Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 956

 

2019            9             19                                             2019/ДШМ/956

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Г.А,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ад холбогдох эрүүгийн 1905001320648 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г.А, 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../,

Г.А нь 2018 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мийг “машин хурдтай жолоодлоо” гэх шалтгаанаар гараараа зодож догшин авирласан,

Мөн 2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мийг хардалтын улмаас гараараа зодож, догшин авирласан,

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэж догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ эхнэр Б.Мийг гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэн зодсон гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Г.Ад оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх, Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.А цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Хохирогч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би нөхөр болох Г.Ад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь ял оногдуулсан. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тэнсэх боломжтой байхад Г.Ад ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд миний нөхөр Г.Ад хөнгөн ял оногдуулж, Эрүүгийн хуульд зааснаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Г.А бид хоёр хамтран авсан хоёр банкны зээлтэй. Нөхөр Г.А нь банкны зээлийг төлж, ар гэрийн болон хүүгийнхээ бүхий л асуудлыг шийддэг байсан. Одоо хоригдож байх хугацаанд нь нэхэгдэж байгаа зээлүүд нь хүү бид хоёрт маш их дарамт, чирэгдэл учруулж буйг харгалзаж үзнэ үү. ХХХХ ...” гэжээ.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их өртэй. Зээлээ төлөх шаардлагатай байгаа. Иймд залуу хүн гэж ойлгоод тэнсэх ял оногдуулж өгнө үү. Хоригдсон 2 сарын хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан ял шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцсэн, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ад холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Г.А нь 2018 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мийг “машин хурдтай жолоодлоо” гэх шалтгаанаар толгой руу нь цохиж зодон догшин авирласан,

2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мийг хардалтын улмаас зодож, догшин авирласан,

2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэж догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ эхнэр Б.Мийг гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мийн “... 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр манай нөхөр намайг хардаад, орон дээр боож унагаад шууд хоёр хацар болон толгой руу алгадаад цохиод эхэлсэн. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэсэн боловч манай нөхөр миний гарыг атгачихаад тавихгүй, зодоод байхаар нь орилтол манай аав унтаж байсан өрөөнөөсөө гарч ирээд салгах гэтэл манай нөхөр аавыг барьж аваад зодсон. Мөн 2018 оны 7 дугаар сард оройн цагаар эмийн сан хайгаад машинаар нь нилээн хурдтай явсан чинь “чи хүний машин ямар хурдтай барьдаг юм” гээд толгой орчим ямар нэг зүйлээр цохисон. 2018 оны 8 дугаар сард манай нөхөр надаас сална гээд явчихсан байсан. Тэгээд ажлын газрын найзуудтайгаа гадуур явж байтал нөхөр гэрт ирчихсэн, над руу залгаад “чи муу намайг байхгүй хойгуур хүүхэд орхиод хаагуур банзалдаад, янхандаад яваад байгаа юм, би хүүхдээ аваад явна” гэхээр нь гэрлүүгээ яараад такси бариад очтол шууд алгадаад, хоёр тийш нь авч шидэж байгаад гараад явчихсан. ...” гэх /хх-13/,

гэрч Ц.Бийн “... охин М их муухай орилхоор нь би цохиж сэрээд өрөөнд нь ортол хүргэн орон дээрээ охин Мөнхшүрийн дээр суучихсан “чи захиралтайгаа явалддаг болоо юу” гээд зодож байсан. Тухайн үед охины хамраас цус гарсан байдалтай, ор хөнжлийн даавуу нил цус болчихсон байсан ба намайг “юу болж байна аа” гэж асуухад хүргэн Г.А “чи цаанаа хаалгаа хаагаад байж бай” гээд охиныг маань зодоод байхаар нь би хүргэний зүг дөхөж очоод цамцнаас нь татаж дээрээс нь буулгасан. Тэгээд хүргэн бид хоёр өрөөнөөс нь зууралдсан чигээрээ гараад өөр өрөөнд ортол манай хүргэн миний толгой тархи руу цохиод байсан. ...” гэх /хх-19-20/, гэрч Ж.Б /хх-21-22/, Б.Л /хх-17-18/ нарын мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Б.Мийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, хүзүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-24/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-28/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-37-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэн зодсон гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Г.Ад оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Б.М нь: “... миний нөхөр Г.Ад хөнгөн ял оногдуулж, Эрүүгийн хуульд зааснаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол тэнсэх зохицуулалт үйлчлэхгүй” талаар хуульчилсан.

Шүүгдэгч Г.Аийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР   

ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН