Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/820

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,

шүүгдэгч Ж.**********,

шүүгдэгч Б.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт ********** **********, ********* овогт ********** ********** нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

****************************

 

Холбогдсон хэргийн талаар  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.********** нь өөрийн эхнэр Б.**********тай хамтран “БНСУ-аас витамин оруулж ирж зарах бизнест хамтарч ажиллая, 1 сарын дотор хувь нийлүүлсэн мөнгийг гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Л.**********аас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус Б.**********ийн Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.********** нь өөрийн нөхөр Ж.**********тай хамтран “БНСУ-аас витамин оруулж ирж зарах бизнест хамтарч ажиллая, 1 сарын дотор хувь нийлүүлсэн мөнгийг гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Л.**********аас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Э.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Л.********** бид 2 хамт ажилладаг байсан. Манай эхнэр эмнэлгийн салбарт багагүй хугацаанд ажилласан. 2020 оны 9 сард Ковид гарах үеэр эмнэлгийн бараа худалдаалдаг байсан. Би 2021 оны 9 сард Л.**********д “гадаадаас витамин оруулж ирж ашгийг 50, 50 хувиар хуваая, санхүүгээ хамтарч босгоё” гэж хэлсэн. Борлуулах ажлыг манай эхнэр хариуцаад, Л.**********ын нөхөр бид 2 бас борлуулалтыг нь хамт хийхээр болсон. Л.**********аас эхлээд 14,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд гадаад руу шилжүүлэх гэж байсан чинь цаад талаасаа болоод шилжүүлж чадаагүй. Дараа нь 5 сая төгрөг нэмээд шилжүүлье гэж бодсон. Л.**********аас 2 удаа мөнгө авсан. Тэр мөнгөө нийлүүлээд гадагшаа витамин захих гэж байтал өмнө нь захиалсан бараа ирэхгүй байгаа гэдэг мэдээлэл авсан. Хил гааль хаалттай байгаа учраас витамин захиалахаа больсон. Нэгэнт хамтарч ажиллая гэсэн юм чинь аптек ажиллуулъя, хувь хүн байгууллагад зориулсан Ковидын багц гаргая, ашгаа нэмье гээд ажиллаж эхэлсэн. Анхнаасаа залилъя гэсэн санаа байгаагүй. Л.********** бид 2 хамтдаа 1 жил гаруй сүлжээний бизнес хийсэн. Манай найзын дээд талын спонсор буюу бид нарыг удирддаг байсан. Манай найз бид 2 борлуулалтын менежер гэж явдаг байсан. Мөнгө зээлэхээс өмнө жилийн турш Л.**********тай хамт ажиллахдаа 40 сая төгрөгийн борлуулалт хийж 5-6 сая төгрөгийн ашиг оруулж өгч байсан. Би дүүтэй нь сайн найзууд. Л.**********тай ч сайн харилцаатай байсан. Бид 2-ын төлөвлөсөн зүйл бүтэлгүй болсон. Аптек түрээсэлж ажиллуулбал орлого сайтай байх болов уу гэж бодоод 2021 оны 06 дугаар сарын 01-ээс түрээсэлж эхэлсэн. Гэвч төдийлөн сайн орлоготой байж чадаагүй. Тухайн үед мөнгө зээлснээс хойш хил гааль зэрэг олон саад бэрхшээл гарсан. Хамтарч ажиллая гэж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед боломжоороо 500,000 төгрөгөөр цувуулаад нийт 4 сая гаран төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл мөнгийг барагдуулна гэсэн хүсэлт тавьсан...” гэв.

 

Шүүгдэгч Б. ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Л.**********тай хамт ажилладаг байсан. Би Л.**********ыг нөхөртэй хамт ажилладаг хүн гэж таньдаг байсан. Би 2019 оноос хойш эмийн компанид ажиллаж байсан. Тухайн үед Ковид гээд эмийн тасалдал ихтэй байсан учраас би хувиараа эм зардаг байсан. 2021 оны 6 дугаар сард ажиллах боломжгүй болж хагалгаанд орсон учраас аптек түрээслээд ажиллуулж эхэлсэн. 7 дугаар сард манай нөхөр “Л.**********тай хамтарч ажиллая гэж ярьсан чи юу гэж бодож байна” гэж хэлсэн. Л.********** бид нарыг утсаа авахгүй байсан гэж мэдүүлсэн байсан. Тийм зүйл болоогүй. Аптек түрээсэлж эхэлснээс хойш аптекийнхаа хажууд Шинэ өргөө хотхонд байр түрээсэлж амьдарсан. Тэр хүртэл Л.********** манайд орж гараад явж байсан. Бид Ж.********** бид  2 алга болоогүй. Манай нөхөр ч гэсэн Л.**********ын ажил дээр нь очдог байсан. 2022 оны 1 дүгээр сар хүртэл тодорхой хэмжээгээр төлөөд явсан. Цагдаад мэдэгдсэнээс хойш бидний харилцаа хөндий болсон. Түүнээс өмнө хэвийн харилцаатай байсан. 2022 оны 2 дугаар сард манайхыг нүүхэд цагдаагаас холбогдоод энэ талаар мэдэгдсэн. Залилъя гэсэн санаа байгаагүй...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

-Хохирогч Л.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Бэлэн мөнгөний орлогын “...********** ХХК...”-д тээврийн зардлын мөнгө тушаасан баримт /хавтаст хэргийн 42 дахь тал/, 

-Б.**********ын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 64-69 дэх тал/,

 

-Б.**********ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 70-81 дэх тал/,

Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/

-Яллагдагч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

 

-Яллагдагч Ж.**********ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

 

-Ж.**********ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

-Ж.**********ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/,

 

-Ж.**********ы гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

-Ж.**********ы иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,

 

-Ж.**********ы үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/,

 

-Б.**********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

-Б.**********ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

-Б.**********ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 109 дэх тал/,

 

-Б.**********ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

-Б.**********ын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.**********, Б.********** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.**********, Б.********** нар нь бүлэглэн “БНСУ-аас витамин оруулж ирж зарах бизнест хамтарч ажиллая, 1 сарын дотор хувь нийлүүлсэн мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хохирогч Л.**********ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14.500.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус Б.**********ийн Хаан банкны ********** дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид 19.500.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

 

Хохирогч Л.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “... Ж.********** нь миний ажилладаг “**********” компанид 2020 оны 10 дугаар сарын эхээр ажилд орсон. Ж.********** 2021 оны 06 дугаар сард “Солонгос улсаас хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, нэмэгдэл витамин оруулж ирээд зарж борлуулах ажил байна Та хувь нийлүүлээд хамт ажиллая” гэхээр нь би татгалзсан. Ж.********** нь надаас байн байн асуугаад хамтран ажиллах нөхцөлөө танилцуулаад хоёр талаасаа 30 сая төгрөг нийлээд 60 сая төгрөгөөр Солонгос улсаас бараа аваад эхний сард таны нийлүүлсэн мөнгийг гаргаад өгчихнө гэж хэлэхээр нь их дажгүй санагдаад зөвшөөрсөн. 2021 оны 07 дугаар сарын дундуур  Ж.********** над руу залгаад “нөгөө бараа чинь Солонгос улсаас наашаа явуулсан. Одоо Монгол Улсын хил, гааль дээр ирж байна. Та мөнгөө гялс шилжүүл” гэж хэлэхээр нь би “одоо надад бэлэн мөнгө алга” гэхэд “ямар ч хамаагүй аргаар гялс зохицуулаад өгөө” гэж байн байн яриад байхаар нь Баянхонгор аймаг Баянхонгор суманд байдаг өөрийн байр болох 2 өрөө байрыг “*******” ББСБ-д 20.000.000 төгрөгөөр барьцаалан зээл аваад 5.500.000 төгрөгийг “*******” ББСБ-д байсан зээлээ төлөөд үлдэгдэл 14.500.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.**********ийн ********** тоот дансанд шилжүүлчхээд Ж.**********д “мөнгөө шилжүүлчихлээ” гэж утсаар хэлсэн. Маргааш нь Ж.********** над руу залгаад “мөнгө чинь дутуу байна. Та 30.000.000 төгрөг егнө гэсэн биз дээ” гэж хэлэхээр нь би “надад энэнээс өөр мөнгөний боломж алга” гэж хэлэхэд Ж.********** “одоо 10.000.000 төгрөг олоод явуулчих” гэхээр нь би “10.000.000 төгрөг олдохгүй. Хүнээс 5.000.000 төгрөг асууж үзье” гэж хэлсэн. Ж.********** руу залгаж “10 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг олдож байна. Өндөр хүүтэй юм байна ш дээ” гэж хэлэхэд Ж.********** “хамаагүй авъя” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.**********ийн ********** тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Ж.********** руу залгаж “нөгөө бараа чинь ирсэн үү “ гэж асуухад “юу гэж ийм хурдан ирдэг юм бэ. Хил, гааль хаалттай байна” гэж хэлсэн. Тухайн үед миний ажилладаг “**********” компанийн захиалсан бараанууд хүртэл гааль дээр зогссон байсан болохоор 2021 оны 11 дүгээр сар хүртэл бараа орж ирэхийг хүлээсэн. Ж.********** руу 2021 оны 11 дүгээр сарын эхээр залгахад утсаа авахгүй байхаар нь эхнэр Б.********** руу нь залгаж “хүнээс хүүтэй зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөөч. Надаас нэхээд байна” гэж хэлэхэд “одоо 500.000 төгрөг өгье. Маргааш 5.000.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би “өндөр хүүтэй юм чинь эртхэн төлөөд хаасан дээрээ” гэж хэлээд “нөгөө бараа чинь юу болсон бэ” гэж асуухад Б.********** “Нөгөө барааны хугацаа нь дууссан болохоор буцаасан” гэж хэлэхээр нь би “юу яриад байгаа юм бэ. Ирээгүй байж яагаад хугацаа нь дууссан байдаг юм “ гэж хэлэхэд “харин хугацаа нь дуусах дөхсөн бараа байсан юм шиг байна. Тэгэхээр нь буцаачихлаа. Таны мөнгийг аргалаад өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш Ж.**********, Б.********** нар руу залгахад утсаа авахгүй байсан. Мөн утсаа авах болгондоо өвчин зовлон тоочоод байсан. Тэгсээр байгаад өдий хүрэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

             

Б.**********ын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14.500.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Б.**********ын хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 64-69 дэх тал/,

Б.**********ын худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 70-81 дэх тал/,

 

Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “... ********** нь манай нутгийн хүн байгаа юм зүс танина. **********тай ************ компанийн сургалтад сууж байхдаа таньдаг болсон ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Солонгос улсаас манай эгч ********** надад витамин С100-тай 60 ширхэг 2 хайрцаг эм над руу явуулсан юм. Хувь хүний нэр дээр явуулж болохгүй байсан учир Перфект хэовэн ХХК-ийн нэр дээр явуулсан байсан. Тухайн эм нь **********тай ямар ч хамаагүй ********** надад хэлэхдээ Перфект хэовэн гэж манай компани байгаа та манай компанийн нэр дээр эмээ авчих гэж хэлсэн юм... Би **********д хандаж Солонгосоос хүн эм явуулах гэж байгаа яаж авах уу гэж асууж байсан. Тэгэхэд Перфект хэовэн ХХК-ийн нэр дээр нэр дээр авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би холбогдох бичиг баримтуудыг **********д өгч байсан юм... Нисэхэд гааль дээр байгаа 2 хайрцаг эм миний эм байгаа юм. **********д ямар ч хамаагүй...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

Яллагдагч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2021 оны 07 дугаар сард Л.********** эгчид нөхөр Ж.**********аар дамжуулан “Солонгос улсаас эм эмийн бүтээгдэхүүн оруулж ирж зарвал ашиг их сайтай юм байна” гэж санал тавьсан. Тухайн саналыг Л.********** эгч хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14,500,000 төгрөгийг миний Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлсэн. Би тухайн үед эмийн сан ажиллуулж байсан учир эмийн сандаа эм авсан эмээ зараад буцаагаад Л.********** эгчид өгчихнө гэж бодоод дахиж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж авсан. Миний ажиллуулж байсан эмийн сан ашиг орлого муудсан учир Л.********** эгчээс авсан мөнгөнүүдийг өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Би Солонгос улс руу эм эмийн бүтээгдэхүүн авахаар хандаагүй... 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 459,000 төгрөг, 08 дугаар сарын 27-ны өдөр 490,000 төгрөг, 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 07-ны өдөр 152,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09- ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,451,000 төгрөг Л.********** эгчийн Хаан банкны 5246068452 данс руу шилжүүлсэн. Л.********** эгчийн хохирлыг бүрэн барагдуулж дуусгана...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

Яллагдагч Ж.**********ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сард Л.********** эгчид “манайх эмийн сан ажиллуулдаг. Солонгос улсаас эм эмийн бүтээгдэхүүн оруулж ирж зарвал ашиг их сайтай юм байна” гэж санал тавьсан. Тухайн саналыг Л.********** эгч хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14,500,000 төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлсэн. Тухайн мөнгөөр нь эхнэр бид ярилцаж байгаад эмийн сандаа эм авсан эмээ зараад буцаагаад Л.********** эгчид өгчихсөн гэж бодоод дахиж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж авсан. Манай эхнэрийн ажиллуулж байсан эмийн сан ашиг орлого муудсан учир Л.********** эгчээс авсан мөнгөнүүдийг өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Эхнэр бид хоёр Солонгос улс руу эм эмийн бүтээгдэхүүн авахаар хандаагүй... Манай эхнэр Л.********** эгч рүү мөнгө шилжүүлж байсан миний тооцоолж байгаагаар 4 сая орчим төгрөг өгсөн байгаа байх. Л.********** эгчийн хохирлыг бүрэн барагдуулж дуусгана... Миний буруу би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Ж.********** нь хохирогч Л.**********тай сүлжээний  бизнест хамтарч ажиллаж байсан, ажил хэргийн холбоотой байжээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.**********, Б.********** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл нь Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг тодорхойлсон ерөнхий зохицуулалт юм. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ж.********** нь хохирогч Л.**********д “БНСУ-аас витамин оруулж ирж зараад ашгаа тэнцүү хуваая” гэж итгүүлж, шүүгдэгч Б.********** нь “Хаан” банк дахь өөрийн дансаар хохирогч Л.**********аас 19.500.000 төгрөгийг авч улмаар хохирогч Л.**********д “БНСУ-аас ачуулсан барааны хугацаа дууссан тул буцаасан” гэхчлэн хохирогчид хуурамч мэдээлэл өгсөн үйлдлээс үзэхэд шүүгдэгч Ж.**********, Б.********** нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.**********, Б.********** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Л.**********ыг залилах санаа байгаагүй” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч нар нь БНСУ-аас эм, эмийн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох тусгай зөвшөөрөлгүй түүнчлэн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалга хийгээгүй атлаа хохирогч Л.**********д “БНСУ-аас витамин оруулж ирж зараад ашгаа тэнцүү хуваая” “хил, гааль хаагдсан тул бараа удаж байна” “захиалсан барааны хугацаа дууссан тул бараагаа буцаасан” гэхчлэн хохирогчид худал мэдээлэл өгч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.**********аас мөрдөн байцаалтын шатанд “БНСУ-аас Перфект хэавэн” ХХК-аар дамжуулан витамин захиалсан гэх 14 хуудас англи болон солонгос хэл дээр баримт гаргаж өгсөн боловч уг баримтыг монгол хэл рүү орчуулсан баримт байхгүй төдийгүй гэрч М.*******гийн “Солонгос улсаас манай хуурай эгч ********** надад витамин С1000-тай 60 ширхэг 2 хайрцаг явуулсан. Хувь хүний нэр дээр явуулж болохгүй байсан учир “Перфект хэавэн” ХХК-ийн нэр дээр явуулсан. Тухайн эм нь Б.**********д ямар ч хамааралгүй. Б.********** надад хэлэхдээ “Перфект хэавэн” ХХК нь манай компани байгаа “та манай компанийн нэр дээр эмээ авчих” гэж хэлсэн юм” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Ж.**********, Б.********** нарыг бүлэглэн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар

           Шүүгдэгч Ж.**********, Б.********** нарыг бүлэглэн бусдыг хуурч,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**********, Б.********** нарыг тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Ж.**********, Б.********** нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь бага насны хүүхэдтэй, шүүгдэгч Б.********** нь одоо жирэмсний улмаас хүндрэл өгч байгаа биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**********ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.**********д тус тус мэдэгдэж шийдвэрлэсэн болно.     

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Хохирогч Л.**********д 19.500.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын явцад хохирогчид 4.451.000 төгрөг төлсөн байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**********, Б.********** нараас 15.049.000 төгрөг гаргуулж хохирогч Л.**********д оргохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.**********, Б.********** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ********** ургийн овогт *********** **********, ************ ургийн овогт *********** ********** нарыг бүлэглэн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**********ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.**********д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.**********д мэдэгдсүгэй. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.**********, Б.********** нар нь хохирогч Л.**********д 4.451.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Ж.**********, Б.********** нараас 15.049.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.**********д олгосугай.

 

7. Шүүгдэгч Ж.**********, Б.********** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.**********, Б.********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

  

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР