Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1460 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Б.О, 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** авто угаалгад ажилладаг, ам бүл зургаа, эцэг, эх, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** караокены гадаа А.Ч-тэй, дотор үүссэн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас А.Ч  нь толгой хэсгээрээ газарт унаж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** караокены гадаа А.Ч дотор үүссэн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас А.Ч  нь толгой хэсгээрээ газарт унаж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 3-6 дахь тал),

- Хохирогч А.Ч-ийн “...2022 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 5 тоот гэртээ найз н.А-ийн хамт 0.33 граммтай нэг шил архи, нэг нэг жижиг лаазтай пивоны хамт уусан юм. Ингээд 00 цаг өнгөрсөн байх үед бид хоёр манай гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй нийтийн караокед ороод хүний зуу зуун грамм архи, нэг нэг жижиг лаазтай пиво захиалаад суусан. Тэгтэл караокед үйлчлүүлж байсан нэг танихгүй залуу манай ширээнд ирээд “ахаа хамт суух уу, яах уу” гээд манай найз руу яриад байсан. Энэ үед найз маань уг залууд хандаж “ чи зүгээр явчих аа” гэж хэлээд найз хажуу тадын ширээнд сууж байсан залуугаас тамхи гуйж аваад гарсан юм. Тэгээд би удалгүй найзынхаа араас гарахад караокены үүдэнд анх манай ширээнд хамт суучих уу гээд байсан залуутай таарахад уг залуу намайг яасан гэж хэлээд уг залууг гараараа цохиход оноогүй. Тэгтэл уг залуу миний толгой руу нэг хатуу зүйлээр цохиод толгой хагараад би хэсэгхэн зуур манарчихсан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан ба намайг цагдаагийн хэлтэс дээр авчирлаа. Намайг зодсон залуугийн хувьд 20-30 орчим насны, тарган, 180 см орчим өндөртэй, халимаг үстэй, шардуу царайтай, хар өнгийн футболк, цэнхэр өнгийн жийнс өмдтэй залуу байсан....Толгойны ар дагзны хэсэгт хагарсан, хамар мурийсан байна. ...Цаашид хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд тухайн хагалгаанд нийт 1,700,000 төгрөгөөр хийх, мөн хагалгааны өмнөх шинжилгээг 500,000 төгрөгөөр хийлгэх шаардлагатай байгаа юм. Би шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. ...Надад шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийн баримт байгаа. Харин Төгс ялгуун гоо сайхны мэс заслын эмнэлгээс хагалгаанд ороход өгөх шинжилгээний бичгийг хийлгэж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),

- Гэрч Г.Ганболдын “...2022 оны 08 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй паабад найз А.Ч-ийн хамт ороод нэг нэг пиво аваад 50 грамм архи авсан. Тэгээд сууж байтал үл таних махлаг залуу манай ширээн дээр ирээд хөгшчүүлээ хамт суучихъя гэж хэлэхээр нь би чи цаашаа явчихаа, яах юм бэ гэж хэлэхэд яваад өгсөн. Тэгээд паабын гадна тамхи татаад байж байтал нөгөө залуу гарч ирээд сая ширээн дээр их том байна аа гэж хэлээд надтай маргалдсан. Тэгээд эрүү рүү гараараа нэг удаа цохихоор  нь би цаашаа зугтаагаад утсаа гаргаж цагдаа руу залгаж байх хооронд манай найз А.Ч  гарч ирсэн байсан. Би тэр үед утсаар ярьж байгаад А.Ч-ийг тухайн залуу хаана юугаар цохисныг анзаарч хараагүй. Тэгээд пааб руу харахад А.Ч  хойшоо унаж байхыг нь харсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд шууд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 27-28 дахь тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  11546 дугаартай шинжээчийн “...А.Ч-ийн биед дагзны хуйханд шарх, зүүн зовхины дотор буланд цус хуралт хамарт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар “...тухайн үед миний ширээний нөгөө ширээнд 4 залуу сууж байсан. Тэгээд би дуулж байтал миний микрофоныг нэг залуу авсан. Тэгээд би дуу дуулж байна шүү дээ гэж хэлэхэд тухайн залуу би мэддэг юм гэхээр нь би би ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгтэл тухайн залуу намайг чи их бардам залуу байна шүү гэхээр нь бид хоёр жаахан маргалдаад тэгээд би тухайн залууг нэг удаа өшиглөхөд тухайн залуу цааш яваад өгсөн. Тэгээд би эргээд бие засах гэж байтал тухайн 4  залуугийн нэг нь караокеноос гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гэхэд би яасан юм гэж хэлтэл миний өөдөөс нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тухайн залуу газарт толгойн дагз хэсгээрээ унасан. Тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11546 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.Ч-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.О нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч А.Ч-ийн эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Ч нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.О энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч А.Ч эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна. Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.  ...” гэв.

Шүүгдэгч: “...Миний буруу...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-77 дахь тал), хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 90-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА