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын зүгээс хүчингүй болгосон юм.

              Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хэрэв маргаан бүхий акт хэрэгжвэл Баяннуур сумын хувьд Засаг даргагүй болох гээд байна” гэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтад сум, дүүргийн Засаг даргыг аймаг нийслэлийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан “Засаг даргыг чөлөөлсөн огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “С.Бийг ажлаас чөлөөлж, эрх шилжүүлэх тухай” Б/10 дугаартай захирамжийн дагуу Баяннуур сумын Засаг даргын орлогч А.С нь тус сумын Засаг даргын бүрэн эрхийг эдэлж, чиг үүргийн хүрээнд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байх эрхийг нь  олгосон тул Баяннуур сумын хувьд маргаан бүхий акт хэрэгжвэл Баяннуур сум Засаг даргагүй болно гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

               Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга асан С.Бийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Т.Аийг сумын Засаг даргын орлогч даргаар томилох тухай” Б/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Аийг сумын Засаг даргын орлогч даргаар томилсон болохоос бус сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлээгүй байгаа, мөн сумын Засаг даргыг томилох, түүний бүрэн эрхийг бусдад шилжүүлэн эдлүүлэх эрх зөвхөн дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад байх ба нэхэмжлэгч Т.Аийн Баяннуур сумын Засаг даргын эрхийг хууль бус аргаар эдэлж, хүч түрэмгийлэн сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэсэн шаардлага нь хуульд нийцэхгүй билээ.

Дэлхий даяар /Ковид-19/-ын цар тахлын халдварт өвчин тарахад манай улсын ихэнх нутаг дэвсгэр улаан түвшинд шилжээд хөл хорио тогтоогоод байгаа энэ үед “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай” /2020. 04.09/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан чиг үүргийг сумын Засаг дарга хэрэгжүүлж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар нийтийн эрх ашигт нийцүүлэн тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргах юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт: 

Миний бие 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Баяннуур сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд өөрийн чиг үүргийг зохих түвшинд гүйцэтгэж байсан, сахилгын болон захиргааны шийтгэл хүлээж байгаагүй.  Намайг Баяннуур сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “А.Сийг сумын Засаг даргын орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дугаар захирамж гаргасан нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй бөгөөд сумын Засаг дарга С.Б нь намайг үүрэгт ажлаас чөлөөлөхийн өмнө Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцогчийн эрхийг эдлүүлэх, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлд заасан тайлбар, санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг захиргааны эрхийн акт гаргах үйл ажиллагааг бүхэлдээ зөрчсөн.

 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн А.С миний эрх, хууль ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад сумын Засаг дарга С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “А.Сийг сумын Засаг даргын орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дугаар захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д  заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд хамаарх хууль бус захирамж байх тул аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/17 дугаартай захирамж гаргаж зөрчлийг арилгасан нь хууль ёсны үйлдэл болсон гэж үзэж байна.

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “С.Бийг ажлаас чөлөөлж, эрх шилжүүлэх тухай” Б/10 дугаартай захирамжаар С.Б нь Баяннуур сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр чөлөөлөгдөж Засаг даргын бүрэн эрхийг А.С надад дээд шатны Засаг даргаас шилжүүлсэн байхад, эрх зүйн сөрөг үр дагавартай эрхийн акт гаргасан С.Бийн үйлдэл нь хууль бус гэж харж байна.

            Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ/2021/0034 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29- ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосон боловч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан байх тул одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болсон гэж үзэж нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөлд аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “С.Бийг ажлаас чөлөөлж, эрх шилжүүлэх тухай” Б/10 дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.

            Баяннуур сумын Засаг дарга асан С.Б нь Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А.Сийг сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”  Б/11 тоот дугаартай захирамж гаргахдаа ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, нөхцөл шаардлагыг тогтоож, хуулийн үндэслэлийг захирамжид заагаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах болон бусад нөхцөл шаардлагыг биелүүлээгүй тул уг захирамж нь Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэж, хүчингүй болгосон явдал нь хууль зөрчөөгүй байна.

Баяннуур сумын Засаг дарга асан С.Б нь Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай захирамж гаргаж Т.Аийг Засаг даргын орлогчоор томилох эрхийн акт гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,... бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул уг асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэн боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Баяннуур сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “А.Сийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан заалтуудыг тус тус удирдлага болгон чөлөөлсөн байна. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргахад оролцогчийн эрхийг А.Сд эдлүүлээгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах эрхийг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцогчийн суурь эрхүүдийг зөрчсөн.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэн нөхцөл байдлуудыг тогтоогоогүй. 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй. А.Сий хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж захиргааны акт гаргаж, Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн явдал нь Захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль болно гэж заасан учраас илт хууль бус захиргааны акт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүйгээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Сий хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот захирамжийг аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/17 тоот захирамжаар хүчингүй болгосноор А.С  нь нэхэмжлэлээс татгалзсан байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/17 тоот захирамжийг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл нь илт хууль бус захиргааны актыг зохицуулсан заалт. Өөрөөр хэлбэл ямар үндэслэл байвал захиргааны актыг илт хууль бус гэж үзэх вэ гэдэг асуудлыг тодорхойлсон. Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/17 тоот захирамжийн захирамжлах хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримталж утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзсэн нь хуульд нийцэхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Энэ асуудлын талаар энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсоны дараа тухайн захирамжийг боловсруулсан Хуулийн хэлтсийн дарга Ө.Хуралайгаас тодруулахад  47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримталсан, 47.1.1 дэх заалт гэж техникийн алдаа  болсон гэж хэлсэн. Иймээс захирамжид баримталсан заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дэх заалт гэж ойлгож болно. Үүнд 47.1.1- 47.1.7 дахь заалт хүртэл хамаарч байгаа. А.Сий эрхийг зөрчсөн заалт аль нь вэ гэхээр 47.1.6-д  иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол гэж заасан. Тухайн үед Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “А.Сийг сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжийг гаргах мөчид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан А.Сий хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар А.Сий хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн шалтгаан нөхцөлгүйгээр хөндсөн. Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн учраас аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг баримталсан гэж ойлгож байгаа.

С.Б нь Баяннуур сумын Засаг даргын А.Сийг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/11 тоот захирамжийг гаргахдаа зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн тухайн заалтыг зөрчихөөс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт буюу Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчдтэй зөвшилцөж, томилж чөлөөлнө гэж заасан. Засаг дарга С.Б нь Т.Аийг Засаг даргын орлогчоор томилох тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан мөртлөө ажлаас чөлөөлж эрх ашиг нь хөндөгдөж байгаа А.Сийг тухайн шатны Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй явдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Үүгээр Баяннуур сумын Засаг дарга С.Бийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11, Б/12 тоот захирамжууд тус тус Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учраас аймгийн Засаг дарга тухайн захирамжийг хүчингүй болгохоос өөр арга байхгүй байсан. Маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “С.Бийг ажлаас чөлөөлж, эрх шилжүүлэх тухай” Б/10 тоот захирамж гарч, С.Бийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлж, түүнийг бүрэн эрхийг Засаг даргын орлогч А.Сд шилжүүлсэн захирамж гарсан байгаа. Уг захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүчин төгөлдөр  болсон шийдвэрээр нотлогдсон гэж тайлбарлаж байгаа. Өнөөдөр тухайн захирамжийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хэдий ч хариуцагч тал давж заалдсан учраас өнөөдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй. Захиргааны хэргийн  шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон мэтээр тэрийг үндэслээд захирамж хүчингүй болох ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Засаг даргын орлогч өөрөө улс төрийн албан тушаалын ангилалд багтаж байгаа. Төрийн улс төрийн албан тушаалтны эрх зүйн байдлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд уг хуулиар зохицуулаагүй зарим эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд, Засаг дарга С.Б нь Засаг даргын орлогчийг чөлөөлсөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11, Засаг даргын орлогчоор Т.Аийг томилсон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 тоот захирамжийг тус тус гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийн холбогдох заалт, мөн 4.4-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус баримтлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж чадаагүй орхигдуулсан хуулийн цоорхойг нөхөж, эрхийн акт гаргах ёстой байсан.

С.Б гэрчээр өгсөн мэдүүлэгдээ дурдсанчлан А.Сийг архи, дарс уусан, ажил тасалсан, үүрэгт ажлаа гүйцэтгээгүй үйлдэл гаргасан гэж үзэх юм бол Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар чөлөөлөх, 47 дугаар зүйлд зааснаар халах, 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Нэгэнт Засаг дарга С.Б нь өөрөө А.Сийг ажлаас чөлөөлсөн захирамжид “Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж дурдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх учиртай. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн,  46.2.3-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн,  46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй гэхэд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлсан хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтална гэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийн аль нэгийг барьж ажлаас чөлөөлөх нь зүйтэй болох байсан.

Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.Сийг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/11 тоот, Засаг даргын орлогчоор Т.Аийг томилох тухай мөн өдрийн Б/12 тоот захирамжийг гаргахдаа холбогдох Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг тогтоож шийдвэрлэх ёстой байсан. Гуравдагч этгээдийн өөрийнхөө тайлбарт бичсэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөнөөр захиргааны акт илт хууль бус болж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах заалтыг аймгийн Засаг дарга захирамждаа баримталсныг хууль буруу хэрэглэсэн мэтээр тайлбарлаж байна. 

Хуулийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан. Энэ сөрөг  нөлөөлөл бүхий захиргааны акт мөн үү гэвэл мөн. Сөрөг нөлөөлөл бүхий актыг Захиргааны ерөнхий хуульд тайлбарласан байгаа. Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Сий хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаагаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болно. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11, Б/12 дугаар захирамж нь өөрөө хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учраас Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Хэрэв Засаг даргын захирамж хүчингүй болно гэж үзвэл А.Сий эрх ашиг зөрчигдөж, өмнө нь нэхэмжлэлээ татаж авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин сөхөгдөж, энэ асуудал дахин шийдвэрлэгдэх мөч ойрхон байгаа. Ийм учраас хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай  захирамжаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийг ажлаас нь чөлөөлж,  шинээр Засаг дарга томилогдох хүртэл Засаг даргын бүрэн эрхийг тус сумын Засаг даргын орлогч А.Сд шилжүүлж шийдвэрлэжээ.

 С.Б нь  дээрх байдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх боловч сумын Засаг даргын хувьд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/11 дугаартай захирамж гаргаж, Баяннуур сумын Засаг даргын орлогч А.Сийг ажлаас нь чөлөөлж, Б/12 дугаартай захирамжаар тус албан тушаалд  нэхэмжлэгч Т.Аийг томилсон байжээ.

Сумын Засаг даргын  Б/11, Б/12 дугаартай эдгээр захирамжуудыг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б/17 дугаартай захирамжаар хүчингүй болсонд тооцож, Б/10 дугаартай дээрх захирамжид зааснаар Баяннуур сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг ханган ажиллахыг сумын Засаг даргын орлогч А.Сд даалгаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Баяннуур сумын Засаг дарга С.Б нь аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар Засаг даргын ажлаас чөлөөлөгдөж, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын орлогч А.Сийг чөлөөлж, Т.Аийг тус албан тушаалд томилсон Б/11,Б/12 дугаартай захирамжууд нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/10 дугаартай захирамжийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгчээс Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  хуульд зааснаар аймгийн Засаг даргад сумын Засаг даргын орлогчийг томилох эрх хэмжээ байхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

 

Захиргааны ерөнхий хуулийн  43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан ба Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бийг тус албан тушаалаас нь чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг түүнд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр утсаар мэдэгдсэн нь, Б/10 дугаар захирамжийг батлан гаргахаас өмнө Баяннуур сумын Засаг дарга С.Бийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувиар  захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журмаар оролцуулаагүй нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3-02/269 дугаартай албан бичгээр[1] тогтоогдож байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.А, Б/10 дугаар захирамжийн 3 дахь заалтаар томилогдсон сумын Засаг даргын ажлыг хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүн болох  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын  хэлтсийн дарга К.Бекжан,  мэргэжилтэн Ч.Буян-Өлзий, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мадениет нар нь  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт ажил хүлээлцүүлэх хурал хийж, Баяннуур сумын Засаг дарга С.Бийн ажлыг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Сд хүлээлгэж өгсөн, харин сумын Засаг даргын шийдвэрээр  томилогдсон гэх ажлын хэсгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагт хийсэн хурлаар Баяннуур сумын Засаг даргын тамгыг сумын Засаг даргын орлогч Т.Ад хүлээлгэж өгсөн, энэхүү хуралд Засаг даргаар ажиллаж байсан С.Б оролцсон зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан энэ талаарх хурлын тэмдэглэлүүдээр[2] тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь өөрийг нь тус албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн талаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн  буюу мөн өдөр захиргааны байгууллагаас мэдэгдсэн нь дээр дурдсан нотлох баримтууд болон гэрч С.Бийн мэдүүлгээр нотлогдсон.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн  46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно  гэж зааснаар С.Бийг Баяннуур сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамж нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  хүчин төгөлдөр болсон тохиолдолд С.Б нь Баяннуур сумын Засаг даргын хувьд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас А.Сийг чөлөөлж, Т.Аийг томилж Б/11, Б/12 дугаартай захирамжуудыг гаргасныг буруу гэж үзэхгүй бөгөөд эдгээр нь  хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актаар Баяннуур сумын Засаг дарга С.Б нь аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар Засаг даргын ажлаас чөлөөлөгдөж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын орлогч А.Сийг чөлөөлж, Т.Аийг тус албан тушаалд томилсон Б/11, Б/12 дугаартай захирамжуудыг гаргасан нь илт  хууль бус,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/10 дугаартай захирамжийг зөрчсөн гэж үзсэн нь  үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны Б/17 дугаар захирамжаар Баяннуур сумын Засаг даргын 2021 оны Б/11,Б/12 дугаартай захирамжуудыг хүчингүй болсонд тооцсоноор тус сумын Засаг даргын орлогчоор гуравдагч этгээд А.С ажиллахаар болж, нэхэмжлэгч Т.А нь маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөгдсөн үр дагавар үүсгэсэн байх тул аймгийн Засаг даргын Б/17 дугаар захирамж нь  агуулгаараа сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлсөн шийдвэр  байна.

Сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т  “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх”  гэж, энэхүү бүрэн эрхийг 31.1-д зааснаар сумын Засаг дарга хэрэгжүүлнэ. Ийнхүү хуульд зааснаар  орлогчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Б/17 дугаар захирамж гаргаж, Баяннуур сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлсөн сумын Засаг даргын Б/11, Б/12 дугаартай захирамжуудыг хүчингүйд тооцох замаар сумын Засаг даргын орлогчийн томилгооны асуудалд оролцсон нь хууль бус буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2-т заасныг зөрчсөн, Б/17 дугаар захирамж нь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасантай нийцээгүй бөгөөд аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын орлогчийг томилох эрх бүхий этгээд биш гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

Баяннуур сумын Засаг даргын 2021 оны Б/11, Б/12 дугаартай захирамжууд нь сумын Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилсон хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэрт хамаарахгүй.

Маргааны энэ тохиолдолд сумын Засаг даргын Б/11, Б/12 дугаар захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар эрх нь зөрчигдсөн тохиолдолд сэргээлгэх боломжтой бөгөөд,  улс төрийн албан тушаалаас чөлөөлсөн захиргааны байгууллагын шийдвэрийн талаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заагаагүй дурдах нь зүйтэй.

Гуравдугаарт

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс Баяннуур сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас  чөлөөлсөн сумын Засаг даргын Б/11 дугаартай захирамж гаргахаас өмнө  Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээд А.Сийг оролцуулаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, ажлаас чөлөөлөхөд хуульд зааснаар сумын Хурлын Тэргүүлэгчдтэй зөвшилцөөгүй гэж маргасан ба  энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг үндэслэн маргааны үйл баримтад холбогдуулан хэргийн оролцогчийн хувьд гуравдагч этгээдээс гаргасан дээрх маргаанд  хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:” гэж, үүний 11.1.9-д ...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;” гэж заасан.

Баяннуур сумын Засаг дарга С.Бийг дээрх байдлаар аймгийн Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байх боловч энэ үед сумын Засаг даргаар шинээр хүн томилогдоогүй, сумын Засаг дарга С.Бт захиргааны байгууллагаас  ажлаас нь чөлөөлсөн  Б/10 дугаар захирамж гаргасныг тухайн өдөр  мэдэгдээгүй, урьдчилж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, уг шийдвэрийн талаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ тохиолдолд дээрх дүгнэсэнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн С.Бийг сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн Б/10 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болоогүй. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/10 дугаар захирамж нь хуульд зааснаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний  өдөр хүчин төгөлдөр болсон, мөн өдөр Баяннуур сумын Засаг дарга С.Б нь ажлаа хүлээлгэж өгсөн байх тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж заасан зохицуулалтын  агуулгаар С.Бийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллах бүрэн эрх нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасан.  Баяннуур сумын Засаг дарга С. Берикийг томилох эрх бүхий этгээдээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байх боловч шинээр Засаг даргаар хүн томилогдоогүй нь хэргийн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд С.Б нь дараагийн Засаг дарга томилогдох хүртэл тус албан тушаалд ажиллах эрхтэй байх ба өөрийг нь Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг мэдээгүй, захиргааны байгууллагаас мэдэгдээгүй тохиолдолд С.Бийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж үзэхээргүй байна.  Сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар,  мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан тул  бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх  Засаг даргын орлогчийг  чөлөөлж, томилох эрхийг сумын Засаг даргад хуулиар олгосон, энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар тухайн сумын Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн байхыг шаардсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баяннуур сумын Засаг даргаас  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад хандаж, сумын Засаг даргын орлогчоор нэхэмжлэгч Т.Аийг томилох асуудлаар  зөвшилцөж, хариу ирүүлэхийг хүссэн, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргын хүсэлтийг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Т.Аийг сумын Засаг даргын орлогчоор томилохыг дэмжиж, энэ талаарх хариуг  мөн өдрийн 06 дугаар албан бичгээр Засаг даргад хүргүүлсэн нь нотлогдож байна. Энэ тохиолдолд гуравдагч этгээд А.Сийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлаар Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Учир нь хуульд зааснаар сумын Засаг даргын нэг орлогчтой байх бөгөөд нэхэмжлэгч Т.Аийг Баяннуур сумын Засаг даргын орлогчоор томилох асуудлаар зөвшилцсөн Засаг даргын саналд, мөн Хурлын Тэргүүлэгчид  уг саналыг дэмжсэн нь өмнөх Засаг даргын орлогч А.Сийг ажлаас нь чөлөөлөхийг зөвшилцсөн, чөлөөлөхийг дэмжсэн агуулга хамтдаа байна гэж ойлгоно.

Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Баяннуур сумын Засаг даргаас А.Сийг Б/11 дугаартай захирамжаар Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж  гуравдагч этгээдээс тайлбарлаж маргасан нь    дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохгүй  байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                     

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 90 дүгээр хуудас

[2] Хэргийн 70-77, 84-85 дугаар хуудас