Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/00544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: У.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 15 730 711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “У.Ж ХХК нь Н.Д ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Комацу D65E-12 маркийн 1837 УБ улсын дугаартай бульдозер машин механизмаар захиалагч талд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар нэг сарын төлбөр 22 750 000 төгрөгийн нийт 32 730 711 төгрөгийн төлбөртэй ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ND16/Г тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хувиарт төлөлт болох 33 730 711 төгрөг төлөхөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Захиалагч талаас нилээдгүй хугацааны дараа тодорхой төлөлт хийх тухай 16/200 тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэн боловч тус хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул 2016 оны 10 сард багтаан бүтэн төлөхийг шаардсан 28/157 тоот албан бичиг явуулсан болно. Нийт төлбөрийн үлдэгдэл 25 738 794 төгрөг төлөх ёстойгоос 2017 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 15 730 711 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Д ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч У.ЖХХК, хариуцагч Н.Д ХХК-иас 15 730 711 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2016.05.11-ний өдрөөс 2016.07.10-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Комацу /Komatsu/ D65E-12 маркийн 18-37 УН улсын дугаартай бульдозероор нэг сарын 22 750 000 төгрөгийг төлбөртэйгээр сард 400 мото-цагийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон ND16/Г дугаар гэрээг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байна. /хх 9-11 ху/

Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзлээ.  

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон  ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч төлөгдөөгүй хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь Н.Д ХХК-иас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016.10.07-ны өдрийн 16/200 дугаар, 2017.01.02-ны өдрийн 16/256 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Нөгөө талаас, 2019.01.08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланнямд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эрх үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд хариуцагч Н.Д ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15 730 711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.ЖХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019.02.20-ны өдөр шүүх хуралдааны товыг зохих журмыг дагуу мэдэгдэж, тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулан баталгаажуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурьдсан баримт сэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 236 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д ХХК-иас 236 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д ХХК-иас 15 730 711 /арван таван сая долоон зуун гучин мянга долоон зуун арван нэгэн/ төгрөг гаргуулж, У.Ж ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 236 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 236 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.ЖХХК-д оруулсугай.

 3.Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ