Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/00517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.В.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний 6 255 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С М ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А ХХК-тай SBN телевизийн эфирээр Монголын шилдэг 100 брэнд нэвтрүүлгийг цацах тухай хамтран ажиллах гэрээг харилцан тохиролцон байгуулсан бөгөөд хавсралтад нэвтрүүлгийн нэг дугаарын төлбөр 420 000 төгрөг байхаар гэрээг байгуулсан болно. Манай телевизийн зүгээс гэрээний үүргийн дагуу нэвтрүүлгийг эфирээр цацсан боловч хариуцагч байгууллага төлбөрийг сар бүр дутуу үлдэгдэлтэйгээр төлж байснаас 5 170 000 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсныг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцсон боловч заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш огт төлөөгүй байна. Төлбөрийг барагдуулах талаар А ХХК-ийн захирал Б.Тт удаа дараа мэдэгдэж байсан боловч төлнө гэсэн хариу өгсөөр одоог хүртэл төлбөрийг барагдуулахгүй байна. Гэрээний нэмэлтэд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4 170 000 төгрөгөөс төлөгдөөгүй хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход 2017 оны алданги 61 хоногийн 1 271 850 төгрөг, 2018 оны алданги 352 хоногийн 7 339 200 төгрөг, нийт 8 611 050 төгрөг болсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 2 085 000 төгрөг, төлөх ёстой нэвтрүүлэг цацалтын төлбөр 4 170 000 төгрөгийн хамт нийт 6 255 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 030 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ төсөл нь ашгийн бус нийгэмд хандсан төсөл байсан. Монголын шилдэг 100 брэнд гэж нэвтрүүлэг бэлдэж, 16 телевизээр цацсан. Уг төсөл нь ямар нэг дэмжлэг аваагүй байсан тул санхүүгийн асуудлаас болж амжилтгүй болсон. Төлбөр төлөх асуудалтай телевизүүд байсан боловч тэд Монголын брэндийг сурталчлах зорилготой байсан тул мөнгө төгрөгийн асуудал ярихгүй гэсэн. Нэхэмжлэгч л төлбөр нэхэмжилж байгаа. Надад уг компанийг надад шилжүүлсэн хүн нь анх өөр зүйл ярьж байснаа асуудлууд үүсээд эхлэхэд төлбөрийг төлөхгүй гэсэн. Мөнгийг 3 сарын дараа төлөх боломжтой гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С М ХХКХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 4 170 000 төгрөг, алданги 2 085 000 төгрөг, нийт 6 255 000 төгрөг гаргуулахаар хариуцагч А ХХК-иас шаарджээ.

Хариуцагч А ХХК төлбөр төлөх санхүүгийн боломжтой болсон үедээ тухайн төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт  авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2014.11.01-ний өдрөөс 2015.04.01-ний өдөр хүртэл хугацаанд  С.В.МХХК-ний Эс Би Эн /SBN/ телевизээр “Үндэсний шилдэг 100 брэнд” гэдэг 28 минутын нэвтрүүлгийг долоо хоногийн Ням гариг бүр, дугаар тутмыг 420 000 төгрөгийг төлбөртэй цацахаар харилцан тохиролцсон гэрээ байгуулсан байна. /хх 5-9 ху/

Үүний дараа, 2017.09.08-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт оруулж, гэрээний төлбөр 5 170 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.  /хх 10 ху/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, үлдэгдэл төлбөрийн тооцоолол зэрэгт маргаангүй, харин төлбөр төлөх хугацааны тухайд маргаантай байна.

Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзлээ. 

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон  ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч төлөгдөөгүй хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын 4 170 000 төгрөгийг хангах үндэслэлтэй.

 

Харин алдангийг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасныг үндэслэн 50 хувиар багасгахаар шийдвэрлэв. Учир нь:  

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан ба алданги нь үүрэг гүйцэтгүүлэгчийг хөрөнгөжүүлэх зорилгогү, харин үүрэг гүйцэтгэгчийг хариуцлагажуулах агуулга бүхий хуулийн зохицуулалт юм.

 

Хэрэгт авагсдан баримтаар, зохигч үндсэн гэрээгээр алданги тохиролцоогүй,    

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 115 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 98 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 5 212 500 /таван сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.В.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 042 500 /нэг сая дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.В.М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 115 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох оруулсугай.

 

3.Иргэний     хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ