Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Б, Б.Т нарт холбогдох,

 

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай  иргэний хэргийг,

Хариуцагч Ш.Б , түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч:   

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ш.Ц 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би өөрийн төрсөн аавын хууль ёсны өвлөгч юм. Бид аавын өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот байршилтай Г-2203001657 дугаарт бүртгэгдсэн 1864331201826 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 493.10 м.кв га газрын өмчлөгч байсан. Аавыг нас барснаас хойш бид аавын иргэний үнэмлэх болон дээрх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хайгаад олохгүй байсаар 2013 онд улсын бүртгэлийн газраас лавлагаа авч баримтуудыг бүрдүүлснээр өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2015 онд шүүхэд гаргасан юм. Аавын бичиг баримт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдохгүй байсан тул өвлөх эрхээ нээлгэж чадаагүй. Аавын бичиг баримтыг ашиглаж бэлэглэлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байдаг. Аавын бичиг баримтыг ашиглан Ш.Б , Л.Бямбацэрэнд газар бэлэглэсэн гэж би бодож байна. Иймд намайг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчөөр тогтоож, 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн “Газар бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Ш.Ц 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч Ц.Б нь намайг аавынх нь бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот байршилтай үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэсэн гэж гүтгэж байна. Энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Би энэ хэргийн хариуцагч биш. Дээрх үл хөдлөх хөрөнгийг би анх худалдан авч аавынхаа нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргасан байдаг. Манай аав Шаалуугийн Шарав нь 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байхад 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ааваас Ш.Ц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан байдаг. Эндээс харахад аавыг нас барснаас бэлэглэлийн гэрээ хийгдэж Ш.Ц-ны  өмчлөлд очсон нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч Ц.Б нь хууль ёсны өвлөгч эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрхи үйлдлийг гэрчлэхдээ миний бие Нотариатын тухай хуулийн дагуу, хууль ёсны үйлчилгээг үзүүлсэн нь архивт авагдсан материалаар батлагдаж байна. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нь тэдний авчирсан иргэний үнэмлэхийг үндэслэн тогтоосон бөгөөд иргэний үнэмлэхүүд нь хүчинтэй, мөн эх хувиараа байсан, иргэний үнэмлэх дээр гарын үсгийн зураглал нь нотариатын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн гарын үсэгтэй ижил зурагдсан байна. Түүнчлэн гэрээнд оролцогч талууд “Бэлэглэлийн гэрээ”-ний нэмэлт нөхцөлд хамаатан учраас ах бид хоёрыг асрана, халамжилна гэж бэлэг хүлээн авагчид тодорхой үүрэг оногдуулан өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэлийг тодорхой тусгасан байсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэхүү 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 457 тоот бүртгэлтэй газар өмчлөх эрх бэлэглэх гэрээг Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 тоот шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэжээ. Энэ талаар надад өмнө нь ямар нэгэн мэдээлэл байгаагүй бөгөөд нэгэнт шүүхээс дээрх гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд дахин нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

Гэрээ нь хүчингүй болсон тохиолдолд тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэл бас хүчингүй болох учиртай. 2008 оны 07 дугаар сарын 29-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулан бүртгүүлж, улмаар 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг 261 дугаартай нотариатчаар батлуулж байхдаа эдгээр хүмүүс Нотариатын болон Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж, нас барсан хүний бичиг баримтыг ашиглан хууль бус үйлдэл хийж, бусдын өмч хөрөнгийг залилан мэхлэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь тодорхой байгаа тул нэхэмжлэгч тал тэднийг холбогдох газарт нь өгч шалгуулах бүрэн үндэслэлтэй байна. Талийгаачтай царай төрхийн ижил төстэй хүнийг ашиглан, түүний хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхийг нь ашиглан “Бэлэглэлийн гэрээ”-г нотариатаар гэрчлүүлэн гарын үсгийг нь дууриалган зурж, улмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үед нас барсан хүний нэрээр бүртгэл хийх боломжгүй байх ёстой. Гэтэл тэд энэ бэлэглэлийн гэрээг яаж, хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, талийгаач хэзээ яаж, юуны учир нас барсан, Буян ХХК дахь улсын бүртгэгч 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1057 тоот нас барагчийн гэрчилгээ олгохдоо яагаад нас барсан хүний баримт бичгийг хайчилж хүчингүй болгоогүй орхисон, тухайн үед ямар учраас талийгаачийн бүртгэлийг улсын бүртгэлээс хасаагүй орхисон, түүний энэ алдаатай үйлдэл хэнд ашигтай байсан зэрэг олон асуудал урган гарч байгаа.

Дээрхээс дүгнэж үзэхэд талийгаачийн өмчлөлийн газрыг авахын тулд хүнд бэлэглэх нэрээр шилжүүлээд, тухайн хүний нэр дээр бүртгэгдсэний дараа талийгаачийн ах нь хамтран өмчлөгч болсон байх ба талийгаачийг төрсөн үр хүүхэдтэй гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийг нь шилжүүлэн авах зорилгоор Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гаргуулсан нь тодорхой байна. Иймд шүүхээс маргааны нөхцөл байдлыг хянан үзээд Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б ыг Ш.Ц-ны  хууль ёсны өвлөгчөөр тогтоож, 2008 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т-ийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Б , түүний өмгөөлөгч Ш.Ганбат нар давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий газрын анхны өмчлөгч нь Ш.Ш гэх Ш.Б , Ш.Ц нарын төрсөн эцэг болох хүн бөгөөд хавтаст хэргийн материалд Ш.Шаравын Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн архивын нас барсны лавлагаа нотлох баримтаар авагдсан. Ш.Ц нь өмчлөгч Ш.Ш-ыг нас барснаас хойш буюу 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хууль бусаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч Ш.Б ыг байсаар байтал өвлөх эрхийг зөрчин өвлүүлэгчийг амьд сэрүүн байгаа мэтээр бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч Ш.Б ы тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тогтоогдсоор байтал шүүх энэ талаарх нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн, яаж шийдвэрлэсэн талаар шийдвэрт тусгаагүй.

Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ц. Б-ыг талийгаач Ш.Ц-ны  хууль ёсны өвлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Ш.Б  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 18 дугаар гудамжны 284 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч өв залгамжлагч гэдгийг тогтоосон нотлох баримт болох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсаар байтал шүүх түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн шүүх өвлүүлэгч Ш.Ц-ны  дээрх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг зөрчөөгүй хуульд нийцсэн үйлдэл гэж үзэн дүгнэлт хийн Ц.Б ыг Ш.Ц-ны  хууль ёсны өвлөгчөөр тогтоохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т "Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ" гэж заасныг анхаарч үзээгүй хугацааг сэргээсэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           

             Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

             Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ш.Б д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 18 дугаар гудамж, 284 тоотод байрлалтай, Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч Б.Т-т холбогдуулан 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн Сүхбаатар дүүргийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний эцэг Ш.Ц 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би аавыгаа нас бартал нь хамт амьдарч байсан төрсөн охин нь тул хууль ёсны өвчлөгч” гэж тодорхойлжээ. /I-хх 2-4, 234/

 

            Хэрэгт нэхэмжлэгч Ц.Б-ын иргэний үнэмлэх, Ш.Ц-ны нас барсны гэрчилгээний хуулбар авагдсан байх ба нас барсны гэрчилгээнд Улаанбаатар хот  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4А байрны 18 тоотод оршин суугч Шаравын Цогтсайхан нь 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан, Ц.Б-ын иргэний үнэмлэхээр Ц.Б нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх олгох үед дээрх хаягт бүртгэлтэй байсан боловч уг иргэний үнэмлэхийг олгохоос өмнө буюу Ш.Ц-ыг нас барах үед дээрх хаягт бүртгэлтэй байсан эсэх нь тодорхой бус байна. /I-хх 8/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, тайлбартаа “...нас барагч Ш.Ц-ны  төрсөн охин Ц.Б , хүү Ц.Б, эхнэр Я.Ж нар нь өвлөх эрхээсээ татгалзаагүй, аавын өмч болох газрын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг аавын ах болох Ш.Б  нь ашиглаж нас барсны дараа нь уг газрыг бэлэглэлийн гэрээгээр Л.Б гэгчид шилжүүлсэн” гэжээ. /I-хх 1-4, 50, III-хх 239-245/

 

            Дээрх тайлбараас үзэхэд Ц.Б-оос гадна Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан эхнэр, төрсөн хүүхдүүд зэрэг бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байх ба улмаар мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль ёсны өвлөгч нараас хэн нь өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан, өвлөх эрхээ алдсан эсэхийг дүгнэлт хийх боломжтой байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Хариуцагч Ш.Б  нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/00213 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН