Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

    2022       03             29                                     2022/ШЦТ/231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эт холбогдох эрүүгийн 2210000000225 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................... 711-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х.Э /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт үйлчлүүлж байхдаа Б.Бгийн гээгдүүлсэн релми 5 про загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 389.700 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн сиди бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 06 минутад хохирогчийн гар утсыг сандал дээрээс авч байгааг харуулав... гар утсыг аваад баруун гар талын халаасанд хийж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал)
  3. Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цагаас 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн хуулийн этгээд дээр компани байгуулахаар бичиг баримт бүрдүүлж байгаад 11 цагийн орчим 1 давхрын хүлээлгийн танхимын сандал дээр өөрийн гар утсаа санамсаргүй үлдээснээ мэдээгүй харалдаа нь үйлчлүүлж байсан Тэгээд удалгүй өөрийн гар утсаа байхгүй байгааг анзаарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
  4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6, 10 дахь тал)
  5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №ХУ1-22-194 дугаартай: “релми-5 про загварын гар утсыг 389.700 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
  6. Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өглөө 11 цаг үед Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар үйлчлүүлж байгаад тус зааланд сууж байхад хажуу талын сандал дээр Релми 5 про загварын гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд тэгээд машин руу очоод гар утсыг урд талын хайрцагт хийгээд машинаа орхиод 19 үйлчилгээ орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал).

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 50-52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт үйлчлүүлж байхдаа Б.Бгийн гээгдүүлсэн релми 5 про загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.

Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Э нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт үйлчлүүлж байхдаа Б.Бгийн гээгдүүлсэн релми 5 про загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр авч, хохирогчид буцааж өгөлгүйгээр өөртөө эдийн хөрөнгийн ашиг олсон болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №ХУ1-22-194 дугаартай хохирогч Б.Бгийн гээгдүүлсэн Релми 5 про маркийн гар утсыг 389.700 төгрөг гэж үнэлгээг тогтоосон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн хохирогчийн гар утсыг авч гарч явсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг өөртөө авах гэсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хэрэгт авагдсан гар утасны үнэлгээний тайлан буюу баримтаар 389.700 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6, 10 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан болов ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн нас, гэмт хэрэг үйлдсэндээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Х.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.

Х.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
  3. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хугацаанд Х.Эыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдээс гарахыг хязгаарласугай.
  4. Х.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хавсаргагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаалах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.Эт сануулсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР