Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/819

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нямдорж,

шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр /ҮД-0340/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************* овогтой ********* ************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

***************************

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.************ нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 35 удаа ************ УБО улсын дугаартай “Ренж роүвер” маркийн хар өнгийн автомашинаар “************ ХХК”-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” худалдаа үйлчилгээний төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэхдээ зогсоолын төлбөр болох нийт 1.544.000 төгрөгийг төлсөн мэтээр гар утаснаасаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн бичиглэл бүхий зураг үзүүлж, “************ ХХК”-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус компанид 1.544.000 төгрөгийн хохирол учруулж залилах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэг. Шүүгдэгч Э.************ шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************ас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дах тал/

************ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд орж гарсан бүртгэлийн хуудас,/хавтаст хэргийн 9 дэх тал/

 

Шүүгдэгч Э.************ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын  лавлагаа /хавтаст хэргийн 42 дах тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.************т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.************ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “************ ХХК”-ийн “************” худалдаа үйлчилгээний төлбөртэй авто зогсоолд “Ренж роүвер” маркийн ************ УБО улсын дугаартай автомашинаа тавьж үйлчлүүлэхдээ зогсоолын төлбөрт нийт 1.544.000 төгрөгийг төлсөн мэтээр гар утаснаасаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн бичиглэл бүхий зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо, ************ төвийн зогсоолын ажилтан Учрал нь ************ УБО улсын дугаартай Рэнж Роүвр маркийн тээврийн хэрэгсэл төлбөр төлөхдөө утасны галерей зэсээс “гүйлгээ амжилттай хийгдсэн” гэх гүйлгээний зураг үзүүлээд төлбөр төлөлгүй явсныг мэдээд бидэнд мэдэгдсэн. Бид тухайн Рэнж Роүвр маркийн ************ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьд өмнө орж гарсан он цагийг программ дээрээс шүүж үзэхэд манай байгууллагын зөвхөн зогсоолын мөнгө авдаг ******* тоот Хаан банкны дансанд тухайн үйлчлүүлэгч 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үйлчлүүлэхдээ огт төлбөр төлөөгүй болохыг мэдээд тухайн иргэн болох Э.************тай холбогдсон боловч худал хэлж мэлзээд төлбөр тооцоогоо хийгээгүй ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дах тал /

 

“Рэнж Роүвр” маркийн ************ УБО дугаартай машины орсон гарсан цагийг бүртгэсэн бүртгэлд: 1.544.000 төгрөг  /хавтаст хэргийн 09 дэх тал/

 

Шүүгдэгч Э.************ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... Би Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхонд байр түрээслэн амьдардаг. Тухайн хотхонд зогсоолын  хүрэлцээ муу байдаг тул 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн  “Рэнж Роүвр” маркийн ************ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ************ийн зогсоолд тавиад “гүйлгээ  амжилттай” гэсэн скриншот зургийг үүдний харуулд үзүүлээд хуурч мэхлээд төлбөр төлөлгүй явчихдаг байсан. Тэгээд ************ээс нэг удаа холбогдоод мөнгөө нэхсэн. Тухайн үед ажилгүй байсан болохоор мөнгийг нь төлнө гэж хэлээд удаачихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Э.************ нь хуурамч гүйлгээний зураг үзүүлж үг болон үйлдлээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шунахайн сэдэлттэйгээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар болгосон байна. Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба шүүгдэгч Э.************ын залилах гэмт хэргийн улмаас  “************” ХХК-нд зогсоолын үйлчилгээний төлбөр болох 1.544.000 төгрөгийн хохирол учирчээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид засан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Э.************ нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ цаг хугацааны хувьд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нэг объектод 35 удаагийн үйлдлээр буюу давтамжтайгаар үйлдсэн байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         Иймд шүүгдэгч Э.************ нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, хуурамч гүйлгээний зураг үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Э.************ыг бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгчөөс “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан ба улсын яллагчаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************т  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Э.************т түүнийг өмгөөлөгчийг байлцуулан танилцуулахад зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Э.************т ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, улсын яллагчтай ял тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************т мэдэгдэж шийдвэрлэсэн болно.     

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас “************ ХХК”-д 1.544.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************ мөрдөн байцаалтад өгсөн “...одоо ямар нэгэн гомдол санал, хохиролгүй болно...” гэх мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Э.************ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************д 1.544.000 төгрөг төлсөн байна. /хавтаст хэргийн 49 дэх тал/

Иймд шүүгдэгч Э.************ нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. *********** овогт ********** ************ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************т мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР